x

ТЭР ӨДӨР ЮУ БОЛОВ: Алснаас ялгаагүй зодож, үхсэнээс ялгаагүй амьд байгаа учир Н.Түвшинбаяр ял завших эрхтэй юу?!

Хүний амьдралыг сүйтгэчхээд хэнэггүй аж төрж болох уу. Зүгээр л хэн нэгэн биш, зүү орох зайгүй, зүрхээ түшиж явсан нөхрийгөө амийг нь хөнөөснөөс ялгаагүй тарчлаасан этгээд шүү дээ. Анд найз гэж явсан нөхрөө алахаас наагуур зодож, найман сарын турш харийн нутагт эмнэлгийн орон дээр “хадаж, амьд үхдэл, УРГАМАЛ шиг хатааж байгаа тэр этгээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар төдийгүй, Олимпын аварга нэрээр сар, улирлаар саяар тоологдох тэтгэлэг аван аз жаргалтайгаар амьдарч байгаа нь ШУДАРГА ЁС уу. Сэтгүүлч хүнд олон эх сурвалж байдаг. Олон эх сурвалжаас авсан мэдээллийг боловсруулж, олон нийтэд хүргэх мэдээллийг бэлтгэх нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хэн бүхний үүрэг. Энэ утгаараа Найдангийн Түвшинбаяр гэгч дөлгөөн төрхтэй “яргачин”-гийн 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд үйлдсэн хэргийг өнөөдөр нэхэн сануулж, байна. Ингэж сануулах болсон учир нь энэ хэргийн хохирогч НАЙМАН САР-ын турш БНСУ-ын эмнэлэгт өвчиндөө шаналж тарчилж байхад үүсгэсэн хэрэгтээ өчүүхэн ч гэмшээгүй этгээд өнөөдөр Монгол Улсад дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Хүнийг хөнөөхөөс өөрцгүй тарчлаасан этгээд бүү хэл өрөөсөн оймс өөрт нь хэлээгүй авсан хүний ч сэтгэл шаналдаг биш билүү. Эсвэл газраас хөндийрч тэнгэрт амьдардаг тэр нэгэн тамирчинд шаналах сэтгэл, бодох зүрх байхгүй гэж үү…

Тэр өдөр юу болов?

Хан-Уул дүүргийн нутагт орших 120 мянгатад байрлах Их хуралдай төвд байрлах Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффист олимпын аварга Н.Түвшинбаяр өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, маш хүнд гэмтээсэн хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 21.00 цагийн орчим гарсан тухай цагдаагийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг.  Хар багын найзаа сэхээнд ортол зодсон Н.Түвшинбаярыг юунаас болж тэгтлээ уурлаж, агсам тавьсныг, зодоон болоход хамт ямар хүмүүс байсныг, яагаад тэд зодооныг таслан зогсоогоогүй юм бол… хэмээн маш олон асуулт өнөө хэр эзэнгүй байсаар… Ингэхэд 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд яг юу болсон бэ?

