x

Ч.Улаан: Бидний үе ачаагаа хангалттай үүрсэн, одоо залуучууд үүрэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан Чүлтэмийн Улаантай уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед нам гүм байна. УИХ-ын 2020 сонгуульд нэр дэвшсэнгүй, яагаад нэр дэвшээгүй юм бэ?

-Бид намын гишүүн юм чинь намынхаа бодлогоор л явна. Сүүлийн 2 жил сонин хэвлэлээс ангидуухан маягтай байна. Сонгуулийн дараа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын зөвлөх гэдэг албыг хашиж байна. Сайд санал тавьсан юм. Сайдад тус дэм болох санаатай ажиллаж байна. Энэ их том салбар, том яам. Хөрөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлага, зарцуулалт ихтэй. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд тус нэмэр болно гэж Ариунзаяа сайд үзээд санал тавьсан байх. Тэгээд ажиллаж байна.

-Улс төрд үе солигдоно гэж айхтар юм болдог байх гэтэл нам гүмхэн, гэхдээ гэнэт боллоо. 1980-81 төрсөн залуус таны намын дарга, генсек боллоо.

-Үе солигдоно гэдэг зүй ёсны ажил байх л даа. Уламжлал шинэчлэл нь хослоод явах ёстой байх. Тэр утгаараа л зүй ёсны үйл явц. Түүнээс байнга нэг үе нь байж байна гэсэн асуудал байхгүй. Хөгжиж байна, шинэчлэгдэж байна, тийм л байх ёстой

-Та нар зөвлөхөө хийгээд л...

-Бид өөрсдийнхөө үед ачаагаа хангалттай үүрсэн. Цаг нь ирсэн, одоо залуучууддаа ачааг нь үүрүүлэх хэрэгтэй, тус дэм болох, алдаа эндэгдэл гаргахгүй байх тал дээр нь анхаарах, сургаж дадлагажуулах талд нь тус дэм болоод явах нь зөв байх. Бид ч өөрснөө тэгж л ирсэн. Дээд сургууль төгсөөд төрийн албан хаагч болоход ахмад ажилтанд хариуцуулаад өгдөг. Тэр үед халамжлан хүмүүжүүлэгч гэдэг байсан юм. Төрийн албанд ажиллахад, арга барилын хувьд зааж сургаж зөвлөж, тэгж л төрийн ачаа үүрэлцэх хэмжээнд хүрсэн улс. Ариунзаяа сайдын хувьд Жасрай гуайн зээ охин. Жасрай гуайтай хамт ажиллаж байсан, олон жил биенээ мэднэ. Эдийн засгийн тогоонд тэр мундаг хүнтэй хамт, тэр хүний л сургамж зөвлөмж, үлгэр жишээгээр хүмүүжиж өдий дайтай болсон. Тэр жишгээр сурсан мэдсэн зүйлээ хойч үедээ үлдээж өгөх нь зүй ёсны хэрэг.

-Цар тахалтай, дайнтай үе болж байна. Манай улсын эдийн засаг хэр байна? Зарим нь эдийн засаг сүйрлээ гэх юм, та Сангийн сайдаар удаан ажилласны хувьд юу гэж үнэлж байна? Үнэхээр тартагтаа тулж, ёроолдоо хүртэл унасан уу?

-Үе үеийн засгийн газруудад өөр өөрийн онцлогтой, сорилт шалгуур тулгардаг. Өнөө үед энэ ковид, гадаад нөхцөл байдал нэг төрлийн сорилт шалгуур болж байна. Түүнээс биш дааж давахгүй аймшиг нүүрлээд, сүйрч мөхөх гээд байгаа асуудал одоогоор байхгүй. Энэ нөхцөл байдалдаа зохицож, цаашид үйл ажиллагаа ирээдүйгээ ойртуулахын төлөө л ажиллах ёстой. Ээлжит сорилт тулгарч байна, эндээс зөв сургамж авах ёстой. Бодлого үйл ажиллагаагаа уялдуулж зөв авч явах ёстой. Үүнд ухаалаг хандаж чадвар сорилт өөрөө давуу тал, боломж болно.

-Засгийн газар зөв арга хэмжээ авч ажиллаж байна уу?

