x

М.Тулгат: АН ажиллаж чаддагийг харуулах хор, шар надад байна

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа. Тэр маргааш болон Нийслэлийн намын хорооны даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм. Түүнтэй хамт НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Бадарсан, Б.Батцогт нар өрсөлдөж байгаа. Нэр дэвшигчдийн дунд явуулах халз мэтгэлцээнийг өнөөдөр орой NTV телевизээр шууд дамжуулна. 

БИ ЧИНЬ ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л ЯВСАН ХҮН

-АН-ын хувьд 2020 оны сонгуулийн дараагаас улс төрд байх уу, үгүй юу гэсэн хүндхэн сорилт, бас зөрчилтэй нүүр тулж явсаар Л.Гантөмөр гэдэг албан ёсны даргатай болсон нь жил тойрох гэж байна. Тамга нь нэг талд, гэрчилгээ нь нөгөө талд байснаас АН-ын дотоод хагарал эхтэй гэдэг ч ардчилсан хувьсгалаас хойшхи улс төрийн хоёр дахь том хүчний хувь заяа гишүүд, дэмжигчдэд нь бус хэдхэн, бараг хоёрхон хүний тулга тойрсон эрх ашгаар хэмжигдэж эхэлсний гол шалтгаан юу байсан юм?

-АН-ын хуваагдал зөвхөн 2020 оны сонгуулийн дараагаас үүссэн юм биш. Олон жил намд буглаж, бугшсан асуудал нь хуримтлагдаж явсаар ийм байдалд хүргэсэн. Яривал олон зүйлийг дурдаж болно. Нэгдүгээрт, АН бол олон намын нэгдэл. Олон үзэл санаа, итгэл үнэмшилтэй хүмүүсийн нэгдэл. Хоёрдугаарт, барууны чиг баримжаанаас өөр зүүний маягийн социалист, популист амлалтын уралдаанд яваад орчихсон юм. Үнэхээр хөх өнгөтэй юм уу? эсвэл улаан өнгөтэй нам юм уу? гэдгийг ялгах аргагүй, тэр нь ойлгомжгүй болсон. Гишүүд нь ч төөрч будилж эхэлсэн.

Жишээ нь, Оюу Толгойн “Дубайн гэрээ”-г дэмждэг хэсэг байхад таг эсэргүүцдэг нь байна. Нийгэм, эдийн засгийн өнцгөөс харахад гишүүд нь өөрсдөө шал өөр байр суурьтай болцгоосон. Ийм нөхцөл үүссэн нь хагарлын нэг шалтгаан. Нөгөө талаасаа 2020 оны сонгуулийн ялагдлын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга намд хамгийн хүчтэй нөлөөлөх албан тушаалтан нь байсан. Гэтэл тэрхүү нөлөөллөө хэтрүүлсэн, АН-ыг шууд “тэвэрч” авсан, хувийн компани шигээ ажиллуулах оролдлогыг эхлүүлсэн. Өөрийн командаар 100 хувь хөдөлгөдөг намыг бий болгохоор зорьсон. Магадгүй энэ нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихтэй ч холбоотой байсан байх. 

-Яг тэр үед Та С.Эрдэнийн талд зогссон...?

-АН үндсэн үзэл санаанаасаа ухарсан байдалд маш сэтгэл дундуур явсан. Тэр нь даамжирвал Ардчилсан Нам байх, байхгүйн тухай асуудал үүснэ. Үндсэн дүрмийг дураараа өөрчилдөг, үл тоох хандлага бий болсон. Тийм байж болохгүй. Намайг гурав, дөрөвдүгээр ангид байхад ардчилсан хувьсгал эхэлсэн. Аав маань С.Майнбаяр, дүү нь “Хонх”-ны С.Цогтсайхан гээд гэр бүлээрээ улс төрөөр буцалж байсан айл. Хэдийгээр бага балчир ч найзууддаа улс төр ярьдаг байлаа. Ардчилал гэж ярина. Миний өссөн “Микр” хороололд МАХН-ын лидер олон. Хүүхдүүдтэй нь хэрэлдэнэ гэх үү, хэлэлцэнэ гэх үү явдаг байсан үе. Тэгэхээр ардчилал, АН бол миний хувьд багаасаа тархинд суусан хүсэл мөрөөдөл, үнэт зүйл.

Гэтэл тэр нам 2020 оны сүүлч үеэс үнэхээр ойлгомжгүй байдалд шилжиж байгааг хөндлөнгөөс зүгээр хараад суухыг хүсээгүй. Тухайн үед намын дарга асан С.Эрдэнэ АН-ын үйл ажиллагаа дүрмийн бусаар яваад байгаа учраас шүүхийн, хуулийн замаар шийдэх байдлаар ажиллаж эхэлсэн. АН-ын үйл ажиллагаа Үндсэн дүрмээрээ, тэр нь Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагддаг. Түүнийхээ дагуу явахгүйгээр маргаан үүсгэнэ. С.Эрдэнийн хувьд энэ өнцгөөс нь зөв ажилласан. Бусдыгаа шахаж шаардсан. 

-Анхнаасаа ардчиллын үзэл санааг тууштай дэмжсэн, АН-ыг нэг хүний хувийн компани болгохыг хүсээгүй учраас С.Эрдэнэтэй “гар барьсан” гэж ойлголоо?

-Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ыг өгч болохгүй гэдэг бодолтой надад өөр сонголт байгаагүй. С.Эрдэнэ даргатай уулзаж, ярилцсан. Ингээд явж байтал 2021 оны гуравдугаар сард намын даргын сунгаа зарлагдсан.

