x

Б.Болорсайхан: Ардчилал бол үзэгчтэй спорт биш. Хүн нэг бүрийн оролцоо шаарддаг зүйл

"Ардчилал бол үзэгчтэй спорт биш, хүн бүрийн оролцоо шаарддаг зүйл. Хэрэв бид үүнд оролцохоо боливол ардчилал оршихоо болино"

Улс төрийн үзэл баримтлал гэж юу болох, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ? Энэ талаар манай редакцийн зүгээс цувралаар ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Эрх зүйч Б.Болорсайханыг урилаа.

-Хүний эрх хамгаалдаг хүн яагаад МАН-д, тэр тусмаа одоогийн Засгийн газарт ажиллах болсон бэ?

-Би хүний эрхийн чиглэлээр ажилласан хугацаандаа гол төлөв нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн чиглэлээр ажилласан байна. Тодруулбал, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ЛГБТИК+, хэлний, угсаатны цөөнх, эсвэл сурч боловсрох эрх, хүний эрхийн боловсрол, нийгмийн шударга ёс, олон нийт чадавхжих, эрх мэдэлтэй болох явц гэх мэт. Эдгээр эрхийг бодитой хэрэгжүүлэхэд хамгийн чухал шийдвэр гаргадаг этгээд бол зүүний чиглэлийн улс төрийн нам байдаг. Би өөрөө ч бас социал демократ үзэл баримтлалыг илүү дэмждэг.

Яагаад МАН-д ажилласан тухайд бол, 2021 оны зургадугаар сард МАН-ын тинк танк-Стратеги академийн захирал Х.Сайхансанаа надад “Хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”-нд оролцох санал тавьсан. Дараа нь Ү.Амарбат хуульчийн зөвлөснөөр хуульчид, эрх зүйчид, судлаачдын нэгдсэн багт орж, Монгол Улсын хууль тогтоомж ямар байна вэ гэдгийг хүний эрхийн зарчмын үүднээс мэргэшил, чиглэлээрээ хөндлөнгийн хараат бус дүн шинжилгээ хийсэн. Ингэж ажиллах зууртаа судлаач О.Мөнхсайхан, Б.Очирбал нарын “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: Тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт тойм судалгаанд хамтарч ажилласан. Миний санаж байгаагаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улсын хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлсэн, 2001 оноос хойш улс төрийн нам цогц байдлаар өөрсдөө зорьж, бодлогоо сайжруулахаар ингэж ажилласан анхны тохиолдол гэж бодож байна.

Хүний эрхийн чиглэлээр явуулсан эдгээр судалгаа тухайн намын улс төрийн хүсэл зориг, хичээл зүтгэлийг харуулж байна гэж хувьдаа үзсэн. Үүний мөрөөр 2021 оны арванхоёрдугаар сард МАН Их хурлаа хуралдуулж, үзэл баримтлалаа өөрчилсөн нь, социал демократ үзэл баритлалыг сонгосныг нь би хувь хүнийхээ зүгээс “Иргэнийхээ нийгэм, эдийн засгийн эрхийг эдлүүлэхэд шууд зорих нь” гэж харсан учраас орж ажилласан.

-Тэгээд 2021 онд хийгдсэн дээрх судалгаануудын үр дүн ямар гарсан бэ? Монголчууд хүний эрхийн талаар ямар ойлголт, туршлагатай байна вэ? Бүр тодорхой хэлбэл, эрхээ мэдэж байна уу? Нөгөө талаас  хууль тогтоомж талаасаа хүний эрхийг хэр хангасан гэж дүгнэв?

-Судалгааны дүгнэлтээс товч дурдвал, ойлголт талаасаа, судалгаанд оролцсон иргэдийн дунд нийтлэгээр мэдлэгийн түвшингээс үл хамааран “хүн бүр тэгш эрхтэй” гэсэн ойлголт хоёр хүн тутмын нэгд байгаа ч ерөнхий төлөв байдлаар хүний эрхийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна.

