x

Эх орны үнэнч хамгаалагч Эрэлч ноход

Yндэсний аюулгүй байдлын энхийн манаанд чин үнэнчээр зүтгэж буй эрэлч нохдын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд Олон улсын гаалийн өдөр тохиодог билээ.

Улаанбаатарын гаалийн терминал дээр АНУ-аас ирсэн ачаанд нуусан 45 мянган сумыг гаалийн эрэлч нохой ганц үнэрлээд л олсон. Нэг ёсондоо 45 мянган халуун амь устгах гэж байсныг аварсан хэрэг. Замын-Үүдийн боомтоор Хятад улсын иргэн таван га газарт тариалах хэмжээний таван ширхэг буурцган хэлбэртэй хар тамхины үр нуусан байсныг мөн л үнэрч нохой эзэндээ “хэлж” өгч байв.

Тухайн үед олон төрлийн хүнсний ногооны дунд жижигхэн саванд нуусан хар тамхины үрийг үнэрлэхэд хөндлөнгийн зарим нь идэх юм руу дайрч байна гээд шоолонгуй харж байсан гэдэг. Харин гаалийн байцаагч гярхай байж нохойныхоо дохиог мэдэрснээр дээрх хэргийг илрүүлж байв. Хэрэв гэж төсөөлбөл, 45 мянган амь устгаж, таван га газар тариалсан хар тамхи үндэстнийг мөхөөх хэмжээний аюултай. Энэ бол өдөр бүр хилээ манаж хэрэг зөрчил илрүүлж байдаг үнэрч нохдын гавьяа. Мансууруулах бодисыг уутаар нь, галт зэвсэг, ховор амьтны эд эрхтэн зэрэг хууль бус бүхнийг хил дээр барьж авсан энэ мэт жишээ хэдэн мянгаараа бий.

Мөн эрэлч нохдыг хэн ч хуурч, сатааруулж, дэгсдүүлж хэлбэл авлига өгөх боломжгүй хамгийн үнэнч, шударга “төрийн албан хаагч” юм.  Ингэж л үндэсний аюулгүй байдлын энхийн манаанд чин үнэнчээр зүтгэж буй эрэлч нохдыг жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд тохиодог Олон улсын гаалийн өдрийг угтаж “Зууны мэдээ” сонин онцлох зочдоор урилаа.   

"Эрэлч ноход шинэ ертөнцийг нээсэн"

Баянхошуунд байрлах Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв гадна талдаа даруухан. Харин хаалгаар нь орвол цоо шинэ ертөнц угтана. Хил гааль дээр хэрэг зөрчил илрүүлдэг мөрдөгч нохойнуудыг хэрхэн бэлтгэдэг нууц жорыг тэнд л харж болно. Биднийг үдээс өмнө очиход эрэлч ноход хэдийнэ өглөөний бэлтгэлдээ гарсан байв. Нохой сургагчид хариуцсан нохдоо хөтөлчихсөн сургуулилтаа хийж  байна. Зарим нь шатаар бууж, модон дээгүүр гүйж, харайж байхад нөгөө хэсэг нь жижигхэн улаан бөмбөгийг эзэнтэйгээ уйгагүй булаацалдана. Гэхдээ хааяа залхуурч, алдаа гаргавал эзэндээ зэмлүүлнэ. Нэг ёсондоо энэ бол нохойны оюун бодлыг ухаж, ур чадварыг шавхаж байгаа ажил аж. Хажуугаас нь харахад л өхөөрдөл бахархал дүүрэн ийм дүрэг зураг дунд Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төвийн дарга, гаалийн итгэмжит зөвлөх Б.Наранбадрахтай яриа дэлгэв.

Түүний амьдрал нохойтой салшгүй холбоотой. Гаалийн байгууллагын аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан хашааг өөрчилж эрэлч нохой  бэлтгээд 28 жил болж байгаагийн 25-д нь Б.Наранбадрах дарга амьтан маллагчаас эхлээд өнөөг хүртэл ажиллаж жаргал, зовлонг нь туулж явна. Энэ бүхнээ тэрээр “Би хоббигоо мөрөөдөл болгож, мөрөөдлөө биелүүлж явна” гэж цөөн үгээр тодорхойлно.

