x

Д.Эрдэнэбат: Аливаа юм үнэнээрээ байх шиг үнэ цэнэтэй зүйл үгүй

Кино шиг амьдрал гэж байдаг, эсэх талаар хүмүүс өөр өөрийнхөөрөө л ярьцгаадаг. Гэвч кино шиг амьдралыг биеэр туулсан хүний дайтай ойлгож мэдэрнэ гэдэг боломжгүй. Тэр доторх эхлэл, өрнөл, оргил, тайллын сюжет бүрийн уур амьсгал, зөрчлийг мэдэрсэн хүнд амьдрал ямар санагддаг бол. Ялангуяа хэтэрхий бага балчир насандаа кино шиг амьдралыг үзэж туулсан хүүхэд ямар хүн болж төлөвшдөг юмбол...

Ийм нэгэн эрхэм өмнө минь сууж байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Дондогдоржийн Эрдэнэбатын тухай бид мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй явжээ. Ярианы явцад байн байн тамхи асаах нь түүний хувьд хэвшил байж болох ч үе үехэн долгисон чичирхийлэх сэтгэлийн утсаа тогтоон намжаах гэсэн арга ч байж мэднэ. Олон жилийн өмнө хав дарсан “архив”-ыг нь уудалж, кино бичлэгийн “хальсан"  дахь хүүхэд насны хөндүүр дурсамжаа нэхэн санах шалтаг өдөөсөн сэтгүүлчийн ажлыг минь эрхэм уншигчид болгооно биз ээ.

 -БАГА НАС МИНЬ ТИЙМ Ч АМАР ХЯЛБАР БАЙГААГҮЙ, ЭРХ БАГЫН ГЭНЭН ЦАГААН ДУРСАМЖ ХОВОРТОЙ ХҮН- 

-Таныг Сэлэнгийн уугуул, Зүүн хараа хотод төрж, өссөн гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Хот суурин газар, хөдөөгийн хүүхдийн ялгаа их байдгийг миний хувьд Сэлэнгийн Орхонтуулаас Архангайн хөдөө буйд газарт анх очихдоо мэдэрч билээ. Зүүнхараа хотод Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Миний ээж Хараагийн уугуул. Хараа голын хөндий дагаад манай төрөл садангууд олон байдаг. Дунд сургуулиа төгсөөд гадагшаа сурахаар явчихсан тул хамаатнуудаа тэр бүр бүгдийг нь мэдэлцээгүй өнгөрсөн тал бий. Гэхдээ хүний төрж, өссөн нутаг ус, нутгийн хүмүүсийн тухай дуртгал, хүүхэд насны дурсамж гэдэг кино зураг шиг хөврөөд сэтгэлд хадаатай л байдаг. Зүүн хараа хот яах аргагүй амьдрал буцалсан том суурин байсан. Ялангуа миний амьдралын эхлэл төмөр замтай холбоотой юм. Үнэнийг хэлэхэд бага нас минь тийм ч амар хялбар байгаагүй. Эрх багын гэнэн цагаан дурсамж ховортой хүн гэхэд болно.

-Хүүхэд хэрсүүжихэд учир бий. Тэр учрыг лавлаж болох уу?

-Амьдрал алаг цоогтой. Миний ээж эцэг хоёр намайг дөрвөн настай хоёр тийш болсон юм. Төрсөн эцэг маань Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. Төмөр замд насаараа цахилгаанчин хийсэн. Ээж минь төмөр замд эмч. Тэр үед дүү охин маань нэг настай байсан санагдана. Би чинь эцэг, эхээс хоёулхнаа шдээ. Социализмын үеийн шүүх хуралдаад биднийг эцэг, эхэд минь нэг нэгээр нь салгаж өгсөн.

-Та хэнийг нь дагах болов?

-Намайг төрсөн эцэгт минь, дүүг ээжид маань өгөх шийдвэр гарсан юм билээ. Тэр цагаас миний хүүхэд насны амьдралын их сонин хуудас эхэлсэн гэж хэлж болно. Эцэг маань Зүүнхараагаас Тарнийн амралтад цахилгаанчнаар очиж, би гэдэг хүн ээж, дүү хоёроосоо хол, эцэгтэйгээ аж төрөх болсон хэрэг.

-Том, жижиг хоёр эр хүн яажшуухан аж төрж байгаа бол?

-Юм юм л үзнэ шүү дээ. Аав Тарнийн амралтад жил гаруй болоод буцаж төмөр замдаа ирэнгүүтээ Улаанбаатар хотод ажиллах болов. Ингээд би чинь хотын хүүхэд болчихож байгаа юм. Таван настай хүүхэд аавыгаа дагаад Улаанбаатар хотод ирж, ойр зуурын зараалд ийш тийш явахад төөрөөд байхааргүй болсон байсан гэхээр эртнээс биеэ дааж сурсан шиг байгаа юм. Энэ тухай би урьд нь огт ярьж байгаагүй шүү. Хот, хөдөөгийн хүүхдүүдийн тухай гээд сая чамайг асуухад хүүхэд насны минь явдлууд дурайгаад ирж байна.

Юм үнэнээрээ байх шиг үнэ цэнтэй зүйл үгүй. Хотод ирээд би их сонин амьдрал үзсэн. Хойт эхтэй байж үзсэн. Хойт эхийн гар харж өсөх ямар байдгийг би мэднэ. Би бас өргөмөл дүүтэй байж үзсэн. Хойт эхдээ аяганы ёроолоор толгойгоо хагалуулчихсан, цусаа гоожуулаад өлгийтэй өргөмөл дүүгийнхээ сүүнд гүйж явсан хүн. Төсөөлөөд үз дээ.