-Амаргүй сорилт тулгарч байна. Үүнийг даваад гарах л ёстой. Дэлхий даяараа л ковидын нөлөөнд өртлөө. Одоо сэргэлтийнхээ асуудлыг оновчтой зөв зохицуулаад эдийн засгаа сэргээх нь зүйтэй. Дээрээс нь манай хөрш орны нөхцөл амаргүй, шинэ сорилт тулгаж байна. Энийг оновчтой бодлого, ухаалгаар давах л ёстой. Урьд өмнө нь зөндөө сорилт тулгарч байсан. Одоо эдийн засаг тэлсэн, орлого ашиг нэмэгдсэн. Энэ үеийг оновчтой зөв бодлого гаргаад тууштай хэрэгжүүлж чадвал даваад гарна.

-1990-ээд оны үеэс нөхцөл байдал муудсан уу, түүнээс хүнд үе мөн үү?

-Шууд харьцуулж болохгүй л дээ. Тэр үед амаргүй л байсан. Хөрөнгө мөнгөний гачигдал дутагдалтай, нийгэм солигдчихсон, ажилгүйдэл ядуурал шинээр бий болчихсон, урьд өмнө нь ийм байдалтай тулгараагүй, дээрээс нь инфляци, юмны үнэ ханшийн өсөлт дээд цэгтээ хүрчихсэн. Жилдээ 200-300 хувьд хүрчихсэн, үйлдвэрүүд нь уначихсан, ямар сайндаа л ард иргэддээ хүнсний барааг картаар хуваарилж олгож байх вэ дээ. Тэр үедээ амаргүй л сорилт байсан.

-Таныг одоо ч банк санхүү, гааль татварын системд нөлөөтэй үлдсэн гэдэг?

-Үгүй байлгүй дээ, бүгд бие биеэ даасан  төрийн инстутиц бүтэц.  Хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би байсан байгаагүй үйл ажиллагаа нь явна. Зарим инстутицийг анхалж шинээр байгуулах, зүгшрүүлэх үйл хэрэгт зүтгэж байсан. Төрийн санг бид л байгуулсан, тэгж яривал 90-нд оны үед шинэ татварын систем, тогтолцоог П.Жасрай гуайн засгийн газрын үед шинээр бий болгож, хуулийг нь гаргаж, үйл ажиллагааг нь зүгшрүүлсэн гэх жишээтэй ажил төрлийн холбоотой байсныг хэлж байгаа байлгүй дээ.

-Сүүлдээ нөөцийн махны тухайд ч таныг буруутгах юм. Эсвэл юм хийж ул мөрөө үлдээснийх үү?

-Нөөцтэй байх ёстой гэсэн бодлого барьж, хөөцөлдөж байсан учраас нөөцийн мах ярихаар л нэр дурдагдаад байдаг байлгүй. Ер нь нөөцгүйгээр цаашдаа хэрэгцээ жигд тогтвортой хангана, үнэ ханшийг тогтвортой байлгана гэдэг асуудал амаргүй. Ер нь боломжгүй. Тэр тусмаа ковидоос авсан том сургамж бол хүнснийхээ бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох зайлшгүй шаардлагатай гэдгийг амьдрал харууллаа. Тийм учраас бид Атар газар эзэмших 3-4 удаагийн аян өрнүүлээд байсан нь амьдрал дээр гарцаагүй чухал юм гэдгийг харуулаад өглөө. Тэгэхээр сургамж аваад суух биш, сургамж аваад хийж байгаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй. Улам түргэтгэх хэрэгтэй. Түүнээс биш яриад халаглаад суувал ямар ч ажил бүтэхгүй. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй, идэвхжүүлэх хэрэгтэй. Газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй. Үндсэн нэр төрлөөрөө өөрийгөө бүрэн хангах хэрэгтэй. Мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулах хэрэгтэй.

-Одоо манайх зөв явж байна уу?

-Үндсэндээ мал аж ахуй маань эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Экспорт байна уу, байхгүй, дотооддоо боловсруулах үйлдвэр дөнгөж хүн амынхаа хэрэгцээг чадан ядан хангах хэмжээнд. Малын тоо толгой 70 сая хүрчихсэн, цаад талд нь эргээд бэлчээрийнх нь даац хүрэхгүй, дээрээс нь малын элдэв төрлийн өвчин зовлон гарчихсан. Энэ нь эдийн засгийн эргэлтэд оновчтой зөв оруулж чадахгүй байгаагийн нотолгоо. Одоо Монгол Улсын хэмжээнд хичнээн мал сүрэг байх ёстой юм. Эдийн засгийн эргэлтэд оруулаад, жилдээ хэдий хэмжээний баялаг болгох юм, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулах ёстой юм, нэлээн холыг харсан бодлоготойгоор явуулах ёстой. Ингэхийн тулд ХАА-д хамгийн номер нэг асуудал малаа эрүүлжүүлэх ёстой. Янз бүрийн өвчин тарчихсан ийм үед МАА, ХАА-н салбар эргэлтэд орно гэж байхгүй. Урд хөрш Монголд байгаа малын өвчний тархалтын байдлаас болоод мал мах, малын гаралтай түүхий эд авахаа бүр хорьж байна.  Тэгэхээр энийг давж гарах оновчтой зөв алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн наад зах нь эрүүл бүсүүдийг бий болгох хэрэгтэй. Тэндээс мал мах нь экспортод гарч байдаг бололцоо нөхцлийг бүрдүүлэх ёстой. Цаашлаад Монголынхоо малыг бодлогоор тууштай системтэйгээр эрүүлжүүлэх ажлыг хийх хэрэгтэй.

