x

Ж.Гантөгс: Солонгосууд нум сум харвах онолыг олчихсон хүмүүс

Байт харвааны ОУХМ, Монгол улсын рекордуудыг эзэмшигч Жанцангийн Гантөгстэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа анх яаж байт харвааны спорттой “учирсан” тэр цаг мөчөөсөө эхлэх үү?

-Байт харвааны секцэнд анх 1988 оны өвөл буюу 10-р сард орсон. Миний анхны дасгалжуулагч Осорын Саранчимэг багш маань дөнгөж Москвагийн Биеийн тамирын дээд сургуулийг байт харвааны дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирээд тэр үеийн Спорт сургалтын төвд томилогдоод анхны шавь нараа Ерөнхий боловсролын сургуулиудаас шилж, сонгож явахад нь би таарсан хэрэг. Би 23-р дунд сургуулийн 8-р ангийн сурагч байсан үе.

Манай ангийн Сүхбаатар нум, сум харвадаг л гэдэг байсан. Нум, сум гэхээр л үндэсний сурын харваа л бодогдоно шүү дээ. Энэ утгаараа би Сүхээгээ үндэсний сур харвадаг л гэж бодож байлаа. Сараа багш манай ангид орж ирээд “нум, сум харвахыг сонирхож байгаа хүүхдүүд байвал бүртгүүлээрэй” гэсэн. Найз Сүхээ маань ч “чи орооч, их гоё спорт шүү” гэж хэлсэн. Би тэр үед спортын бус дугуйланд явдаг, хаяа усан бассейнд ордог байлаа. Би бүртгүүлээд анхны удаа бэлтгэлдээ очлоо. Миний бодож байснаас тэс өөр спорт байсан.

Анх нумыг нь хараад л байт харвааны спорт маань шууд таалагдсан. Хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн гялгар лакан гадаргуутай модон нум, гоё ац, өдтэй төмөр сум байсан. Өөрөөр хэлбэл, техник хэрэгсэл их гоётой байсан. Тэгээд л байт харваандаа тасралтгүй явж эхэлсэн. Явцын дунд Орос нум маань Японы Ямаха брендийн модон нумаар солигдсон. Ямаха бүр ч илүү гоё хэлбэр, өнгөтэй л дөө. Би 10 сараас бэлтгэл эхэлсэн, шигшээ багийн ах, эгч нар ч яг тэр зааланд 12-р сараас бэлтгэл хийж эхэлсэн. Манай бэлтгэл 14-17 цагийн хооронд, шигшээгийн бэлтгэл 17-20 цагийн хооронд хийдэг. Би өөрийнхөө бэлтгэлийг дуусгаад л үргэлжлүүлээд шигшээгийнхний бэлтгэлийг ганцаараа хараад суучихна.  Угсардаг, төмөр голтой өнгө өнгийн  нум, гоё гоё  ац, өдтэй сумнууд...үнэхээр гайхалтай. Тэдний харвасан сумнууд нь байны голд бөөгнөрөөд л ...

Би яавал энэ ах, эгч нар шиг сумаа голд нь бөөгнөрүүлдэг болох вэ, ердөөсөө л мундаг харвах хэрэгтэй юм байна гэж бодно. Хараад л суугаад байна. Харвалтыг нь хараад байгаа хэрнээ  сайн ойлгохгүй л дээ. Шигшээгийн ах, эгч нарыг хараад байт харвааны мундаг тамирчин болъё гэсэн бодол салахаа байсан. Нэг үгээр хэлбэл байт харвааны спортоор эргэлт буцалтгүй харвах гол шалтгаан нь энэ байсан гэж хэлж болно.

-Хамгийн анхны тэмцээн, медаль санаанд тод үлддэг. Анх тэмцээнд орохдоо яаж хөглөж байв?

-Анх 1989 онд Дорнод аймагт болсон Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Багаараа онгоцоор  нисэж очиж байсан. Харваад дөнгөж 1 жил л болж байсан. Тэмцээний 4 зайн дүн гарахад 600 гаруй оноо онож 3-р зэрэг биелүүлсэн гэхлээр нь би дотроо маш их баярлаж байсан. Энэ тэмцээнд бид Н.Дариймаа багштайгаа хамт явсан. Багш намайг 30 метрийн зайд хичээгээд харвасан бол хүрэл медаль авах байлаа гэж хэлсэн. Надад медаль гэхээсээ илүү анхны Улсын аваргын тэмцээндээ оролцож 600 гаргаж оносондоо л маш их баярлаж байсан. Өөртөө бол маш өндөр оноо шүү дээ.