Нэг удаа олон нохой түүн рүү дайрахад жижигхэн биетэй нохой нь эзнээ хамгаалж “том”-ууд руу дайрсан гэдэг. Эзэндээ үнэнч амьтанд ингэж л дурлаж хайрлаж эхэлсэн байна.Дарханы цагдаад ажиллаж байхдаа нохойтойгоо хамт хүн аминаас эхлээд олон ч хэрэг илрүүлж. Тэгж л урамтай ажиллаж байжээ. Түүнийг Дарханы цагдаагийн газарт эрүү, нохойн төлөөлөгчөөр ажиллаж байхад ээж нь санал тавьснаар энэ албанд орсон нь бага байхын л нохойтой нөхөрлөж, үнэнч чанарыг нь таньсан түүнд шинэ ертөнц нээсэн гэнэ. Дараа нь 1997 онд  Япон руу сургалтад явж албан ёсоор хар тамхитай тэмцэх мэргэжилтэн цолтой болжээ. Ирээд хар тамхины чиглэлээр хүмүүсээ бэлтгэх, нохойн албаны бодлогын түвшний баримт бичиг бүрдүүлэх, материаллаг бааз гээд эхнээс нь бүгдийг хийхэд гар бие оролцсон байна. Б.Наранбадрахын бэлтгэсэн шавь өдгөө 100 дөхөж байгаа аж.

"Араншингаараа яг тохирсон эзэн, нохой хоёр амжилтанд хүрдэг"

Эрэлч нохойн сургалтын төв 40 гаруй нохойтой. Хилийн боомтууд дээр 2-5-уулаа томилогдож ажилладаг. Мөн Замын-Үүд, Буянт-Ухаа, шуудан илгээмж гээд ихэнх нь томилолтоор яваад эзгүй байв. Эднийд овчарка, лабрадор, спаниел, малиноа гэсэн таван төрлийн нохой бий. Дэлхий нийтэд хамгийн сүүлийн үеийнх гэгдэж буй малиноа гэх жижигхэн шар нохой бусдаас адтай. Бүтээмж өндөр. Аливааг маш хурдан сурна. Сурснаа удаан хадгалах, ачаалал даах чадвартай. Гар утсаар бол хамгийн сүүлийн үеийн загвар гэж хэлж болно.  Б.Наранбадрах даргаас таны нохой сургах арга барил юу вэ гэхэд “Миний арга барил бол нохойнд эзнийг нь зөв сонгож өгөх. Сүүлд хойд хөршид очиход яг энэ арга барилаар ажилладаг юм байна лээ. Гэхдээ тэнд эхлээд хүнийг нь сексологичоор, нохойг нь кинолагичоор судлуулдаг. Би хоёуланг нь өөрөө л хийж байна. 10 гаруй хоног хамт ажиллуулаад ямар төрлийн араншин гаргаж байгааг нь хараад зохицолыг нь мэдчихдэг. Амжилт гаргаж байгааг нь харахад 70-80 хувь нь таардаг гэж боддог. Араншингаараа яг тохирсон эзэн, нохой хоёр амжилтад хүрдэг.

Сургагч хүүхдүүдээ гадаад руу байнга явуулна. Хар тамхины хэрэглээ өндөр түүнийгээ дагаад сургалтын материал нь хөгжсөн орнууд руу сургалтад яваад ирэхдээ манайхтай яг адилхан байна гэдэг. Ер нь дэлхий дээр нохойтой ажиллах арга барил, зарчим нэг л бий. Харин сургагч болон нохойны араншинг судалж мэдэж байж хоорондоо зохицох байдлаар тааруулах нь хамгийн үр дүнтэй” гэлээ.

Эрэлч нохойг хүнээр бол ой хүрэнгүүт нь сургаж эхэлдэг. Бор хоолонд орчихсон зургаан настайгаас нь тоглуулах, зуулгах, хүнээс айхгүй байх дадал суулгана. Үүний дараагаас яваандаа мэргэшүүлж эхэлнэ. Гаалийн байгууллагын сургалтын төв улсдаа ганцаараа гөлөг бойжуулагчтай. Гөлөг бойжуулагчаар багаас нь нийгэмшүүлчихвэл богино хугацаанд мэргэшиж 2-3 сарын дараагаас эрэлд явахад бэлэн болдог гэнэ.