-24 жил УИХ-ын гишүүн байсан. Анх удаа нэр дэвшихгүй өнжихөөр намрын чуулган эхлэхээр ямархуу мэдрэмж төрөх юм.

-Насаараа л улс төр, төр гэж, улс орны холбоотой ажил хашсан учраас бүх асуудалд л санаа зовно. Энэ бүгдийг ойлгож дэмжиж, чадах чинээгээрээ ажиллахыг хичээнэ. Өчнөөн жил төрд хариуцлагатай алба хашлаа. Дараа дараагийн үеэ сургаж, дэм болох үйл хэрэгт нь илүүтэй оролцох ёстой гэдгээ ойлгож байгаа.   

-Том яам, ард түмний амьдралын өдөр тутмын олон асуудалтай нүүр тулж байдаг. Болж бүтэж яваа ажил байна, хүмүүсийн сэтгэл дундуур шүүмжлэлд өртөж байгаа ажил ч байна. Хүн болгоныг хүссэн хэмжээгээр нь асарч халамжлаад байх боломж байдаггүй учраас шийдэгдээгүй асуудлууд ч байна. Асуудал шийдэх явцад гарч буй алдаа дутагдал ч байна. Тийм учраас энэ бүгдийг зөв голдрилд нь оруулчихъя, өнөөгийн дэг жаягт таарсан арга барилаар ажиллая гээд зүтгэж байгаа сайдынхаа үйл ажиллагааг дэмжиж байгаа.

-Поп гишүүд олон. Парламент шоу тал руугаа орчихсон.  Чуулган дээр хэлсэн үг нь олны доог болохооргүй тулхтай хэдэн гишүүн байсан. Тэд танхимын гадна үлдлээ.

-Үе үеийн онцлог юм байгаа биз дээ. Бид нэлээн шалгууртай, хариуцлагатай системийг дамжаад ирчихсэн улс. Төрд олон жил алба хашлаа. Сайн муугийн наад захын мэдрэмж байлгүй яах вэ. Хаашаа явах вэ, юунд хүргэж болох вэ, яаж сэргийлэх вэ гэдэг талаар дуулсан сонссон юм чамгүй байгаа. Энэ утгаараа өмнөх парламентууд нэлээн жинтэй парламент байсан гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Ялангуяа 1990-ээд он, 2000 оны эхний парламентууд жинтэй байсан гэж бодож байна. Мэргэжлийн хувьд төрийн ажлын дадлага туршлагын хувьд, тэгээд ч төлөөллийн хувьд...Сүүлийн үед залуужиж байгаа сайн хандлага байна. Шинэ санаа, шинэ мэдлэг, эрч хүч орж ирж байгаа гэж найдаж байна. Гэхдээ суралцах, ажил байдалтайгаа танилцах цаг хугацаа шаардагдаж байх шиг байна. Яваандаа сайжрах байх. 2-3 сонгогдсоны дараа л гишүүд байр суурь нь илүү тогтвортой болж жинтэй болдог юм даа. Парламентын тал илүү хувь нь анх удаагаа сонгогдсон. Тиймээс суралцах зүйл их байгаа байх л даа.

-Хоёр гурав сонгогдсон гишүүд ч одоо сошиал сүлжээний бай болоод байна...

-Ер нь төрд алба хашаад, шат шатаараа нэлээн чанагдчихсан хүмүүс парламентад сонгогдож гарч ирэхэд давуу тал олон байна. Нэгдүгээрт амьдралын тулгамдсан асуудлуудыг илүүтэй мэдэрч ойлгож байна. Хоёрт тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг олохдоо илүү дөхөм, оновчтой олж байна. Гуравдугаарт бодлого, үйл ажиллагаанаас бий болох эерэг сөрөг үр дагаврыг урьдчилж тооцож харъя гэдэг хандлага хэвшил болсон байгаа нь асуудалд илүү оновчтой хандах нөхцөл болж байсан юм болов уу. Амьдрал дунд ачаа үүрч, алдаж онож, халуунд халж явсан улс илүү мэдрэмжтэй, оновчтой шийдвэр гаргаж чадах мэдрэмжтэй болдог.