Нэгдүгээр түүх, тухайн өдөр Булган аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат, Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Ариун-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нар хотод ирсэн байж. Учир нь тухайн өдрийн маргааш  өглөө нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар ёсчлон батлах арга хэмжээ Дүнжингарав захын задгай талбайд болох байсан бөгөөд АН-ын ээлжит бус хуралд оролцох эсэх талаар ярилцахаар  тэд Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгат дахь Их хуралдай төв дэх С.Гал-Эрдэнийн өрөөнд цугласан байжээ. Өглөө эрт цугларч, цаашилж дөрөө чангалсан эрчүүд дээр олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат нар 17.00 орчим цагийн үед нэмэгдэн ирж О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын хэнийг нь дэмжих талаар ярилцжээ. Энэ үеэр “Тувааны” зохион байгуулсан сунгаанд “Женко” оролцож О.Цогтгэрэлийг хүч түрэн ялуулж, О.Амартүвшинг ялагдуулсан тухай яриа хөндөгдөж, тэнд байсан эрчүүд хоорондоо маргалдсан гэнэ. Н.Түвшинбаяр ч “хуурай ах” Баттулгаа өмөөрч  “чадаж байгаа юманд аргагүй, аятайхан байцгаагаарай” хэмээн агсамнаснаас асуудал эхэлж, харин эхнээсээ АН-ын даргын сунгаанд О.Амартүвшинг хамгийн олон буюу 80 гаруй хувийн саналаар дэмжсэн Булганы АН-ынхан О.Цогтгэрэлийг батламжлах “Их хуралд оролцохгүй, эсэргүүцнэ” хэмээн зөрүүдэлсэн нь тэртэй тэргүй “асаж” явсан омогтой нөхрийн “морийг эмээллүүлж, тэнд байсан хүмүүсийг талцуулсан маргааны байдлыг харсан нөхөд гарч явсаар нэг л мэдэхэд Гал-Эрдэнэ, Эрдэнэбат, Энхбат, Түвшинбаяр нар үлдэж, Түвшинбаяр, “Энхбаттай ярих юм байна, та нар зайлцгаа” гэснээр Гал-Эрдэнэ гаднаасаа нээгддэггүй хаалгыг хааж орхиод гарч. Харин “ярих юм байна” хэмээн шазуур зуун аашилсан Н.Түвшинбаяр нэгэн цагийн сайн нөхөр байсан Э.Энхбатын аминд хүрэхээс наагуур нүдэж, цусанд хутгаж хаясан байдаг…

Хоёрдугаар түүх, 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч, ETV телевизийн захирал, спортын сэтгүүлч Т.Ганзултай “тун удахгүй болох” Олимпын шууд дамжуулалтын асуудлыг тойрч ярилцахаар Монголын Олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тохиролцсон байж. Тэд тухайн өдрийн 15.00 цагаас Монголын Олимпын хороонд уулзахаар цаг тохирч. Энэ дагуу сэтгүүлч Т.Ганзул ярилцлага авахаар телевизийн зураглаач, найруулагчийн хамтаар Монголын олимпын хороонд очсон боловч Н.Түвшинбаяр байгаагүй аж.

Ингээд Т.Ганзул сэтгүүлч Н.Түвшинбаярын гар утас руу залгахад, “ойрхон байна, удахгүй очлоо” гэснээр хагас цагийн дараа царай нь улайж, багагүй халамцсан Н.Түвшинбаяр ажлын өрөөндөө орж ирсэн байдаг. Албан ёсны мэдээ, мэдээлэл учир түүнийг костюм өмсөхийг зураглаач, найруулагч сануулснаар арын өрөөндөө орж хувцсаа  сольж гарч ирсэн Н.Түвшинбаяр шаардлагатай ярилцлагыг өгөхөд 30 минут л болсон гэдэг. Ингээд ярилцлагаа авсан тв ажилчид буцаж, харин Н.Түвшинбаярын санаачилгаар “хажууханд байгаа Булганы бизнесмэнүүдтэй уулзаж, “олимпын шууд дамжуулалтад шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг ярилцах”-аар сэтгүүлч Т.Ганзул, Н.Түвшинбаярын хамтаар Хан-Уул дүүргийн нутагтт орших 120 мянгатад байрлах Их хуралдай төвд байрлах Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффист очсон байдаг.