-Гэхдээ хоёр талд явсан?

-Тийм ээ, цаасан, цахимаар гэж явсан. Миний өрсөлдсөн нь цахим. Цаасанд нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан. Эцэстээ АН-ын хагарлын гол буруутны нэг болж сайн, муугаараа хэлүүлж хоёр жил явсаан, явсан. Анхандаа мессежээр заналхийлэхээс эхлээд олон дарамт, шахалт ирдэг байлаа. С.Эрдэнэтэй нийлж энэ намыг булшиллаа гэх зэргээр. Гэхдээ хувь улстөрчийн сонголт талаасаа АН-ыг буцааж буурин дээр нь аваачих, үзэл санаанд нь бат зогсоох нь миний зорилго байсан. Хөх өнгөөр гэрэлтэх ёстой бол хөх өнгөөрөө л гэрэлтэх ёстой. Тэр нь тодорхой байх ёстой. 

-Цахимаар явуулсан намын даргын сунгаанд ялсан ч Улсын бүртгэлд бүртгүүлэх үйл явц нь нэлээд сунжирсан байх аа?

-Гурван удаа материал хүргүүлсэн ч бүртгээгүй. Цаг хугацаа нь сунжирсаар жил тойрсон. 

-Одоо бодоход цаад ашиг сонирхол нь юу байв?

-М.Тулгат гэж хүн асуудалд бие даасан байдлаар хандаж, улс төрийн шийдвэр гаргаж байсантай холбоотой байж магадгүй. 

-АН-ын дарга асан С.Эрдэнэтэй зам нийлэхгүй салах шалтгаан нь өөрийн Тань хэт бие даасан байдал байсан гэсэн үг үү?

-Зам салах нь юу юм. Би чинь өөрийнхөөрөө л явсан хүн. Маргалдаж, муудаад салсан юм бол байхгүй. Уг шалтгаанаа хэлж, ярилцаад л цаашаагаа явсан. Ингээд байж байтал Ч.Өнөрбаяр, Р.Эрдэнэбүрэн, С.Баярцогт, Ц.Оюундарь болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намын эвлэрлийн асуудлыг шийдэх санаачилга гаргасан.

-Хоёр талаас АН-ын “Эв нэгдэл”-ийн ажлын хэсэг гэж байгуулж, Та дэд даргаар ажилласан?

-Хоёр тал учраа олж, хужраа тунгаахад одоогийн Тэргүүн дэд дарга С.Баярцогт маш том үүрэг роль гүйцэтгэсэн. Талуудтай уулзах, хэлж, ярьж ойлгуулах талаасаа нэлээд хүнд ажлыг нугалсан. Энэ хүрээнд “Эв нэгдэл”-ийн ажлын хэсгийг байгуулж, Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг, дэд даргаар намайг ажиллуулсан. УИХ дахь Бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй олон хүний хичээл зүтгэлийн үндсэнд эхний ээлжид хоёр талын Үндэсний бодлогын хороо нийлж хурлаа хийсэн. Намын даргад хоёр хүн өрсөлдөж, Л.Гантөмөр ялалт байгуулсан. Улсын Дээд шүүхэд ч бүртгүүлж чадсан. Энэ бол олон хуурамч “Дамбийжаа”-тай явсан АН-ын хүнд хэцүү үед цэг тавьсан үйл явдал. Хэн дарга болохоос илүүтэй миний хувьд баярт мөч байлаа. Цаашид жижиг, сажиг асуудал гарсан ч даваад явна. Гол нь сөрөг хүчин шиг ажиллах нөхцөл нь тэгж бүрдсэн. 

-Бодитой хагарал нь хоёр жил хагасын хугацаанд өрнөсөн болохоор АН албан ёсны даргатай болох нь мэдээж чухал байж таарна?

-Шууд бусаар 10 гаруй жил хуримтлагдаж ирсэн дотоод асуудлыг нэг амьсгаагаар цэгцлэх нь хэцүү. Нэн түрүүнд эвээ олж, цэгцрэх нь чухал. Эргээд тодорхой бүтэц, зохион байгуулалттай улс төрийн хүчин болох үйл явцад тодорхой хугацаа орно. Түүнийг гардан гүйцэтгэж байгаа намын удирдлагуудад хүнд л байгаа байх. Бид яах вэ? Хажуунаас нь хэлэх амархан. Нэгдсэн ҮБХ-г хуралдуулахаас эхлээд асар хүнд цаг хугацааг АН туулж байна.

-Ардчиллын суурь зарчим, үзэл санаанд тулгуурсан таван намын нэгдэл нь өнөөдрийн АН-ын суурь тодорхойлолт. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нэгэн цул болж нэгдэхээс илүүтэй лидер дагасан бөөгнөрөл бүхий үзэл санаа энэ намд явж ирсэн нь Үндсэн дүрмээ үгүйсгэх, бүр хэн нэгний эрх ашиг давамгайлах шалтгаан гэж хардаг. Одоо тэрхүү механик нэгдлийн хөрс нь АН-ын фракц, клубын явуулдаг улс төрийн үйл ажиллагаанаас харагддаг. Хэдийгээр АН-ын дотоод зөрчил ил явдаг ч тэр нь даамжирсаар хэдхэн хүний ашиг сонирхлын дуу хоолой болтол нь жижигрүүлж болдгийг бүгдээрээ л харсан. Л.Гантөмөр гэдэг албан ёсны даргатай, тамгатай болсон нь сайн хэрэг ч 15 дэд даргын суудал бий болгох замаар “бялууны зүсэм” хүртээсэн нь эсрэгээрээ эрх ашгаа наймаалцаж байгаагийн нэг хэлбэр юм биш үү?

