x

Н.Энхбаяр: Инфляц буурлаа гэвэл бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд удааширч байна гэж ойлгох нь зүйтэй

Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон инфляцын талаар эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хагас жилийн байдлаар Монголын эдийн засаг 6.4% өссөн тухай ҮСХ-ноос мэдээлсэн. Эдийн засгийн өсөлтөд гол нөлөөлсөн зүйл болон урт, богино хугацаандаа анхаарах хэрэгтэй зүйлсийн талаар та өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?

-Монгол улсын эдийн засаг түүхий эд дээр тулгуурладаг онцлогтой. 1980 оноос хойш гэж тооцвол 44 орчим жил зэсийн баяжмал экспортолж байна. 2003 оноос хойш 20 жил нүүрсээ экспортолсон. Сүүлийн жилүүдэд зэс болон нүүрсний экспортын хэмжээ өндөр хувийг эзэлж байгаа. 2023 эхний долоон сарын статистик мэдээллээс харвал экспортын орлогын 57 хувийг нүүрсний экспортоос бүрдүүлжээ. Зэсийн баяжмалаа нэмбэл 75 орчим хувь болно. Энэ бол манай эдийн засгийн онцлогийг тайлбарлаж буй үндсэн тоо мэдээлэл.

ОУВС манай улсад юу гэж зөвлөж байна вэ гэхээр түүхий эдэд тулгуурласан эдийн засаг тогтвортой бус, байнга савлагаатай байдаг юм шүү гэдгийг байнга анхааруулсаар ирсэн.

Түүхий эдээс хамаарал өндөртэй улс орны макро эдийн засгийг удирдахад амаргүй гэсэн үг. Энэ онцлогоос өнөөгийн үзүүлэлтүүд бүгд хамаарах нь тэр. Эхний хагас жилийн тоон үзүүлэлтийг харахад эдийн засаг 6.4 хувиар өссөн нь эерэг үзүүлэлт боловч дотор нь аваад үзэхээр тухайн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь нүүрсний экспорт болон 37 сая тонн нүүрсийг тээвэрлэсэн тээврийн зардал багтана.

Эдийн засгаа төрөлжүүлэх салбар гэгддэг аж үйлдвэрийн салбар бараг л өсөлт алга. Нэг талаас экспорт өсөөд, төсвийн орлого нэмэгдээд, уул уурхайн салбарт орлого нэмэгдэж байгаа сайн талтай хэдий ч нөгөө талаас болгоомжлох ёстой зүйл нь бид улам л түүхий эдийн экспорт болон орлогоос улам бүр өндөр хамааралтай болж байгаа явдал юм.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагаас түүхий эдийн хамааралтай болсон улс орнуудын судалгааг жил бүр гаргаж байгаа. 2021 оны тоон мэдээлэлд тулгуурлаж гаргасан өнгөрсөн жилийн тайлангаас харвал Монгол улс түүхий эдийн хамааралтай байдлаараа нэг, хоёрт явж байна.

Яагаад гэвэл экспортод уул уурхайн түүхий эдийн эзлэх жин 92%, дээр нь хөдөө аж ахуйн түүхий эдийг нэмбэл 97% болох юм. Цаана үлдэж буй 3% нь хүнсний бүтээгдэхүүн, катодын зэс гэх мэт. Ийм л хамааралтай болсон байна. Магадгүй энэ оны эхний долоон сараар тооцвол бүр өндөр хамааралтай гарч ирэх байх.

-Тэгвэл бидний цаашид болгоомжлох, анхаарах ёстой зүйл юу вэ?

-Уул уурхайн бусад салбарын экспортыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь манай улсын урт болон дунд хугацаан хамгийн том зорилт. Үүнд л онцгой анхаарах, энэ бодлогыг мартаж орхигдуулалгүй хэрэгжүүлж байх хэрэгтэй.

Салбарын хэмжээнд томоохон өөрчлөлт гарахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдана. Сонгуулийн дараа Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулах явцад манай холбогдох яамд тооцоо хийж байгаа. Ирэх дөрвөн жил энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ гээд. Тэр тоо бол асар өндөр гарч байгаа. Ялангуяа боловсруулах аж, үйлдвэр өөрөө хөрөнгө оруулалт, өндөр технологи гарна. Тухайлбал Энэтхэгийн Засгийн газрын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэр байна. Технологи нь Монголд байхгүй болохоор орц материал, тоног төхөөрөмжийг бүгдийг нь гадаад орноос худалдан авах, тээвэрлэх гэх мэтээр тус төслийг хэрэгжүүлэхэд харьцангуй урт хугацаа зарцуулж байх жишээтэй.