Тэднийг очиход өмнө байсан хүмүүс нэлээд цөөрч, Ариун-Эрдэнэ, Эрдэнэбат, Энхбат, Гал-Эрдэнэ нар байсан бөгөөд хүмүүс ирж байгаа учир “хундага сэргээсэн” тэд нарын яриа хөгжүүн үргэлжилж, дуу хуур ч хүртэл болоод авч. Харин сэтгүүлч Т.Ганзулын хувьд телевизийнх нь ажилтан шинэ байрны найртай байсан учир явахаар зэхэж байсан гэх. Харин түүнийг явахад нь Н.Түвшинбаяр саад болж, сүүлдээ гар утсыг нь авч, халаасандаа хийсэн гэнэ. Ингээд гар утсаа авч байж явах шаардлага үүссэн учир төлөвлөж байснаасаа илүү хугацаагаар саатсан Т.Ганзул “тамхилахаар” Э.Энхбаттай тус оффисын таван давхарт хоёр ч удаа гадаалсан аж. Нэлээдгүй удсан учир Т.Ганзул гар утсаа орхин тэр өрөөнөөс гарсан ч нэг давхраас эргэж. Түүний гар утас руу ажлынх нь хүмүүс ярихаас гадна, түүнийг авахаар ирсэн жолооч ч мөн ярих ёстой байсан учир утсаа авахаас өөр аргагүй байдалд орж буцсан байна. Ингээд нөгөө өрөөндөө орохоор ирэхэд дотроосоо түгжээтэй,  чанга дуугаар харааж зүхэж байгаа байдлаас нь илт зодоон болж байсан гэдэг. Энэ үеэр сэтгүүлч Т.Ганзулыг авахаар ирсэн телевизийнх нь сэтгүүлч Б, маркетингийн менежер нар мөн түүнийг хайж уг давхарт ирсэн бөгөөд тэдэнд Т.Ганзул уг өрөөнд зодоон болж байгаа болон өөрийнхөө утсыг Н.Түвшинбаярын халаасанд байгаа учир авч байж явах ёстойг хэлснээр уг өрөө рүү нэвтрэх оролдлого удаа дараа хийж байсан бөгөөд “ухаалаг системтэй” уг хаалгыг хөшиж нээх боломжгүй байсан гэх…

Харин Н.Түвшинбаярын жолооч тэд нар дээр ирснээр хаанаас ч юм олсон нэгэн модоор хөшиж хаалгыг нээгээд ороход өрөө хаа сайгүй цус Н.Түвшинбаяр Э.Энхбатын дээр суучихсан нүдэж байсан бөгөөд Э.Энхбат ямар ч хөдөлгөөнгүй байж. Тухайн үед Н.Түвшинбаяр руу хэн ч ойртож чадахгүй байсан ч түүний өмдний халааснаас ямар ч байсан утсыг нь авч чадсанаар тэд уг өрөөнөөс гарч явсан, учир нь “эрчүүдийн зодоон эмэгтэйчүүдэд хамаагүй байсан” гэнэ. Тэд гарч явахдаа цагдаад дуудлага өгч, мөн Херо-гийн Баатар руу залгаж, Н.Түвшинбаяр Э.Энхбатыг “маш аймаар” зодож байгаа талаар хов хүргэж. Дуудлагын цагдаа тэдэнтэй нэгдүгээр давхарт лифтэнд зөрсөн бол Херо Баатар үүдний хаалганы орчимд зөрсөн гэх… Эндээс харахад гадны тусламж хурдан ирсэн байгаа биз?

Яагаад хэн ч туслаагүй юм бол?

Энэ хэргийн араас явж байхад “яагаад, хэн ч Энхбатад туслаагүй юм бол?” гэсэн асуулт үргэлж аманд орж ирж байсан юм. Үхэр мал биш үнэнч найзаа алж байгаа мэт цусаар бялдаж нүдэж байхад Н.Түвшинбаяр руу эмэгтэйчүүд ойртож чаддаггүй юм гэхэд эрчүүд яагаад очоогүй юм бол?

Эх сурвалж-1: Н.Түвшинбаяр маш хүчтэй. Үндэсний бөхөөр барилдахад Н.Түвшинбаярыг Э.Энхбат асуудалгүй давна, маш их баяртай, ухаанаа гаргаж, ганган барилддаг бөх. Харин жүдогоор бол Н.Түвшинбаяр Э.Энхбатыг гаргаахгүй. Гэхдээ яг халз үзэхэд Э.Энхбатыг Н.Түвшинбаяр яагаад ч дийлэхгүй. Тиймээс санамсаргүй байхад нь цохиж муужруулсан байх…