-Тийм багадаа цүлхийтэл амьдралын цүнхээл рүү шидэгдэхээр балчир хүүхэд яаж хүлээж авах вэ?

-Бүрэг бараг ухаан суух үедээ тийм юм үзэхээр хүүхэд хачин хэрсүү болчихдог юм билээ. Одоогийн энэ Төмөр замын эмнэлгийн  зүүнхэн талд орших урт цагаан  коридорлосон байранд өнгөрүүлсэн хүүхэд нас. Тэр хэдэн жил тав, зургаахан настай хүүг оюун санааны хувьд эрийн цээнд хүргэсэн шүү. Хэнд ч тээр дараа болохгүй өөрийгөө авч явах, өөрийн гэсэн бодолтой байх, биеэ даахад сургасан. Найман настайдаа хотод сургуульд орох болтол намайг эмнэлэг рүү дагуулж яваад шинжилгээ өгүүлэх хүн байхгүй, ганцаараа очиж байв. Сүүлдээ аав ч гадарласан байх. “Энэ хүүхдийг ингэж явуулаад байж болохгүй. Ээжид нь өгөх ёстой юм байна” гэж. Тэгсэн нэг өдөр би усаа авах гээд худаг дээр очтол  ээжтэйгээ таарчихдаг байгаа. Удаан уулзалдаагүй эх, хүү хоёр таарахаар юу болох нь ойлгомжтой. Тэр өдрийг ер мартахын аргагүй. Тэгэхэд би Зүүнхараа явмаар байгаагаа ээждээ шууд хэлсэн. Ээж ч ойлгосон.

-Их том эргэлтийн шийдвэрийг газар дээр нь өөрөө гаргажээ дээ?

-Ээж минь аавтай уулзаад, намайг өөр дээрээ авахаар болж байгаа юм. Аав, бид хоёрыг Зүүн хараа руу галт тэргээр явж байхад бас нэг сонин тохиолдол болсон нь одоо ч санаанаас гардаггүй. Суудлын галт тэрэгний үйлчлэгч эгч аавыг таньдаг гээд надад 1 төгрөг өгч билээ. 1966 оны шинэ мөнгөн тэмдэгт шүү дээ. Урьд нь хүнээс мөнгө авч үзээгүй байсан надад тэр 1 төгрөг мөнгөний үнэ цэнийг ухааруулсан. Одоо ч 1-тийн дэвсгэрт харахаар тэр үеийн үйл явдлууд дүрс бичлэг шиг нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг. Худгийн хажууханд байх талхны цехийн үнэр, хааяа өлсөхөөрөө тэрийг үнэртэх гэж зорьж очдог байсан хүүхэд насны дурдатгал. Нуулгүй хэлэхэд, миний амьдралын хамгийн хүнд бэрх үе тэр л байсан. Гэхдээ би төрсөн эцэгтээ талархдаг. Тэр үед намайг ойлгоод ээж рүү минь явуулсанд. Хэрэв тэгээгүй бол намайг ямар хувь заяа хүлээж байсныг ёстой таашгүй.

-Саар муу зүйлд ч сайн тал бий гэдэг. Тэр цаг үе Танд олон зүйл сургасан байх?

-Тийм шүү. Эрдэнэбат гэдэг хүнийг амьдрахуйн асар их тэвчээрт сургасан. Аливаа зүйлийг дандаа тэвчиж өнгөрөөхийг илүүд үздэг болчихдог юм билээ. Би хүнд итгэмтгий, түүнээсээ болж алдах нь ч бий. Гэхдээ тэр болгоныг ер нь л тэвчиж ирсэн дээ. Зүүнхараад ирэхэд ээж минь хүнтэй суусан байсан. Би тэр хүнийг аав гэж дууддаг. Их сайн хүн...

“Би төрсөн эцэгтэй, намайг хүн болгосон аавтай хүн” гээд Дондогдорж аавынхаа ярьж эхлэхэд хоолой нь зангираад, ширээн дээрх аягатай ус руугаа ухасхийв. Дондогдорж гуай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уургуул болохыг тэрбээр онцолж байлаа. Мөн Эцэг, аав гэдэг хоёр үгийн хооронд утгын ямар их зөрүү байдгийг тэр амьдралаараа туулсан нэгэн.

Нэгэн насныхаа амьдралын хамгийн хүнд үеийг өөрийнхөөрөө туулаад, дэлгэр сэтгэлийнх нь алган дээр ирж байгаа балчир хүүд Дондогдорж гуай аавын хайр, нөмөр нөөлөг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлжээ. Хүн хүндээ сэтгэлээ дэвсэх шиг эерүү дотно мэдрэмж хаана байх билээ. Хэлье гэснээ хэнээс ч эмээхгүй  хэлчихдэг, хийе гэснээ хэнээр ч заалгахгүй хийчихдэг өөрийнхөөрөө характертай, спортод дуртай, дэггүй “салхитай” хүү эхэндээ аавыгаа чамгүй “зовоосон” гэнэ. Гэхдээ ардын багшийн арга ухаан, хүүдээ өгсөн итгэл, сэтгэл, хайр халамжийн нөмөрт түүний амьдралын бас нэгэн шинэ хуудас нээгдэж, Зүүнхараа хотын нэгдүгээр 10 жилийн сургуульд оржээ.