-ХЗДХ-ийн сайд Нямбаатар нисдэг тэрэг хөлөглөөд явлаа. Олны шүүмжлэлд өртөмтгий хүн, харин Ариунзаяа сайд гайгүй юм аа. Та сайн зөвлөснийх үү?

-Хооронд нь харьцуулж дүгнэх онцгүй, аль ч талаасаа зохимжтой биш. Зайлшгүй ажлын шаардлагаар хурдан түргэн амжуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Тийм зүйл байдаг. Ер нь хүн болгон хоорондоо ялгарах онцлогтой. Манай сайдын хувьд боловсрол хүмүүжил сайтай, гэр бүлийн өндөр хүмүүжил мэдрэмжтэй орчинд өссөн, амьдралыг өргөн хүрээнд зөв талаас нь харж чаддаг, зөв төлөвшсөн хүн. Өвөөгийн гавьяа их байгаа байх. Ялангуяа эмээгийн гавьяа их гэж боддог. Манай сайдын эмээ Дуламсүрэн гуай гэгээрсэн хүн. Номын мөр насаараа хөөсөн, сүүлийн үед бурхны том номнуудыг уншсан, орчуулсан. Тийм учраас амьдрал, асуудалд хандах хандлага их зөв болсон гэж боддог. Зөв бодол, зөв явдал, зөв үйл хэрэг хамгийн чухал гэдэг дээ.

-Нисдэг тэрэг, онгоцоор явлаа л гэнэ. Тийм шаардлага байдаг л даа. 2000 оны 11 сард Увс, Завханд нисдэг тэргээр яаралтай яваад газар дээр нь үнэлгээ хийгээд, зудын эсрэг арга хэмжээ зохион байгуулаад явж байсан. Тийм шаардлагатай үе байдаг. Тухайн нөхцөл байдлыг нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Саяхан жагсаалын үеэр Бат-Үүл баатар, Сосорбарам гавьяат руу гурил цацлаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Хүн хүний бодол өөр. Оросууд ярьдаг. Хүн болгон өөрийнхөө жороор галзуурдаг гэж. Хүн хүний өгөгдөл өөр. Аливаа асуудалд холыг харж, ноён нуруутай хандах, эерэг сөрөг үр дагаврыг тунгааж шийдвэр гаргах чадварыг эзэмших хэрэгтэй байгаа юм л даа. Ер нь манайхан хурдан түргэн зантай, омогтой, бухимдуу уур уцаартай байдаг болсон юм уу, хурц хурц үйлдэл гаргах болж. Энэ бол цаг үеийн л асуудал биз дээ. Байх ёсгүй юм.

-Вакцины мафи гэж ярьдаг. Та ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. Тийм зүйл байна уу?

-Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэхийн тулд чанартай сайн вакцин авах хэрэгтэй. Аль болох анхдагч, үйлдвэрлэгчээс нь шууд олон шат дамжлагагүйгээр авах нь зөв. Би тэгж л бодож үйл ажиллагаагаа зохицуулж байсан. Вакциныг ОХУ-аас, яг лаборториос нь гэрээ хийгээд авч байсан. Урьд нь Монгол Оросын хооронд Монголын мал сүргийг эрүүлжүүлэх 2 удаагийн том хөтөлбөр хэрэгжсэн юм ш дээ. Үүний үндсэн дээр Монголын мал эрүүлжсэн. Ноднин Оростой 3 дахь удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яриа хэлцэл хийсэн.

Чанартай вакциныг, шинжлэх ухааны үндэстэй цаг хугацаанд нь үзлэг, ангилалт, туулгалт вакцин хийх ёстой. Эрүүлжүүлэх арга хэмжээг байнга л авч явахгүй бол янз бүрийн өвчин дэлгэрэх үндэс болно. Анхаарал сулруулж огт болдоггүй асуудал. Манай ууган үйлдвэр Биокомбинат 1924 онд үндэс суурь нь тавигдсан. Түүнээс хойш төр засгийн бодлогын анхаарлын төвд хөгжиж ирсэн. Сүүлийн үед энэ чиглэлийн үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдлаас хоцроод байгаа юм уу. Ажил нь цаг хугацаандаа бүрэн гүйцэд хийгдэхгүй, хяналт нь сулраад байгаа юм уу, малын өвчин айхтар хурдацтай тархаад эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрчихлээ. Мал мах, түүхий эдийн экспорт хоригдоно гэдэг, тэр тусмаа гол экспортолдог орон хаачихаар манай эдийн засагт том ачаалал болно. Малын гаралтай түүхий эд гэхээр бүгд л орно. Тийм учраас мал сүргээ эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн экспортын ач холбогдолтой биш, хүн амын эрүүл мэндтэй шууд холбоотой. Хүнс эрүүл байж хүн ам эрүүл байна. Тийм учраас малын эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой. Графиктай цаг хугацаатай зүйлийг сайн хийх ёстой.