Үнэрч ноход задгай талбайгаас гадна хориотой бодис, өвс, ангийн үс, эд эрхтэн гээд бүх үнэрийг хооронд нь холихүйгээр төмөр хайрцганд архивласан үнэрийн кабинетад бэлтгэлээ хийнэ. Тэнд нэг нь хоёр нүхтэй 1000 тоосгон дундаас хориотой бодисыг үнэртэж олох даалгаврыг өдөр бүр гүйцэтгэнэ. Үдээс өмнө, хойш хоёр цагаар буюу нийт дөрвөн цаг бэлтгэл хийдэг байна. Нохойнуудад гэмт хэрэг илрүүлэхгүй өдөр гэж байхгүй. Улсын хилээр оруулж, гаргахыг хориглосон бүх барааг үнэрлэж мөрдөнө. Харин алдаж байгаа болов уу гэхэд “Чи нэг л эргэлзээд байна уу. Би нохойнууддаа 100 хувь итгэдэг. Хилээр оруулаад ир бид илрүүлээд өгье гэж хэлдэг. Молекул үнэр хязгааргүй. Улсын хилээр орж, гарч байгаа түмэн бодис бий.

Тухайлбал, жигнэмэг, саван, угаалгын нунтагнаас хар тамхийг яаж салгаж үнэрлэх вэ гэдгийг нохойндоо сургадаг. Шатахуун, тос маслоос ангийн арьс, эд эрхтэнг яаж ялгаж салгах вэ. Нохой дугуй биш тарваганы арьсыг олох  дадлыг суулгах ёстой. Хэрэг илрүүлэхэд нэг хувь нь нохой. 99 хувьд нь эзний тархи ажиллах ёстой шүү гэж байнга захьдаг.Нохойны үнэрлэх чадвар хүнээс 7000 дахин илүү. Хүний биеэс гарч байгаа тосон үнэрнээс эхлээд тухайн орчинд байгаа бүх үнэрийг ялгадаг. Нохойны үнэрлэх чадварыг гүйцэх зүйл дэлхий дээр байхгүй” гэв.

"Японоос багш ирнэ гэвэл эргэлзэнэ. Харин Монголоос очиж болно"

Гаалийн байгууллага арваад жилийн өмнө гадаадаас хувь хүнээс нохой худалдаж аваад сургаж бэлтгээд ашигладаг байсан бол одоо өөрсдөө үржүүлж “шинэ” нохой гаргаж авч байна. Энэ талаар Б.Наранбадрах “2015 онд Азербайжанаас эм, эр хоёр малиноа авчирсан. Гадаадаас авчирсан нохой манай орны цаг агаар, хоол унданд дасах гэж удна. Тэр их үнэтэй капиталыг сайн арчилж эмчлэхгүй бол үхнэ. Монгол мал амьтдад өвөл хөөвөр ургадгийг судлахад идэж байгаа хоолтойгоо холбоотой байсан. Тиймээс гаднаас авчирсан нохойгоо монгол маягаар хооллоод сайн арчлаад ирэхээр үс нь сорлоод, хөөвөр ургаад ирдэг юм билээ. Дараа нь шунаад төлийг нь авахаар үржил селекцийн ажил хийгээд эхний жил амжилтгүй болсон. Харин хоёр дахиас нийлж амжилттай болсон. Лондонгийн амьтны хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Тэднийхэн ирээд монголжуулсан малиноаг таниагүй гайхсан. Гэхдээ гадна төрхөөс бусдаар чадвар нь бол хэвэндээ” гэв.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын төлөвлөлт дээр гаалийн байгууллага мэдрэмжтэй ажиллажээ. Шинэ нисэх буудлыг түшиглэн олон улсын стандартад нийцсэн эрэлч нохойн сургалтын төвтэй болж байгаа. Удахгүй шинэ байрандаа орохоор сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ. Энэ талаар нь сонирхоход Б.Наранбадрах дарга “Одоогийн байр орон зайн хувьд хязгаарлагдмалаас гадна хүрээлэн буй орчин нөлөөлж байна. Гэр хорооллын дунд байрладаг болохоор нохой сургах үйл явцтай харшилддаг. Бусад оронд онгоцны буудлын ойролцоо нохой сургалтын төв нь байрладаг. Шинэ байртай болохоор дэлхийн аль ч орноос ирээд түвшнээ шалгах, сургалт хийхэд материаллаг баазаас эхлээд дутах юмгүй. Албан ёсны гэрчилгээтэй боловсон хүчин бэлтгэдэг болно. Байгууллагууд нохойгоо бэлтгэдэг, тэр битгий хэл хувь хүмүүс ч гэсэн нохойгоо сургах боломжтой. Зөрчлийг илрүүлэх, барьж хорих шиг амар юм байхгүй. Харин шинэ төвөө түшиглээд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Энэ боломжийг өнөөгийн гаалийн удирдлагууд их сайхнаар олж харсанд баярлаж байгаа” гэв.