Хандлагын хувьд, хүний эрхийн ойлголт, мэдлэг ямар түвшинд байхаас үл хамааран өөрт тулсан тохиолдолд хүний эрхийг ямар нэг хэлбэрээр зөрчих хандлага арван хүн тутмын нэгд байна. Бодит хэрэгжилтийн тухайд, төрийн албан хаагчид нь хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих, хамгаалах, хангах үүргээ тэр бүр биелүүлж чадахгүй байгаа тул илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж гарсан. Жишээлбэл, Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр муу ажиллаж байна гэж судалгаанд оролцогчдын 50 орчим хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь хариулсан. Ингэж дүгнэхдээ, Засгийн газар хүний эрхийн чиглэлээр бодлогын зөв шийдвэр гаргадаг ч гүйцэх шатанд алдагддаг. Хамгийн их дурдагдсан жишээ нь КОВИД-19-ийн үед хүний эрх зөрчигдсөн асуудлууд (КОВИД-19-өөр өвчилсөн хүн эмнэлгийн байгууллагын гадаа тусламж авч чадалгүй нас барсан, дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд шаахай, халаадтай нь зөөвөрлөсөн, хөл хорионы үеэр хувийн авто машиныг явуулахгүй, автобусаар олон хүнийг зорчуулсан г м) байсан. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын нэрийг сонсож байснаас үйл ажиллагааны чиглэл, үүргийн талаар иргэд төдийлөн мэдэхгүй байлаа.

О.Мөнхсайхан, Б.Очирбал нарын тойм судалгаанд манай улсын хүний эрхийн тулгамдсан асуудлын хүрээнд юу яригдсан бэ гэхээр ахиц дэвшил байна. Иргэний болон улс төрийн эрхийн талаар ч, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаар ч. Гэхдээ яг нөөцөө хаашаа хуваарилж байсан бэ, илүү ихээр аль эрхийг эдлүүлэхэд анхаарах ёстой вэ? гэж харвал тэгш бус байдлыг арилгах, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх, авлига, ялгаварлан гадуурхалтыг даруй таслан зогсоох шаардлагатай. Соёлын эрхийн талаас тоймтой хийсэн зүйл бага. Үүгээрээ нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн чиглэлээр хийх зүйл их байна гэсэн тойм дүр зураг гарсан байдаг. Ялангуяа Монгол Улс соёлын эрхийн чиглэлээр дорвитой алхам хийж ажиллаагүй үед олон асуудал үүснэ.

Хууль тогтоомжийн талаас хөдөлмөрлөх, ажиллах, аж ахуй эрхлэх, суралцах, эрүүл мэндээ хамгаалуулах, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүн, малчид, залуучууд, охид эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хүчирхийлэлд өртсөн хүмүүс гээд нийгмийн олон бүлгийг анхаарах, тэдгээрийн амьдралыг илүү сайн сайхан болгох төрийн хамгааллын механизм нь сайн ажилладаг байх ёстой.

Тэгэхээр эндээс харахад улсын төсөв тэлээд, нэмэгдээд байдаг хэрнээ нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн чиглэлээр хүний эрхийг хангахад зориулж байгаа нөөц, хуваарилж байгаа арга замыг оновчтой болгох шаардлага байна. Жишээлбэл, боловсрол тэргүүлэх чиглэл хэдий ч боловсрол руу хангалттай хөрөнгө оруулдаггүй юм байна, эрүүл мэнд чухал гэж үзэж байгаа ч эрүүл мэндийн тогтолцоо нь хяналт, үнэлгээ оновчтой, үйлчилгээ үр өгөөжтэй байж чадаж байна уу? гэдгээ харж сайжруулах, угтаа хүн бүрийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг тэр бүр хийж чадахгүй байна.

-Таны ярианаас манай улс хүний эрхийн бөөн асуудал, саад, бэрхшээлд “живчихжээ”. Бид одоо яана аа? Ардчилал маань ”амьсгал дутаад” уначихвал яах вэ?