-ААВ МИНЬ ҮНЭХЭЭР ХҮНИЙ ДЭЭД БАЙСАН-

-Дондогдорж багшийг Сэлэнгийнхэн ихэд хүндэтгэдэг юм билээ. Аавынхаа тухай яривал сайхан дурсамж олон байж таарна?

-Аав минь үнэхээр л хүний дээд байсан. Би анхнаасаа шууд дасаад, итгээд, яг л өөрийнх нь хүн болж төлөвшсөн. Сургуулийн ажил байдлыг сайжруулах гээд аавыг минь ийш тийш байнга томилж ажиллуулна. Аавтайгаа хамт би Сэлэнгийг бараг бүтэн тойрч суралцсан даа. Ээж минь техникумд сурахаар хот явж, дүү охин манай хөгшчүүл дээр үлдэн, аав бид хоёр Ерөө рүү явж байгаа юм. 1968 онд Ерөөгийн сургууль шатаж, нөхцөл байдал маш хүнд байсан тул аавыг захирлаар нь томилсон хэрэг. Ингээд Ерөөд нэг жил болж байтал аав Хонгорын сангийн аж ахуй руу дараагийн томилолтоор явах болж, би тэнд гуравдугаар ангиа дүүргээд, дараа жил нь Баруунхараад дөрөвдүгээр анги төгссөн. Дараа нь буцаад Зүүнхараадаа ирж, 10-р анги төгстөлөө тэндээ сурсан даа. Баруунхараад байхад ээж минь техникумаа төгсөж ирээд бага эмчээр ажиллан, бид дөрвөн тал талаас цуглаж, сая нэг элэг бүтэн амьдарч эхэлж билээ. 

-Эхнэр нь, ээж нь эзгүй хоёр эр хүн дахиад л хамт аж төрж. Хатуугаар хэлбэлхойт эхийн гар дээрээс хойт эцгийн гар дээр ирсэн байна шүү дээ?

-Шууд утгаараа бол тийм. Гэхдээ би аавыгаа хэзээ ч хойт аав гэж бодож байгаагүй. Тэгвэл ёстой алдас болно.Тийм зөв сайхан хүний дэргэд байхаар хүн аяндаа үлгэрлэж суралцана, хүндэтгэнэ, хайрлана. Өдөр ирэх тусам улам ээнэгшин дасна биз дээ.

-БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ХҮНД АМЬДРАЛ СУРГАДАГ -

-“Эрхүүд оюутан байлаа” гэж манайхан ярих дуртай. Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн авто инженер, механикийн ангид суралцаж явсан оюутан ахуйдаа хэр бужигнуулж байв?

-Яах аргагүй тэр үед Эрхүүд маш олон монголчууд сурч байсан шүү дээ. Бүх салбарын гол боловсон хүчнүүд тэнд бэлтгэгддэг. Сургалтын чанар сайтай. Орос, монгол ялгаагүй, нэг л шаардлага тавьдаг. Эхний гурван жил ч дэнтэйдунтай байсан. Гэр орноосоо дөнгөж холдсон залуус дарвиж бужигнах, алдаж онох үе бишгүй. Гэхдээ багаасаа амьдрал үзсэн учраас хүний нутаг, гүний хошуунд биеэ хэрхэн авч явах ёстойгоо бол мэдэлгүй яах вэ. Дөрөвдүгээр курсээсээ ном эрдэмд илүү шамдаж, тавдугаар курст хамгийн түрүүнд дипломоо онц дүнтэй хамгаалж байлаа. Ер нь бол боловсрол, хүмүүжил, харилцаа, хандлагыг хүнд амьдрал л сургадаг шүү дээ. 

-Номын ном гэж байна. Хүний ном гэж айхтар ухагдахуун байна. Хүний номонд та хэнээс суралцсан бэ?

-Хамгийн гол үлгэр дуурайл үзүүлсэн бол миний аав. Дээрээс нь аавыгаа дагаад сум суманд очиж, шинэ анги хамт олон, шинэ багш нартай танилцахаас эхлээд хүний арга эвийг олоход багаасаа суралцсан. Миний амьдралын баримтлах гол чиг шугам хүүхэд ахуйгаас тавигдаж эхэлсэн юм билээ. Хорвоо дээр сайн ч хүн байна. Муу ч хүн байна. Тэр болгоныг хүн өөрийнхөөрөө таньж мэдсэн бол зохицоод амьдрах учиртай. Түүнээс заавал “Чи муу муухай байна” гэж дэвслэх гээд, эсвэл “Энэ яахаараа сайн сайхан байгаад байна” гэж атаархаад байх нь утгагүй гэж боддог. Хүн бүрт өөр өөрийн жаргал, зовлон байна. Нэг мэдэхэд бүхнийг орхиод бүгд буцна гэдгээ ухаарах нь л чухал.

 -ХҮМҮҮСИЙН ИТГЭЛИЙГ ДААЖ, ХҮНДЛЭЛЭЭР ХҮРЭЭЛҮҮЛЖ АМЬДРАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ҮГҮЙ-

-Сургуулиа төгсөж ирээд Багануурын уурхайд 10 жил ажилласан. Нийгмийн шилжилтийн үеийн амаргүй нөхцөлд их уурхайн нэг хэсгийг удирдаж ч явсан. Улс төр лүү орсон шалтгаан тань юу байв?