-100 жилийн түүхтэй намд 40 насныхан гэнэт гараад ирлээ. Сошиал орон зайг ашиглаад, өөрийгөө тодруулах...

-Шүүмжлээд ярьж байна. Хуучин өчнөөн жил зүтгэж байж танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж гарч ирдэг байсан. Одоо бол тодорхой асуудлаар, сошиалаар сайн сэвээд олон нийтэд танигдаад гараад ирдэг гэж шүүмжилж байгаа нь ортой.

-Та сошиалд хэр идэвхтэй вэ?

-Мэдээлэл авах чухал хэрэгсэл мөн. Зарим улсууд донтсон гэвэл хатуудах байлгүй, өвчилсөн хүмүүс байна. Архи тамхинд донтож байгаатай адилхан юм биш үү. Хүүхдүүд нойр хоол, эрүүл ухаанаа алдаж байгаа тохиолдол байна. Тийм учраас хэт шохоорхоод байх юм биш. Бидний үед дүн банг нь тааруулаад явах хандлага хэвшсэн байна. Юманд хөл алдаад, нэг тал руу туйлшраад хуйлраад байхгүй. Үг яриагаа хянаад, үйл хэргээ зохицуулаад байх чадвартай болдог.

 -Үг авах нь хэр бол, шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг залуус харагдах юм.

-Тийм асуудал байх шиг байна. Сонин хэвлэлээр бичээд байна. Залуучууд үг даахгүй, өл даахгүй, ачаа даахгүй гээд. Залуу хүний омголон зан байдаг л байлгүй. Тэр бүгдийгээ зохицуулж явах ёстой. Ерөнхий хандлага давамгайлаад байна. Хүн хуучинтайгаа зүйрлэдэг. Бидний залуу байх үеийн тавьдаг шаардлага өнөөдөр байхгүй болчихсон. Тийм шаарлдлагыг дааж гарах хүн хэр олон байна гэдгийг хэлэх амаргүй болж. Манай сайдаар аваад үзсэн ч миний хүүхдийн хүүхдүүд төрийн алба хашиж байна. Тэр дунд сурах мэдэх, хийх ажил их байгаа. Хүүхдийнхээ хүүхдүүдтэй маргалдаад суувал зөнөглөсөн хэрэг болно. Харин тэднийг тусалж дэмжиж, болдог бол зөв чигт нь залж, урамшуулж үйл ажиллагааг нь түргэн сургаж, сайн ажиллуулахыг бодох ёстой. Залуучууд ажиллаж байна. Залуус хурдан түргэн ажиллах явцдаа алдаа гаргах тохиолдол байдаг.

-Д.Дэмбэрэл гуайг чуулганд суухыг харах сайхан санагдсан. Хүмүүс 81 настай гэж шүүмжлээд байна лээ?

-Сайхан нас, буянтай хүн л сайхан насалж байна. Хүмүүс баярлах, атаархах, суралцах ёстой. Түүнээс биш тэр хэмжээний амьдралыг үзэж туулаад, гараад ирсэн хүн хэд байгаа юм. Бас тэгж өмнөх үе рүүгээ хамаагүй хандаж болохгүй ээ. Төрийн тулхтай боловсон хүчин. Оюун ухаан, туршлагыг ашиглах ёстой гэж бодож байна.

-Д.Дэмбэрэл гуай элдэв будлианд оролцоод байдаггүй хүн...

