x

Ч.Отгочулуу: Монголд арван хүний ес нь ядуу байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Сар шинийн баярт монголчууд байдгаа зориулдаг. Тэр утгаараа ирэх хавар иргэдийн амьжиргаа сайнгүй байх болов уу. Та хаврын эдийн засгийг яаж зураглаж байна вэ?

-Ирэх хаврын хувьд хоёр янзын дүр зураг ажиглагдаж байна л даа. Эхнийх нь цэвэр статистикийн хувьд харьцангуй гайгүй байх шинж харагдаж байгаа. Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр улиралд нүүрсний экспорт маш сайн байлаа. Манай нүүрсний салбарт түүхэн рекорд тогтоосон үе байсан гэж хэлж болно. Энэ нь өөрөө эдийн засгийг нэлээд өсөлттэй харагдуулах хүчин зүйл болж чадсан. Ирэх хавар ч энэ хандлага үргэлжилбэл статистикийн бичилтийн хувьд эдийн засгийн өсөлт гайгүй байх боломж байна. Гэвч бодит байдал дээр анхаармаар зүйлүүд байна. Жишээлбэл, 2021 онд “Эрдэнэс Таван толгой” компани нэлээд хэдэн офф-тейк гэрээ хийчихсэн юм билээ. Тэр гэрээнийхээ дагуу 2027 он хүртэл нүүрсээ хямд үнээр тогтмол нийлүүлэх бололтой байна. Нүүрсний экспорт өсөхөөр эдийн засаг сайжирч байгаа юм шиг харагдах боловч яг мөнгө орж ирэх нь эргэлзээтэй. Өр төлбөртөө суутгагдах учир бодитой мөнгө орж ирэх нь хэр зэрэг байдаг юм бол доо. Хоёрдугаарт, ажилгүйдэл хурдтай өсөж байна. Урьд нь гадагшаа явдаг хүмүүс ажилгүйдлийн статистикийг аятайхан харагдуулдаг байсан. Одоо гадагшаа явах боломж улам бүр хумигдсан учраас ажилгүйдэл нэлээд хүнд байдалд орохоор харагдаж байна. Яагаад гэвэл ковидын өмнөх жил 80 орчим мянган ажлын байрны захиалга ирдэг байсан.

Гэтэл өнгөрсөн онд ердөө 45 мянга байсан байна. Ажлын байрны захиалга хоёр дахин буурчээ. Ковидын өмнө буюу 2019 оны байдлаар жилд 90 орчим мянган хүн гадагшаа яваад түр хөдөлмөр эрхлээд ирдэг байсан. Тэгвэл энэ тоо 2022 онд 34 мянга болсон байх жишээний. Хөдөлмөрийн зах зээл нэлээд хүндэрсэн байна. Үүний үр дүн ирэх хавар гарах болов уу.

-Засгийн газраас ковидын жилүүдэд ажлын байрыг хадгалж чадсан гэж байгаа шүү дээ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн тойм мэдээг гаргадаг л даа. Эндээс харахаар эсрэгээрээ байна. Ажил зуучилж байгаа байдал эрс буурсан. Гадуур тогтвортой, чанартай ажлын зар байхгүй байна. Энэ нь ирэх хавар эдийн засагт гарцаагүй нөлөөлнө.

-Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлууд хийж байгаа. Энэ нь ямар үр өгөөжтэй байхаар байна?

-Валютын нөөц өсөж байна л гээд байгаа. Манай импорт ч бас өсөж байна. Валютын нөөц маань импортын хэрэглээг хангаж чадахаар байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Сая хэдэн бонд гаргаад, өмнөх бондуудаа дахиж санхүүжүүлж байна гэж байгаа боловч эргэн төлөх шаардлагатай байгаа мөнгөний хажууд бол бага. 2023 оны төсвөө батлахдаа бараг хоёр тэрбум ам.долларын өр зээл шинээр авна гэж тооцоолсон шүү дээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэг тэрбум ам.долларын бонд босгоно. Төсвийн алдагдлыг хаахад мөн л нэг тэрбум ам.долларын бонд гаргана.

