x

Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна

Сонгинохайрхан дүүрэгт дөрөвдүгээр сарын 21-нд зургадугаар ангийн нэг хүүхэд, Баянзүрх дүүрэгт тавдугаар сарын 9-нд хоёр хүүхэд угаартаж эндсэн. Ийнхүү нэг сар хүрэхгүй хугацаанд гурван хүүхэд угаартаж эндлээ. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа шахмал түлшний талаар Химийн ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Дугаржавтай ярилцлаа.

-Нүүрс дэгдэмхий бодис багатай байх нь хэр ач холбогдолтой талаар ярилцлагаа эхэлье?

-Нэгэн зүйлийг залруулах хэрэгтэй байна. Дэгдэмхий бодис бол утаа биш. Дэгдэмхий бодис багатай нүүрс, кокс түлэхэд утаа бага гарна гэсэн ойлголт хүмүүст байгаа бололтой. Үгүй шүү. Хятадаас импортлох хагас коксоор хийсэн түлшний дэгдэмхий бодисын агуулга нь мидлинг түлшнийхээс хоёр дахин бага учраас агаарын бохирдол хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа нь буруу.

-Дэгдэмхий бодис, утаа хоёрын ялгааг тайлбарлавал?

-Дэгдэмхий бодис, утаа хоёрын мөн чанар, ялгааг товчхон хэлье. Дэгдэмхий бодис бол аливаа түлш төдийгүй бараг бүх органик бодисын бүрэлдэхүүн хэсэг. Органик бодисыг агаар хангалтгүй орчинд халаахад задарч хий, уур болж дэгддэг хэсгийг дэгдэмхий бодис, хатуу хэвээр үлддэг хэсгийг нүүрсжсэн үлдэгдэл буюу термонүүрс, хагас кокс, кокс гэнэ. Энэ процессыг органик бодисын халуун задрал, пиролиз, коксжих гэх мэтээр нэрлэдэг. Дэгдэмхийг хөргөхөд давирхай, ус, хий болж хуваагддаг.

Харин түлш шатах нь түлшний бодисын гол төлөв хүчилтөрөгчийн оролцоотой, гал гарган явагддаг, исэлдэн ангижрах урвал. Түлшний найрлага, шатаалтын горим, зуухны боловсронгуй биш байдал зэрэг шалтгаанаар гарах хий тоос, тортог, үнс, угаарын хий (СО2), хүхрийн ба азотын оксидууд, уур, хийн байдалтай органик бодисууд, хүнд хортой элементээр бохирдох нь бий. Ингэж бохирдсон хийг утаа гэнэ. Ингэхлээр, түлшин дэх дэгдэмхий бодисыг утаа гэж ойлгож болохгүй.

-Таны хэлж буйгаар дэгдэмхий бодис харин ч нүүрс шатахад чухал үүрэгтэй юм аа даа?

-Тийм, дэгдэмхий бодисуудын дийлэнх хэсэг нь сайн шатдаг органик нэгдлүүд. Дэгдэмхийн агуулга ихтэй түлш урт дөл үүсгэж хөнгөхөн, гүйцэд шатдаг давуу талтай. Иймд дэгдэмхий бодис бол утаа биш, харин түлшний шатах массын чухал бүрэлдэхүүн хэсэг.

-Дэгдэмхий бодисын найрлагад юу ордог юм бэ?

Дэгдэмхийн найрлага түлшний төрлөөс хамаарч өөр өөр байх боловч метан ба түүний эгнээний нүүрс устөрөгчид, устөрөгч, азот нийлээд 11-21 хувь, органик суурь, хүчлүүд, фенолууд, нүүрс устөрөгчид, асфалтенүүд, хүчилтөрөгч агуулсан саармаг органик нэгдлүүд, давирхайлаг бодисууд нийлээд дунджаар 10-14 хувь, пирогененик ус 4-12 хувь, нүүрсхүчлийн хий (CO2), угаарын хий (CO) усны уур (Н2О) бага хэмжээгээр агуулна.

-Унтарчихсан галын үнснээс ямар нэгэн хий гарах боломжтой байдаг уу. Шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал?

-Аливаа түлш дэгдэмхий ба нүүрстөрөгчсөн хүнд үлдэгдэл гэсэн хоёр үндсэн тогтдог. Дэгдэмхий хэсэг нь дөл үүсгэн шатаж дууссаны дараа үлдсэн хүнд хэсэг нь үнсэн дэх халууны нөлөөгөөр аажим уугин задарч дутуу шатаж угаарын хий үүсэх үндэстэй. Ерөөсөө, түлшний шаталтаас хортой бодисууд үүсч байгаагийн үндсэн шалтгаан нь дутуу шаталт. Угаарын хий СО дутуу шаталтын бүтээгдэхүүн, түлш гүйцэд шатвал урвалын идэвхгүй, гэм хоргүй нүүрсхүчлийн хий CO2 үүснэ. Угаарын хий CO нь хүний цусны гемоглобинтой холбогдож цусаар хүчилтөрөгч зөөгдөж тархах процессыг саатуулж өвчинд, үхэлд хүргэдэг алуурчин бодис юм.