-Багануурын уурхайд 10 жил ажиллахдаа би тэнд хөдөлмөрийн үнэ цэнэ хийгээд эгэл жирийн ажилчин хүний жаргал, зовлон юу болох, уурхайчны ажил амьдралын утга учир юунд оршдогийг сайтар мэдэрсэн. Тэр үед би хэзээ ч дарга болох юмсан, энийг ингээд өөртөө ашигтайгаар шийдчихье гэж бодож яваагүй. Дарга ч бай, цэрэг ч бай, хүнтэй хүний ёсоор харьцаж, тэвчих ёстойгоо тэвчээд, хэлэх ёстойгоо хэлээд ойлголцохыг боддог. Энэ зарчим тэр үед төлөвшсөн юм. Өөрөөр хэлбэл, Багануурын уурхай миний ажил, амьдралын зарчим төлөвшсөн асар том сургууль байсан.

1980-аад оны дундаас 1990-ээд оны эхэн хүртэлх тэр амаргүй цаг үед уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүй, Улаанбаатар хотыг гал алдуулчихгүй байхын тулд 200 гаруй ажилтантайгаа яаж хэл амаа ололцох вэ гэдгийг байнга бодно. Сургууль сургууль дамжсан сурагч нас, оюутан ахуй цаг, уурхайд ажилласан он жилүүд гээд олонтой бужигнаж явсных хүмүүсийн арга эвийг олно оо. Амьдралынхаа энэ мөчүүд дээр дүгнээд харж байхад би аливаа нэгэн зүйлд хэт их шунаж, туйлширч яваагүй юм билээ. Хар багын найзуудаас эхлээд оюутан цагийн нөхдүүд, уурхайд хамт ажиллаж байсан хүмүүс одоо хэр нь сайн, муу юман дээр хамгийн түрүүнд надад хандаж,жаргал зовлонгоо хуваалцдаг. Энд хүний итгэл, хүндэтгэл гэж чухал юм байгаа учраас үүнд дээр би харин өөрийгөөтоодог шүү. Багануурынхан, уурхайчид, найз нөхөд хажуугаас нэг юм хэлээд байгаа нь надад итгэл хүлээлгэж буйн илрэл учраас шийдвэрээ гаргасан. Гэхдээ үнэнийг хэлэхэд би 1996 онд улс төрд орсондоо өөрийгөө алдсан гэж боддог.

-Яагаад тэр вэ?

-Магадгүй би хувийн бизнесээ хийгээд явсан бол одоогийнхоос илүү сэтгэл амар, илүү амьжиргаатай байх байсан болов уу.

-Эрдэнэбат гэдэг хувь хүний хувьд...?

-Тийм. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалд би тэгж шийдэхээс өөр аргагүй байдалд өөрийгөө оруулсан байсан л даа. Учир нь би өөрийнхөө зарчимд тулгуурласан үзэл бодлоо баталгаажуулъя гэж зорьсны үндсэн дээр улстөрд орсон. Надад өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодол бий. Түүнийгээ баталгаажуулах нь чухал. Үүгээрээ бол би давуу талтай гэж боддог. Үүний төлөө ч өнөөдрийг хүртэл явж байна.

-Үзэл бодлоо баталгаажуулж чадав уу?

-Миний амьдралын тэн хагас нь ардчилсан Монгол Улсын ардчилсан нийгмийн төлөө, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч хамгаалагдаасай гэж хүсэж, зорьж ирсэн. Би социалист нийгэмд уурхайд ажиллаж байхдаа хүний эрх яаж хязгаарлагддагийг, хүн хөдөлмөрөө хийснээрээ үнэлүүлж чадахгүй байгааг дэндүү сайн ойлгосон. Улсын үйлдвэрийн хамаг хөрөнгө үнэгүйдэж, үрэн таран хийгдэж байгааг, тэрэнтэй харьцуулахад ажилчдын цалин ямар өчүүхэн байгааг хараад буруу эдийн засаг яваад буйг их анзаардаг байсан. Ямар сайндаа би уурхайчин залуустайгаа “Хэзээ нэгэн цагт хүмүүс сарын цалингаараа машин авдаг болно доо” гээд мөрөөдөж ярьдаг байлаа. Тэр үед машин тэрэг ховор, тэнгэрт тулсан үнэтэй ч байв. Өдгөө уул уурхайн ч юм уу, том компанийн сайн менежер, сайн мэргэжилтэн цалингаараа машин авах хэмжээнд очоод байна шүү дээ.

Миний хувьд ардчилсан Монгол Улс байгаасай, энэ олон үзэл бодлыг хүндэтгэж яваасай гэж анхнаасаа л бодож зорьж яваа хүн. Ардчилсан намыг сонгосон шалтгаан минь ч энэ.

-Таныг “Эрдэнэбат МАХН-ын гишүүн байсан шүү дээ”гэж мушгих хүмүүс мэр сэр байдаг.

-Социализмын үед би МАХН-ын гишүүн байсан нь үнэн. Учир нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө Монгол Улс нэг л намтай байсан. Би Багануурын уурхайн шилдэг хэлтсийн дарга нарын нэг байлаа. Тэр үед албан тушаал хашдаг хүн заавал намын гишүүн байх ёстой гээд, намд элсүүлдэг байсныг өнөөгийн залуус мэдэхгүй байж магад. Ингээд 1992 онд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд намаас гарч байлаа. Тэр хооронд би аль нэг нам гэхгүй, хувийн бизнесээ хийгээд явж байсан ч нөгөө үзэл бодол, зарчим дотроос хатгаад болдоггүй. Тэгээд 1996 онд Багануур дүүрэг болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие дааж нэр дэвшээд, хоёуланд нь ялалт байгуулж байв. Гэвч бие даагч ганцаараа ямар ч асуудлыг шийдэх боломжгүй учраас миний өмнө намын сонголт зайлшгүй тулгарсан. Тэр үед ямар ч эргэлзээгүйгээр Монголын Үндэсний Ардчилсан намыг сонгосон. Маш зөв сонголт хийсэн гэж боддог.