-Зүйрлэвэл хорт хавдартайгаа мэдэхгүй шархны наалт наагаад, амин дэм уугаад явсан гэж хэлье. Яагаад гэвэл төсөв олон арав дахин тэлсэн ч иргэд ядуурлаас гарсангүй. Ядуурал бол хүний эрхийн зөрчил, төрийн бодлогын алдааны илрэл байдаг. Үүнтэй адил бидний “хорт хавдар” бол авлига гэдгээ хүлээн зөвшөөрч, тэмцэхгүй бол улам л хэцүүднэ. Энэ чигээрээ унаад өгөхгүйн төлөө өөрсдөө зүтгэх, тэмцэх хүн нэг бүрийн оролцоо чухал. Энэ зүгээр нэг лоозон биш шүү. Стратеги академид ажиллаж байхдаа би аль улс төрийн хүчин, нам байхаас үл хамааран Монгол Улсын Үндсэн хуульд заасан үнэт зүйл, зарчмын хувиар хүний эрхийн талаар мэддэг, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахаар зоригтой дуугардаг байх ёстой гэж боддог учраас хүний эрхийн сургалт зохион байгуулахад идэвхийлэн оролцдог байсан. Мөн хүн амын 51 хувь нь эмэгтэй, 49 хувь нь эрэгтэй гэж ярьж байгаа бол яг бодлого боловсруулах шийдвэр гаргахад төлөөллийг хангах, жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувь болтол хичээн зүтгэх санаачилгыг хувьдаа дэмждэг.

Улсаа “сэхээнд”, бүр муудаад “авсанд” оруулчихгүйн тулд бид өөрсдийн чаддаг зүйлээ хүн шиг сайн, хариуцлагатай хиймээр санагддаг. Төрийн алба хаагч бүр хүний эрх, жендэр, соёл, хүлээцтэй хандах талаар үлгэрлэдэг, ажилладаг байх ёстой. Улс орон төдийгүй бизнесийн салбарт хүртэл хүний эрхийг хүндэтгэхгүй, биелүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид дэмжихээс татгалздаг, бүр санхүүжилтээ царцаадаг, татдаг жишиг тогтож байна. Та төр, хувийн хэвшил, иргэний нийгэмд байхаас үл шалтгаалан үнэт зүйлс, зарчмаа эрхэмлэн нандигнаж, түүнийг бодитой болгохын төлөө бүгдээрээ хариуцлагатай байхгүй бол нийтээрээ унана гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Би Майкл Мүүр гэдэг уран бүтээлчийн үг хэлсэн үгийг энд хэлмээр байна.

“Ардчилал бол үзэгчтэй спорт биш, хүн бүр оролцдог арга хэмжээ. Хэрэв бид үүнд оролцохоо  боливол энэ оршихоо болино”

-Та өөрөө социал демократ үзэл баримтлалтай учраас МАН-д орсон гэлээ. Тэгвэл энэ нам үзэл баримтлалдаа хэр үнэнч нам бэ?

-Үзэл баримтлалын тухайд намын хөтөлбөрөөс шууд харж болно. Харин эрх барьж байгаа намын төрийн бодлого дээр тэр нь яаж илрэлээ олж байна вэ, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад яаж бууж байна вэ? гэдгийг хэрсүү сонгогч, дэмжигч гишүүд нь харвал зохино. Социал демократууд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг, тэр дотроо хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг чухалчлан үздэг. Өнөөдөр боловсролын багц хууль, нийгмийн даатгалын багц хууль, мөн нийгмийн эрүүл мэндийн талаарх хуулийн төслийг яамд хариуцан боловсруулж байна. Үүндээ үзэл баримтлалаа шингээж, улс орноо алс хэтдээ хэрхэн хөгжүүлэхэд анхаарч чадсан эсэхээр ард түмэн оноогоо тавина.

-Арай тодорхой хариулт явъя. Энэ төр ажлаа хийж чадаж байна гэж үү?

