x

“Ногоон малгайт”-ын сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ

Хэдхэн хоногийн өмнө төв талбай дээр болсон үйл явдал олон хүний зүрхийг шимшрүүлж, бас гайхшийг барж, дургүйг нь хүргэлээ. Аймшигт цар тахлын улмаас цаг бусаар тэнгэрт одсон дотны хүмүүсийнхээ төлөө зул өргөхөөр төв талбай дээр очсон энгийн хүмүүсийг цагдаа нар ичгүүргүйгээр хөөж туув. Зулыг нь булааж аваад, муур багш шиг л элдэн хөөв. Зэвсэгтэй өдөөн хатгагчдыг баривчилж байгаа мэт, жагсаал цуглаан тарааж байгаа мэт хэтэрхий сүржин авирлалаа, цагдаа нар. Уг нь хүмүүс увж цувж ирээд зулаа өргөж эмгэнэлээ илэрхийлчхээд явж байсан юм.

Монголчууд бид талийгаачдынхаа араас гашуудаж болохоо байчихжээ. Төрийн цагдаа нь ирээд “Яасан их гашууддаг юм” гээд хөөж байна. Үйлдлийг нь харахад “Тэдний хойноос гашуудах юу байсан юм. Тэд хэн юм үхээ л биз” гэсэн агуулга харагдаж зүрх зүсэв. Монгол угсаатны хувьд нас барагсдынхаа араас зул өргөх нь хамгийн том хүндэтгэл, харамсал гашуудлаа хагаслах, хойдын зам мөрийг нь гэрэлтүүлэх итгэл найдвар, сүүлчийн ёслол нь байдаг юм. Зул өргөж тайтгардаг, зул таслалгүй харамслаа хагасладаг ард түмэн. Угсаатны хувьд ийм эрхэм ёслолыг нь юман чинээ тоолгүй цагдаа нар эр бяраа гаргав. Ингэхэд тэд нар монгол хүн мөн үү гэж бодоход хүрэв. Цагдаа нар ард түмнээ бага багаар дээрэлхсээр байгаад угсаатных нь ёс жаяг, дэг ёсыг өшиглөж унагатлаа галзуурчээ. 1937 онд л ийм байсан гэдэг. “Ногоон малгайт”-нуудын гардан эхлүүлсэн ийм бараан сүүдэр олон жил үргэлжилж, Монголын сортоотой болгоны толгойг залгиж байж намдсан гэдгийг гэрчлэх буурлууд эсэн мэнд сууж байна.

Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүнийг хаанахын ямар ч хуулиар зохицуулж өөрчилдөггүй. Эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаа баталсан Ковидын түр хуулиа л өмнөө барих биз. Гэхдээ юу л хийнэ, ум хумгүй ард түмнээ баривчилдаг, айлган сүрдүүлдэг төр байж болохгүй. Үндсэн хуулийн язгуур эрхэнд хэн ч халдах ёсгүй. Цагдаа нарын ийм дээрэнгүй үйлдлийг одоо даруйхан зогсоож, хуулийн хүрээнд нь ажиллуулахгүй бол цаашид цагдаагийн хүчирхийлэл дийлдэхгүй. Зул өргөх байтугай цагдаа зөрөөд өнгөрөхөөс чичрэм хатуу өдрүүд энүүхэнд иржээ. Уг нь бол бидний л аавууд, хань нөхөр, найз нөхөд, үр хүүхдүүд маань тэнд ажилладаг биш билүү. Хамаг бүхэн цөхөрч, халуун итгэл шархирсан хар дарсан их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч монголчууд монголчуудаа л мөшгин хөөж, буудан хороож байсан билээ. Тэр цаг ирчихсэн мэт санагдах боллоо, цагдаа хүчнийхний энэ дээрэнгүй авирыг харж байхад.

