Өсвөр насны дөрвөн хүүхэд өчигдөр 17 цагийн орчим нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших усан толионд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тогтоол ус буюу усан толио нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн байжээ.
Тодруулбал, дээрх компани нь тухайн газарт тохижилтын ажил хийж, барилгын шороо авснаас хөрсний ус тогтжээ. Энд хүүхдүүд хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад осолдсон байна. Хэргийн газарт үүссэн усан толионд өсвөр насны 10 орчим хүүхэд өчигдөр үдээс хойш тоглож байсан мэдээтэй байна. ОБЕГ-т 16:00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн талаар дуудлага ирүүлснээр албан хаагчид газар дээр нь ажилллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед тэрээр амиа алджээ.
Хүүхдүүд Дэнжийн 1000-аас ирж тоглож байгаад осолдсон бөгөөд Онцгой байдлын аврагчид үлдсэн 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ.