x

Шинэ он тоололд бэлэн үү?!

Зургийн тайлбар: 2021.4.12 ний өдөр. Нээлтээ хийхээр төлөвлөсөн нэгэн газрын үүдний чимэглэл салхинд унажээ. Учир нь нээлтийн арга хэмжээ болоогүй бөгөөд үүний оронд ээлжит бүх нийтийн хөл хорио болсон аж. Зургийн дээд буланд өмнө нь хаяг байсан ором буй дүр төрх улаанбаатар хотын хаа сайгүй тааралдах бөгөөд түрээсийн байрнаас нэг нь гарч, нөгөө нь орсоор бүтэн жил гаруй хугацаа болж буй болно.

КТӨ-КОВИДЫН ТООЛЛЫН ӨМНӨ БУЮУ КОВИДЫН ДАРААХ ШИНЭ ЭХЛЭЛ

МЭӨ хэмээх он тооллыг эхлүүлсэн шиг КОВИД-ын өмнөх болон дараах хэмээх нэгэн тоолол эхлэх нь тодорхой болоод байна. Эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг бизнесийн гээд бүхий л салбарт энэхүү тоолол мөрдөгдөх бөгөөд хэт ерөнхийлөхгүйн тулд бизнесийн салбарыг онцлон,  хамгийн чухал хүчин зүйлс болох ажлын байр, ажиллах хүчин, төрийн шийдвэрийн нөлөөллийг тоймлон харахыг хичээлээ.

КОВИД БА АЖЛЫН БАЙР: ТҮРЭЭСЛЭГЧДИЙН ХЯМРАЛААС ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧДИЙН ХЯМРАЛ РУУ

Зуун айл орчимд хувийн портероороо ачаа ачигч н.Амгалан “ах нь сүүлийн үед нүүж байгаа офисс нэлээд зөөлөө. Агуулах руу ч зөөлгөж байна. Гэр рүүгээ ч ачуулж байна” гэх үгс. Энэ хүүрнэл яриа ямар ч даргын чихэнд сонсогдохгүй, ямар ч шийдвэр гаргагчийн нүдэнд харагдахгүй. Гэвч дээрх өгүүлбэрийн цаана хэчнээн олон хүний хувь заяа, ажил амьдрал холбоотой хийгээд тэдгээрийн талаар үнэн бодит мэдээлэлгүй эрх баригчдийн ээлжит шийдвэр нь маргаашийг, нөгөөдрийг ямар байхыг шийдэж байна.   

Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө. Хотын бизнесийн байгууллагуудын дүр төрхийг илэрхийлж болох баруун  дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл алхалт хийж, түрээсийн зарын эзэдтэй ярилцсаны дараагаар дараах дүгнэлтэнд хүрэв. Нэгд, түрээслүүлэх, худалдах зар бүхий ажлын байр маш ихээр суларсан байна. Хоёрт, суларсан зарим сайн байрлалд шинээр том компаниуд орсон бөгөөд ковидыг бэлэн мөнгөтэй хүний хувьд сайн байрлалыг зах зээлийн үнээс хямдаар эзлэх боломж хэмээн харж байна, Гуравт, жижиг мкв бүхий офиссын эрэлт өсч. том мкв бүхий өрөөнүүд хоосорсон байна. Дөрөвт, эзнээ олоогүй удаж буй байрлалууд ихэсч буй бөгөөд үүнийг нь сунжирч буй ковидын үр дүнд “түрээслэгчдийн хямралаас түрээслүүлэгчдийн хямрал”   үүсч байна гэж дүгнэж болох аж. Хамгийн энгийндээ “ахын хэлсэн үнэн” байж. /Зөвхөн хоёр дөрвөн зам хооронд 40 гаруй ажлын байр дараагийн эзнээ хүлээн сулраад байгаа бөгөөд ковидоос үүдэлтэй суларсан ч, зарлал, мэдээллээ тавиагүй байгаа нь тоонд ороогүй нь мэдээж/  

Гадаад худалдаа, түрээсийн бизнестэй “Б... групп” –ХХК-ын Ерөнхий менежер Б.Ням-Эрдэнэ “Манайх өөрийн өмчийн зарим обьектоо түрээслүүлдэг. Бид ч гэсэн ийм л бизнес эрхэлж амьдардаг. Гэтэл түрээслэгч байгууллагаас түрээсийн төлбөр төлөхгүй байхыг, чөлөөлөхийг шаардаж байна. Бид ч түрээсээ хөнгөлж байна. Гэтэл “түрээсээс хөнгөлсөн үнийн дүнгээс татварын чөлөөлөлтөнд хамрагдах эрхтэй” тухайгаа саяхан олж мэдлээ. Төрийг төлөөлж бидэнтэй харьцдаг байгууллагаас биш ам дамжсан яриагаар хэзээ хойно олж мэдсэн. Гол нь “эрхтэй” гээд орхичихсон учраас мэдээгүйгээс болоод дахиад л хохирох юм шиг байна” гэсэн юм. 

Мөн түрээсийн бизнес эрхлэгч  “.... пропертиз” ХХК-ын захирал Т.Пүрэв энэ талаар “Манай компани л гэхэд үл хөдлөхийн татварт олон арван сая төгрөгийн өртэй байгаа. Түрээслүүлэгчид үзүүлж буй чөлөөлөлт хөнгөлөлтөөс хамаарах татварын хөнгөлөлт нь зөвхөн ашгийн татвараас чөлөөлөх тухай байгаа. Манай хувьд угаас ашиггүй ажиллаж байгаа болохоор түрээсээ хөнгөлснийхөө төлөө бидний нуруун дээрх ачаанаас хөнгөлөөд байгаа зүйл алга. Ядаж үл хөдлөхийн татвараас хасагддаг байсан бол нэмэр болох байлаа” гэв. 

КОВИДЫН НӨХЦӨЛД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ БУЮУ  БЭРХШЭЭЛИЙГ БОЛОМЖ БОЛГОХ НЬ

“Ямар ч муу зүйлд сайн тал гэж бий” гэж нэгэн хэлсэн байдаг. Тэгвэл ковид буюу цар тахалд ч гэсэн сайн тал байгаа гэж үү? Энэхүү асуултанд тийм хэмээн хариулсан нь цахим худалдаанд шилжсэн бизнесүүд байсан юм.  Ковидын анхны тохиолдолтой зэрэгцэн шахуу байгуулагдсан Альфабүүк номын дэлгүүрийн гүйцэтгэх захирал Д.Оюунсүрэн “Бүх нийтийн хөл хорио, ковидын дэгдэлт нь дэлгүүрийн борлуулалтыг бууруулах нь битгий хэл байхгүй болгосон. Дэлгүүр дээрх худалдааны зөвлөхүүд маань ядаж үнэ асуучихаад гарах ч хамаагүй хүн орж ирээсэй гэж хоорондоо ярьж байв. Иймд бид хөл хорионы хугацаанд өмнө төлөвлөсөн ч алгуурлаж байсан цахим хуудас, онлайн худалдааны чиглэлдээ бүх анхаарлаа хандуулсан. Коронагийн сайн тал нь хэрэглэгчдийн цахим худалдаа хийх соёлыг хэд дахин хурдасгаж өгсөн гэж боддог. Хэрэглэгч онлайнаар худалдан авалт хийх соёлд маш хурдан суралцаж байгаа. Өмнө нь хүргэлт хийх гэхэд аль хороонд оршин суудаг зэрэг хаягаа  тодорхой хэлж мэддэггүй, банкны картгүй, цахимаар тооцоо хийж мэддэггүй цөөнгүй үйлчлүүлэгч байсан. Мөн төлбөрөө урьдчилж авах гэхээр итгэхгүй байх, үүнээс үүдэн хүргэлтийн ажилтнууд бараагаа хүргэж өгөхдөө төлбөрөө авах гэж цаг алдан удах зэрэг асуудлууд байлаа. Харин ковидоос хойш захиалагчидтай холбоотой төлбөр тооцооны асуудал гарахаа больсон. Маш хурдан захиалгаа өгч, төлбөр тооцоогоо ч шуурхай хийдэг болсон” гэсэн юм.  Гол нь тус дэлгүүрийн цахимаар дамжин хийгдсэн борлуулалт нь дэлгүүр дээрх шууд борлуулалтаас давж, үүнийхээ ачаар ковидыг амжилттай даван гарч буй бөгөөд тун удахгүй дөрөвдэхь салбар дэлгүүрээ нээх гэж буй аж.  

Ковид эхэлснээс хойш цахим шилжилтэнд хэн хурдан шилжиж чадсан нь асуудлыг боломж болгож буй бөгөөд үүнээс үүдэлтэй хүргэлтийн үйлчилгээ ч хурдацтай хөгжиж байна. Тухайлбал, байгуулагдаад жил гаруй болоогүй ч ухаалаг системийнхээ тусламжтайгаар 50 орчим дунд, томоохон байгууллагын хүргэлтийн үйлчилгээг хийсэн стартап компани хүртэл гарч ирж, үүний араас жилийн хугацаанд арав орчим хүргэлтийн компани үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Урт хугацаанд төлөвлөлт хийдэг том групп компаниудын хувьд ч цахим худалдаа, хүргэлт, түгээлтийн системүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаагаас харвал ковидыг ганц нэг жилийн асуудал гэж харахгүй байгаа нь ажиглагдаж байна.     

КОВИД БА ХҮНИЙ НӨӨЦ: МЭРГЭЖИЛТНИЙ ХОМСДОЛ, ИЛҮҮДЭЛ           

“Барилгын туслах ажилтны зар тавихад дунджаар 50-70 анкет ирдэг байв. Харин одоо ийм ажлын байранд 200-250 ажилд горилогчийн анкет ирж байна” хэмээн нэгэн компанийн хүний нөөцийн ажилтан хэлж буй аж. Мөн тээврийн компанийн захирал П.Батжаргалын хэлснээр “өмнө нь цалин тавьсны маргааш л тал нь ажилдаа ирдэггүй. Тогтвортой ажиллах хүчин гэх зүйл хэцүү байсан. Одоо бол ажилтнуудын хувьд ажлаас халагдахгүй байх нь чухал байна. Яагаад гэвэл өөрийнх нь оронд ажилд орохыг хүссэн хүмүүс их байна” гэсэн юм.

Яг л удирдлагын хувьд ашигтай ажиллах тухай биш алдагдал багатай ажиллах тухай зорилт шиг энэ үед ажилтнуудын хувьд цалин өсөх гэхээс илүү байнгын ажлын байртай байх нь чухал байх шинж ийнхүү ажиглагдаж байна. Гэвч ажилтан бүхэн нь илүүдэлтэй биш. Байгууллагуудын хувьд цахим шилжилттэй холбоотойгоор дизайнер, компьютер график, вэб сайт хөгжүүлэгч нарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ ихэсчээ. Мөн хүнсний салбар, харилцаа холбооны салбарын хувьд эрэлт өсч, төрийн хязгаарлалтад хамаарагдаагүй нь энэ салбарын нарийн мэргэжилтнүүдийн эрэлтийг ч бий болгоод байна.

КОВИДООС БИШ ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭС ИЛҮҮ АЙЖ БАЙНА

Бизнес эрхлэгчдийн хувьд үнэндээ ковид биш, ковидтой тэмцэж буй төрийн шийдвэрүүдээс айж буйгаа илэрхийлсээр. Логикгүй, үндэслэлгүй, сэтгэлгүй, тооцоо судалгаагүй шийдвэрийн нөлөөлөл нь “форс мажор” буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ч хоруу чанараараа даваад буй аж.

Бизнес эрхлэгчдийн нуруун дээр түрээс, татвар, цалин гэсэн гурван үндсэн зардлаас гадна өндөр хүүтэй зээлийн төлбөр хамгийн их ачаа болдог. Мөнгө нь өөрөө бизнесийн цусны эргэлт тул гурван хувийн зээл зэрэг дэмжлэг бизнес эрхлэгч нарт амин чухал хэрэгтэй байв. Гэхдээ зээлд хамрагдах шаардлага биелүүлэх судалгаа шинжилгээ нь банкны журмын дагуу байгаа учраас сүүлийн 6 сарын орлого нь шийдвэр гаргалт, өр орлогын харьцаанд нөлөөлөх нь тодорхой. Энгийнээр дүгнэвэл, сүүлийн саруудад ашигтай байж зээлд хамрагдана гэсэн үг. Угтаа бол гурван хувийн зээлийн зорилго нь санхүүгийн асуудалд ороод буй бизнесүүдэд дэмжлэг болох учиртай. Гэтэл 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 73 хоног /хүнс, эмийн сангаас бусад бизнес/, Хоёрдугаар сард цагаан сарын хөл хорионы 10 хоног, Дөрөвдүгээр сард 14 хоногийн бүх нийтийн хорио гээд сүүлийн 6 сард маш олон хоногийн хугацаанд дээрх байгууллагуудад “сүүлийн зургаан сарын орлого” -ын шаардлага үндсэндээ “төрийн дэмжлэг”-ийг хүртэх боломжийг үгүй хийв.  