Дараа жилийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд модон нум, орос сумаараа оролцож 4 зайн нийлбэр дүнгээрээ 940 гаргаж харван 1-р зэрэг биелүүлсэн. Оноо, зэргээ ахиулсандаа бөөн баяр байсан. Тэр жилийн намар Оросоос тамирчид ирж би анх удаа Алдар нийгэмлэгээс олон улсын тэмцээнд оролцсон юм. 900 оночихсон болохоор өөрийнгөө их өндөр оноо оносон мэтээр бодоод байдаг. Томчууд дотор жоохон хүүхэд миний оноо юуных нь өндөр байхав дээ. Тэмцээнд би хамгийн захын байн дээр харвасан. Олон улсын тэмцээний сүрэнд миний өвдөг чичрээд, нумаа татаад л хөвчөө эрүүндээ зоох гэхлээр  доошоо сөхрөөд уначих гээд байгаа юм шиг санагдаад. 90 метрээс тэмцээн эхэллээ. Уг нь 12 ширхэг Америк улсад үйлдвэрлэсэн сумтай хүн шүү дээ би. 90 метрээс бүх сумаа гадуур нь харваад хугалчихлаа.

Тэмцээн Төв стадионд болсон. Захын байны ар талд бетонон замын хаалт, асфальтан зам байсан болохоор гадуур нь харвасан сум маань бүтэн үлдэх ямар ч найдвар байгаагүй. Сумгүй болсон хүн чинь дараагийн зайд буюу 70 метрт харваж чадалгүй тэмцээн дуусгаад бүх сумаа гартээ аваачиж тайрч, залгаад маргаашийн ойрын зайн тэмцээнд 10 “бүтэн” сумтай оролцлоо. 90, 70 метрт оноо аваагүй хүн яаж 900 гаргаж харвах билээ дээ.  Дараа нь тэр жилийнхээ насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Алдар нийгэмлэгээс оролцож эрэгтэй багийн алтан медаль хүртэж байсан нь миний анхны хүртсэн медаль байсан юм. Мөн тэр жилдээ буюу 1989 оны  Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хувийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Энэ 2 медаль насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн тэмцээнээс авсан анхны медалиуд минь юм.

-Анхны оролцож байсан Олон улсын тэмцээн, анхны оролцсон Олимпийн наадам дээр төрж байсан сэтгэгдэл, мэдрэмжүүдэд ижил төстэй зүйл байсан уу?

-Тэс ондоо байлгүй яахав. Анхны Олон улсын тэмцээнд оролцож байхад би харваад удаагүй, туршлагагүй хүүхэд байж. Анх удаа насанд хүрэгчдийн Олон улсын тэмцээнд ороод өвдөг маань чичрээд харваж чадахгүй байсан. 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд орох үед тийм юм огт байгаагүй. Эхний 36 сумны дүнгээр Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Олимпийн наадамд оролцох бэлтгэл маш сайн хангагдсан байсан. Олон сумны нийлбэрээр дундачлаад харахад бэлтгэл үнэндээ сайн байсан.

-Тамирчин хүн өөрийн гаргаж буй амжилтанд байнга дүгнэлт хийж, амжилтаа ахиулах бүхий л бололцоог эрэлхийлдэг. Таны хувьд өөртөө хийсэн дүгнэлт, ирээдүйд хийх ажлын төлөвлөгөө ямар байсан бэ?

-1988 оноос анх харваад, 1992 онд Улсын Шигшээ багт тамирчнаар ороод 1993 онд шигшээгээс гараад  ажил, сургууль, арилжаа наймаа гэж явсаар байгаад 2009 оны өвлөөс бэлтгэлд орсон.