-Төр гэж бодитой, биежсэн зүйл байхгүй. Тэр нь төрийн алба хаагчдын ажлын үр дүнгээр л үнэлэгдэнэ. Ямарваа нэгэн хүний эрхийн асуудлаар жагсаал цуглаан хийх, тайван замаар хуран цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх, хадгалах, хэвлэл мэдээлэлд чөлөөтэй хандах гэдэг талаас нь харвал учир дутагдалтай зүйлс байна. Жишээлбэл, гуравдугаар сарын 8-нд “Хөөрхөн зүрхнүүдийн аян” гэх ТББ охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр “Тэрбумаараа тэмцье” гээд санаачилга өрнүүлэхэд Сүхбаатарын талбайд хүмүүс цуглуулж болж байна. Гэтэл гуравдугаар сарын 18-ны өдөр “Лантуун дохио” ТББ-ын зүгээс хүүхдийн хүчирхийлэл буюу хүүхэд хэрхэн хүчирхийлэлд өртөж байна вэ? гэдгийг харуулсан урлагийн инсталляцийг нийслэлээс зөвшөөрөөгүй. Угтаа аливаа жагсаал цуглааныг хийхдээ “Биднийг хамгаалаарай” гэж Засаг даргад мэдүүлж байгаа болохоос биш “жагсаж болох уу?” гэдэг зөвшөөрөл авдаггүй. Гэтэл манайд зөвшөөрөл өгдөг туршлагатай болчихсон. Хэн бий болгосныг мэдэхгүй ч төрийн алба хаагчдын хүний эрхийн асуудалд ханддаг, туршлага ийм. Энэ тэгээд шударга уу, зүй ёсны зүйл үү гэвэл үгүй. Иргэний хувьд ч шударга биш, хүний эрхийн талаасаа ч буруу тогтсон жишиг, практик. Тодорхой хэлбэл, буруу тогтсон төрийн албаны туршлага гэсэн үг.

-Тэр байтугай эрхээ хамгаалсан иргэнийг баривчлаад хорьчихож байгаа биз дээ? Тэгэхээр чинь хүний эрхийн талаарх төрийн бодлого, шийдвэр гэдэг нь нүглийн нүдийг гурилаар хуурсан л хэрэг юм биш үү?

-Хэн нь хүний эрхийн хамгаалагч вэ гэдгийг өмнө нь мэдэхэд хэцүү байсан. Өнөөдөр бид тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхийг ганцаараа, эсвэл олуулаа хамгаалж байгааг таньж мэдэж чадна. Иргэн бүр, сая таны хэлсэнчлэн жагсаал цуглаантай холбоотой гашуун туршлагыг амссан хүн бүр үүн дээр дуугарч, хянаж, үнэхээр таны, бидний эрхийг баталгаажуулж байна уу, эсвэл “нүглийн нүдийг гурилаар хуурч” байна уу? Хүний эрхийг хамгаалах заалт хийж байна уу, эсвэл боомилох, улам хяналтанд оруулах зорилго тавьж байна уу гэдгийг нь харах, анзаарах ёстой. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох үйл явц өөрөө ил тод нээлттэй, иргэд мэдээлэлтэй байх, иргэд тэр зохицуулалтыг ойлгодог байх тухай ярьж байна. Яагаад үүнд иргэдийг татан оролцуулах нь чухал вэ гэхээр хууль тогтоомж бол өөрөө бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, бүх нийтээрээ дагах хэм хэмжээ. Жишээ нь, “Гурван өдрийн дотор цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталж байна” гэдэг шүүмж бол “Яагаад энэ харилцаанд ордог хүмүүсээс асуухгүй байгаа юм бэ?” гэдэгт хүмүүс уурласан. Иргэд тэр хуулийг мэдээгүй, дуулаагүй, ярилцаагүй байхад яагаад ийм богино хугацаанд баталчихав гэж иргэд эрх баригчдаас асууж байгаа хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  хориг тавьсан нь зүйтэй, хоригийг хүлээж авсан нь чухал. Энэ бол ардчилсан байгууламж бүхий нийгэмд иргэдийг төлөөлсөн төр иргэдээ сонсож байгаа нэг илрэл гэж харж болно. Ийм учраас ядаж та хэрвээ хөдөө орон нутагт байгаа, биечлэн оролцож чадахгүй гэвэл d-parliament-д цахимаар саналаа чөлөөтэй хэлэх боломж байна. Эсвэл таныг төлөөлж байгаа УИХ-ын гишүүнд энэ харилцааг ингэж зохицуулъя гээд дуугарах, саналаа хүргүүлэх жишээтэй.