-Хүн дагадаг соёл олон жилийн хугацаанд сууж ирсэн нь үнэн. Тийм ч амархан арилахгүй. Уг нь үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгтэй хүмүүсийн нэгдэл нь улс төрийн нам. Гэхдээ АН-д хэн нэгнийг дагахгүйгээр өөрсдийн итгэл үнэмшлээр нэгдэж, клубын зарчмаар яваа хэсэг нь олон. Ямар ч байсан зөв чиг хандлагын суурь тавигдсан. Хурдтай биш ч бага багаар өргөжөөд явж байгааг эерэг талаас нь харж болно. 15 дэд даргын тухайд олон жил хагаралтай явж ирсэн талуудыг нэг тавцан дээр аваачихын тулд тэдний шаардлагыг хангаж өгсөн асуудал.

Нэг ширээнд суугаад ирэхээрээ зарим тохиолдолд огт хэрэггүй зүйлээс болж хагарч байснаа ойлгоно. Зарим нь нээрээ л АН-ын суурь үнэт зүйлийг ойлгохгүй явснаа ухаарна. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой. Үнэхээр АН-ын үзэл баримтлал нь таарч, тохирохгүй байгаа хэсэг нь яваандаа өөрсдийн улс төрийн сонголтоо хийгээд явах байх. Мэдээж бусдыгаа хөөж тууж байгаа асуудал биш шүү. Тэгэхээр 15 дэд даргын тухайд өнөөдрийн нөхцөл байдал тааруулсан шийдвэр.

-Нөхцөл байдалдаа тааруулсан шийдвэр гэлээ. Тийм ч байж болох. Гэхдээ нэг үзэл баримтлал, нэг Үндсэн дүрэм, нэг зорилгын төлөө нэгдэж явдаг улс төрийн институци нь нам. Гэтэл АН 15 дэд даргатай болсноос хойшхи үйл явцыг харахаар өнөөх л лидерээ, даргаа төлөөлж ярьдаг, эргээд намаа үгүйсгэж, хүчгүйдүүлдэг байдал хэвээрээ байх шиг. Үндсэндээ АН 15 дэд даргатай болсон ч улс төрийн зохион байгуулалт нь нэгдмэл болж төлөвших нийгмийн хүлээлтэд хүрсэнгүй. Намын даргадаа дэм болох бус өөрсдийг нь “томилсон” хэн нэгний өмнөөс ярих нь байх ёстой үзэгдэл үү?

-Өөртэй чинь санал нэг байна. Хэрвээ би намын дарга байгаад эцсийн шийдвэрийг гаргаад явсан бол яагаад ч болохгүй байгаа талуудыг эвлэрүүлэхгүй. Зоригтой шийдвэр гаргаад нэг талд нь гаргана. Эрээвэр, хураавар масс олонтой байснаас чанартай, итгэл үнэмшилтэй, "чанартай" гишүүдтэй улс төрийн хүчин болж, тэрхүү сууриа өргөжүүлээд явах тухай л асуудал. Намын гадна талд АН-ын үзэл баримтлалыг дэмждэг хэсэг нь олон. Гэвч өнөөдрийн АН-ыг ойлгохгүй байгаа учраас ирэхгүй байгаа юм. Тэр хэсгийг орж ирэх боломжийг нээж өгөх ёстой. Тэгж байж АН-ын дэмжлэг бодитой өснө.

Гол нь Үндэсний бодлогын хорооны хурлаар хүлээн зөвшөөрч, сонгосон намын дарга нь 2024 оны сонгууль хүртэл менежментээ хийж, хариуцлагаа үүрээд яваа. Энэ хүний стратеги, арга барилыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин тодорхой буюу орон нутгийн түвшинд арай өөрөөр ажиллах боломжтой.

 ХАМГИЙН ХҮНД, ХОРТОЙ НӨХЦӨЛД БИД АМЬДАРЧ БАЙНА

-Хоёр жил хагасын хугацаанд хагарч, талцсан АН албан ёсны даргатай болоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хүнээр, хүүхдээр бол хэлд, хөлд орох цаг үе нь. Үүний хажуугаар намын даргыг огцруулах, өргөдлийг нь өгүүлэх санал, санаачилга дотроосоо гарсан тухай мэдээлэл сүүдэр мэт дагах боллоо. Эвлэрээд удаагүй байгаа АН-аас нэг хэсгээс ийм санал гарах нь байж болох ч ард нь нөлөө бүхий улстөрч яваа нь эргээд намаа дахин “шаварт” унагаах вий гэсэн болгоомжлолыг бий болгож байна. Эсвэл Л.Гантөмөр дарга намаа хэрхэн зангидах арга эвээ өнөөг хүртэл олохгүй явна уу?