Гэхдээ 1993 оноос  2009 оны өвөл   хүртэл харвахаа бүр ч болиогүй л дээ. Тогтмол бэлтгэл хийхгүй, хаяа Хүч нийгэмлэгээс тэмцээнд ордог байсан. Би Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан юм. Өөрийн гэсэн нум байхгүй тул Ю.Ганзоригийн нумаар давхар харвадаг байлаа. Тэр үед олон тамирчид байдаг байсан тул 2 ээлжээр харвахад Ганзоригийн нумаар ээлжилж болоод байдаг байсан. Тэгэж харваад 4 зайн нийлбэрээр 1220, 1230 гаргаад л оночихдог байсан. Уг нь өөрт таарсан нумтай, тогтмол бэлтгэл хийвэл үүнээс ч илүү харваж болох юм байна гэсэн бодол үргэлж төрдөг байлаа.

2010 оноос 100 хувь бэлтгэлдээ орсон гэж хэлж болно. 2010 оноос өмнөх сэтгэл санаа, 2010 оноос хойшхи сэтгэл санаа хоёр эрс тэс өөр болсон байсан. Яагаад гэхлээр, анх байт харваанд орохдоо спорт сонирхогч төдий, нас жоохон ч байж. 1988-1993 оны хооронд харвасан хамгийн дээд амжилт нь 1270 гаргаж онож байсан. 2010 онд арай өөр болсон байсан. Хэдийгээр тогтмол бэлтгэл сургууль хийгээгүй ч гэсэн олон тэмцээнд орж туршлага суусан,  дэлхий дээр ноёлж байгаа шилдэг тамирчдын ерөнхий онож байгаа оноонд тооцоо хийж өөрийн төлөвлөгөө, зорилгыг тодорхойлох хэмжээнд хүрсэн байсан.

Төгсөө гэдэг монголын тамирчин 2012 оны Олимпийн эрх авахын тулд, байнга тасралтгүй бэлтгэл хийж байсан дэлхийн эдгээр шилдэг тамирчидтай өрсөлдөхийн тулд Төгсөөд өөрт нь өөрийн гэсэн арга барил, туршлага хэрэгтэй юм байна. Тэгэж байж тэр тамирчидтай өрсөлдөхөөсөө өмнө тэр тамирчдын онож байгаа оноонд хүрэх ёстой юм байна. Онож байгаа оноонд нь хүрчээд дараа нь цаашид өрсөлдөх ёстой юм байна гэж бодох болсон. Харвах ямар ч суурь, онол, арга барил байхгүй байж дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөнө гэдэг яав ч байж болохгүй зүйл. Аливаа зүйлийг эхлэхдээ ултай, суурьтай, яг эхнээс нь буюу А үсэгнээс нь эхлээд явъя гэж бодоод л 2010 оны өвлөөс эхлэн нум, сум харвахын тулд хүний бие махбодь яаж ажилладаг юм бэ гэдгийг өөрийн бие дээр мэдрэе гэж өөртөө зорилт тавиад 3 жилийн бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргасан.

Байт харвааны тамирчин хүний амжилтыг хамгийн гол хэмжээд байгаа зүйл маань 3 сумны нийлбэр. Тэр 3 сумыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр харвах чадвар маш чухал. Би 2010 оноос эхлэн тооцоо хийж үзэхэд 70 метрээс 2009 онд 318-320 онооны хооронд тэмцээнээ дуусгаж байсан бол 2010 оны намар гэхэд 320-325 гэж дуусгаад, 2011 он гэхэд 327-330 гээд, 2012 онд 330-аас дээш харвасан байх юм. Жил жилээр дундачаар 5 оноо нэмсэн байгаа юм. Энэ чинь зүгээр харваад нэмээд байдаг оноо биш л дээ. Онол гэж чухал юм байна. Тэр онолыг өөрөө ойлгож, мэдээгүй байж шууд том зорилт тавина гэж байхгүй. Миний хувьд нийлбэр онооны үзүүлэлт өсөөд байгаа хэрнээ хувийн шигшээ харваанд 3 сумаар хийж байгаа гүйцэтгэл муу байгаадаа би дүгнэлт хийсэн.  Миний харвалт ердөөсөө 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэхгүй байна. Хэдийгээр 3 жилийн дотор тогтмол системтэй бэлтгэл хийж оноо ахисан ч гэсэн би ямар ч барьцгүй харвадаг юм байна гэдгийг л ойлгосон.