Ковидын үед Монголд цагдаагийн вант улсынхны байшин барилга, бизнес шиг цэцэглэн өргөжсөн юм алга. Хатуу хөл хорионы үеэр хаана барилга барьж байна, цагдаагийн нэг хурандаагийнх байдаг. Баар, сав, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд ажиллаж байвал цагдаагийн том албан тушаалтных байдаг. Бүгд мэддэг ч хэн ч халдаж чаддаггүй. Хэн машин унаатай давхиж байна тэр л цагдаа юм уу цагдаагийн ах дүү, амраг садан байдаг байв. Монголд хамгийн эрх мэдэлтэй хүмүүс бол цагдаа нар. Улаанбаатарын хамгийн тохилог, тансаг, өөдтэй өнгөтэй шинэхэн харшууд цагдаа, тагнуул, прокурор гээд хүчний байгууллагынх. Гайхаад байх юм байхгүй ээ, тэд хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй. Хөөрхий, дэргэд нь ядарсан ардын үйлчлүүлдэг эмнэлгийн яйжиг барилгын хаалга нь салхинд салж унангаа алдаж, ханын будаг нь халцарч холцорч бартаантан ялгарч харагддаг юм.

Цагдаа ард түмнийхээ төлөө ажилладаг гэсэн ойлголт маань өнөө үед эсрэгээрээ болжээ. Хаана баривчилгаа болно, хаана энгийн иргэдээ хааж боож байна тэнд цагдаа л манаргаж явдаг бол. Манаргах манаргахдаа маниусынхаа эсрэг ажиллаж явна. Цагдаа нарыг хамгийн их турхирч чиглүүлж байдаг газар бол яах аргагүй эрх баригч нам. Намын дор цагдаагийн эрх мэдэлтнүүдийн бүхэл бүтэн бүлэг байдаг. Намын удирдлагууд өөрсдийн ууж идсэн, хулгайлж луйвардсан бүхнээ далдлах, өөрсдийг нь шүүмжилж илчилсэн бүхнийг айлгахын тулд цагдааг өмнөө бариад турхирч байдаг. Тэд юу гэнэ, цагдаа тэр дагуу үйлдэл хийж байна. Ард түмнээсээ сонгогдсон эрх баригчид ард олныхоо эсрэг тэднийг хурцалж байна. Ийм ар талтай цагдаагийн хөлд ард түмэн үрэгдээд дуусах нь. Ардчилсан хүчин, бусад чөлөөт үзэлтэй улстөрийн намууд өнөөдрийн тогтоод байгаа цагдаагийн засаглалд анхаарлаа хандуулж, хууль журмын дагуу ажиллуулахыг шахаж шаардах ёстой. Тэд даргын үгийг биш хуулиа дагадаг, хуулиа мөрддөг болох хэрэгтэй байна. Даргын үгээр яваад буруутсан жишээ нэг их холоос хайлтгүй. 2008 оны долоон сарын нэгэнд яасан билээ. Тэд даргын тушаалаар яваад буруудаж шоронд орсон нь саяхан. Тэгэхэд хуулиа мөрдсөн бол ийм явдал болж таван сайхан залуу амь насаа алдаж, дарга удирдлага нь шоронд явахгүй байсан. Тиймээс цагдааг зөвхөн хууль дагадаг болгоход сургах хэрэгтэй байна. Үүнийг эрх барьж байгаа намаас бусад нам хөдөлгөөнүүд шаардаж сурах хэрэгтэй. Ард түмэн сонор соргог байж хууль зөрчсөн алхам бүрийг илчлэн хуулийг сахиулахыг шахах ёстой. Энэ талаар өдөр бүр, цаг минут тутам марталгүй анхаарч, шахаж шаардаж байж бид энэ их дарамт, айлгалт, баривчилгаанаас салж чадна. Өнөөдөр биднийг талийгчдынхаа араас зул өргөлөө гэж цагдаа баривчилж байна. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, ардчилсан орны иргэд гэх бид энэ цагт “ногоон малгайт”-ны сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 19 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай...
Top