Нөгөөтэйгүүр валютын нөөц төгрөгийн ханшийг хамгаалах хэмжээнд байж чадахааргүй байна. Ядуурал их өсөж байгаа. Сая Засгийн газар хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж юм, ядуу иргэдэд очиж байгаа гэж мэдэгдсэн. Энэ халамж нийт өрхийн 91 хувьд нь очно гэж байна. Засгийн газар энэ мэдэгдлээрээ ядуурал 91 хувьд хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Яагаад гэвэл албан ёсоор ядуурлыг 178 мянган төгрөгөөр тооцдог шугам бий. Жишээлбэл, 185 мянган төгрөг зарцуулж чадаж байвал ядуу биш болчихож байгаа юм. Өнөөдөр энэ мөнгөөр нэг ширхэг ууц ч авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр манай ядуурлын шугам хэтэрхий доогуур, зохиомол байгаа юм. Албан ёсны статистик маань 10 хүний гурав нь ядуу гэж байна. Бодитоор арван хүний ес нь ядуу байгаа юм байна. Ирэх хавар бол ажилгүйдэл, ядуурал, ажлын байрны хомсдолын үр дагаврууд ил гарах байх. Цагаан сар гэж бэлгэдлээ бодоод байгаагаас биш амьдрал хүнд байна шүү дээ.

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Монголд орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ямар боломжууд байна вэ?

-Засгийн газраас инфляц тогтворжиж байна гэж албан ёсоор зарлаж байгаа. Гэтэл гурил, бензин, цахилгаан, усны мөнгө яаж өссөнийг бүгд мэднэ. Бид мөнгөний урсгалыг татах том боломж бол гадаадын хөрөнгө оруулалт. Мөн гацаад байгаа барилгын салбараа гацаанаас гаргах хэрэгтэй. Ипотекийн зээл хэрхэн үргэлжлэх нь үнэхээр ойлгомжгүй байна. Төв банкнаас Засгийн газарт шилжинэ гээд дөрөв, таван жил болчихлоо. Энэ хугацаанд арилжааны банкууд, барилгын салбар хүнд байдалд орсон. Уг нь ипотекийн зээл бол хүмүүсийн орлогыг урт хугацааны хөрөнгө оруулалт руу хөрвүүлдгээрээ ашигтай. Уг нь Засгийн газар ипотекийн зээлийг хурдхан өөр дээрээ зоригтой шийдээд явчихмаар байгаа юм. Хоёрдугаарт, ам.долларын урсгал нэмэгдэх том найдвар бол Оюутолгойн далд уурхай. Гэхдээ экспорт өслөө гэдэг чинь өөрөө импорт болоод гарна гэсэн үг. Тогтвортой арга биш. Ер нь төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шийдэл нь нөгөө л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах юм. Харамсалтай нь одоо үнэхээр амаргүй цаг үе тулгараад байна. Учраа ойлгохгүй байгаа Засгийн газарт итгэж хөрөнгө оруулах газар байхгүй л дээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэх өөр нэг арга бол алтны салбарыг дэмжих ёстой.

Орон нутгийн иргэдээсээ айгаад хөдөлдөггүй. Уг нь үндсэн ордуудаа ашиглачих юм бол алт чинь Монголбанкинд очоод гадаадын валютын нөөцийг өсгөнө. Иймэрхүү зоригтой прагматик алхмуудыг хиймээр байна. Дээрээс нь инфляцыг үүсгээд байгаа өөр нэг шалтгаан бол боомтын гацаа. Том дарга, сайд нарын машинууд төрийн нэрээр далайлгаад, шар зөвшөөрөлтэй энэ тэр гээд хоосон орж, гарч болоод байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн гацаад асар их алдагдал хүлээж байна. Энэ нь инфляцыг өдөөгөөд байгаа юм. Тэгэхээр хил боомт дээр байгаа саадыг арилгахын тулд дарга нарын цавчаа хийдэг машинуудынх нь монопол эрхийг яаралтай задлах хэрэгтэй.

-Ерөнхий сайд энэ өдрүүдэд БНСУ-д айлчилж байна. Хоёр улсын эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр түүний айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшлийнхний бий болгодог ажлын байрны хүрэлцээ асар их хумигдаж, харин эсрэгээр төрийн алба данхайсан. Нийгмийн баялгийг үйлдвэрлэдэг хэсэг нь ажлын байр бий болгож чадахгүй сульдаад байдаг. Харин нийгмийн баялгийг шимж амьдардаг