Өөрөөр хэлбэл, олон суман дээр давтамжийг нь харахаар оноо нь өндөр гараад байдаг, цөөхөн сум харвахаар харвалтын онол нь чанарын хувьд муу байна гэсэн үг. Тэгээд 2012 оны Олимп дуусаад л дараагийн Олимпд бэлтгэж эхэлсэн. Яагаад гэвэл 3 жил ингэж бэлтгэл хийж байхад оноо ингэж өсөөд, олон тэмцээн уралдаанд орж их туршлага хуримтлуулж, арга барил олж болж байгаа юм чинь үүнийгээ дахиад жоохон цэгцлээд, ерөнхий алдаануудаа засаад явбал сумны ерөнхий тусгал өндөр болох юм байна гэж дүгнээд бэлтгэлээ хийсэн.

2011 онд 70 метрийн 2 удаагийн харвалтын нийлбэр 668 буюу 334, 334 байсан бол 2012 оны Олимпд  669 буюу 334, 335 харвасан. 2013 онд 668 буюу 333, 334, 2014 ондоо яг ижилхэн 668 буюу 333, 334 байсан. Улсын  Рекорд эвдэхэд ердөө л нэг, хоёр оноо  дутаад байсан. 2015 онд өөрийн харвалтын онол цэгцрээд, алдаануудаа нэг нэгээр нь хөөж зассаар байгаад эцсийн бүлэгт нум сумны тохиргоо таараад гээд ер нь л харвах бүх тохироо бүрдсэн. Олимпийн эрх олгох 3 тэмцээн байсан. Эрх олгох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээний яг өмнө 2 удаа нум хугарч, дахин шинээр тохируулга хийсэн ч яг өөрийн харваж байсан шиг харвах боломжгүй байсан. Яг олимпийн эрх олгох буюу 3 дахь тэмцээн дээр харвалтын бүх зүйл сайхан болж яг өөрийн харваа өөрт ороод ирсэн. Уг тэмцээн дээр 5 ялалт байгуулж 6 дахь харвалтан дээрээ Малайзын тамирчинтай алтан медалийн төлөө өрсөлдөөд ялагдаж мөнгөн медаль хүртэж Олимпийн эрхээ авсан.

-Спорт бүхэн өөрийн онцлогтой. Сайхан ч үе байна. Халирмаар, шантармаар үе ч гардаг. Таны хувьд хүнд, хэцүүгээс нь болоод шантрах үе гарч байсан уу?

-Надад онох асар их хүсэл байгаа учир хэзээ ч больё гэж бодож, халирч шантарч байсангүй. Энэ дэлхий дээр надтай ижилхэн хүмүүс харваад л, оноод л болоод байхад би яагаад чаддаггүй юм бэ гэсэн бодол илүү их байдаг учраас болохгүй байна гэж ердөөсөө бодогдож байгаагүй. 2010-2016 оны хоорондох 6 жилийн хугацаанд надад тийм үе ердөөсөө байгаагүй. Харин ч эсэргээрээ яавал өндөр оноо онох вэ, ямар арга барил байх бол, яавал шинэ юм сурч энэ сумыг байны голд бөөгнүүлэх вэ гэсэн бодол 100-ны 99 хувь толгойд эргэлддэг байсан. Энэ нь миний өөрийн ажил, амьдралтай ч их холбоотой зан чанар байх.

Би нийслэлийн 23-р сургуульд суралцаж төгссөн. Оросын сургалтын хөтөлбөрийн дагуу орос багш нар бидэнд эр зориг, эх оронч үзэл төлөвшүүлэх хичээлүүдийг их заадаг байсан. Тухайлбал, Орос орны төлөө оросын залуучууд Дэлхийн 2-р дайны үед ийм гавьяа байгуулж байсан гээд л хүүхдүүдэд эх орноо гэсэн сэтгэл суулгах гэж их хичээл ордог байсан.

Гал сөнөөгчөөр ажиллаж байхдаа нэг том гавьяа байгуулах юмсан гэж их боддог байсан. Хаана ямар л гал гарна, гүйгээд л орно. Үхсэн ч яадаг юм гэж боддог байлаа. Тэр зориг одоо энэ спорт дээр яг гарч ирдэг юм. Энэ улсууд чадаад байхад би яагаад чаддаггүй юм бэ, би яагаад Монгол Улсаа төлөөлөөд энэ тэмцээнд амжилттай оролцож болдоггүй юм бэ, энэ хүн л учрыг нь олчихоод өндөр оноо оноод болоод байхад би яагаад болдоггүй  юм бэ гэж үргэлж боддог.