-Манайд өдгөө “цүнх барих” гэдэг улстөрийн шатны гишгүүр хэдийн бий болсон. Таны улс төр дэх замнал ямар шатаар өгссөн гэж хэлэх вэ?

-Би өнөөг хүртэл хэний ч цүнхийг бариагүй. Хэн нэгэн дээр очоод “Намайг өөд нь татаад өгөөч” гэж гуйж яваагүй. Улс төрийн халуун гал тогоонд ил гарах үе ч байсан, далд байх үе ч надад байсан. Улс төрийн албан тушаалуудад очихдоо хэн нэгэнд төлбөр төлж байсангүй. Энэ л миний зарчим. Хүмүүсийн итгэлийг дааж, хүндлэлээр хүрээлүүлж амьдрах шиг сайхан зүйл үгүй.

-Та сая бие даагч ганцаараа ямар ч асуудлыг шийдэх боломжгүй тул намын сонголтын өмнө ирсэн гэлээ. Гэтэл өнөөдөр манайхны дунд “Алийг нь ч сонгоод хэрэг алга. Нам шиг хэрэггүй юм алга” гэсэн хандлага нэлээд газар аваад байна. 76 бие даагч сонголоо гэхэд юу болох вэ?

-Төрийн бодлого гэж байдаг. Төрийн бодлогыг нэг хүн хийвэл энэ нь Хаант засаглал. Төрийн бодлогыг нэг хэсэг баг хийвэл энэ нь улс төрийн намаар дамждаг зүй тогтол. Дэлхийд ерөөсөө энэ хоёр засаглалын хэлбэр явж ирсэн. Гэтэл чиний хэлдгээр 76 бие даагч сонгогдлоо гэхэд тэд нэг баг болж чадах уу, яаж бодлого боловсруулах юм гэдэг чинь зайлшгүй бодох асуудал.

Монгол бол Үндсэн хуулиараа парламентын засаглалтай орон. Парламентын засаглалтай орон улс төрийн намаар дамжуулан бодлогоо хэрэгжүүлнэ. Харин миний шүүмжлэлтэй ханддаг гол зүйл бол улстөрийн намууд өөрсдийн гэсэн үзэл баримтлалтай байх ёстой юм. Бодлогын, үзэл баримтлалттай намууд байх ёстой. Хэнээс ч ичиж зовоод байх зүйл үгүй. Би бол Ардчилсан намыг баруун төвийн үзэл баримтлалаа хадгалах ёстой, байр суурин дээрээ бат зогсох ёстой гэж үздэг. Би өөрөө либерал хүн. Би хувийн өмчтэй байхыг зөв гэж үздэг. Би хүний эрх, эрх чөлөөг байх ёстой гэж үздэг. Би бусдын үзэл бодлыг ч хүндэтгэж явдаг. Тиймээс өнөөдөр цөөнгүй улстөрчидтэй үзэл бодлын асар их зөрчилдөөн дунд явдаг. Тэрийгээ ч өөрөө мэднэ. Тэглээ гээд Эрдэнэбатыг ямар нэг байдлаар гүтгэж доромжлоод ч би бууж өгөхгүй. Одоо хэн ч миний үзэл бодлыг өөрчилж чадахгүй.

-МОНГОЛД АРДЧИЛСАН НАМ ХЭРЭГТЭЙ-

-Улс төрийн намыг шинэчлэх ёстой гэж олон жил ярьдаг. Таныхаар Ардчилсан нам хэзээ, яавал шинэчлэгдэх боломжтой вэ?

-Өнгөрсөн дөрвөн жил надад төдийгүй Ардчилсан намын хувьд хамгийн хүнд бэрх 4 жил байсан. Гэхдээ 2000 онд тав, зургаан намын нэгдэл дээр  Ардчилсан намыг байгуулахдаа бидэнд алдсан юм бий. Үзэл баримтлалын гэхээсээ илүү хувь хүмүүсийн хоорондын харилцааны нэгдэл болчихсон. Үүний задрал одоо яваад байна. Би хувьдаа үүнийг зөв гэж хардаг. Монголд Ардчилсан нам хэрэгтэй.

-Үзэл баримтлал нь, бодлого нь хэрэгтэй. Гэвч тэр нь байна уу?

- Байгаа. Монгол Улсад ардчилсан төр, хүний эрх, эрх чөлөөний үзэл, бодлого нь хэрэгтэй. Томоохон групп корпорацууд зах зээлийн зарчмаараа хөгжиж, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, дундаж давхаргынхныг нэмэгдүүлэх нь туйлын чухал зорилт мөн биз дээ. Энэ рүү алхам алхмаар ойртож байна. Алдаа мэдээж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийг ажиглаарай. Юу юу болов. Бүр сүүлдээ нэг хүнийг тахин шүтсэн сонгууль явуулах гэсэн галзуурал хүртэл явлаа. Энэ улс тэгэхээр хаашаа яваад байгаа юм. Ийм байхад Ардчилсан үзэлтэй манай намынхан үүнийг зөвшөөрөөд дуугүй байгаад байж таарахгүй.

