x

Э.Бат-Үүлд баярлах ёстой

Ерөнхий сайд асан С.Баярын хоёр жилийн өмнө хэвлүүлсэн “Жар хоног жарны бутархай” нэртэй ном чамгүй олон айлын ширээний ном болсон байх гэж бодож байна.

Уг номд тэрээр Э.Бат-Үүлийн тухай “миний муу найз” гэж байгаад “Дон Кихот салхин сэнстэй тэмцдэг шиг дэлхийд байхгүй болсон коммунизмын сүүдэр, коммунистуудтай л тэмцээд байдаг” хэмээн өрөвдсөн ч гэх үү, орчин үеийн хэллэгээр бол жаахан "доош хийсэн" байдаг юм. Одоо эргэж хараад тэр үгэндээ харамсдаг ч байж магадгүй. (Э.Бат-Үүлийг хийгээгүй хэргийн төлөө ял авсныг сонсоод их л цочсон байдаг юм) Учир нь өнөөдөр бий болоод байгаа нэг намын, үзэл суртлын, хууль, хүчний байгууллагуудын, дарга ангийн дарангуй байдлыг өөрөөр юу гэж хэлэхийг би хувьдаа мэдэхгүй.

1990 онд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын удирагчдын нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хорих 409-р ангид ял эдэлж буй Э.Бат-Үүл хуулийн байгууллагынхны дарангуй байдлыг эсэргүүцэн улс төрийн өлсгөлөн зарласан талаар мэдээллээ. Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон түүнийг давж заалдах шатны шийдвэрийг хүлээж байх хооронд хорих анги, байгууллагаас түүний хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг хаан боогдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.

Үүнд,

-итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй.

Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэн дээрх эрхүүдийг баталгаатай эдэлнэ. Онц болон дайны байдал зарласан тохиодолд иргэний энэ үндсэн эрхийг зөвхөн хуулиар хязгаарлана гэсэн байна. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад дайны байдал үүссэн үү, үгүй. Нийтийн хамарсан аюул осол, газар хөдлөлт, байгалийн гамшиг, халдварт өвчний улмаас онц байдал зарласан уу, үгүй. Тэгэхээр өөр ямар үндэслэл, шалгуураар түүний эрхийг хаан боогдуулсан байж болох вэ?

Э.Бат-Үүл хэлэхдээ прокурорын байгууллага, бүр тодорхой хэлбэл УЕП Б.Жаргалсайхан үүнд хамаатай гэсэн. Хорих анги байгууллага зөвхөн түүний өгсөн чиглэл, заавраар ажиллаж байна гэсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан энэ тухай “Прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хуульд заасан эрх, эрх чөлөөг хаасан, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Прокурорын байгууллага тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавьдаг” гэсэн байна. Түүнийхээ араас “Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрх зөрчигдсөн асуудлаар хуульд заасан эрхийг хангаж ажиллахыг ШШГ байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Ар гэрт нь бичсэн захидлыг хорих анги өөрт холбогдолгүй зүйл бичсэн байна гэж хориглосон асуудлыг шалгаж, тодруулах арга хэмжээ авч байгаа” гэжээ.

Тэгэхээр эндээс ямартай ч Э.Бат-Үүлийн “захидал харилцааг нь хаасан” гэдэг мэдээлэл үнэний ортой байна. (оргүй байсан бол прокурор юу гэж ШШГ байгууллага руу бичиг шидээд сууж  байх билээ)  Тэр нь харин хууль зөрчсөн үү, үгүй юу? гэдэг асуудал.

О.Баярсайхан прокурорын хэлсэнчлэн Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль болон 2014 онд Хууль зүйн сайдын баталсан “Хорих байрны дотоод журам”-д  хоригдож байгаа хүний эрхийг заасан юм байна. Үүнд “захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй. Ирүүлсэн болон явуулсан захидал цахилгааныг хорих байрны удирдлага хянана” гэсэн юм байна. Бүр тодорхой хэлбэл, захидал, цахилгаанаар харилцахдаа оргон зайлахыг завдсан буюу захиалсан мэдээлэл дамжуулсан, эсвэл гэмт хэргийн бусад холбогдогч нартай үгсэн хуйвалдсан зүйл байна уу, үгүй юу гэдэгт  хорих байгууллага хяналт тавих үүрэгтэй. Түүнээс биш Украины, эсвэл өөр бусад асуудлаар захиа занаа бичсэн нь түүнийг дамжуулахаас татгалзах үндэслэл болохгүй ээ гэсэн үг. (Э.Бат-Үүлийн Украины дайны асуудлаар бичсэн нэг нийтлэл, хүү Б.Чулуудайд болон ач охиндоо бичсэн хоёр захидлыг хорихын удирдлага дамжуулахаас татгалзаад байгаа)