Миний эхнэр М.Оюунчимэг багаасаа байт харвааны спортоор хичээллэж байсан, Олон Улсын хэмжээний мастер цолтой, Улсын шигшээ багийн тамирчин байсан эмч мэргэжилтэй хүн. Хичнээн би өөрөө өөрийгөө мэдрээд харваж байсан ч гэсэн ерөнхий хүний анатоми, физиологи талаас нь эхнэрээсээ асуух зүйл зөндөө гарч ирдэг. Мөн харвалтын техникийн тал дээр зөвлөлдөж зөвшилцөх зүйл ч их гардаг. Ухаандаа л нөгөө зөв харвалтын онолыг л олох гээд байна шүү дээ.

2010-2017 он хүртэлх миний Олимпик раунд буюу 72  /36 х 2/ сумны нийлбэр оноо жилээс жилд байнга өсөлттэй байгаа. Урьд өмнөх оноонууд нь 5 онооны өсөлттэй байсан бол одоо 1-2 оноогоор өсч байгаа. Мөн өндөр онооны давтамж нь олон болоод байгаа. Жишээ нь, 2012 онд 340 оноог нэг удаа онож байсан бол 2015 онд 5 удаа, 2016 онд 7 удаа гэх мэт. Би өөрийн онож байгаа оноог жил жилээр графикаар гаргаад л судлаад байгаа юм. Жилээс жилд өсөөд, бууралтгүй яваад байгаа болохоор би өөрийгөө зөв яваад байгаа юм байна гэж боддог. Үүний хажуугаар надад БНСУ-ын дасгалжуулагчид үнэхээр их тусалдаг. Их зүйл хэлж өгдөг. Тэдэнтэй энд тэнд бэлтгэл, тэмцээн дээр тааралдахад надад их сайн ханддаг. Хөгшин хүн байж онох гээд мэрийгээд яваад байна гэдэг байх л даа. Тэгээд хөөрхий юу асуумаар байна, яамаар байна, бэлтгэл нь яаж байна гэж надаас асуудаг. Би миний харвалтыг ирээд хараад өгөөч гэж хэлдэг.

Анх 4 зайн нийлбэрээр 1300 оноо онодог жил бид Өмнөд Солонгост  бэлтгэлд очсон байсан. Тэдний нэг дасгалжуулагчид өөрийнхөө харвалтыг үзүүлээд ...би 1300 онож үзээгүй, би ингэж харвадаг юм. Алдаа оноог нь та хараад хэлээд өгөөч гэж гуйсан. Тэр дасгалжуулагч миний харвахыг харчихаад ...чи  зүв зүгээр харваж байна. Ингээд л харваад бай  гэсэн. Миний нум нилээн хуучин байсан. Гол нь Солонгосын Самик брендийн, 2 плеч нь Америкийн ХОИТ брендийнх гээд холимог, бас 4-5 жил болчихсон байсан. Тэр дасгалжуулагч хараад ...чиний энэ нумаар манай солонгос тамирчид чөлөөтэй 1300 оноо ононо, чи ерөөсөө нумаа голж болохгүй. Зүгээр л бэлтгэлээ хий. Чи 1300 оноо онохоор харвалтын техниктэй юм байна гэж хэлсэн. Тэр багшийн үг надад маш их урам өгсөн. Солонгосоос ирээд ОХУ-ын Улаан-Үдэд тэмцээнд орж 1300 оноог анх удаа оносон.

Солонгосууд нум сум харвах тэр онолыг олоод авчихсан хүмүүс. Тиймдээ ч дэлхий дээр ноёлоод байна шүү дээ.

