x

Б.Анхзаяа: Намуудын дотоод ардчилалд асуудал их байна

Жендер активист, улс төр судлалын магистрант Б.Анхзаяатай сонгууль тойрсон асуудлаар ярилцлаа.

-Монголчууд бид төлөөллийн ардчиллыг сонгосноос хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Ер нь бид төлөөллийг хангаж ирсэн үү гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье?

-Төлөөллийн байгууллага нь мөн чанараараа ажиллаж ирсэн эсэхийг тухайн институтэд итгэх олон нийтийн итгэлээс харж болно. 2023 онд хийгдсэн “Монголд төлөөллийн ардчиллын институтүүд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?” гэх судалгаа байдаг. Тэнд УИХ-д итгэдэггүй гэж хариулсан нь 2010 онд 44 хувь байсан бол 2023 онд 66 хувь болж өссөн байдаг. Харин улс төрийн намуудад итгэдэггүй гэсэн үзүүлэлт 2010 онд 58 хувь байсан нь 2023 онд 71 хувь болж нэмэгдсэн байгаа юм. Энэ үзүүлэлт манай төлөөллийн ардчиллын хөгжилд бодит бэрхшээл тулгарсныг тод харуулж байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд олон түмнийхээ санаа бодлыг тусгахгүй, оролцоог нь хангахгүйгээр өнөөдрийг хүрсний хор уршиг гэж болно.

Эндээс бид алдаа оноогоо дүгнэж, цаашид арай өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй болов уу. Парламент бага ард түмэн гэж бид хэлдэг. Нийгмийн бүлгийн төлөөллийг хангах бүх арга замыг намууд эрэлхийлэх нь магадгүй энэ гацаанаас гарах том боломж ч байж магадгүй юм. Залуучууд, эмэгтэйчүүд, мэргэжилтнүүд, нийгмийн цөөнх гээд бүхий л бүлгийн төлөөлөл парламент болон бусад төлөөллийн байгууллагад сууж байх учиртай.

Ард түмний амьдралаас хол тасарсан парламентыг бидэнтэй “ойртуулах” ганц боломж л энэ гэж харж байна.

-Өнгөрсөн жилийн хуулийн томоохон өөрчлөлтүүд нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхээр хийсэн өөрчлөлтүүд гэж ойлгож байсан. Гэхдээ бүсчилсэн тойргийн тогтолцоо нь энэ бүгдээ үгүйсгэж байгаа юм биш үү?

-Иргэн хүний хувиар өнгөрсөн хавар хийгдсэн органик хуулийн өөрчлөлтүүдэд ихээхэн найдлага тавьж байлаа. Гэтэл нэг өөрчлөлтөө нөгөө гараараа үгүйсгэсэн сонгуулийн тойргийг зурчихсан. Сонгуулийн зардлыг багасгаж, шинэ улстөрчдөд боломж олгоно, нэг саналын үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж ярьж байсан ч бүх зүйл эсрэгээрээ байх нь хэнд ч ойлгомжтой байна. Мөнгөтэй, танигдсан, хуучин улстөрчдөдөө ээлтэй сонгууль болно. Тэгэхээр нөгөө төлөөлөх чадвар гэдэг зүйл чинь мянга ная дахь асуудал болж хувирсан. Аль нэг хүйсийн төлөөллийг хангах квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн ч одоогийн 17 хувь нь 126 гишүүний 20 орчим хувь болж л нэмэгдэхээр дүр зураг харагдаж байна. Тоо нь нэмэгдсэн ч чанарт өөрчлөлт орох эсэх нь бас л эргэлзээ төрүүлж байна.

-Хүйсийн квотыг 30 хувь болгосон, жагсаалтын тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байхаар байгаа шүү дээ. Гэтэл үзүүлэлт хуучнаасаа өөрчлөгдөхгүй гэхээр?

-Жагсаалтыг тавь, тавин хувиар эрэгтэй, эмэгтэйчүүд гэж оруулах болсон нь дэвшил үү гэвэл мөн. Жагсаалтын 48 хүний 24 нь эмэгтэйчүүд байх нь, олон хүн гарах нь гэж байгаа. Гэхдээ тойрогт ердөө 14 эмэгтэйг явуулах талаар намууд сонгуулийн зураглалаа гаргаж байна. Эргээд үр дүнг нь харвал өнөөдрийн 17 хувиасаа айхтар өсөхгүй дүр зураг харагдаж байгаа юм. Тэгэхээр заавал жагсаалтад 24, тойрогт 14 гэж 30 хувийн квотыг тааз гэж үзэлгүй харин босго буюу доод тал нь гэж үзэх хэрэгтэй. Одоогоос жилийн өмнө улс төрийн намуудын удирдлагууд нэгдэж байгаад тэгш оролцоог 40 хувьд хүргэнэ гээд өөрсдөө амласнаа санаж л байгаа байх. Үүнийг нь олон нийт мартаагүй ажиглаж байгаа шүү.

-Намуудын удирдлагууд амласан 40 хувьдаа хүрэхгүй байх магадлалтай юу?

