x

Өнөөдөр Монгол Генералын өдөр

Генерал хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэсэн гэдэг. Ерөнхий, гол чухал гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай энэ цолыг цэргийн болон иргэний байгууллагын удирдлагад байдаг дээд тушаалын удирдах бүрэлдэхүүнд олгодог. Генерал цолыг анх Францад хэрэглэснээс хойш дэлхийн бусад орнуудад ч ашиглах болжээ.

Тухайлбал, 1652 онд Орост I Петр хаан анх удаа армидаа хэрэглэж, Москвагийн сонгомол цэргийн тойргийн захирагч А.А.Щепелевт анхны генерал цолыг олгосон бол онцгой район дахь онцгой бүрэн эрхтэй орон нутгийн иргэний дээд албан тушаалтан Варшав, Киевийн цэргийн удирдлагуудад генерал губернатор цолыг олгожээ.

Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй гэсэн судалгаа бий. Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерынхоо цолонд таван хошууг бэлгэдэн хэрэглэдэг бөгөөд генерал хэмээх эрхэм цолыг бараг бүх улсын цэргийн цолонд хэрэглэгддэг ажээ.

Харин манай улсын хувьд, Чингис хааны үеэс дайчин эрсээ илбэн тохинуулж, дэлхийн талыг дайлан туулахад их цэргийн манлайд нь явж байсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид нь тухайн үеийн Генералууд байжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Хожим БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг манай улсад бий болгосон ба “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласнаар төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал цолыг олгожээ.

Улмаар 2004 оноос эхлэн жил бүрийн Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” хэмээн нэрийдэж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм. Энэ жилийн хувьд уг баярын өдрийг Хил хамгаалах Ерөнхий газар хариуцан зохион байгуулна.

Монгол Улсад генерал цол олгогдож эхэлснээс хойших 77 жилийн хугацаанд нийт 186 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртээд байна. Тэдгээр генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 44 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал бий. Эдгээр тоо баримтаас харахад, манай улсын цэргийн дээд цолтнууд нь үндсэн үүргээсээ гадна эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө ямагт манлайлан оролцож ирсэн нь мэдрэгдэх биз ээ.

Эдгээрээс анхны 11 буюу Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цолыг 1944 онд олгосон.

Армийн генерал цолыг 1971 онд бий болгосон ч 2006 онд хассан. Энэхүү цолыг 1971 онд Батын Дорж, 1976 онд Юмжаагийн Цэдэнбал хүртсэн.

Хурандаа генерал цолыг жанжин Ж.Лхагвасүрэнд 1961 онд анх олгосон бөгөөд түүнээс хойш С.Равдан (1971), Б.Цог (1971), Ю.Цэдэнбал (1975), Ж.Авхиа (1978), С.Батаа (1978), Б.Дэжид (1979), С.Лувсангомбо (1982), Ж.Ёндон (1982) нар хүртжээ. Уг цолыг 2006 оноос олгохоо больсон.

Дэслэгч генерал цолыг 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт олгосноос хойш Ц.Жанчив (1950), Б.Жамбалсүрэн (1967), Д.Ёндондүйчир (1971), Ц.Самдангэлэг (1971), Б.Цэдэн-Иш (1972), Ж.Жамъян (1972), Ч.Пүрэвдорж (1978), Ш.Арвай (1979), Ө.Чойжилсүрэн (1981), Ч.Түмэндэмбэрэл (1981), Ж.Балжинням (1982), Ч.Сангишарав (1982), А.Жамсранжав (1984), Ш.Жадамба (1986), Л.Моломжамц (1989), Г.Дамдинсүрэн (1997), Ц.Дашзэвэг (1998), Ц.Тогоо (2005), Ц.Бямбажав (2009), Д.Даваа (2016) нар хүртээд байна.

Харин энэ хугацаанд хошууч генерал цолыг 80 гаруй эрхэм хүртээд байгаа бол бригадын генерал цолыг 30 гаруй албан тушаалтан хүртсэн тоон баримт бий.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Цэргийн албаны тухай” хуульд заасны дагуу цэргийн дээд офицерын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олгох бөгөөд цэргийн дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тогтоодог.

Хурандаа Б.Отгонбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top