-2016 оны Олимпийн наадмын байт харвааны тэмцээн эхлэнгүүт л эрэгтэйчүүдийн харвааг Монголын тамирчин Ж.Гантөгс 3 зогсоол буюу 18 сумны нийлбэрээр тэргүүлээд эхэлсэн. Энэ үед телевизээр Олимп тайлбарлаж байсан бидний хэсэг хүмүүс маш их догдолж харваа бүхнийг тань ажиглаж байсан. Мэдээж, үзэж байсан бүх монголчууд л өөрийг тань дэмжиж байсан. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-Олимпийн наадмын үед үнэхээр сайн харвах боломж байсан.  Гэвч яг тэгээд сайхан харваад явж байх үед гэнэт цочино гэдэг чинь хүний биеийн бүх хэмнэл алдагдана гэсэн үг юм билээ. Ойлгох нэг нь ойлгох л байх. Эхний  3 зогсоол дээр салхитай байсан ч салхиныхаа чигийг тохируулаад бүх юм яг өөрийн гарт байгаа мэт маш гоё харваж байсан. 4 дэх зогсоолын нэг сумыг  харвах гээд татаад зогсож байсан чинь яг харвах моментод кликр /сумны хошууны харалдаа нуман дээр байрладаг сумны хэмжээ тогтоогч нимгэн төмөр/ буугаагүйгээс цочсон.  Ердөөсөө л хамаг бие сулраад явчихсан. Буцаад яагаад ч хэвэндээ орж чадаагүй. Бүх булчин шөрмөс нэг хэвийн ажиллаж байснаа гэнэт цочсоноос болоод бүгд сулраад өмнөх шигээ ажиллаж чадахгүй байсан. Тэр цочиж харвасан сум маань 5 оносон.

Эхний 3 зогсоол дээр түрүүлж явсан хүн гэнэт 5-д ононо гэдэг маш олон оноо алдаж байр хойшилж байна гэсэн үг. 4 дэх зогсоол дээр 4 удаа 10, 1 удаа 9, 1 удаа 5-д оноод нийлбэр нь 54 болсон.  Мэдээж бүгд л сайн харваж байгаа тул онооны нягтрал асар ойр.  Яаж ч эхнээс нь зөв хийх гээд чадаагүй. Миний бие зунгааралдсан л юм байгаа мэт байсан.  Дараагийн 36 сумны харваа эхлэхэд нэг бол 52, 57, нэг бол 53, 58 гээд их, бага оноо ээлжилсэн харвалтууд яваад нэгэн жигд өндөр онож чадахгүй байсаар дуусгасан. Энэ нь бие махбодь маань нэг төвлөрөх гээд л буцаж алдаад байсан юм уу даа. Өөрөөр хэлбэл, хэмнэл алдагдсан.

Олимпийн дараа өөртөө дүн шинжилгээ хийсэн. Олимп дээр ямар алдаа гаргав, олимпийн дараа өөр ямар шинэ харвалтаар харвах ёстой вэ гэдгээ төлөвлөсөн. Олимпийн өмнө аливаа алдааг засах гэхлээр бусад бүх зүйлс нь өөрчлөгдөх гээд байдаг. Иймд Олимп тулсан үед энэ дээрээ ингээд харвая, дууссаны дараа ингэж засая гэх мэтээр өөртөө төлөвлөдөг. Олимп дууссаны дараа хэд хоног амраад бэлтгэлээ эхнээс нь эхэлдэг. Энэ жилийн хувьд харвалтын техник бүр гоё баттай, цэгцтэй болж байгаа. Сэтгэл их өөдрөг байгаа.  2010 оны үеийн харвалтаа бодохоор энд тэнд, их замбараагүй байжээ. Одоо  бэлтгэл сургуулиа хийгээд, сэтгэл санаа өөдрөг байгаа болохоор болих юмсан гэж ердөөсөө бодогдохгүй байгаа.

-Та туршлагатай, шилдэг тамирчны хувьд байт харвааны спортоор эхлэн хичээллэгсэд болон өдөр зэрэгтэй тамирчиддаа хандаж  зөвлөгөө өгнө үү?

-Шинээр эхлэн суралцагсад болон өндөр зэрэгтэй тамирчиддаа хандаж хэлэхэд, аливаа юм дэс дараалал, эмх цэгц, уялдаа холбоотой байдаг шүү. Ийм учраас бэлтгэл сургалт хийж байгаа тэр цаг хугацаа ямар их үнэ цэнтэй, тэр их бэлтгэл сургалт хийсний үр дүн тэмцээний тэр богино хугацаанд гарах учраас бэлтгэл сургалтаа сайн хийгээсэй гэж хүсч байна. Яаралгүй, олж авах зүйлээ дэс дараалалтай, зөв хийж сурах хэрэгтэй.