Жишээлбэл, Гуравдугаар сарын дундаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад өргөн барилаа. Тэгэхээр бид ч гэсэндээ хүүхэд маань цахим орчинд аюулгүй байхын тулд яг юу хэрэгтэй вэ, энэ хуулиар зохицуулж чадаж байна уу, юу нэмэх хэрэгтэй вэ? гэдгийг хүртэл харах хэрэгтэй. Бид үнэхээр л ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол бидний хүүхэд цахим орчинд аюулгүй, сайн сайхан, хөгжих боломж нь бүрэн дүүрэн, бид ямар нэгэн айдасгүйгээр хүүхдээ цахим орчноос сурах, хөгжих, бусадтай харилцах, хилийн чанадад байгаа хүмүүстэй хил хязгаар, цаг хугацааны зааггүйгээр харилцах боломжтой байж хувь хүний хувьд хөгжинө шүү дээ. Хил хязгааргүй, цаг хугацааны зааггүйгээр хөгжихөд цахим орчин чухал.

Цаашлаад бусад улс орны компанитай харилцах, ажиллах, зайнаас өөрийн хөдөлмөрөө үнэлэх гээд маш олон боломжийг нээж өгч байгаа энэ нөхцөлд бид хүүхдээ багаас нь цахим орчинд аюулгүй, сайн сайхан байх, аюулгүй ажиллах суурь нөхцөлийг нь энэ хууль баталгаажуулах байх гэж би хувьдаа найдаж байна. Эцэг эх бүр, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн шинжээчдийн гээд олон талын төлөөлөл орж, зохицуулалт нь зөв үү, үгүй юү гэдгийг хэлэлцэж байж энэ хууль бодитой, хүнд өгөөжтэй хууль болно.

Өөрөөр хэлбэл, бидний 1992 оноос хойш ардчилсан байгууламж бүхий нийгэм байгуулна, хүмүүнлэг иргэний нийгэм бий болгоно оо гэж байгаа чинь хүн нэг бүр оролцож, асуудал шийдэхэд хувь нэмрээ оруулж, үр шим хүртдэг байх тухай ойлголт. Тэгвэл бидэнд оролцооны ямар талбар байна вэ? УИХ-ын дэргэд d.parliament.mn,  иргэний нийгмээс хөгжүүлдэг УИХ-ын гишүүдийн ирц, оролцоо, судалгааг хамарсан uih.mn, сонгогчдод өнгөрсөн үйл явдлыг мартуулахгүй сануулах зорилготой Сонгуулийн музей буюу electionmuseum.mn байна. Төлөөлсөн гишүүнээрээ дамжуулж болж байна. Өөрсдөө саналаа бичгээр явуулж болж байна. Тэр бүх саналыг нэгтгэж, хуулийн зохицуулалтдаа оруулаад, тэр хүнд санаа зовнисон, цагаа гаргасан бусад иргэдтэй холбоо барьдаг, эргэж мэдээлдэг, “Таны саналыг ийнхүү томъёолж тусгалаа” гэж харилцдаг байх нь төрийн үүрэг. Үүнийг нь товчоор “эгэх хариуцлага” гэж нэрлээд байгаа юм.

-Иргэдийн хувьд оролцоо чухал гэдгийг  ойлголоо. Харин таны харахаар МАН үзэл баримтлалдаа хэр үнэнч, ёс зүйтэй нам бэ?

-Аливаа намд ёс суртахуунтай, шударга хүмүүс, гишүүд, дэмжигчид олонх гэж би итгэдэг. Өөрийгөө социал демократ үзэлтэй гэж хэлж байгаа хүний шударга эсэхийг шалгая, танья гэвэл нэгдүгээрт, тэр хүн тодорхой нэг этгээдийн биш, хувийн биш, бидний, нийтийн сайн сайхны төлөө санаа зовнидог, нөөц боломж, бодлого ярьдаг, шийдвэр гаргадаг байх ёстой.

Хоёрдугаарт,  тэр хүн өөрөө алдаа дутагдалгүй явсан, зам мөр нь чигч, шулуун шударга, зарчимч байх ёстой. Ямар нэгэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдож байгаа, эсвэл авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж шийтгүүлсэн бол социал демократуудын дунд байж болохгүй этгээд л гэсэн үг. Цаашилбал, өнөөдөр амьдарч байгаа хүмүүс байгалийг эрхшээх гэхээс илүүтэйгээр өөрт байгаа хомс боломж, нөөцийг ариг гамтай ашиглаж, дараа үедээ аль болох хэвээр хадгалан үлдээх ч бас шударга.