-Баруунсалаанд гал түлээгүй хоносон атал нэгэн хүү угаартаж эндсэн. Гал түлээгүй хэрнээ угаартах боломжтой юу. Энэхүү харамсалтай явдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Саяны хэлсэн үндэслэлээр л тайлбарлагдана даа. Галлагаатай байх үеэс гэрт угаарын хий хуримтлагдсан байж гэх мэт бодол төрж байна. Энгийн хүмүүс шинжлэх ухааны ийм нарийн юмыг яаж мэдэх вэ. Туйлын харамсалтай явдал болсон.

-Хагас коксжсон нүүрс хэрэглэх нь мидлинг түлш хэрэглэхээс дээр үү?

-Хэвлэлүүд болон сошиал дахь мэдээллүүдээс үзвэл, Хятадаас авах хагас коксын дэгдэмхий бодисын агуулга 10 орчим хувь, ийм түлшний авалцан шатах температур өндөр, асаагч хэрэгтэй, дөл богинотой тул зуухан дээр хоол болохгүй, агаарын оруулга, үлээлэг хангалтгүй зууханд дутуу шатаж угаарын хий их хэмжээгээр үүсгэж хүний эрүүл мэндэд аюул учруулах магадлал мидлинг түлшнийхээс илүү гэж би онцолж байна. Мидлингээс ч хүнд түлш юм.

-Бид өөрсдийнхөө нүүрсийг хэрэглэх нь илүү ашигтай юм аа даа?

-Нэг зүйлийг тодорхой хэлж өгье. Нэр томьёо ба мөн чанарын хувьд. Коксжсон нүүрс, хагас коксжсон нүүрс гэж нэрлэх нь буруу, харин коксждог нүүрс, кокс, хагас кокс гэдэг. Яахав коксжих нүүрс гэсэн ч болно. Таван толгой, Нарийнсухайт, Хөшөөт зэрэг ордуудад бий, үнэтэй, ховор К, Ж, Г маркийн чулуун нүүрс. Ийм нүүрснээс гарган авсан бүхэллэг коксыг хүдрээс төмрийг ангижруулж ширэм, ган гарган үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Бид ийм төрлийн сайн нүүрсээ, баяжуулсан ба баяжуулаагүй байдлаар экспортолж амьжиргаагаа залгуулж байна. Хүрэн ба олонх маркийн чулуун нүүрс коксждоггүйд тооцогдоно. Гэхдээ ямар ч нүүрсийг 500-550 градус ба түүнээс дээш халаахад нунтаг боловч найрлагын хувьд бүхэллэг кокстой төстэй нүүрстөрөгжсөн үлдэгдэл үүснэ. Тэдгээрийг халаалтын температураас нь хамааруулж хагас кокс, дунд ба өндөр температурын кокс гэх нь бий.

-Гэрийн агаар сэлгэлт чухал уу?

-Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулж байгаа үндэс нь гэр доторх агаарын бохирдол юм шүү. Судлаач эмч, эрүүл ахуйчид агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг тухай их ярьдаг, бичдэг. Гэхдээ хотын гудамжны бохир агаараас угаартчихаад байгаа хүн тийм ч олонгүй л болов уу. Гадаа гудамжинд явж байгаад угаартаад уначихсан хүн алга. Хамгийн хүнд үр дагаврыг гэр доторх агаарын бохирдол үүсгэж байгаа нь тодорхой.

-Хөнгөн түлш, хүнд түлш гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Зуухан дахь түлшний шаталт гурван үе шаттай явагддаг. Шаталт эхлэх, дэгдэмхий бодис ялгаран гарч гал, дөлтэй эрчимтэй шатах, дэгдэмхий биш хатуу үлдэгдлийн дөлгүй шахам улайсан шатах гэсэн гурван үе шаттай. Дэгдэмхий бодис ихтэй мод, хүрэн нүүрс, аргал, хөрзөн мэтийн нүүрсний авалцан шатах температур нам, урт дөл үүсгэн сайхан шатдаг, улайсан шатах хугацаа бага байх тул хөнгөн түлш гэж болно. Харин дэгдэмхий бодис багатай дээд ангиллын чулуун нүүрс, хагас кокс, коксын дэгдэмхий бодисын агуулга бага, авалцан шатах температур өндөр тул асаагч хэрэглэнэ, эрчимтэй шатах үедээ ч дөл багатай. Ялангуяа улайсан шатах үе шатандаа агаар хомсдвол дутуу шатаж тоос тортог, угаарын хий их хэмжээгээр үүсгэх тул хүнд түлш гэх үндэстэй. Түлшин дэх үл шатах органик биш бодисын хэмжээ (үнслэг) ихэдвэл түлш хүнддэх бас нэгэн том шалтгаан болно. Үнс хаягдал их гарна. Хүнд түлш түлэхэд сайн зуух хэрэгтэй.