Эх сурвалж-2: Өрөөнд яваад ороход л аймшигтай байсан. Энхбатыг 10 литрийн айрагны вааран саваар цохисон байсан. Архины шилээр цохиход Энхбат шиг тамирчинд ямар ч нөлөө байхгүй. Харин тэр том айрагны сав бол ямар ч байсан хэсэгтээ манаруулах нь ойлгомжтой. Тиймээс маш амархан Түвшинбаяр унагаагаад нүдчихсэн байх гэж харсан. Херо Баатар ах Түвшинбаярыг арай гэж салгасан. Энхбатын толгой хавиас цус зүгээр л олгойдож байсан. Яг л үхэр гаргачихсан юм шиг… тиймээс маш их сандарч дөрөв, таван давхрын бүх нойлоор гүйж цааснууд цуглуулж ирээд цусыг нь арай гэж тогтоосон. Биднийг өрөөнд ороход дуудлагын цагдаа нар ирсэн ч ямар ч хөдөлгөөнгүй буланд зогсчхоод  энгэрийн камераараа бичлэг хийгээд байсан. Баатар ахыг “цагдаа нар байж салгахгүй яаж байгаа юм бэ” гэхэд ахаа бид хоёр дийлэхгүй шүү дээ гэхэд анзаарсан залуухан, эрэгтэй эмэгтэй хоёр цагдаа байсан….

Эх сурвалж-3: Цусанд галзуурсан байсан байх, арай гэж салгахад л “алж дуусгана” гээд дайраад байсан. Энхбатыг харахаас аймаар байсан. Толгойн тус газраас цус зүгээр л олгойдож байсан. Өрөө бол авах юм байхгүй, газар хөдөлчихсөн юм шиг л болсон байсан…

Эх сурвалж-4: Цагдаа нар маш шуурхай ирсэн ч дөнгөж төгссөн жоохон залуучууд байсан болохоор тэр юм уу, “ойртвол ална шүү, яг энэ Энхбат шиг болгоно” гээд орилоход л хол очоод зогсчихсон. Тэгсэн эмэгтэй цагдаа нь энгэрийн камераа асаачихсан гээд камер руугаа заагаад зогсоод байсан…

Эх сурвалж-5: Эмнэлэг ёстой удсан. Бараг гурван цагийн дараа эрүүл мэндийн сайдруу ярьж байж арай гэж ирсэн. Ковидын хамгаалалттай байсан болохоор ч тэгсэн байх. Гэхдээ арай түргэн ирсэн бол тэр их цусыг алдахгүй, арай эрт эмнэлгийн тусламж авч амжих л байсан байх гэж харамсаад байдаг юм…

Эх сурвалж-6: Ямар ч тусламж үзүүлээгүй болохоор тэр өрөөнд л маш хүндэрсэн юм билээ, Энхбат. Херо Баатартай хамт ирсэн Ялалт гэдэг залуу дөрөв, тав, зургаан давхрын бүх нойлын өрөөнөөс их хэмжээний цаас авчирч дарж байж цусыг нь тогтоосон гэсэн. Эмнэлгийн тусламж гурван цагийн дараа ирсэн. Эмч нарыг ирэхэд өрөөний цусыг цэвэрлэсэн байсан гэхээр үнэхээр их удаж байж ирсэн байгаа биз дээ… Тэр өрөөнд Энхбатын амийг аврах хүн тухайн үед байгаагүй юм байна даа гэж одоо бодохоор үнэхээр их харамсдаг…

Эх сурвалж-7: Бид нарыг тэр өрөөнд хаалганы цоож эвдээд ороход л Түвшинбаяр ухаанаа алдчихсан, Энхбатын дээр гараад суучихсан, “ойртвол ална шүү, Энхбаттай адилхан болгоно” гээд цамнаад дайрах зуураа баруун солгойгүй “ална” гээд нүдэж байсан. Тэгэхэд Энхбат ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тиймээс аль болох хурдан гарч, цагдаа дуудъя гэж бодсон. Бас Түвшинбаярыг Баатартай ойрхон учир байдлыг хэлж түүн рүү ярьсан. Азаар цагдаа, Баатар хоёр хурдан ирсэн юм билээ…

Эх сурвалж-8: Тэр өрөөнд ороод л ойлгосон. Энхбат амьд гарсан нь их юм гэмээр харагдаж байсан. Өрөө тэр чигээрээ цусанд бялхаж, эвдрээгүй зүйлгүй харагдаж байсан. Даанч дээ гэхээс өөр хэлэх зүйл орж ирээгүй. Энхбат архи уудаг хүн биш шүү дээ… Түвшинбаяр гэнэдүүлж цохиж унагаасан зүйл нь маш том айрагны сав байсан. Тэр айрагны саваар энгийн хүнийг цохиход шууд үхэхээр том, бөх эд зүйл байсан…