Олон мянган жижиг дунд бизнесийнхний зовлонг ойлгодог байсан бол, үнэхээр дэмжих бодлого байсан бол ядаж нөхцөл байдлыг харгалзан Монгол банкнаас хөл хорио тогтоохоос өмнөх үеийн орлогоор зээлийн судалгааг хийж болно” гэдэг заалт оруулж өгөх ч боломж байлаа.

Төрийн зүгээс зээлийн бодлогоор дэмжихээс гадна татварын бодлогоор дэмжих арга ч бий. Гэвч бодит байдалд, мэдээллийн тэгш бус хүртээмжээс шалтгаалж бодит байдалд энэ нь ч сөрөг нөлөөтэй байдаг жишээ бий аж.  Энэ тухай “.... хүнс” компанийн захирал С.Дорж “Ковидын үед төрийн дэмжлэг үзүүлж байна гээд будаа, ургамлын тос гм бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх гаалийн татвараас чөлөөлдөг. Гэтэл энэ мэт бүтээгдэхүүний татварын чөлөөлөлтийг мэдээлэлд ойр, мөн маш их мөнгөтэй хүмүүс бөөнөөр нь татан авахад ашигладаг. Ингээд тухайн салбарын бусад олон жижиг дунд хэмжээний оролцогчдыг зах зээлээс шахагдах хүртэл тэгш бус өрсөлдөөн болдог. Төрийн зүгээс яаж оролцох вэ гэж асуувал, оролцохоо больчихвол л болчихно гэж хариулна” гэсэн юм.

ТӨРД Ч ХАМААРАЛТАЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ

Хүмүүс хоорондын шууд харилцаа нь халдварын эрсдлийг нэмэгдүүлдгийн адил төрийн албан хаагчидтай шууд харилцаа үүсгэсээр байх нь ковидоос ч дутахгүй хортой авлига, хүнд суртал, танил талын системийг бий болгох хөрс болсоор байна.

Улаанбаатар хот, Төрийн нэг цэгийн үйлчилгээний төв. Энд одоо ч иргэд дугаарласаар. Энд хүмүүс төрийн үйлчилгээ авахаар дугаарласаар л. Шуурхай лавлагаа авах, энгийнээр авах гэсэн албан ёсны хоёр сонголтой. Албан ёсны гэхийн учир нь “бүр шуурхай” гэх үйлчилгээ бий. Хүмүүс урд цонхон дээр дугаарлаж байхад үйлчилгээний цонхны ар талын хаалга бүхий коридорт нь мөн адил үйлчлүүлэгчид бий. Тэдгээр үйлчлүүлэгчдийн лавлагааг цагийн дотор гаргаж өгдөг гэхээр хүсэх л юм бол, мөн менежмэнт хийж чадах юм бол төрийн байгууллагын ажиллах хурдын хэд дахин нэмэгдүүлж болмоор.   

Цахим шилжилт, хандлагын өөрчлөлт бидний хүслээс ангид өрнөж буй бөгөөд энэ шилжилт ганц хувийн хэвшилд биш төрд ч чухлыг e-mongolia гэх цахим систем батална. Одоогоор 180 төрлийн лавлагааг цахим системээс авах боломжтой бөгөөд тухайн үеийн засгийн газар хэр сайн ажиллаж байгааг энэ тоо хэдээс хэд болж нэмэгдсэн гэдгээр нь ч үнэлэхэд буруудахгүй мэт.

Б.Мандах

Зөвхөн хоёр дөрвөн зам хооронд л гэхэд 40 гаруй ажлын байрыг түрээслүүлэх худалдахаар зар тавиад байна. Энэ бүхний ард 40 бизнес дампуурсан гэж дүгнэхэд буруудахгүй...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Уржигдар 15 цаг 54 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ Уржигдар 15 цаг 50 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа Уржигдар 15 цаг 42 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа Уржигдар 15 цаг 38 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Уржигдар 15 цаг 22 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ Уржигдар 15 цаг 15 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална Уржигдар 15 цаг 00 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв Уржигдар 11 цаг 58 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ Уржигдар 11 цаг 53 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа Уржигдар 11 цаг 48 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш Уржигдар 11 цаг 41 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Уржигдар 10 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Уржигдар 10 цаг 06 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Уржигдар 09 цаг 55 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв Уржигдар 09 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал Уржигдар 09 цаг 40 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Уржигдар 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Уржигдар 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Уржигдар 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ
Top