Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцууллаа.
Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ыг Зургадугаар сарын 23-26-нд улсын хэмжээнд 49 байранд зохион байгууллаа. Шалгалт дууссаны дараахан тухайн байруудад дүнг гаргаж, тухайн өдөртөө нэгдсэн дүн оноог БҮТ-ийн сайтад оруулсан. Өнөөдрөөс шалгуулагчид батламж хуудсаа авч, их, дээд сургуульд элсэх боломжтой болж байна" гэв.
Мөн тэрээр "ЭЕШ-д энэ жил 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 2,872 нь шалгалтад оролцоогүй. Тэдний ихэнх нь өмнөх оны төгсөгчид байна. Нэгтгэж үзвэл ЭЕШ-ын ирц 92 хувьтай байв. Газар зүй, түүхийн хичээлд хамгийн бага ирцтэй байлаа" гэсэн юм.
Энэ жилийн ЭЕШ-ын ерөнхий дундаж оноо 501.09 байв.