Тиймээс одоо бидний богино хугацаанд хийж чадах зүйл нь дэд бүтцийг хөгжүүлэх явдал гэж хэлмээр байна. Говийн бүсэд сүүлийн жилүүдэд 800 гаруй км төмөр зам бариад нэгийг нь сая ашиглалтад хүлээж авлаа. Энэ дэд бүтцүүдээ хугацаанд нь дуусгаад, бараа бүтээгдэхүүн тээвэрлэж үр ашгийг  нь үзэх ёстой. Эхний ээлжид бид түүхий эд болох жонш, төмрийн хүдрээ тээвэрлэнэ. Гэхдээ нөгөө талаар Гашуун сухайт, Шивээхүрэнгийн боомтууд нь Замын-Үүд боомтыг орлохуйц хүчин чадалтай, чухал боомтууд болж хөгжүүлэх шаардлагатай. Ийнхүү бидний ойрын хугацаанд хийж чадах чухал зүйл бол дэд бүтцийн өөрчлөлт.

Дээр нь эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн асуудал онцгой чухал ач холбогдолтой.

-Өнгөрсөн долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.2 хувьтай гарсан нь олон сарын дараа нэг оронтой тоо руу орсон эерэг үзүүлэлт байлаа. Инфляц бууж байгаа нь сайн тэгвэл дагаад шууд юмны үнэ буух ёстой байтал буухгүй байна гэх асуулт гардаг. Үүнийг тайлбарлахгүй юу?  

-Улс орнуудын эдийн засгийн үндсэн үзүүлэлт дунд хэрэглээний үнийн индекс ордог. Хэрэглээний үнийн индекс нь лангуун дээр байгаа бүхий барааны үнэ биш. Статистик аргачлал нь сар бүр тооцдог учраас лангуун дээрх бүх барааны үнийг тооцох боломжгүй. Тэгэхээр хэрэглээний сагсанд улсын хэмжээнд өрхүүдийн түлхүү хэрэглэдэг, хамгийн их мөнгөө зарцуулдаг нийтэд хамаатай барааг сонгож оруулдаг. Одоогийн байдлаар ҮСХ-ноос баталсан аргачлал, журмын дагуу өрхийн түгээмэл худалдан авдаг 410 нэрийн барааг инфляцыг тооцох сагсанд хамруулан үнийн өөрчлөлтийг судалж, тооцож байна.

Хоёрдугаарт газрын нутгийн ялгаатай байдлаар буюу аймаг, хотуудаар нь тус бүрчлэн тооцож судалдаг.

Инфляц нь аль ч улс орны мөнгөний үзүүлэлт, эдийн засгийг тооцох тулгуур үзүүлэлт бөгөөд цалин, тэтгэвэр тэтгэмжээ өсгөх эсэхийг шийддэг. Инфляцад бид хэмжээ тогтоодог ч чухамдаа юу нөлөөлж байгааг нь анзаарах хэрэгтэй. Бид инфляцыг харахдаа статистикийн мэдээн дээр гарч байгаа өрхийн орлого, зарлагын үзүүлэлтийг бас харах хэрэгтэй. Иргэдийн гар дээрх худалдан авах чадвар нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь өсөж, эрэлтийг бий болгоно гэсэн үг.

Инфляцад чиглэсэн Төв банкнаас баримтлах бодлого нь энэ хоёрыг зохистой тэнцвэрт байлгана гэсэн үг. Төв банк мөнгөний бодлого буюу худалдан авалт талаас нь анхаардаг бол Засгийн газар бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдалгүй, хангалттай хэмжээнд байхад голлон анхаарах, хэрэгжүүлэх үүрэгтэй.

Манай улсын, үүний дотор нийслэлийн инфляцад нөлөөлж буй гол зүйлс нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт байдаг. Тэгэхээр мах, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарах хэрэгтэй. Цаашид хүнсний бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг яаж тасалдахгүй болгох вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Ингэвэл инфляцаа нэг оронтой тоонд байлгаж, Төв банк бодлогынхоо хүүг буулгаж, урт хугацаандаа эдийн засгийн эерэг үр дагавар гарна гэсэн үг юм.

Мөн дээрээс нь иргэд инфляц буурлаа гэвэл бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд удааширч байна гэж ойлгох нь зүйтэй.