-Богинохон хугацаанд төрийн алба хашаад идэж уугаад шорон орноор яваад байгаа улс байна. Тэгж явсангүй, өдийн хүртэл төрд ажиллаад явна гэдэг нь ерөнхий ноён нурууг харуулж байна аа даа. Нэр, мөр бүтэн, гар цэвэр гэж хэлэх хүний нэг яах аргагүй Дэмбэрэл гуай мөн. Тийм улсын ухаан туршлагыг ашиглах ёстой. Намайг залуухан зааварлагч эдийн засгийн төв байгууллагаас дэвшээд Төв хороонд очиход Дэмбэрэл гуай тэнд тулхтай ажилтны нэг байсан. Сүүлд олон жил хамтраад ажиллалаа, яг л тэр янзаараа байна. Түргэдэж амны алдаа гаргахгүй, шуналтаж гэм буруу хийхгүй, хөрөнгө мөнгөнд автахгүй л хүн. Хатаагдсан, амьдралд хугараагүй нугараагүй ноён нурууны нэг гэж боддог. Жасрай гуай, Содном гуай, ойрын хамтран зүтгэгчдээс Дэмбэрэл гуай байна. Ажлын төлөө төрсөн төрийн хар хүн.  Төрийн хар хүн гэдэг шалгуур. Төрийн нэр хүндийг үүрээд явна, ачааг даана, үлгэр жишээ үзүүлж чадах хүнийг жинхэнэ төрийн хар хүн гэдэг байсан. Төр гэдэг ард түмний төлөө байдаг. Замбараагүйг эмхлэх, сахилгагүйг сахилгажуулах, энгийн номхон ард иргэдийг хамгаалах хөгжүүлэх үүргийг төр хүлээж байгаа. Төрийн хар хүн гэдэг олон түмний төлөө явж чадах шалгуур гэж боддог. Энэ бол яах аргагүй том үзүүлэлт. Сайн цагийн төгсгөлийн жишээ болох юм даа. Шат шатаар яваад, болзол шалгуурыг хангаад, хий нь гараад төлөвшсөн хүн төрд гарахаар үр дүнтэй байгаа. Тэр түвшиндээ хүрээгүй болохоор ард түмэнд чамлагдаж гологдоод, шүүмжлэгдэж өөлөгдөөд явна уу даа. Ер нь асуудлыг шийдэх арга замыг зөв сонгож олж чадна гэдэг их том чадвар. Тэр дотроо шийдэх асуудлаа зөв сонгож чадна гэдэг том асуудал. Өнөөдрийн хүнд нөхцөл шалгуур сорилтой, ард түмний амьдрал хүнд байгаа үед ямар асуудлыг эхний ээлжинд барьж авч шийдэх вэ, яаж шийдэх вэ гэдгийг их л ул суурьтай бодох ёстой. Айлын хашаанд байгаа 00-ийн асуудал өнөөдөр нийтийг хамарсан асуудал мөн үү, биш үү? Өнөөдөр ард түмэнд тулгамдсан асуудал, ажилгүйдэл ядуурал, орлогын хомсдол яах аргагүй шийдэх ёстой асуудал мөн. Хөрөнгө мөнгөө ч гол асуудалдаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тал тал тийш нь цацаад байж болохгүй. Гол зангилаа асуудалдаа төвлөрүүлээд оновчтой зөв шийдэх ёстой. Энд ч бурхан бариад, тэнд ч 00 хийгээд хэрэггүй.

-Хөгжлийн банкны асуудал нэг хэсэг дуулиан боллоо?

-Гажуудлыг засах ёстой, өөр арга байхгүй. Хөгжлийн банкин дээр яах аргагүй том асуудал үүссэн байна. Тэр бүгдийг засах ёстой, учирсан хохирлыг арилгах хэрэгтэй. Ер нь Хөгжлийн банкийг анх байгуулж байх үед эрх зүйн үндсийг бий болгож байх явцад учир дутагдалтай хандсан асуудал байдаг. Анх Хөгжлийн банкны хууль батлагдаж байхад би чуулган дээр үг хэлээд, хурал хаяад гарч байсан.

-Тэр тухай тодорхой ярихгүй юу?

-Хурлын протокол үзэхгүй юу. Ер нь Хөгжлийн банкуудыг судалж үзсэн. Ямар Хөгжлийн банкууд сайн ажиллаж байна, ямар банкууд саар ажиллав, дампуурав гэж судлаад үзэхээр хөрөнгө мөнгийг зарцуулах, төсөл шалгаруулах эрх нь улс төрөөс ангид, банкныхаа удирдлагад байгаа банкууд нь үр дүнтэй ажиллаж, оршин тогтнож хөгжсөн байдаг юм. Харин улс төрийн нөлөө ороод банкны эрх мэдлийг хязгаарласан тохиолдолд олон Хөгжлийн банк дампуурсан байдаг. Тэрний нэг муу жишээ болчихлоо. Ийм болчихвий гэж хэлж, хуулинд энэ механизмыг суулгаж өгсөнгүй гэж хурал хаяж байсан юм... Төслийг УИХ, Засгийн газраас хянаж баталж өгдөг гэсэн заалтыг эсэргүүцэж байсан хэрэг.  Банк өөрөө хянаж үзээд үнэхээр үр ашигтай төслийг шалгаруулж, зээлээ өгөөд явдаг бол механизмтай байсан бол ийм байдалд орохгүй байсан...Алдагдсан боломж гэж асар их юм байна. Тэрийг яах юм, үйлдвэрийг хурааж авлаа ч алдагдсан боломжийг нөхөхгүй алдана.