-Та бол цөөнхийн ч, олонхийн ч бүлгийн даргаар ажилласан туршлагатай хүн. Өнгөрсөн дөрвөн жил танд хамгийн хэцүү байсан гэхээр эрх баригчдаас гадна журмын нөхдөд тань ч хамаатай байх, тийм үү?

-Их хуралд есүүлээ байгаад явцын дунд долуулаа болсон. Есөн тоо гэдэг үнэмлэхүй цөөнх. Ардчилсан үзлийг хамгаалах, хүний эрх эрх чөлөө, үзэл бодлыг хамгаалах ард түмний дуу хоолой хэрэгтэй учраас бид энэ үүргээ л биелүүлэх учиртай. Гэтэл хувь хүний эрх ашгаа хамгаалаад, түүндээ хөтлөгдөөд энэхүү нийтлэг эрх ашиг, суурь зарчмаас дээгүүр тавиад байгаа хүмүүстэй би хамтарч ажиллахад хэцүү биз дээ. Тэгээд долуулаа боллоо. Сүүлд хоёр бие даагч орж ирсэн, бас л хэн ч биш юм байна гэдгээ ойлгосон. Ний нуугүй хэлэхэд. Дахиад нэг бүлэг шиг “юм” болсон, тэгээд энэ УИХ тарлаа. Үнэхээр хүнд цаг үе байсан. Эрх барьж байх үеийнхээс ч хүнд байсан. 

Ерөөс улстөрийн намууд үзэл баримтлалаараа хуваагдах, ялгарах цаг нь болчихсон. Гэтэл өнөөдөр хувь хүний хоорондын харилцаанаас үүдэлтэй задрал яваад байна. Энэ нь цаашлаад үзэл бодлын задрал болон хувирч байна. Надтай хамт мөр зэрэгцэж явсан нөхөр маань хүртэл “Хувийн өмчийг хураах ёстой” гэчихсэн үзэн ядаад явж байна. Тэгэхээр яаж бид нэг тогооноос хоол идэж байсан юм бэ гэж бодоход хүрч байна. Би бол өөрийнхөө үзэл баримтлал, зарчмаас хэзээ ч ухрахгүй. Үүнийгээ ч одоо манай намыг зориод ирж байгаа залууст би хэлдэг юм. “Та нар албан тушаал авахын тулд Ардчилсан намд орох гэж байгаа бол уучлаарай, тийм зүйл байхгүй. Ардчилсан нам анх нэгдэхдээ хийсэн алдаа нь энэ юм. Одоогийн шинэчлэлийн гол амин сүнс нь үзэл баримтлалаараа нэгдэх юм шүү” гээд залуучуудад захидаг. Түүнээс биш Ардчилсан намыг хэрэгтэй үедээ ашиглаад, албан тушаалыг нь авангуутаа эргээд журмын нөхдөө доромжилж дэвсээд хаявал утгагүй. Ядаж хүн ёсны юмтайгаа үлдье л дээ.

- Хүн үлдэх нь үү?

-Үлдэх улс нь цөөхөн байг, хамаагүй. Гэхдээ Ардчилсан нам намаараа байх нь энэ Монгол Улсад хэрэгтэй юм. Өнгөрч буй дөрвөн жилд Ардчилсан намыг үгүйсгэх, байхгүй болгох гэсэн олон санаархал явлаа. Одоо“Адгийн юм” гэгдээд байгаа Ардчилсан намын бодлогыг хэсэг хугацааны дараа монголчууд үгүйлнэ.

-Үгүйлэх үед нь бэлэн байж чадах нь чухал байна. Тухайлбал, ирэх 4 жилд Ардчилсан нам хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Бидний өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь эдийн засгийн хуваарилалтыг социалист аргаар хийсэн явдал юм. Энэ алдааг өнөөдөр хэн ч засахыг хүсдэггүй. Гэтэл өнгөрсөн жил харин ч бүр энэ алдаагаа төгөлдөршүүллээ.  Төсвийг зөвхөн дээрээ хураадаг, орон нутагт ямар ч эрх мэдэлгүй болгочихсон. Хөгжлийг орон нутгаас эхлүүлнэ гэж тунхагласан хэрнээ орон нутагт төсөв хөрөнгийн, удирдлагын эрх мэдлийг олгохгүй болохоор тэр орон нутгийнхан яаж хөгжих вэ дээ. Хамаг төсвийг нэг дор төвлөрүүлчихээд нэгдсэн төсвийн тогоо руу бүгд өнгийж, дур зоргоороо хуваан, хариуд нь авлига авдаг. Үүнийг бид нэн тэргүүнд засаж залруулах хэрэгтэй байна.

Ардчилсан намд эрх барих боломж олговол төвлөрсөн төсвийг задалж, орон нутаг руу шилжүүлнэ. Төсвийн бүх эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлсний уршгаар ЖДҮ-гийн асуудал дэгдэж, эрх баригчид яаж булхайгаа дэлгэлээ. Мөнгө, эрх мэдэл нь энэ хавьд эргэлдээд байгаа учраас орон нутгийн хөгжил зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийг, хүний хөгжлийн асуудлыг төвлөрсөн социалист аргаар удирддаггүй юм гэдгийг баталж харуулсан дөрвөн жил байлаа. Төсвийн эрх мэдлийг орон нутаг руу задалж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг хэрэгтэй хүмүүст нь өгснөөр залуу боловсон хүчнүүд энд хэн нэгний цүнх барьж гүйхийн оронд нутагтаа ажил, амьдралаа төвхнүүлэх боломж нээгдэнэ.