паразитууд болсон төрийн алба нь данхайгаад байна. Татвар, НДШ нэмэгдчихсэн болохоор хувийн хэвшил өндөр цалин өгч чадахаа болилоо. Чадалтай залуус ур чадвар цаг хугацаагаа өндрөөр үнэлүүлэхийг хүсэх нь тэдний жам ёсны эрх. Арга ядаад цалин багатай ажил хийж байгаа нь олон. За тэгээд төрд очихоор заавал улстөрчийн ая таалалд нийцүүлж ажиллаж амьдрах хоёрхон сонголттой болчихсон. Эндээс гарах нэг гарц нь Солонгос руу явах байгаа юм л даа. Солонгос, Монголын хөдөлмөрийн урсгалыг сайжруулахад Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хэрэгтэй юм. Гадаадад байгаа монголчууд жилдээ 500 орчим сая ам.доллар эх орон руугаа явуулдаг. Энэ нь манай долларын ханшид эергээр нөлөөлдөг. Ер нь Монгол Солонгосын агаарын тээврийг эрчимжүүлэх хэрэгтэй. Илүү либералчлаад, илүү олон онгоц нисдэг болгох ёстой. Дээр нь Солонгос бол аж үйлдвэржсэн улс. Ийм оронд газрын ховор элемент зэрэг үнэт металлууд их хэрэгтэй байдаг. Хайгуул, олборлолт дээр хамтарч ажиллах боломжтой юм. Тэгэх юм бол их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

-Зэсийн үнэ сүүлийн хагас жил дээд түвшиндээ хүрлээ. Зэсийн үнийн ирээдүйн талаар ямар таамгууд зонхилж байна вэ. Дээрээс нь Оюутолгойн далд уурхай хоёрдугаар улирлаас ажиллаж эхэлнэ. Ер нь Монгол Улс зэсийн зах зээлд ямархуу байр суурь эзлэх бол?

-“Goldman Sachs”-ийн таамаглаж байгаагаар энэ онд зэсийн үнэ дунджаар 9750 ам.доллар байх гэнэ. 2024 онд дундаж үнэ 12 мянган ам.долларт хүрэх боломжтой гэжээ. Харин “IG Bank”-ны таамагласнаар Хятадын эдийн засаг сэргэнэ, мөн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх учир 9500 ам.доллар орчимд хэлбэлзэх гэнэ. “Bank of America”-ийн эрдэс баялгийн салбарын шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа. Ялангуяа оны сүүлийн хагаст тонн тутамдаа 10-12 мянган ам.доллар хүрэх боломжтой ажээ. Үнэ ингэж өсөөд дээр нь Оюутолгойн далд уурхай ашиглалтад орчихвол манай экспорт дор хаяж хоёр дахин өсөх боломжтой. Манай улс дэлхийн зах зээлд өчүүхэн бага хувь эзэлдэг. Хятадад ч тэр том тоглогч биш. Хятад өөрөө асар их нөөцтэй улс. Гэхдээ Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор бидний зах зээлд үзүүлэх жин нөлөө эрс өснө. Хятад бол зэсийн баяжмалын хувьд импортоос хараат орон гэдгийг анзаарах нь зүйтэй. Зэс, нүүрс хоёр энэ оны эдийн засгийг өнгөлнө. Гэхдээ ажлын байр бий болгох боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Монголд одоо цалин сайтай ажлын байрууд л хэрэгтэй байна. Иймд барилга, үйлчилгээ, аялал жуулчлал, тээврийн салбартаа зоригтой шинэчлэл хийж хөрөнгө оруулалт татах нь ус агаар мэт чухал болоод байна.

-Ингэхэд гадагшаа гаргаж байгаа алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд эрдэс баялгийнхаа мөнгийг Монголбанкаар дамжуулдаг болбол долларын ханш буурна биз дээ. Энэ тал дээр ямар гарц шийдэл байж болох вэ?

-Манай улс банкны хоёр шатлалт тогтолцоотой. Тиймээс төв банк нь мөнгөний бодлогоо хэрэгжүүлээд, арилжааны банкууд нь гүйлгээ, шилжүүлгээ хариуцдаг жишигтэй. Монголбанкаар шилжүүллээ гээд нийт урсгалд чанарын өөрчлөлт гарахгүй. Учир нь экспортын мөнгө тэртээ тэргүй урсгал зардлуудыг санхүүжүүлдэг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 1 цаг 46 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 1 цаг 46 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 1 цаг 47 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 1 цаг 47 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 1 цаг 48 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 1 цаг 48 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 1 цаг 49 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 цаг 49 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 57 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 3 цаг 58 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 3 цаг 59 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 3 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 4 цаг 1 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 4 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 4 цаг 12 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 4 цаг 21 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 4 цаг 35 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 18 цаг 27 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top