Эх сурвалж-9: Баатар ах аа, би Энхбатыг алчихсан уу гэж асуусан байна лээ, Түвшинбаяр. Угаасаа ална гэж бодож байснаа л хийсэн юм билээ. Бас Баатар ахаа намайг одоо яах бол гээд уйлаад байсан гэсэн. Баатар гэдэг тэр хүн хамаг зүйлийг найруулж, янзалж байгаа даа… тэр тал дээр сайн ухаарай. Арай ч дээ, тийм аймаар зүйлийг хийсэн хүнийг өмөөрлөө өмөөрлөө гэхэд ухаантай байх байлгүй дээ…

Эх сурвалж-10: Баатартай хамт ирсэн Ялалт гэдэг залуу цусыг нь тогтоосон юм билээ. Тэр олон хүн байсан атлаа эмнэлгийн тусламжийг оройтуулсанд голоо тасартал гомдол тасрахгүй ээ…

Эх сурвалж-11: Т.Ганзул гэдэг сэтгүүлч маш олон жил спортын сэтгүүлчээр ажилласан. Н.Түвшинбаяр аваргатай маш ойрхон харилцаатайг бүх л тамирчид ярьдаг. Тэр өдөр Түвшинбаяр аварга ч гэсэн дагуулж ирсэн байдаг юм. Тиймээс энэ тал руу хууль хяналтын байгууллага сайн шалгаасай гэж боддог. Эмэгтэй хүн байж “уучлаарай” гэдэг үгийг ч болов хэлчих сэтгэлгүй, өөрийгөө буруугүй гээд л дээгүүр доогуур гүйгээд байсан нь хамгийн ихээр харамсал төрүүлж байсан. Адилхан эх хүн, эмэгтэй хүн байж хагацал зовлонг бусдад өгч болохгүй биз дээ…

Эх сурвалж-12: Түвшинбаярыг архи уухаараа агсам тавьж, хүн зоддогийг нь мэддэг тул болиулах гэж оролдоод “бай” нь болохоос айсан. Түвшинбаярын хувьд уухаараа, улс төржихөөрөө эр бяраа хүнд гаргадаг, нударгаар асуудлыг шийддэг зантай. Өмнө нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж явах үеэрээ буюу 2017 оны зургадугаар сарын 24-25-нд шилжих шөнө 04.00 цагт Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, тухайн үед АН-ын сонгуулийн менежерээр ажиллаж байсан, сая АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн О.Амартүвшин нарыг согтуугаар зодож танхайрсан байдаг. Тэр үед Булган аймгийн цагдаагийн шуурхай албаныхан хэргийг материалжуулан шалгаж байсан ч тэгсхийгээд дарсан та нар энэ талаар сайн судлаарай…

Эх сурвалж-13: Х.Баттулга маш их дэмжиж, өмөөрч онгироосоор Түвшинбаярт үг хэлдэг хүнгүй болсон. Ямартай ч хүн зодчихсон байхад хүртэл “Түвшинбаяр хүн зодох хүн биш. Тийм явдал болоогүй. Монголчууд итгэж болно” хэмээн телевизүүдэд улаан цагаан өмөөрөн ярилцлага өгч, “цэвэр” авч үлдсэн. Харин энэ удаад Н.Түвшинбаярын хар багын  найзаа сэхээнд ортол нь зодож, амь насыг нь дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлчихлээ. Олон гэрчтэй балмад танхайрлыг нь эрх мэдлээрээ нөлөөлж, хамгаалж авч үлдэх гэж их хичээж байх шиг байна…