Тэгэхээр асуудлыг бүхэлд нь аваад үзвэл Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг хаасан нь үнэн байна. Гэхдээ прокурорын байгууллага буюу Нийслэлийн прокурорын Ял эдлүүлэх асуудал хариуцсан хэлтэс үүнд хамааралгүй гэдгийг хяналтын прокурор О.Баярсайхан өөрийн амаар хэллээ. (ikon.mn сайтад 2022 оны гуравдугаар сарын 23-нд нийтлэгдсэн) Гэсэн хэдий боловч хорих ангийн удирдлага өөр хэн нэгний дохио зангаагаар энэ ажлыг хийсэн байна. Тэр нь хэн байж таарах вэ?

Тухайлбал, Оросууд шоронд хоригдож байсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг “Оросын төрийн байгууллагаас гадаадад хэрэгжүүлж буй ажиллагааг шүүмжилсэн” хэргээр шүүж, есөн жилийн хорих ял нэмсэн тухай өчигдөрхөн манай хэвлэлүүд мэдээлсэн. Навальный өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж олон нийтийн сүлжээнд нийтлүүлсэн захидлуудаараа Оросын ард түмэнд хандаж Украин руу довтлохыг эсэргүүцэхийг уриалж байсан юм байна. Үүнээс нь болж Оросын төрийн Дум Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулаад Навальныйг дахин шүүсэн. Орост найтаахад Монголд ханиах... гэдэг билүү? Соц үеийн энэ хэлц үг одоо хэр нь хуучраагүй бололтой.

Э.Бат-Үүлийн “Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас гарцаагүй шүү” гэж хэлээд байдаг нь ч гэсэн учиртай.  Товчхондоо Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед бий болгосон “хонгилын” систем тэр чигээрээ үлдсэний нэг нь манай прокурорын байгууллага. Хэдийгээр хорих анги, байгууллагын зүгээс ам нээж хэлээгүй байгаа боловч хорих, ял эдлүүлэх байгууллагад хүссэнээрээ нөлөөлж чадах ганц субьект нь прокурор гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих нэрийн дор хүссэнээрээ тулгаж, шаардаж чадна. Ингэхийн тулд заавал бичгээр үүрэг даалгавар өгөх ч шаардлагагүй.  

Тиймээс Э.Бат-Үүлийн хорих ангид зарласан энэ удаагийн өлсгөлөн бол нэгдүгээрт биднээс өдөр өдрөөр алдагдаж буй хүний эрх, эрх чөлөөг хамгаалж үлдэх, хоёрдугаарт үүнд дайсагнаж буй хууль, хүчний байгууллагуудын дур зорго, хуулиас давсан эрх дархыг хязгаарлахын төлөө хийж буй тэмцэл. Ядаж үүнийх нь төлөө Э.Бат-Үүлд баярлах ёстой. Хэр баргийн "шударгуу" улстөрч ийм нөхцөлд тийм зүйлийн төлөө явдаггүй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэд олон түмэн (172.69.252.134)
    Усыг нь уувал ёсыг нь дагана гэж үг бий,нэгэнт гэмт үйлдэл нь баримтаар тогтоогдож,прокурорын хяналтаар батлагаажин шүүхийн шийдвэрээр ял оноосон бол ялтан шүүдээ, мөрөөрөө ялаа эдлэж хуулиа хүндэтгэн сахих нь ялтаны үүрэг,харин ял нь дэглэм нь хөнгөдсөн хүндэдсэн эсэхийг зохих газар хянан үзэх бизээ
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • Gana (172.69.45.132)
    Uneen unen.Tarhia ugaalgasan kommunistuudiin egreg tuushtai temtsegch bol Bat-Uul mun .
    2022 оны 03 сарын 27 | Хариулах
  • энэ үнэн (172.69.252.150)
    тиймээ
    2022 оны 03 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 7 цаг 38 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 41 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 7 цаг 42 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 7 цаг 43 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 7 цаг 43 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 7 цаг 44 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 7 цаг 45 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 9 цаг 48 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 9 цаг 50 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 51 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 9 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 9 цаг 53 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 10 цаг 30 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 10 цаг 30 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 10 цаг 40 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 10 цаг 41 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 10 цаг 42 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 10 цаг 43 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 10 цаг 48 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top