-Ямар зуух хэрэглэх нь чухал юм аа даа?

-“Тавантолгой түлш” компанийн шахмал түлш өнөөгийн иргэдийн хэрэглэж байгаа зууханд арай л хүнддээд байгаа юм. Сайн зуух хэрэгтэй байна. Хоёрдогч агаарын оруулгатай байх, галын хотол дахь түлш дээрээсээ шатдаг байх, зуух яндангийн холболтууд нягт, хийцийн материалууд нь бат бөх, дулаан сайн даадаг, дулаанаа сайн хадгалдаг зэрэг нь сайн зуухны үндсэн шинж мөн. Түүхий эд бүтээгдэхүүнийг шахах, бүхэлтгэх бол түгээмэл ач холбогдолтой, өндөр технологийн хүнд төвөгтэй процессуудын нэг. Энэ технологийг эзэмшиж хангалттай хүчин чадалтай үйлдвэрийн цогцолбор байгуулж чадсан нь сайн.

-Тэгвэл яаж түлшээ хөнгөрүүлэх вэ?

-Нэгдүгээрт, түүхий эдээр, дэгдэмхий бодисын агуулгаар мидлингийнхээс арай их, гэхдээ 35 хувиас ихгүй, үнс багатай, насжилт хувирлын дундаас доод шатны чулуун нүүрс ашиглах, Шарын гол, Хөөт, Алагтогоо мэт ордын нүүрс байж болох, өөр ч боломжийн нүүрстэй олон орд бий. Сайн судалж сонгох хэрэгтэй. Эхний ээлжинд нэн даруй хэрэгжүүлж болох хамгийн сайн хувилбар бол Энержи ресурсийн эрчим хүчний нүүрсний баяжмал. Энэ л өнөөгийн нөхцөлд жинхэнэ “аврал” шийдэл байх болов уу. Учир нь баяжмал учраас үнс багатай, дэгдэмхий бодисоор арай их. Таван толгойн орд уурхайн эрчим хүчний нүүрсний баяжмалын дэгдэмхий бодис 28-35%, үнслэг нь 8-12% орчим байх тул жинхэнэ зохистой түлш. Ялангуяа үнс багатай нь түүнийг жинхэнэ хар алт чанарт нь дөхүүлж байна гэсэн үг. Ингэхээр, Улаанбаатарын шахмал түлшний үйлдвэрүүдийн түүхий эдээр мидлингийн оронд энэхүү баяжмалыг хэрэглэвэл түлшний чанар эрс сайжирна, хөнгөрнө. Үнс багатай нүүрс түлнэ гэдэг “тэнгэрийн умдаг атгах” – тай ижил, түлэхэд хөнгөн, илчлэг их, зуух үнсээр дүүрэхгүй, цаашилбал, хотын гэр хорооллын үндсэн хаягдал үнс эрс багасаж орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирна, хөрсний бохирдол ч буурна.

-Зуухаа яаж сайжруулах вэ?

-Манай гэр, байшингийн зуухны чанараас хамаарч түлш дутуу шатаж угаарын хий (СО) үүссэнээс, оршин суугч угаартаж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдах зовлон тохиолдсоор байна. Хятад улсын “Нүүрсэн шахмал ба сайжруулсан зуух” судалгааны дүнгээс үзвэл, шахмал түлш ба сайжруулсан зуухыг хослон хэрэглэсэнээр агаарт хаягдах PM ( тоос ) 63+-12%, OC (органик бодис) 61+-10%, BC (хар тортог нүүрстөрөгч) 98+-1,7 хувь буурдаг аж. Түлшний хэмнэлттэй хэд хэдэн төрлийн зуухыг утааны ялгаралт, түлшний хэрэглээ, үр ашгийн үнэлгээ, зах зээлийн боломж зэрэг шалгуураар үнэлсэн байдаг. “Эдгээр зууханд 80 гаруй туршилт хэмжилт хийхэд “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн оруулж ирсэн Турк улсад үйлдвэрлэгдсэн “Өлзий” (Mini Silver), “Хас” (Silver Turbo) болон Рояал өүшн ХХК-ийн оруулж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Голомт”, “Дөл” зуухнууд PM2.5-ын ялгаралтыг 70-89 хувь, нүүрсний хэрэглээг 11-26 хувь бууруулж байв” гэсэн байх юм. Сайн л үр дүн гарч, үүнийгээ орхиод иймэрхүү байдлаар бид салан баавгайн үлгэрээр яваад байгаа юм биш үү. Нэг хэсэг бүр утаагүй зуух гэж ярьсан хүнийг өвчтэйд тооцно гэх шахсан. Ийнхүү монголчууд бидэнд зуухныхаа асуудлыг амжилттай шийдвэрлэх боломж байна. Ирэх намар, өвөл эхлэхийн өмнө түлшээ хөнгөрүүлээд сайжруулчихсан, айл бүрийг сайн зуухаар хангачихсан баймаар байна. Зуухны тухайд, шийдэл сонголтоо хэлээд өгчихвөл үйлдвэрлэгчид урамтай нь аргагүй хийгээд эхэлнэ, айлуудын зарим нь өөрсдөө зуух, пийшингээ барьчихна, олонх айлууд сайн зуух худалдаад авчихна, чадахгүй нэгэнд нь үнэгүй эсвэл хямдарсан үнээр өгнө биз.