Яагаад МАН-ын 30 дугаар Их хурлаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэсэн бэ гэхээр социал демократ үзэл баримтлал зарлачихаад авлигатай тэмцэхгүй байна гэдэг өөрөө маш утгагүй зүйл. Авлигын эсрэг, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүстэй тэмцэх бол социал демократуудын хийх ёстой ажил гэсэн үг.

-Таны ярьж байгаачлан олон жил эрх барьж байгаа ийм намыг иргэд өөрсдийн оролцоогоор хянана гэдэг боломжтой зүйл үү? Үүнд зориулсан төсөв байхгүй, санхүүжилтгүй, тэр байтугай үгээ хэлэх ч эрхгүй, нэгдээд тэмцэхэд ч хэцүү болсоор байна шүү дээ. Та юунд итгээд ингэж хэлж байна вэ?

-Иргэний нийгэм бол нэг талаараа үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, авах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний бодит илрэл. Сав гэж зүйрлэвэл олон өнгөтэй, олон хэлбэр, зүстэй зүйлсээр дүүрэн байна. МАН бүр 2011 оноос эхлээд иргэний нийгэм, төр хамтдаа хаана, хэрхэн, яаж түншилж ажиллах вэ, хамтдаа үзэл баримтлалаа гаргая гээд санаачлаад явсан түүх бий. Тэгэхээр эн тэргүүнд бид холбооны болон сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахаас илүүтэйгээр иргэний нийгэм, төр түншлэх үзэл баримтлалаа тодорхойлоод, шаардлагатай бол иргэд өөрсдөө үүнийг санаачлаад, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд үүнийг нь хэлэлцээд, УИХ-аас тогтоол гаргаад, Засгийн газар түүнийг нь мөрдөж, сахин биелүүлж ажиллах боломжтой.

Төр, иргэний нийгэм хоёр чинь нэг талдаа түншлэх боломжтой ч нөгөө талдаа эрх мэдэл төвлөрүүлсэн төрийг хянаж байх үүрэгтэй. Үндсэн хуульд заасан нийгмийн гэрээгээ биелүүлж чадаж байна уу, төрд гарсан эрх мэдэлтэй этгээдүүд нийгмийн гэрээний дагуу ажлаа хийж байна уу гэдгийг иргэний нийгэм хянадаг учраас энэ хоёр шууд хоорондоо эвцэлдэж болохгүй. Зарчмын хувьд ямар үед хамтарч ажиллах вэ, ямар үед зааг, хязгаартай байх вэ гэдгээ тодорхойлохгүй бол төр нь иргэний орон зайг үлэмж давамгай байдлаар түрэх боломжтой. “Найдвар сүүлд мөхдөг” гэсэн үг бий. Нэг нэгэндээ итгээд үз дээ.

-Ярилцлагч нартаа тавьдаг уламжлалт асуулт. Залуучуудад өөрийгөө таних, үзэл баримтлалаа сонгоход нь тустай гурван кино, ном санал болгооч гэвэл та...?

-Киноны тухайд

1.Хонг Конгын залуусын тухай “May You Stay Forever Young” (2021он),

2. Улстөрчийн хатан зориг харуулсан “Milk” (2008 он),

2. Нийгмийн давхраажилтын тухай харуулдаг “Platform” (2019 он)

Номын хувьд:

1.Макс Веберын “Улс төр мэргэжил болох нь”

2.Эрх тэгш нийгмийн тухай Richard Wilkinson, Kate Pickett нарын “The Spirit Level: Why Greater Equality Makes Societies Stronger”.   

3.Та нэгэнт “үзэл баримтлал” гэсэн учраас сүүлийн номын оронд www.politicalcompass.org нэгэн вебсайтыг хэлмээр байна. Энэ цахим сорилоор өөрийнхөө ямар үзэл баримтлалтай хүн бэ гэдгийг та англи, испани, герман, турк, орос, франц хэлээр хариулан тогтоож болдог. Үүний дараа тэр үзэл баримтлалтай холбоотой ямар ном унших, мэдлэгээ гүнзгийрүүлэх булан гээд олон сонирхолтой цэстэй. Номын оронд үүнийг санал болгоё.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье.

О.ҮЛЭМЖ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болорсайхан (172.69.252.170)
    Намын суганы үс гэдгийг нь мэдэхгүй биш
    2023 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top