Спорттоо амжилт гаргахын тулд тухайн хүн өөрөө мундаг тамирчин болох хэрэгтэй.  Мундаг тамирчин болохын тулд сайн бэлтгэл  хийдэг байх хэрэгтэй. Сайн бэлтгэл хийнэ гэдэг чинь бэлтгэлд их хэмжээний цаг зарцуулж үр дүнтэй, утга учиртай хийх хэрэгтэй. Энэ бүгд нийлж байж дэлхий дээр өрсөлдөх хэмжээнд хүрнэ гэсэн үг.

Бид Өмнөд Солонгосын байт харвааны сургалтаас их суралцах хэрэгтэй байна. Тэдний эрэгтэй, эмэгтэй тамирчид бүгд дэлхий дээр ноёлж байна. Солонгосчууд хүүхдүүдийг 10 настайгаас нь бэлдэж эхэлдэг. 10 настай хүүхдэд 1270 харвахуйц хэмжээний онол суулгаад өгчихөж байна. Илүү, дутуу зүйл огт байхгүй. Өдрийн 6 цагийн бэлтгэл дээр ганцхан түүнийгээ л давтаж байна. Солонгосчууд өндөр онодог онолыг олчихсон. Гадаадын ихэнх орон Солонгос дасгалжуулагчдыг урьж ажиллуулж байна. Гэтэл тэр орны хүмүүс солонгосчууд шиг дэлхий дээр нум сумаараа тэр болгон цойлоод байхгүй л байна. Сүүлийн 7-8 жил хараад байхад Солонгосын тоотой хэдэн хүн л ээлжлээд гарч ирээд байна. Байт харваа бусад спортыг бодвол их онол шаардсан спорт юм болов уу л гэж би боддог. Шугам зураг ч юм уу, геометр ч юм уу, Физик ч юм уу. Тэр чиглэлийн мэдлэг шаардсан спорт. Мөн  тамирчин хүнээс маш их мэдрэмж шаардсан спорт. Сүүлийн 7 жил бэлтгэл хийж олон хүмүүстэй уулзаж явахад, тэдний ярианаас сонсоход ерөнхий онол нь тийм суурьтай юм байна л гэж ойлгосон. Тийм болохоор хүнд, хэцүү байна гэж хэлж болохгүй, амархан байна гэж хэлж болохгүй. Ер нь л гол сэжүүрийг нь л олж барьж авах хэрэгтэй.

Солонгос дасгалжуулагчид “Монголчууд их эвсэлтэй, харвалт нь гоё. Яг нарийн мэргэжлийн үүднээс харвал бүгд алдаатай. Яагаад гэвэл, урд гар / нум тулдаг/ нь  хойд /хөвч татдаг/ гартайгаа уялдаагүй, толгой, урд гартайгаа уялдаа холбоогүй, хойд гар нь зогсолттойгоо уялдаагүй байна” гэж хэлж байсан. Энэ нь харвах онолгүй байгаа учир алдаатай байна  гэсэн үг. Хэрэв тамирчин хүн харвах онолоо мэдэж байвал айж сандрах зүйл гарахгүй. Сэтгэл зүй нь ч бэлтгэгдсэн байна.

Бид дэлхийн том тамирчидтай өрсөлдөхийн тулд тэдний хийсэн бэлтгэлээс илүү их бэлтгэл хийж байж, харвасан сумны тооноос нь илүү олныг харваж байж өрсөлдөнө.

Төгсгөлд нь хэлэхэд, тамирчин хүн өөрөө харвах их хүсэл, тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

Байт харваан "360" сэтгүүлээс...

2018 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.142)
    JARGAL ZOVLON HAMTRAN ORSHDOGTOI IJIL FIZIKIIN HUUL BII
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 4 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 10 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 14 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 16 цаг 12 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 17 цаг 9 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 20 цаг 1 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 20 цаг 19 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 22 цаг 30 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 22 цаг 42 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 22 цаг 51 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 23 цаг 5 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 23 цаг 10 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 23 цаг 29 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 23 цаг 48 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл...
Top