-Улс төрийн ардчилсан тогтолцооны онцлог нь олонхиороо шийдвэрээ гаргаж явдаг. Гэхдээ байнга 50+1 гэсэн зарчмаар явбал олонхиор түрий барьсан дарангуйлал руу орох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, талуудын эрх ашгийг хангасан, цөөнхөө сонссон, хамгаалж хүндэтгэсэн, аливаа шийдвэрийг зөвшилцлийн замаар гаргах хэрэгтэй. Олонхи нь шийдсэн гээд эсрэг болгоныг хаалганы гадна үлдээж болохгүй. Тийм хүчин чармайлт амаргүй. Өнөөдрийн АН-д үүссэн нөхцөл байдлын хувьд нэг талаас тэдгээр хэсгийн үг хэлэх боломжийг хангаж өгөх нь зөв. Намын дарга ч үүнийг хийх байх. Харин цаг хугацааны хувьд ямар байх вэ? гэдэг нь тухайн хүнээс хамаарах шийдвэр.

АН-ын хувьд дөнгөж саяхан л аймаг, дүүргийн буюу дунд шатны намын дарга нараа сонголоо. Өнөөдрийг хүртэл тодорхойгүй явсан. Одоо нийслэлийн намын дарга генсекийн асуудал бий. Намын зохион байгуулалтад асар том үүрэгтэй албан тушаалууд. Эдгээр томилгоо нь яваагүй байгаа учраас дотоод өрсөлдөөн, бужигнаан нь намжаагүй байна. 

-Бүтэц, зохион байгуулалтын хувьд бүтэн болоогүй байгаа нь намын даргыг хүчгүйдүүлэх шалтгаан гэсэн үг үү?

-Тийм. Нийслэлийн намын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг томилсны дараа АН-ын асуудал илүү цэгцэрч, сөрөг хүчний үүргээ бодитой гүйцэтгээд явах байх.

-Нийслэлийн АН-ын намын хорооны даргын сунгаанд өрсөлдөхөөр болсон гэж сонссон. Намын дотоод зөрчил нь хурцадмал байдалд шилжсэн цаг үед нэг талынх нь даргаар хэсэг хугацаанд ажиллаж, төлөөлж байсны хувьд өглөө сэрээд ийм шийдвэрт хүрээгүй нь тодорхой. Хувь улстөрчийн итгэл үнэмшил байсан байж таарна. Тэр яг юу байв?

-Хоёр зүйл байгаа юм. Нэг нь 2012 оноос хойш дүүрэг, нийслэлийн ИТХ-д ажиллалаа. Сонгууль болгоноор мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн даргаар ажиллаж ирлээ. Тэр бүгдэд өнөөдрийн үүссэн асуудлын шийдлийг санал болгодог ч ялагдал хүлээсэн даруйд хэрэгжүүлэх боломжгүй болдог нь хайран санагддаг. Хэрвээ бид ялсан, асуудлыг гартаа аваад явсан бол түгжрэл байхгүй. Утаа, гэр хорооллын асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдсэн байх байсан гэж боддог. Консепт, арга барил зэрэг бүх юм буруу яваад байгаа учраас нийслэлд ялж, түүнийгээ харуулах юмсан. АН үнэхээр ажиллаж чаддаг юм гэдгийг харуулах хор шар байна. Би өөрөө нийслэлийн иргэн. Аав, ээж маань амьдарч байна. Гэтэл хамгийн хүнд, хортой нөхцөл гэдэг шиг амар тайван биш, аюултай орчинд бид амьдарч байна. 

Хоёрдугаарт, АН-ыг АН шиг болгож харуулах зорилго байна. Тал, тал руу харсан байр суурьтай. Тэдгээр нь ойлгомжгүй, үнэт зүйлээсээ алсарсан, төөрч будилсан байдалтай олон жил явлаа. Албан тушаалын биш итгэл үнэмшлийнхээ төлөө ажилладаг гишүүдтэй нам болж, иргэдийн итгэлийг олж авахын тулд анхан, дунд шатанд хийх ажил их байна. Төв намын дарга биш учраас шууд тийм, ийм реформ хийнэ гэж хэлэхэд хэцүү. Ядаж нийслэлийн түвшинд дүүргүүдийн намын дарга нартайгаа хамтарч ажиллая. Өөрсдийн түвшинд реформ хийе гэж үзсэнээр сунгаанд өрсөлдөхөөр болсон.

Нийслэлийн намын даргын байр суурь, үг үйлдэл нь үргэлж олны анхаарлын төвд байдаг. Хотын иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой учраас. Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг дарга нарт хяналт тавих, шаардлага тавих талаасаа хүчтэй. Ингэхийн тулд дүүргийн АН-ын дарга нартай тулж, сайн уялдаж ажиллах хэрэгтэй.

No description available.

МАН ЁСТОЙ Л "ТҮҮЗЭЭ" ТАВИЛАА

-НИТХ-ын төлөөлөгчийн хувиар асуухад МАН нийслэлд засагласан долоон жилийн хугацаанд хотын мэйрийг дөрвөн удаа томиллоо. Сөрөг хүчний шаардлага гэхээсээ эрх баригч нам өөрсдөө, дотроосоо санал гаргаж нийслэлийн Засаг даргыг өөрчиллөө. Сүүлийнх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар. Энэхүү үйл явцад НИТХ-ын төлөөлөгчийн хувьд ямар байр суурьтай явна вэ?

-МАН нийслэлд маш их сандралтай байна. Нийслэлд МАН-ын нэр хүнд, рейтинг унаж байна. Иргэдийн бухимдуулсан асуудлууд ар араасаа цуварлаа. Засахад маш хэцүү, хяналтгүй боллоо. Нийслэл гэдэг өдрөөс өдөрт хүн ам, машин тэрэг нь өсч байна. Түүнийг цаг алдалгүй шийдэх ёстой байтал өмнөх асуудлууд нь томорч байна. 