-Таныг мөнхийн Сангийн сайд гэдэг байсан...

-Би насаараа Сангийн яаманд ажилласан, Сангийн сайд байсан. Сангийн сайд найзгүй, найраагүй алба шүү дээ. Хүний дургүй хүргэдэг сайд Сангийн сайд л байдаг. Болохгүй, бүтэхгүй, байхгүй гэж хэлдэг.

-Үе үеийн Сангийн сайд нарын ажлыг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг байх. Б.Жавхлан сайд хэр ажиллаж байна?

-Нутгийн дүү хичээж байх шиг байна. Амаргүй сорилтуудтай тулгарч байна. Даваад гарах л ёстой.

-Улс төрд Увс Ховдын бүтэглэл гэж байсан Одоо зүүн аймаг Сүхбаатар луу шилжиж байна. Энэ үед та УИХ-д нэр дэвшиж чадалгүй үлдлээ...

-Би найзгүй, найраагүй сайд байсан. Тийм байх ёстой, тэр жамаараа л явсан. Буруу явсан бол буруутах л байх. Гурван сар ажиллаад буруутаад шорон орон явчихсан улс байж л байна. Гурван удаа хийчихээд сууж байна, зөв явсан юм байлгүй дээ.

-60 тэрбумын бүлэг ЖДҮ гээд дайтлаа. Та аль талд нь байв аа?

-ЖДҮ-г арилгах талд л байсан, ЖДҮХС-гийн булхайг зогсоосон. Тэгээд механизмыг нь зөв болгож өгөөд “ЖДҮ”-гийн асуудал дарагдаа биз дээ. Одоо тийм будлиан гарахгүй байгаа биз. ЖДҮ-гийн механизмыг нь буруу хийснээс болоод УИХ-ын гишүүд хуваагаад авсан байхгүй юу.

 -Та гишүүн байсан. Та яагаад “ЖДҮ”-гийн зээл аваагүй юм бэ?

-Би юу гэж тийм зүйлд орох вэ дээ. Болохгүй гэж мэднэ, дүрэм журмаас гажууд зүйл. Нөгөө талаар тийм зүйлийг биднээс ч асуухгүй ш дээ. Дараа нь Хөгжлийн банкинд ч ЖДҮ шиг зүйл болсон харагдсан. 

-Таныг ХАА-н сайд байхад шүлхий гараагүй. Хотод яамнаас яаж зохицуулж байсан юм бэ?

-Намайг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд шүлхий гараагүй, малын халдварт өвчин гараагүй.  Цаг хугацаанд нь үзлэг, вакциныг хийгээд, ном дүрмээрээ явахад гайгүй дээ. Хаврын 13 ажил гэж Мал эмнэлэгт бий. Тэр бүгдийг цаг хугацаанд нь хийвэл элдэв өвчин гардаггүй. Тэр битгий хэл Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагыг авчраад Монгол Улсын  баруун 5 аймгийг огт шүлхийгүй бүс нутаг гэж зарлуулахаар шалгуурыг эхлүүлээд, 2-3 удаагийн шалгуурын давчихсан байсан. 2021 онд дэлхий дахинд зарлах байсан. Харамсалтай нь ковид 19 гараад, дараа нь эргээд шүлхийгээ алдаад, одоо бараг бүх нутгаар шүлхий тарчихлаа. Дээрээс нь цэцэг өвчин, бусад халдварт өвчин гарчихсан. Хийх ёстой ажил, эрүүлжүүлэх ажлыг цаг тухайд нь хийхгүй алдахаар ингэж байгаа. Малын өвчин гараад сандардаг, сандрахаар хаа хамаагүй энд тэндээс олдсоныг вакцинаа авдаг. Тэр нь шүүмжлэлд өртдөг. Гэтэл графикаараа явбал энэ сард төдөн мал вакцинжуулна гээд үйлдвэртэйгээ гэрээ хийгээд баталгаатай хугацаатай вакцин авчраад малдаа тарихаар дархлаа тогтдог. Гэх жишээтэй зүйлээс алддаг. Вакцины мафи гэдэг ч байхгүй болсон. Гэнэтхэн өвчин гараад яаралтай вакцин нийлүүл гэнэ. Тэгээд энд тэндээс авчирна. Энэтхэгээс хүртэл вакцин авчраад өвөл тарьж байсан. Халуун орны юмыг өвөл тарихаар яаж болдог юм. Хөлдчихөөд тарих гэхээр шприц нь хагараад байгаа юм чинь. Хэрвээ дулаан цагт вакцинаа хийчихсэн бол асуудалгүй. Шүлхийний вакцин 6 сар үйлчилдэг. Намар 9 сард хийхэд хойтон хавар хүртэл санаа зовох шаардлагагүй. Бүх зүйл уялдаа холбоондоо л байгаа. 12 сард шүлхий гараад, вакцин эрдэг, цаад үйлдвэрүүд бүгд графиктай. Тэрэндээ тааруулж үйлдвэрлэлээ явуулна.