-Таны ярианд хувийн өмчийг хамгаалах тухай нэлээд хэд гарсан. Өмч яриад байхаар тань “Эрдэнэт”-ийн 49 хувийг  хувьд өгсөн гэдэг дээр тайлбар авмаар санагдлаа?

-Би нэг зүйлийг чамд хэлэх үү. Тэрүүхэн цаг хугацаанд хавчигдсан нөхцөлд шийдвэр гаргах эр зориг хүнд хэрэгтэй байдаг. Түүнээс хувийн эрх ашиг биш шүү. Хулгай луйвар бол бүр ч биш. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар дөрвөн жил зарим хүн мөлжиж улстөр хийлээ. Яг нарийндаа “Эрдэнэт”-ийн 49 хувь гэдэг чинь юу билээ гэдэг дээр иргэдийн ойлголт маш бүрхэг байгаад би харамсдаг. Би хэзээ хулгай хийж яваагүй. Бас хэн нэгэнтэй хуйвалдаж Монголын баялгийг гадагш зөөж гаргаагүй. тэр 49 хувь бол Монголын ард түмний өмч, энгийн хувьцаа байгаагүй юм. ОХУ-ын өмчид байсан 49 хувийг худалдаалах гэж байхад тэрийг Монгол Улс авах нь улстөрийн үүднээс хамгийн зөв шийдвэр гэж үзсэн учраас би Засгийн газарт танилцуулсан. Тэгээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ шийдвэрийг гаргалцсанаа би маш зөв алхам гэж боддог. Харин тэр 49 хувийг авахдаа хаанаас ямар мөнгөөр авах вэ гэдэг нь Засгийн газрын, эсвэл Эрдэнэбатын асуудал биш. Үйлдвэрээр улс төр хийж болохгүй гэдгийг би хамгийн сайн мэднэ. Ардчилсан хувьсгалын үеэр Багануурын уурхайд ч элдэв улстөржилт гарах тоолонд “Үйлдвэрийн хаалганаас гадна улс төрөө яриарай” гээд халгаадаггүй байсан. Цаг хугацаа бүхнийг харуулна.

-СЭЛЭНГЭЧҮҮД ХЭЗЭЭНЭЭСЭЭ ХӨДӨЛМӨРЧ УЧРААС ЧАДДАГ ХҮМҮҮСЭЭР НЬ АЖИЛ ХИЙЛГЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ-

-Хэдийгээр үнэмлэхүй олонхийн эсрэг сөрөг хүчнийг толгойлсон амаргүй цаг хугацаа байсан нь үнэн ч гэлээ тойрог бол тойрог. Та өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо ямар хөрөнгө оруулалтын ажлууд хийж хэрэгжүүлэв?

-Эрх мэдэлгүй сөрөг хүчин байлаа гээд зүгээр суугаагүй ээ. Орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран, хаана, юуг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг эрэмбэлж төлөвлөн гаргасан. Манай тойрог есөн сумтай. Би нэг зүйлд сэтгэл хангалуун байгаа нь тойргийнхоо нийгмийн асуудалд, ялангуяа боловсролын салбарт эрчимтэй хөрөнгө оруулалт хийж чадсан явдал юм. Олон жил дорвитой хөрөнгө оруулалтгүй орхигдоод байсан салбар юм. Боловсролын салбарт барилга байгууламжийн шинэчлэлээс эхлээд сургалтын тоног төхөөрөмж, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын хөгжил хүмүүжлийг дэмжих чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүллээ. Харамсалтай нь, төсвийн эрх мэдлийг орон нутагт өгөхгүй, Засгийн газарт төвлөрүүлснээс улбаатай зарим ажил маань он дамжин удааширсан тал бас бий.

Сэлэнгэ бол Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн гол бүс нутаг. Тиймээс Сэлэнгэд зам дэд бүтэц маш чухал. 2012 оноос хойш Сэлэнгийн бүх сумдыг засмал замаар холбох зорилт тавин ажилласан, одоо гурван сум л үлдсэн. Олон хүн надаас “Улсын хэмжээний замуудаа яаж тавья даа гэж байхад Сэлэнгэ яагаад бүх сумд нь засмал замаар холбогдох ёстой юм”гэж асуудаг. Би ганц л зүйл хэлдэг. Сэлэнгэд монголчуудын хүнсний хэрэгцээний 60 хувийг үйлдвэрлэж, тэндээс зөөдөг юм” гэж. Үүнээс болоод олонтаа адлуулж, гүтгүүлж, шалгуулсан. Тэглээ гээд үүнийг тоохгүй ээ. Яагаад гэвэл энэ бодлого зорилтоо зөв гэдэгт огтхон ч эргэлздэггүй. 

-Яг үнэн. Хүн явдаггүй газарт зам гүүр тавина, сумын төв дотор км хүрэхгүй засмал зам тавьж төсвийн хөрөнгө үрж байхаар өөр хэрэгтэй газарт нь зарцуулаасай гэж өмнөөс нь халагладаг.