Ийм байхад бүхэл бүтэн Хуулийн сайдыг аваачиж тавьсан нь “шилдгүүдээ фронт руу илгээнэ” гэдэг шиг юм боллоо. Ёстой л "ТҮҮЗЭЭ"-ээ тавилаа. Миний харж байгаагаар шүү. Тэрхүү дарга нь үнэхээр сайн дарга уу? мундаг боловсон хүчин, хотыг авч явах хүн мөн үү? гэдэг нь тусдаа асуудал. Гэхдээ л Үндсэн хуулийнхаа үзэл санааг зөрчиж байж томиллоо. Яах вэ, нийслэлд МАН хэт олонхи байгаа, 45-аас 34 нь. Бор халзан хонийг ч олонхиороо батлаад гаргана.

-Тэглээ гээд дуугүй байхын нэр биш?

-Ард түмний төлөөллийн хувьд тэдний дуу хоолойг хүргэх, болохгүй байгаа асуудлыг шүүмжилж, засч сайжруулах ажлаа мэдээж хийх ёстой. Шийдвэр гаргахад МАН-ынхан нэг хүн шиг ярсхийгээд кноп дардаг нь бодит асуудал.

-Гэхдээ нийслэлийн АН-ын үйл ажиллагаа нь гурван төлөөлөгчтэй ХҮН-аасаа ч давахааргүй үзүүлэлттэй явааг л хэлээд байгаа юм. Сөрөг хүчин гэдэг сөрөг хүчин байх ёстой байдал нийслэлийн ИТХ дэх АН-ын бүлэг гурван жил унтаа байдалтай явлаа шүү дээ. Хажууд нь ХҮН-ынхан иргэдийн эрх ашигт хамаарах асуудлыг АН-аасаа илүү бодитой, судалгаатай хөндөж, хүргэдэг боллоо?

-Ардчилсан Намын хагарал, хуваагдал бүх шатанд нөлөөлсөн. Дээрээ албан ёсны даргагүй. Хоёр, гурван талд өөрсдийгөө дарга гэсэн хүмүүс нь улс төр хийж ирснээс үүдэлтэй. Гэхдээ шалтаг тоочоод суух цаг биш. Миний хувьд гэхэд нэг хэсэг төв намын “гал тогоо” руу орсон. Цаг хугацаа ч нэлээд зарцуулж ажилласан. Гол нь бодит байдлаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. АН бол Монголын ардчиллын уналт босолт, түүхэн хөгжлийн тусгал. МАН бол Сибир Алс Дорнод дахь Төвд, Монголыг хариуцсан сектороос зохион байгуулж, импортлогдсон нам. Харин АН бол 1990 оны ардчилсан хувьсгалаар нийт монголчуудын хүсэл, эрмэлзлэлийн дүнд бий болсон нам. Монголын өнөөгийн нийгэм нь ямар байгаа билээ. Энэ нөхцөлд АН-ын түүх өөрөөрөө унаж, босоод л явж байна. Амаргүй цаг үеэ ч тууллаа. Гэхдээ үүнийгээ аль болох богино хугацаанд сэргээж, буцаж тайзан дээр гарч ирэх ажлаа хурдтай хийх шаардлагатай. 

-2016 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаагийн хувьд хот дээрх бугшсан олон асуудал яг хаанаас эхтэй юм. Дунд шатан дахь авлига, албан тушаалын холбоо хамаарал, тогтолцооны гажуудал нь томорч явсаар түрүүчээсээ “Ногоон автобус”-ны хэргээр бэтэг нь хагарч байх шиг. Зөвхөн энэ асуудлын хүрээнд нийслэлийн Засаг дарга, Хот хариуцсан сайд нь хүртэл ажлаа өглөө шүү дээ. Гол нэгийг нөгөөгөөр сольсноор хот тойрсон асуудал өргөс авсан мэт зүгээр болчихгүй...?

-Хот дээрх эрх баригч намын консепт буруу явж байна. Хотынхоо асуудлыг яаж дүгнэх, хаанаа фокуслаж, ямар арга замаар шийдэх шийдэл нь алга. Хэт төвлөрөлтэй, даац нь хэтэрсэн байна аа л гэдэг. Түүнээс үүдээд төвлөрлийг, ачааллыг багасгах механик хязгаарлалт руу орчихдог. Жишээ нь, 2017 онд хөдөө, орон нутгаас Улаанбаатар руу шилжин сууришилтыг хориглосон. Их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэдэг. Үндсээр нь бус аргацаах шийдэл. Бүр сүүлдээ дугаарын хязгаарлалтын тэгш, сондгой руу орлоо. 

Улаанбаатарын автомашины тоо дээд таазандаа тулсан учраас шинээр улсын дугаар олгохгүй гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Ерөөсөө асуудлыг шийдэх арга барил нь хязгаарлах, квот тогтоох, захиргааны аргаар хуульчилж, журамлах чиглэл рүү явах нь. Хуульчилж гэдэг нь нөгөө талаасаа албадлага хэрэгжүүлнэ гэсэн үг. Ийм шийдвэрийн ард дарга нар л хождог. Намын гишүүн болон найз нөхдөдөө л давуу тал, боломж үүсгэдэг. Үндсэн асуудал нь шийдэгдэхгүй. Тиймээс л өөр консепттэй байх ёстой юм.