Саяхан Монгол банкны ерөнхийлөгч Bloomberg телевиз өгсөн ярилцлагадаа “Инфляц нэг оронтой тоонд орж байна гэдэг нь сайн хэрэг. Гэхдээ цаашид энэ байдал хэвээр байх нөхцөл Төв банк бодлогынхоо хүүг бууруулах нөхцөл бүрдэнэ” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Тэгэхээр Засгийн газар цаашид нэг орон тоо руу орсон инфляцыг хоёр оронтой тоо руу өсгөхгүйн тулд дараа дараагийн арга хэмжээг авах хэрэгтэй болж байна.

-Манай улс түүхий эдээ гаргадаг гол зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг зарим хүндрэлтэй асуудалтай тулгарч байгааг олон улсын байгууллагууд, эдийн засагчид хэлж байгаа шүү дээ. Үүний нөлөөлөл нь манай улсын эдийн засагт хэр тусах бол?

-Манай улсын хувьд эхний долоон сарын тоон үзүүлэлтийг харахад экспортын 92 хувь нь Хятадын зах зээлээс хамааралтай. Өөрөөр хэлбэл манай гаргаж байгаа бүтээгдэхүүн дандаа овор жин ихтэй түүхий эд учраас алс холын зайд тээвэрлэх нь дэд бүтэц, ложистикийн хувьд боломжгүй байна. Энэ түүхий эдийн мөнгө бүгд урд хөршөөс орж ирж байна. Урд хөршийн эдийн засаг ямар байхаас манай эдийн засаг хамааралтай.

ОУВС-гийн шинжээчид улс орон бүрд ажилладаг учраас хамгийн сайн мэдээллийн сан бий болж байгаа. ОУВС жилд дөрвөн удаа улс орнуудын эдийн засгийн тоймыг шинэчлэн гаргадаг. Сая долдугаар сард шинэчилсэн тайлан гарсны дараа БНХАУ-ын эдийн засагт санаа зовохуйц зүйлс гарч ирж байгаа ба тулгамдаж буй асуудлуудыг тайлбарлаж эхэлсэн.

Иймд БНХАУ-ын Төрийн зөвлөл наймдугаар сард хуралдаж эдийн засгаа хэрэгжүүлэх олон арга хэмжээг авч байгаа ч үр дүн гартал хугацаа хэрэгтэй. Одоо санаа зовоож буй нэг зүйл нь үл хөдлөх хөрөнгийн доргилт байх жишээтэй. Энэ байдлаар дэлхийн номер хоёр эдийн засаг санаа зовууштай хэд хэдэн асуудалтай тулгарч байна.

Тэгэхээр тус улстай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай орны хувьд бид ч бас үүсч буй нөхцөл байдлын талаар сайтар бодох, анхаарах хэрэгтэй байна.

-Түүхий эд гэж ярьсных асуумаар байна. Сүүлийн үед улсууд манай руу газрын ховор элемент сонирхож холбогдох болсон шүү дээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Одоо бидний гаргаж байгаа арав гаруй төрлийн уул уурхайн түүхий эд бий. Экспортын 75 хувийг нүүрс, зэсийн баяжмал бүрдүүлж байгааг түрүүн хэлсэн. Манай улсын эхний удаадаа хэрэгжүүлэх бололцоотой зүйл гэвэл манай улсад газрын ховор элемент болон ураны нөөц хангалттай байгааг геологи хайгуулын ажлын үр дүнд судлан тогтоосон. Газрын ховор элементийн тав зургаан ордыг урьдчилсан байдлаар тогтоосон.

Мөн Францын төрийн өмчит “Орано” компани таван жилийн туршилтын үйл ажиллагаа өнгөрсөн хавар амжилттай дууссан. Ирэх аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлалын хүрээнд тус төслийг цаашид бодит үйлдвэр болгон хөгжүүлэх дараагийн шатны асуудлыг ярилцахаар төлөвлөж байна.

Ураны олборлолт их хэмжээний хөрөнгө мөнгө, хөрс хуулалт шаардахгүй, ураны хүдрийг уусгах аргаар газрын гүнээс олборлон авдаг юм байна. Баяжуулах үйлдвэрийг барихад 2-2.5 жилийн хугацаа л шаардагдана.  Хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр ураны эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул Монгол улсын хувьд экспортыг төрөлжүүлэх нэг том боломж гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 9 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 10 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 11 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 12 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 14 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 25 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 34 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 48 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 14 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 14 цаг 40 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 14 цаг 42 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 14 цаг 43 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 14 цаг 45 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 14 цаг 47 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 17 цаг 34 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 17 цаг 39 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 17 цаг 40 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top