-Нүүрсийг зузаан хэмжээтэй, нягт ихтэй үйлдвэрлэж байгаа нь угаарын хийн хуяг үүсгэх үү?

-Угаарын хийн хуяг гэж мэдэхгүй, түлшний задрал, шаталтаар л үүсдэг хий, нүүрс зузаан, нягт байх нь дутуу шатах угаарын хий үүсэх магадлалыг ихэсгэнэ. Гэвч одоогийн хэрэглэж байгаа шахмал түлш томдож зузаадаагүй.

-Нүүрсийг үйлдвэрлэхдээ ямар барьцалдуулагч материал ашиглах нь зөв бэ. Шахмал түлш гаргахдаа эрдэнэшиш, төмс зэрэг ургамлаас гаргаж авсан наалдамхай цардуул, химийн аргаар гаргаж авсан цардуул хэрэглэх нь ямар ялгаатай вэ?

-Цардуул болон цардуулын задраг нэгдлүүдийг түлшний холбогчоор ашиглах нь зөв, химийн аргаар гарган авсан цардуул гэж байхгүй дээ. Байдаг бол шинж чанар нь байгалийнхтай ижил байх учиртай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлжлэв 17 цаг 31 мин “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү? 18 цаг 46 мин "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа царай нь! 19 цаг 11 мин LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ 19 цаг 18 мин Өнөр хорооллын ард 2.7 км, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 5.6 км авто замыг жишиг байдлаар шинэчилнэ 19 цаг 33 мин Намрын чуулганы эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ 19 цаг 47 мин К.Алькарас Бээжингийн тэмцээнд түрүүллээ 20 цаг 9 мин ХСҮТ: Робот мэс заслын сургалтын төвийн нээлт боллоо 20 цаг 25 мин Ардчилсан Нам “Хүүхдийн эрхийн төлөө олон улсын форум” зохион байгууллаа 20 цаг 53 мин Үндэсний хиймэл дагуултай болсноор монгол орны хаанаас ч интернэтэд холбогдоно 21 цаг 13 мин Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана Уржигдар 18 цаг 14 мин Монголын шорт трекчид Зүүн Азийн цуврал тэмцээнээс 17 медаль хүртлээ Уржигдар 17 цаг 04 мин С.Зоригийн хэргийг тойрч ярихаасаа илүү үзэл санааг нь түгээх ёстой Уржигдар 16 цаг 00 мин Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Уржигдар 13 цаг 33 мин Морь унасан "толгойгүй" сайд нар Уржигдар 12 цаг 43 мин Jay Van Bavel: Хамтын хүч Уржигдар 11 цаг 56 мин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төв байгуулахад Их Британитай хамтрах санал тавилаа Уржигдар 11 цаг 29 мин Тэнгэрийн камиказе: Европын сансарын агентлаг агаар мандалд шатаах хиймэл дагуулыг тойрог замд гаргана Уржигдар 11 цаг 18 мин Харри Поттер киноны од Мэгги Смит нас баржээ Уржигдар 11 цаг 15 мин Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон Уржигдар 11 цаг 03 мин
iИх уншсан
2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Зээлдмэл содон үг Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Хүйтэн дайн дахин эхлэх үү? Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно "Украин бол Орос”, “Оросын ертөнц” гэж дайтаад байж байгаа ц... “Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг ... Ц.Элбэгдоржоор айлгадаг МАН-ын технологи Х.Баттулгаар үргэлж... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Морь унасан "толгойгүй" сайд нар Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг... Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад да... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг ... Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар х... Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн... Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Top