1.7 хүнтэй хот гэдэг бол томдоо орохгүй. Дэлхийн хэмжээнд 4 саяас дээш хүн амтай 100 хот байна. Манайхаас ч их хүн амтай 300 хот байна. Хамгийн их нь 30-37 сая хүн амтай Шанхай, Токио, Дели гээд байна. Гэтэл бид 1.7 орчим сая хүнээ хэт төвлөрөөд байгаа учраас нэг хэсгийг нь гаргая гэдэг нь хэт арчаагүй буйн шинж. Эсрэгээрээ хот төлөвлөлтийн судалгааг харж байхад 1.5-2 сая хүн нь хамгийн боломжит хувилбар байдаг. Хүн амаа өсгөх бодлогыг олон улсад хотын мэйрүүд нь барьдаг, юун цөөлөх, хязгаарлах. Аль болох өсгөх, эдийн засгаа тэлэхийн төлөө явдаг. 

Одоо тэгээд яах юм? гэж асууж магадгүй. Бүгдээрээ нам түгжрээд, тэг зогсолт хийх үү гэж бодох байх. Гол нь түгжрэлийг шийдэх бүрэн боломжтой. Үндсэн шийдэл нь нийтийн тээвэр. Нэг автобусанд 50 хүн суудаг гэж бодъё. Хэрвээ автобус байхгүй бол 50 өөр машин замын хөдөлгөөнд оролцож түгжрэлд хувь нэмрээ оруулна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид үүнийг л хийчихсэн юм. Бусад орныг хар даа? Иргэд нь ажил, сургуульдаа юугаар явж байна. Метро, автобусаар явж байна. Гэхдээ бүх хот метротой биш. Манайх шиг хотуудын 15-16 хувь нь метротой. Ер нь саяас дээш хүн амтай хотод метротой болох ажлыг судалж, төлөвлөж ажиллах шаардлагатай болдог. Үүнийгээ эхлүүлээд явах нь зөв. 

Гэхдээ 2023, 2024 онд түгжрэлийг одоо байгаа нийтийн тээврээр бүрэн шийдэх боломжтой. Бүрэн шүү. Гэтэл өнөөдрийн нийтийн тээврийн байж байгаа байдал нь үнэндээ дампуу. Асар их мафижсан, зохион байгуулалтын хувьд тэг. Маршрут нь хамгийн оновчгүй. Бүгдээрээ мэднэ дээ, хэдэн шугамын автобусанд зорчигчид нь төлбөрөө төлдөг юм. Статистикаас харахад 50 хувь нь төлж байна. Тэдгээр хэсгийн тал нь албан ёсоор, үлдсэн хэсэг нь албан бусаар төлдөг. Хатуухан хэлэхэд баахан халамжийн, үнэгүй зорчигчидтой. Үндсэн төлбөрөө авах хүчин зүтгэлээ гаргахгүй байна. Аливаа байгууллага үйл ажиллагааныхаа орлогыг бүрэн гүйцэт авч, түүндээ ашгаа бий болгодог. Манай нийтийн тээврийн 19 компани тэгж чаддаггүй. 17 нь хувийнх нь, хоёр нь төрийн өмчит. Тэд яагаад ийм хүчин зүтгэл гаргадаггүй юм?

-Төрөөс нийтийн тээврийн компаниудад олгодог татаас гэж бий?

-Үнэн. Жил болгон өссөөр байгаад одоо 180 тэрбум болсон. Ирэх жил яаж өсөх байгаа юм. Машин цагийн төлбөр. Тэр нь юу гэхээр жишээ нь, Дарь-Эхийн ХХI хорооноос “Мишээл экспо” руу явдаг маршрут байна. Энэ хооронд хуруугаа дардаг шиг цагаа бүртгүүлээд явна гэсэн үг. Хүн суух эсэх нь хамаагүй. Автобус хүлээгээд зогсож байгаа хүмүүс наад зах нь 1-1.30 цаг хүлээнэ. Ингээд нэг юм ирэхдээ 2-3 автобус зэрэг ирдэг. Шалтгаан нь цикл нь алдагдчихсан. Нэгээс нөгөө зүг рүү явахдаа түгжрэлийн улаан голомтоор дайраад гарч байгаа юм. Гэтэл XXI хорооноос “Мишээл” рүү бүх хүн явахгүй. Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөөнөөс цааш өөр маршрутаар явдаг л хүмүүс байгаа. Заавал тийм маршрутаар автобус явуулж, улаан түгжрэл рүү оруулах ямар ч шаардлага байхгүй. Гэх мэтээр энгийн хэрнээ шийдэж болох асуудал олон. Гэтэл тэрийгээ засахгүйгээр механик зохицуулалт хийх гээд гүйж байна. Энэ бол зөвхөн түгжрэл дээрх жишээ шүү.

Өнөөдөр Улаанбаатар 930 орчим автобус явдаг. Хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй автомашин байна. Нэг автобус хэчнээн машинтай тэнцэж байна гэхээр, ачааны болон байгууллагын зориулалттайг нь хасахад 400 орчим. Тийм хэмжээний ачааллыг аваад явж байна. Автобусны тоог 1500 болгоод маршрутын шинэчлэл хийх, цагаараа ирдэг болгох, цэвэрхэн, тохьтой зэргээр менежментийн өөрчлөлт хийх асуудал. Хувийн тэргээр зорчих нь өөрөө түвэгтэй. Хаана, ямар зогсоолд байршуулахаас эхлээд. Дэлхийн томоохон хотуудад хувийн унааг өдөр тутамдаа ашигладаг нь 10-20 хувь хүрдэггүй. Дандаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Манайд эсрэгээрээ өдөр тутмын зорчих хөдөлгөөнийх нь 50, бараг 70-аас дээш хувь нь хувийн унаагаар явдаг. Тийм байхад түгжрэл ихэснэ биз дээ.