Түүнээс манай нохойн сургалт олон улстай харьцуулахад хаана нь яваа бол гэхэд “Япон хөгжлөөрөө бол супер. Нохой бэлтгэх сургах тал дээр манайхтай ижил түвшинд байгаа. Онгирч байгаа юм биш. Японоос багш ирнэ гэвэл эргэлзэнэ. Харин Монголоос очиж багшилна гэвэл эргэлзэхгүй. Ер нь би нохойг үнэлэх дургүй. Ур чадвараасаа хамаараад маш үнэтэй капитал” гэж байна. Ийм л үнэнч албатууд эх орныг маань манаж байгаа гэж бодохоор бахархаж, тайтгарнам. Харин эзэндээ үнэнч эрэлч нохдын хэмжээлшгүй их гавьяаг нь өөрсдөө биш эх орон нь тэдний өмнөөс “хэлж өгдөг” юм. 

Н.Батсүх: 17 жилийн хугацаанд таван нохой хөтөлсөн  

Бэлтгэлийнх нь үеэр гаалийн эрэлч нохой сургаад 17 жил болж байгаа Буянт-Ухаа гаалийн газрын улсын байцаагч Н.Батсүхтэй цөөн хором ярилцахад “Нохойг сургахдаа арчилгаа маллагаанаас эхэлнэ. Эрүүл мэндийн байдлыг нь эмчид хянуулж байх хэрэгтэй. Мэргэжлийн дасгал сургуулилтыг эхлүүлэхээс өмнө наадуулах, салхилуулах зэргээр биеийн чилээг нь гаргаж идэвхжүүлдэг. Зэрэгц, суу, бос, хэвт, ир гэсэн ерөнхий дасгал хийлгэнэ. Үнэрийн дасгалыг сайн хийлгэх ёстой. Нохойны хамар хэр сайн ажиллаж байгаагаас шалтгаалж үнэрийг хэр хурдан татаж авч байгааг нь мэднэ. Хамрыг нь сайн ажиллуулахын тулд бөмбөлгөн тоглоомын аргаар идэвхжүүлж байгаад үнэртэй нь хослуулдаг. Өөрөөр хэлбэл, үнэр шингээсэн тоглоомоо хайж байгаа гэсэн үг. Сургалтад хамрын нэг л үнэрийн дасгалыг өдөрт дор хаяж 8-9 удаа хийдэг. 

Миний хувьд цагаан лабрадортой ажиллаж байна. 17 жилийн хугацаанд таван нохой хөтөлсөн. Нохойны ид үе 4-5 жил байдаг. Олон жил төрөл бүрийн юм үнэртээд байхаар чадвар нь жаахан сулардаг. Миний сургасан нохой гол төлөв суух маажих дохио өгнө. Эрэлч нохой хөтлөгч нохойныхоо дохиог маш гярхай ажиглах, зөрчлийг яавал хурдан илрүүлэх вэ гэдэг техникийн төлөвлөгөөгөө боловсруулах ёстой” гэв. Н.Батсүх цаг үеийн онцлогоос хамаарч олон нохойтойгоо олон удаагийн том зөрчлийг илрүүлж байжээ. Тухайлбал, 2001-2005 онд 23 тонн спирт, тарваганы арьс 400 гаруй, чоно 45, ирвэсний арьс хэд хэдийг илрүүлж улсын орлого болгосон. 2008 оноос хар тамхийг давталттайгаар гурав, 2009-2015 онд сум, буу, тэсэрч дэлбэрэх бодисыг 13-15 удаа буюу нэг удаадаа хамгийн их нь 23 мянган ширхэгийг илрүүлж байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Өчигдөр 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Өчигдөр 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Өчигдөр 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top