Эх сурвалж-14: Энхбатыг тэгж зодсон хэргийг хэрхэн шийдэгдэхийг Монгол даяараа харж хянаж хүлээж байгаа. Зөвхөн архийг буруутгаад өнгөрч болохгүй, амь насны асуудал яригдаж байгаа учир хамгийн ихээр анхаарал татаж байгаа гэж ойлгож байна. Хар багын найзаа сэхээнд ортол зодсон Н.Түвшинбаярыг юунаас болж тэгтлээ уурлаж агсам тавьсныг, зодоон болоход хамт байлцсан хүмүүс хэн байсныг, яагаад тэд зодооныг таслан зогсоогоогүйг цагдаа хууль хяналтынхан шалгаж шийдвэрлэнэ байх. Цахим ертөнцөд монгол даяараа шуугиж, шүүмжилж байхад тэнд хамт байлцсан хүмүүс таг чимээгүй байгаад харамсаж байна. Эв эрүүл хүүг минь найман сар эмнэлгийн орон дээр хадаж байгаа хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой…

Эх сурвалж-15: Булган аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат, Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Ариун-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч Гал-Эрдэнэ нарт маш их гомдож байна. Н.Түвшинбаяр архи уухаараа ухаан алддаг мэтээр ярьж архинд бурууг өгөх хэрэггүй. Зодоон, хүчирхийллийн гэмт хэргээс олимпын аварга гэсэн нэрээр мултарч болдог юм чинь одоо яах юм гэсэн байдлаар ар гэрийнхэнд хандахаа л болих хэрэгтэй. Бидний гомдол тийм амархан тасрахгүй л болов уу…

Энэ хэрэг өнөөдөр ямар байдалд байна вэ?

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгасан. Улсын яллагчаас Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд нийслэлийн прокуророос татан авч, хянаж шалгаж байгааг ойрын эх сурвалж өгүүлсэн юм. Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ зүйл анги 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай. УЕПГ-ын Олон нийттэй харилцах алба, “Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаж, 2021 оны 12-р сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлсэн” гэсэн.

Мөн Э.Энхбатын өмгөөлөгч, Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй, эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон талаар Монголын хэвлэл мэдээллээр гарч эхлээд сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа.

Гэтэл Н.Түвшинбаярын хувьд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байгаа. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпын хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпын хорооны тамгыг авч зугтсан хэрэгт мөн холбогдов. Харин МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэнээр Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгсөн. Харин түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байгаа. Гэвч маш ойрын эх сурвалж Н.Түвшинбаярыг өнгөрсөн зун Найрамдал зуслангийн хашаан дотор хаус барин амьдарч байгаа бөгөөд “хэрэг дуустал хэсэгтээ хүмүүсийн нүднээс хол байхаас…” хэмээн ярин инээж байсан хэмээн өгүүлсэн…  Энэ асуудлыг тусад нь дахин сурвалжлах учир ингээд орхиё.

Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа вэ?

Н.Түвшинбаярт зодуулж, амь нас нь дээсэн дөрөөн дээр очсон Э.Энхбатыг ар гэрийнхэн нь БНСУ-руу эмчилгээнд авч яваад найман сарыг үдэж байна. Тус улсад хоёр ч эмнэлэгт шилжигдэн эмчлүүлж байгаа Э.Энхбатын хувьд өнөөдрийг хүртэл ухаан ороогүй эмчлүүлсээр…

Өнгөрсөн долоо хоногт солонгос эмч эхнэрт нь “найдвар улам холдож байгаа” тухай өгүүлээд “танай хүн үнэхээр цоо эрүүл биетэй байсан учир өнөөдрийг хүртэл тэсч байна. Өөр хүн байсан бол зодуулсан газар дээрээ амиа алдахаар хүнд гэмтсэн” хэмээж. Тэр бүү хэл, “ингэж ухаан орохгүй унтаад л байгаа мэт байдал нь яг л ургамал шиг…” хэмээн өгүүлээд уучлал хүссэн гэнэ. Бүхэл бүтэн найман сарын турш “өнөөдөр нүдээ нээчих болов уу”, “дуудах дууг сонсох болов уу” хэмээн хүлээж 24 цаг нүдээ чавчихгүй шахам хажууд нь сахин, цаг тутамд эргүүлэн нуруу, биеийг нь тосолж, цэвэрлэн асарч байгаа эхнэр нь, аав ээж нь, ах дүүс нь хамгийн ихээр гомдсон зүйл бол тэдний утсыг блоклоод харилцаагаа таслаад таг чиг болсон Н.Түвшинбаярын хандлага.