Зарим нь хэлдэг, замаа өргөсгөөд, гүүр барихад шийднэ гэдэг. Тэр бол бүтэхгүй. Худлаа гэдгийг нь шинэ гүүрээр харлаа. Шинэ гүүр бариад түгжрэлийг 40 хувиар бууруулна гэсэн, улам л ихэссэн. Бангкок гэхэд түгжрэлийг бууруулах зорилгоор олон гүүр барьсан. Эсрэгээрээ улам ихэссэн. Мэдээж дэд бүтцйн бүтээн байгуулалт байх ёстой. Тэр нь түгжрэлийг шийдэх шийдэл биш. Үндсэн шийдэл нь нийтийн тээвэр. Төв шуудангийн гарц дээр хүйтэнд 15-20 минут гэрлэн дохио хүлээж зогсох нь өөрөө залхаан цээрлүүлэлт. Автобус хүлээж байна, бүтэн цаг. Ороод суулаа, битүү шахцалдаан. Тийм байхад автобусанд суух уу?, явган явах уу? үгүй. Автомашин хурдан явуулахад чиглэсэн бодлого гаргаснаар түгжрэл буурахгүй. Санаж байгаа бол С.Амарсайхан хотын дарга байхдаа маш олон явган хүний гарцыг арилгасан. Автомашиныг хурдан явуулах санаа нь. Хүмүүс гарах хэсэг хашаа барьчихсан. Зам хөндлөн гарахын тулд бүтэн тойрно. Энэ бүхэн чинь хувийн машин гэсэн сонголт руу л түлхэнэ. Хаашдаа л хурдан яваа машин аль нэг гарц дээр очоод зогсоно. Гэрлэн дохио хүлээнэ. Тэрнийх нь цаана дахиад л байгаа. Автомашиныг хурдан явуулах гээд явган зорчигчдыг залхаан цээрлүүлж болохгүй. Эцсийн дүндээ явган зорчигчид ээлтэй хот болж байж түгжрэлээс сална. Алхах үедээ алхана. Автобусанд суух үедээ суугаад явна.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 400 автобус оруулж ирсэн нь үр дүнгээ өгөх биш түрүүчээсээ хуулийн байгууллагын хаалга татсанаар зогсонги байдалд орлоо. Харин хотын шинэ даргын зүгээс эхний ээлжид 1300-1500 автобус оруулж ирэх тухайгаа саяхан хэлсэн?

-Энэ сарын 24-нд нээлттэй тендерээ зарлана гэсэн. Тэр дагуу автобус оруулж ирэх замаар Цагаан сараас өмнө бүрэн шийднэ гэсэн юм ярьж байгаа. Автобус оруулж ирэх нь зөв. Давхар маршрут, жолооч нарын, соёлын, үйлчилгээний асуудлаа шийдэхгүй бол оновчтой шийдэл болохгүй. Өмнө нь сарампай байсан бол түүнээсээ арай гоё автобусанд түгжирдгээрээ түгжирнэ. Түүнийг дагасан уур бухимдал нь байсаар байна. Нийтийн тээврээр түгжрэлийг бүрэн шийдэх боломжтой байтал хотод явдаг 1000 орчим автобус нь өөрөө түгжирч 200-гийнхаа хэмжээнд л үр ашгаа гаргаж байна. 4-5 автобус нийлээд арай чүү нэгийнхээ хэмжээнд хүрэхгүй ажилладаг гэсэн үг. Тэгэхээр автобусны тоо нь ч бас чухал биш байгаа биз. Ерөөсөө л чөтгөрийн тойрог руу орчихоод байгаа юм. Үүнээсээ гарах ёстой. 1000 автобус нь 1000 автобусныхаа үүргийг гүйцэтгэх ёстой. Менежментээ зөв хийж чадвал түгжрэлийг асар богино хугацаанд шийдэж чадна. Бид шийдэл хайх нэрийн дор дэндүү их цаг хугацааг зарж байна шүү дээ. Өнөөдөр яаж байна, хотхоноосоо ч гарч чадахгүй түгжрээд эхэлж байгаа. 

ХАУС ХОРООЛОЛ БОЛ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн тухайд?

-Утааны асуудал гэр хорооллоос үүдэлтэй. Шахмал түлшээр шийдэж байгаа нь цаг хожих гэсэн өнөөдрийн нөхцөл байдалд тааруулсан шийдэл. Зам, худаг ус, хог, зэрлэг нохой, муур, гэмт хэрэг зэргээр гэр хороололд асуудал их. Эдийн засгийг тэлэх, тэндэхийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж байж асуудлыг үндсээр нь шийднэ. Түүнээс зам барьснаар, элдэв хөрөнгө оруулалтаар шийдэхгүй. Асуудал нь байсаар байна. Тэгэхээр орон сууцны хөтөлбөр, шинээр суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Ингэхдээ иргэдийг яаж ажилтай, орлоготой байлгах вэ? гэсэн асуудал гарна. Айл өрхүүд нь ажилтай, орлоготой байж эдийн засгаа тэлнэ. Дулааны зардал нь гэхэд орон сууцны айл өрхөөс гурваас дөрөв дахин их зарлагатай. Гэр хороололд сайхан тохижуулсан орон сууцтай айл бий. Гэхдээ маш цөөхөн хэсэг нь. Хүмүүс ярьдаг. 