-Магадгүй өмнө нь амлаад биелүүлэхгүй орхидог байсан байж болно. Гэхдээ одоо сонгогчид хэрсүү болсон. Жилийн өмнөхийг байтугай л санаж, нэхэх болов уу. Харин ч намуудад зөв улс төр хийх орон зай нь байна. Намын сайн дурын квотыг санаачлаад хэрэгжүүлээд түүгээрээ ялгарч зөв улс төр хийх орон зай байна, хүлээлт ч байна. Одоогийн УИХ-д суудалтай намуудын хувьд эмэгтэйчүүдийн нуруун дээр тогтож байдаг мөртөө тэдний улс төрийн оролцоог бодитоор хангаж чадахгүй байгаа нь намын дотоод ардчилалд асуудал байгааг илтгэж байна. Ер нь хамгийн том асуудал, завхрал намуудын дотоод ардчилалд байна. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжүүлэх болсноос гадна тойрогт нэр дэвшигчдийг хүйсээр сөөлжүүлэх санаачилга ч гаргаж болно. Ингэж чадвал улс төрийн намууд улс төрийн тавцнаа тогтвортойгоор оршиж, олон нийтийн итгэх итгэл сэргэж, хүлээн зөвшөөрөгдөхөд дөхөм болно гэж сонгогч хүний хувьд харж байна. Хүлээлттэй ч байна, анхааралтай ч ажиглаж байна.

Ер нь амлалтаа биелүүлэхгүй намд дахин итгэл хүлээлгэх цаг хугацаа ч бидэнд алга шүү дээ.

-Хуулийн шинэчлэл нь тойрог зурахдаа үгүйсгэгдсэн гэж байгаа бол ямар шийдэл байна гэж та харж байна вэ?

-Одоо ерөөсөө ганц л боломж байна. Улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцохыг харж сонголтоо хийх л үлдлээ. Нийгмийн хамгийн таагүй институци болтлоо унасан нэр хүндээ аварч, ялгарах, улс төрийн зөв соёлыг бий болгох боломж намуудад байна. Дээр дурдсан судалгаанд яагаад улс төрийн институци, намд итгэдэггүй вэ гэхэд амлалтаа биелүүлдэггүй учраас гэж олон нийт хариулсан байгаа юм. Бид одоог хүртэл мөрийн хөтөлбөрийг хаа хаанаа үл ойшоож, амлалтыг биелүүлдэггүй, амныхаа зоргоор бурдаг улс төрийн соёлд дассан байна. Гэтэл одоо нийгэм өөрчлөгдөж, технологийн үр шимээр бүх улстөрчдийн ул мөр, намын амлалтууд тодоос тод бичигдэн үлдэж байна шүү дээ. Сонгогчид өөр болсныг олон судалгааны үр дүн харуулж байна.

Харин намууд нь өөрчлөгдөхгүй, хуучин соёлоороо сонгуульд оролцох нь өөрсдөд нь ч халгаатай. Одоо жижиг эрх ашгаа хөөлгүй улс орны хөгжлийг чирэх, ухамсарлах үүрэг улс төрийн намуудын нуруун дээр байна шүү дээ.

-Намуудын жагсаалтад багтахын тулд их хэмжээний мөнгө яригдаж байна. Мөнгөнөөс ангид байх боломж үнэхээр байхгүй гэж үү?

-Сонгуулийг мөнгөнөөс ангид байлгах боломж бол мэдээж байгаа. Гэхдээ энэ нь олон талын хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална. Улс төрийн намын тухай шинэ хуулиар энэ зохицуулалтыг нэлээд хийсэн ч хэрэгжүүлэх субьект нь нөгөө л улс төрийн нам шүү дээ. Өөдрөг төсөөллөөр харж баталсан хуулиа алт болгох уу, гууль болгох уу гэх хүч нь ч намуудад байна. Бүсчилсэн тойргийн сургаар намын жагсаалтын үнийн тухай яриа ч газар авсан. Бидний зориод байгаа бодлогын нам болох мөрөөдөл салхинд хийсчихэж байгаа хэрэг үү? Нэг хувь хүнээс гарахад хэтэрхий их мөнгийг гаргаж сонгогдох гэж зүтгэх нь ямар зорилго байгаа нь ойлгомжтой шүү дээ. СЕХ-ноос нэг тойрогт нэг нэр дэвшигчийн зарцуулах мөнгөн дүнг батлахдаа 800 саяас 1.5 тэрбум гээд нэмэгдүүлээд баталчихлаа. Энэ бол наанаа үзүүлдэг үнийн дүн бодит байдал дээр хэд нугалардаг гэдэг.

Мөнгөний босго өндөрсөх тусам эрх мэдэл багатай, төлөөлөл нь хангагдаагүй бүлгийн улс төрийн оролцоо улам бүр хумигддаг. Шинэ залуу улстөрчид хаанаасаа тэр их мөнгө байх вэ. Эдийн засгийн эрх мэдэл доогуур эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнх гээд энэ нийгмийн бүрдүүлэгч бүлгүүдийг улс төрийн намуудад бодлогоор дэмжиж төлөөллийг нь хангах боломж байна. Энэ нь улс төрийн намын нийгэмд хүлээдэг үндсэн үүргүүдийн нэг нь шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2 цаг 26 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 3 цаг 3 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 3 цаг 12 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 3 цаг 34 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 3 цаг 44 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 4 цаг 51 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 6 цаг 6 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top