-Мөнгөний хуваарилалт ухаалаг байх ёстой. Юунд зарцуулах, юуг хойшлуулах, алийг нь бүр алгасах гээд эрэмбэ дараа чухал. Би Сэлэнгэ нутагтаа өртэй хүн. Гэхдээ өртэй гээд хов хоосон хөндий газар байшин барина, эсвэл усгүй газарт гүүр тавина гэж төсвийн хөрөнгийг үрэхгүй. Миний баримталдаг гол зарчим бол аливаа зүйлийг томоор харж, томоор сэтгэх.

Манай Сэлэнгэчүүд үнэхээр хөдөлмөрч ард түмэн. Тиймээс ирэх дөрвөн жилд Сэлэнгэчүүдийнхээ хөлс хөдөлмөрийг бодитоор үнэлүүлэх, хүн ардынхаа өмч хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр голлон анхаарна. Замын дэд бүтэц бүрэн шийдэгдэнэ. Одоо цахилгаан эрчим хүч, тэгээд усжуулалтын асуудал хөндөгдөнө. Газар тариаланд түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор  хөгжүүлж чинээлэг малчин өрхийг бий болгох жишиг загвар яах аргагүй Сэлэнгээс түүчээлэх учиртай. Тиймээс хийж чаддаг хүмүүсээр нь ажил хийлгэх боломжийг олгох тухай яриад байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн хувьсгалыг Сэлэнгэ нутгаасаа эхлүүлж, бодитоор үр өгөөжийг нь хүртэх эхлэлийг тавих нь улс төрд байгаа миний нэг том шалтгаан. Түүнээс биш надад илүү эрх мэдэл, илүү том албан тушаал хэрэггүй. Эдийн засгийн хувьсгалыг Сэлэнгэ нутгаасаа эхлүүлж, бодитоор үр өгөөжийг нь хүртэх эхлэлийг тавиад өгчихвөл санаж бодож байгаа зүйл минь биелэх нь тэр дээ.

-Удахгүй шинээр байгуулагдах парламентад Үндсэн хуулийг дагалдах гол гол хуулиудыг хэлэлцэн батлах маш чухал үүрэг ногдоно. Тиймээс та бүхэн шиг төрийн үйл ажиллагаа, зарчим, эрх зүйг мэддэг тулхтай, туршлагатай, жинхэнэ төрийн түшээд хэрэгтэй гэж бодож байна.   

-Ирэх дөрвөн жилд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагасан хууль эрх зүйн томоохон өөрчлөлт гарна. Тиймээс Үндсэн хуулийн дагалдах гол гол хуулиудаа өөрчлөхөд ул суурьтай хандах ёстой. Дагалдах хуулиудаа яаж өөрчлөхөөс ардчилсан Монгол Улсын цаашдын хөгжил шууд хамаарна. Үүнийг ойлгодог хүмүүс ч байна. Ойлгохгүй улстөрчид ч бишгүй байгаад үнэндээ эмзэглэдэг. Тухайлбал, сая сүүлд Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхэд нь би дэмжихгүй гэдгээ хатуу илэрхийлээд ороогүй. Яагаад гэвэл орон нутгийн сонгуульд бие дааж нэр дэвшүүлнэ гэдэг ойлголт байж болохгүй. Улс төрийн намуудыг Үндсэн хуулиараа баталгаажуулж өгчихөөд Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд түүнийхээ эсрэг оруулчихаар орон нутгийн сонгуульд 21 “хулгайч” бие даагаад гараад ирвэл тэд юу хийх, яаж нэгдэх, ямар бодлого гаргах юм бэ гэдэг нь огт ойлгомжгүй болно. Энэ мэтээр хууль эрх зүйн нарийн ширийн нюансыг мэдэрдэг, зарчмыг нь мэддэг, бодит амьдрал дээр яаж буухыг нь доторлодоггүй юм гэхэд гадарладаг хүмүүс энэ чухал хариуцлагатай үед хэрэгтэй гэдэг үнэн. Гэхдээ үүнийг багаараа хийнэ шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн бие даагч гарч ирээд, шууд хийчихгүй.           

УИХ-ын гишүүнээр найман жил ажиллах хугацаандаа тэрбээр нэг зүйлийг алхам тутамдаа мэдэрдэг байж. Хүний, өөрийн нам, эвсэл, бүлэг гэлтгүй бүх хүн өөрийнх нь үгийг чагнаархаж сонсдог, үзэл бодлыг нь үнэлж хүндэтгэдэг, аливаа нэг асуудалд байр суурийг нь тандаж мэдэхийг хичээдэг болохыг мэдэрч иржээ. Үзэл бодол нийлэхгүй, зөрчилддөг хүн ч гэсэн өөртэй нь ярилцаад гарахдаа дотроо толгой дохиод гардгийг өдий насны “бурхи” ялгаж салгаж мэдрэлгүй ч яах вэ.

Өнөөгийн улстөрд зарчимтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ тууштай хүн “нүдний гэм” болсон талаар их ярьдаг. Гэхдээ энэ цагийн монгол залууст “төрийн хүн” гэдэг ухагдахууныг үлгэрлэдэг цөөхөн менторуудын нэг нь Дондогдоржийн Эрдэнэбат гэдгийг хэдэнтээ сонсож байсан юм.

Арав хүрэхгүй насандаа амьдралыг ухаарч ойлгон, сорилт бэрхшээл бүхнээр нь өөрийгөө болд төмөр мэт давтаж, хайлуулж бүтээсэн “дархан” хүний ноён нуруу тийм ч амархан нугарч хугардаггүй бололтой.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top