Ханиа, хүүгээ, дүүгээ, ахаа, хүргэнээ “ухаан орчих байх” хэмээн хүлээсэн ар гэрийнхэн нь Монгол, солонгос гэсэн хоёр улсад сэтгэл амрахгүй түгшиж хүлээж, буй бүхнээ эмчилгээнд зориулж, гэрээсээ инээгээд гарсан аавыгаа нэг л өдөр ороод ирнэ дээ хэмээн хүлээсэн хүүхдүүд нь нүдээ хөхөртөл үүдээ сахиж хүлээх тэдний зовлон шаналлыг ойлгодоггүй юм гэхэд хүн ёсны хандлагаар эмчилгээний зардалд нь ч болов нэмэрлээд явах хүн сэтгэлгүй тэр хүмүүст хэлэх ч үг дууссан хэмээн Э.Энхбатын ар гэр өгүүлсэн.

Харин энэ улсад шударга ёс байгаа, хууль шударга үйлчилнэ гэж ганцхан хохирогчийн ар гэр ч биш Монголчууд нийтээрээ итгэж, хүлээж байгааг заавал хэлж, сануулж байх ёстой учир сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бид чимээгүй суух ёсгүй билээ…

Үргэлжлэл бий…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (172.69.252.134)
    Buzar novsh uiliin uree hurdan edleh boltugai uuriin ingej zodoj uzuuleh yumsan
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Хогын юм болох нь дэ.Түвшинбаяр ганцаараа зодоогүйгээ хамт байсан хүмүүс нь зодоод гараад явсаан.Тэгэж л харагдаж байна
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
    • Тэнэг
      2021 оны 12 сарын 17
  • Зочин (172.69.252.150)
    Ха
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Ганболд: Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой 2 мин Tesla-гийн робот таксиг танилцууллаа 9 мин Үндэстнүүдийн лиг: Унгар, Нидерландын шигшээ багууд тэнцжээ 14 мин Герман улс Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж байгааг мэдэгджээ 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ 24 мин Монгол хүн нэг л болохгүй байна 30 мин Маргааш Толгойтоос Баянхошуу хүртэлх авто замыг хаана 45 мин Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн 19 аймгийн 74 суманд нэмэлт санал хураалт явуулна 1 цаг 50 мин Н.Ганибал: Энэ удаагийн сонгуульд АН маш амжилттай оролцлоо Өчигдөр 00 цаг 14 мин НИТХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулав Уржигдар 23 цаг 31 мин ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөлөө Уржигдар 20 цаг 19 мин МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Уржигдар 09 цаг 05 мин Абу Дабигийн Их Дуулгад Монголын хоёр тамирчин өрсөлдөнө Уржигдар 08 цаг 47 мин Эгийн голын УЦС: Байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ Уржигдар 08 цаг 41 мин Нийслэлийн “Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг зарлалаа Уржигдар 08 цаг 36 мин Кибер гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ Уржигдар 08 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан Уржигдар 08 цаг 15 мин Орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх вэ? Уржигдар 08 цаг 11 мин “Ардын” баатар үхсэн(I) Уржигдар 07 цаг 57 мин Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль Уржигдар 07 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан... “Ардын” баатар үхсэн(I) МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн... Кирил монгол бичгийн давуу ба дутагдалтай тал Сталин Мао Зэдунг үл тоосон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас өчүүхэн хэсгийг хүүх... Мүраками Харүкийг унших албатай юу Б.Чойжилсүрэн: 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ... Өвөрхангай аймгийн зарим сумдын ЗДТГ-ынхан авилгын хэргээр ш... Монголд байхгүй зам, гүүр... Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзс... Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ Эм тариа огт үгүй МАРБУРГ ВИРУС арван хүнийг Руандад хөнөө... Найрамдал зуслангийн замын эхний 4 километрийг шинэчилж, хөд... Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй Mark Zuckerberg улам баяжиж, тэрбумтнуудын жагсаалтын хоёрт ... Чингис хот-Норовлин чиглэлийн замын эхний ээлжийг ашиглалтад... Таван шараас Чингис хаан нисэх буудал руу нийтийн тээврийн а...
Top