-Морийг улс төрд “мода”-нд оруулсан хүн та байх.

-Яалаа гэж надаас өмнө зөндөөн олон уяач байсан шүү дээ. Би хожуу морь уясан уяач. Монгол хүний хувьд моринд сэтгэлтэй, дуртай байлгүй яах вэ. Аав “50 нас хүрэхээсээ наана морь уяад хэрэггүй” гэсэн, аавын үгийг дагасан. Цаанаа бодсон бодол байсан байх л даа. Би 50 нас хүрээд морь уяж уралдуулж эхэлсэн.

-Эрлийз, монгол морь гээд талцсан маргаан гардаг. Та аль талд нь байдаг вэ?

-Энэ цаг зуурын л асуудал. Эрлийз, монголоо ялгана гэж байгаа. Ялгах ч зөв байх. Би адуунд хайртай хүн. Бидний багаасаа таньж мэдсэн, эдэлж унаж өссөн монгол адуу өөрөө гайхамшигтай амьтан. Яагаад монголчууд адууг төрийнхөө сүлдэнд дээдэлсэн юм. Ингэхээр олон жилийн урт түүхийг мэдэх, ярих хэрэгтэй болно. Адуу 50-60 сая жилийн өмнө Монголд үүссэн байх жишээтэй. Монголын тал нутагт үүссэнийг дэлхийн олон орны эрдэмтэд судлаад нотолж тогтоосон. Монголчууд анх адууг гаршуулсан байна. 5-6 мянган жилийн өмнө. Тэгэхээр хүн төрөлхтөнд монголчууд адуу гэдэг амьтныг гаршуулаад гэрийн тэжээмэл болгон бэлэглэсэн байна. Нөгөө талаар монгол адуу энэ 50-60 сая жилийн хугацаанд олон удаагийн хувьсал өөрчлөлт, байгалийн шалгарлыг даваад Монголынхоо нутаг дэвсгэрт унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байна. Тэр ч битгий хэл ганц адуу биш, өөрийн хамгийн ойрын өвөг тахьтай хамт Монголын нутагт байж байна. Адуу асар их түүхтэй, адууг дагасан их өв соёл бий болсон. Энэ бүхий автор нь бидний өвөг дээдэс. Монголчууд дэлхийн талыг эзэлж эрхшээсэн хосгүй үндэстэн. 5-6 удаагийн том эзэнт гүрэн байгуулсан нь адуутай салшгүй холбоотой. Морьтон монголчууд л энэ түүхийг бүтээсэн. Ингээд бодохоор адуу гэдэг амьтан яах аргагүй монголчуудын хувьд онцгой амьтан. Бие даасан хүн төрөлхтний соёл иргэншлийг монголчууд бий болгосон. Ингээд бодохоор адуугаар бахархахаас аргагүй. Түүний алдар сууг мөнхжүүлэх зүйн хэрэг. Монгол адуу дэлхий дээр энх тайван тогтооход хүчин зүтгэсэн. Дэлхийн 2 дугаар дайнд өөрийгөө таниулсан. Монгол адууг зөв танин мэдэж, түүнийг хамгаалж, дараагийн үедээ өвлүүлж үлдээж өгөх нь үүрэгтэй гэж боддог. Тийм учраас морьтон Монголын нэг эд эсийн хувьд, багаасаа адууг харж баярлаж өссөний хувьд адуунд хайртай дуртай хүн.

   -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Ч.Өлзийдэлгэр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 11 цаг 42 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 12 цаг 38 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 15 цаг 30 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 15 цаг 48 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 18 цаг 0 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 18 цаг 11 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 18 цаг 20 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 18 цаг 34 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 18 цаг 39 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 58 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 19 цаг 17 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top