Гэр хорооллыг хаус хороолол маягаар хөгжүүлээд явъя гэж. Тэр бол тансаг хэрэглээ. Инженерийн үнэтэй дэд бүтцийг ганцхан айлд зориулж тавих хувилбар юм. Орон сууц гэхэд нэг шугамаар зуун айлын асуудлыг шийднэ. Тэгэхээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлээд хаус хороолол болгоно гэдэг фантаз зүйл. Харин дэд төвүүдийг тойруулаад орон сууцны хороолол босговол эдийн засгийн үр ашигтай. МАН 2016 онд "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөр дэвшүүлсэн. Хэрэгжилтийг нь харвал инээдтэй. 2020 онд яалаа, мөн л адилхан. Тэр нь өнөөдөр худал хуурмагийн жагсаалт болчихоод сууж байна. 

-Гэр хорооллыг хаус хороолол болгох нь фантаз гэж байна. Гэхдээ яг ийм шийдлээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлнэ гэсэн агуулгыг хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед гаргасан санагдаж байна?

-Төвийн дулаан цэвэр, бохирын шугамаас алслагдсан газар руу шугам татах нь зардал өндөр. Тиймээс дэд төв болж байж болох шийдэл. Гол нь дэд төвд түшиглэж олон айлын орон сууцуудыг барих тухай хэлээд байгаа юм л даа. Э.Бат-Үүл даргын үеийн санаа нь айл, өрхүүд хоорондоо зөвшилцөх замаар дахин төлөвлөлтийг явуулах байсан. Алдаа нь чөлөөлсөн газарт нь байшин барихаар төлөвлөсөн нь цаг хугацаа алдсан. Менежмент муутай барилгын компаниуд нь дампуурах асуудал гарсан. Гэхдээ менежмент сайтай нь хэдийнэ бариад оруулчихсан. Тэгэхээр иргэдийг шууд орон сууц руу оруулах байдлаар явбал оновчтой.

-НИТХ нь Засаг даргын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хяналт тавих боломж нь нээлттэй байдаг уу?

-Төсвөөс гадна үйл ажиллагааны тайлан мэдээлэл авах бололцоо нь бий. 

-НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь нийслэлийн өмчит газрын даргаар буюу “давхар дээл”-тэй ажилладаг харилцан хяналт тавих механизмыг сулруулах гол шалтгаан болдог уу гэдгийг л асуух гээд байгаа юм?

-МАН-ын төлөөлөгчид “давхар дээл” буюу агентлагийн дарга хийдэг тохиолдол олон. Түүнээсээ болж Засаг даргадаа шаардлага тавьдаггүй дутагдалтай тал байна. Нөгөө талдаа төлөөлөгч агентлаг удирдсанаар ажил нь илүү урагшлах давуу талтай. Гэхдээ зарчмын хувьд НИТХ-ын төлөөлөгч давхар ажил эрхлэхийг буруу гэж боддог. Холбогдох ажлаа хийгээд Засаг даргынхаа багт шаардлагаа тавиад явах ёстой. Тэгэхгүйгээр НИТХ-ын хуралдааны үеэр кноп дардаг болчихоод байгаа юм.

Өөр асуудал бий нь 2016 оноос хойш нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ асар их буурсан. МАН ч үүнийг сайн хийж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хууль гарсантай холбоотой. Нийслэл дотроо журмаа баталж, зохицуулалт хийдэг. Гэтэл захиргааны хэм хэмжээг өөрсдөө тогтоох нь Захиргааны ерөнхий хуулиар өөрчлөгдсөн. Бүхэл бүтэн хууль батлах хэмжээнд хүргэсэн. Хороонд шийдэх асуудлыг дүүрэг нь. Дүүрэгт шийдэх асуудлыг нийслэл нь шийддэг боллоо. Сүүлдээ нийслэлийн асуудлыг Засгийн газар нь шийдэж байна. Энэ бүгдийн үр дүн нь жишээ нь, “Ногоон автобус”-ны асуудал боллоо. Нийслэлийн Засаг дарга өдөрт олон зуун шийдвэрт гарын үсэг зурж байгаа. Санаатай, санамсаргүйгээр алдаа гаргана. Тэгэхээр нэг хүнд хэт төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой. Өөр өөрийн шатанд тохирсон ажилдаа хяналтаа тавьж, шийдээд явах ёстой.

Сумын төвийн дээврийн будагны мөнгийг Засгийн газар нь шийдэж байна гэх онигооны нэг хувилбар нь хот дээр яваад байна. Төсөвт суулгасан 320 тэрбум төгрөгөөр “Ногоон автобус” авлаа. Засгийн газар оролцох ямар шаардлага байгаа юм. Сая Түгжрэлийн шинэ сайд нь 56 тэрбумыг тавиулсан байна лээ. Тэрийг асуусан. Сүүлдээ хоёр “С” шиг асуудал болох вий. 

-Ярилцсанд баярлалаа.

С.Гандөл UZEG.INFO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 1 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 1 цаг 14 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 1 цаг 21 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 1 цаг 38 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 2 цаг 30 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 3 цаг 55 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 4 цаг 2 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 5 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 6 цаг 18 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 6 цаг 26 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 6 цаг 54 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... ЭМГЭНЭЛ Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
Top