x

Дэлхийн элгэнд шившгээ дэлгэхээс өмнө хилээ нээж иргэдээ авчиръя

Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд жилд 270 сая ам.доллар ар гэртээ явуулдаг судалгаа бий. Тэдний илгээсэн мөнгө эдийн засгийн эргэлтэд чамгүй үүрэг гүйцэтгэж ирсэн.

Гэвч хэрэгтэй үедээ “цус сэлбээд”, хүнд байдалд ороход нь хаалгаа түгжин, хуншгүй зан гаргаж буй төрийн бодлогод тэд туйлдаж эхэллээ. Дэлхийн 46 улсаас 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч ГХЯ, тусгаар улсуудад суугаа Монголын ЭСЯ, Консулын газруудын үйл ажиллагаа дэндүү хангалтгүй, УОК-ын шийдвэр хэт удаан, нугалаа ихтэй байгаад бухимдацгааж байна. Монголоос ирэх нислэгийг нүдээ ширгэтэл харж, өдөр өдрөөр дордож буй нөхцөл байдлаас хэрхэн гарах аргаа бараад байгаа иргэдийнхээ өмнөөс дуугарахгүй өнгөрч боломгүй. COVID-19-ийн нөлөөгөөр дэлхийн бүх улс хохирол амсаж, хүнд байдалд байгаа ч Монгол шиг хувиа хичээн, хилээ хаачихаад сардаа нэг авчрах иргэдээ коронавирус мэтээр харж, олон нийтэд жигших ойлголт төрүүлж буй нь алга. Азийн улсуудаас 5100 хүн Монголдоо буцах хүсэлтээ өгснөөс зөвхөн БНСУ-аас 3600 орчим иргэн ЭСЯ болон УОК-т удаа дараа хандаад байна. Тэд эх орондоо ирэхийн тулд ЭСЯ-ны гадна жагсаал хийх хүсэлт гаргасан ч коронавирусийн улмаас зөвшөөрөл олгоогүй. Мөн жирэмсэн болон хавдартай хүн хүртэл өлсгөлөн зарлахаар шийдсэн ч хориглосон байна. Харин 22-нд хэвлэлийн бага хурал хийх боломж олгохоо амлажээ.

БНСУ хилээ бүрэн нээж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаад буй. Солонгост өнгөрсөн оны сүүлийн байдлаар 48,185 иргэн ажиллаж амьдарч байгаагаас одоогоор нэг ч монгол хүн COVID-19-ийн халдваргүй байна. Саяхан Korean air авиакомпани 196 улс руу нислэг үйлдэх, хэвийн ажиллагаагаа эхлүүлэх хүсэлт өгснөөс дөрөвхөн улс хилээ нээх хариу ирүүлээгүйн нэг нь Монгол Улс. Гэтэл тус улсад ажиллаж амьдарч буй гаднын иргэдийн дийлэнх нь монголчууд байдаг. Монгол Улс хилээ хааснаас хойш БНСУ-аас гурван удаа тусгай үүргийн онгоцоор, нэг удаа транзит нислэгээр иргэдээ авсан. Гурван удаагийн нислэгээр ирсэн 761 хүн УОК-ын таван шаардлагад бүгд нийцсэн гэвэл эндүүрэл. Ар өврийн хаалгаар, дарга даамлаар яриулсан, мөнгө өгсөн гэх явган яриаг батлах мэт эрүүл саруул, хүүхэдгүй, идэр насны залуус эх орондоо буусан. Тэднийг буруутгах гэсэнгүй, харин тэдгээрийн оронд хүнд байдалтай, зовлон бэрхшээл дүүрэн ганц ч атугай иргэн багтсан бол дээр байхсан гэх харамсал төрж байна. Эдийн засаг хүндэрч, ажилгүй орлогогүй болохын хэрээр иргэд Солонгост очиж хар ажил хийж, амин зуулгаа залгуулахыг юун түрүүнд боддог. 2014 онд Солонгост гэрээгээр ажилтан авах бүртгэл 30 хувьдаа ч хүрэхгүй хугацаа нь дуусах гээд байгаа “зовлонгоо” дүүргийн хөдөлмөр, халамжийн алба хаагч учирлаж байлаа. Гэтэл сүүлийн гурван жилд Солонгост ажиллах хүсэлтэй иргэд хонон өнжин дугаарлаад ч явж чадахгүйдээ бухимддаг болсон нь гашуун үнэн. Эмзэг бүлэг рүү гулсахын наахнуур эцсийн боломжоо ашиглаж, Солонгосыг зоригсод өнөөдөр давхар давхар хүнд байдалд ороод байна. Тэд энд үлдээсэн ар гэр, үр хүүхдэдээ ирэхийг хүсэж байна. Засгийн газраас 0-12 настай ээжүүдэд цалинтай чөлөө олгож, хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлсэн. Гэтэл хэдэн хүүхдээ хаяад харьд хөдөлмөр эрхлэхээр явсан иргэдэд энэ шийдвэр огтхон ч хүртээлгүй байсаар байна. Тэд цалин, тэтгэмж гуйгаагүй, зөвхөн үр хүүхэдтэйгээ хамт байхыг л хүссэн. Асран хамгаалагчийн хайнга байдлаас болж хүүхэд гэмтэж бэртсэн, харж байсан хөгшин настай ээж, аав нь хүнд өвдсөн, нас барсан зэрэг олон зовлон Солонгос дахь монгол эцэг эхчүүдэд тохиолдож байна. УОК-оос тавьсан таван шаардлагын нэгд 0-12 насны хүүхэдтэйгээ хамт яваа иргэдийг багтаадаг шигээ бага насны хүүхдүүдээ орхисон ээжүүдийг хамруулдаг болгоё. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хамтдаа өнгөрөөх ёстой нандин дурсамж гэж “уянгалахаа” больё. Зөвхөн хүний эрх, хүүхэд хамгааллын асуудлыг харгалзан үзэх хугацаа нэгэнт болсныг сануулж байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, ТББ-ууд харьд суугаа иргэдийн хүүхдүүд гадуурхагдан өнгөрөх тэгш бус байдлыг одоо залруулахын төлөө ажиллах учиртай баймаар. Гадаадад гацсан монголчууд мөнгөн тэтгэмж, халамж гуйгаагүй. Тэд зөвхөн хилээ нээж, нутагтаа ирэх боломж олгох, чартер нислэгээ шударгаар зохион байгуулахыг л хүсдэг. Эдгээрээс хамгийн олон хүний цөхрөл, бухимдал шингээд буй БНСУ-ыг онцолсон нь учиртай. Хэрэв хүсвэл, тусгай үүргийн нислэгээр өдөр дараалан авчирдаггүй юм гэхэд долоо хоногт хоёр удаа явуулах бүрэн боломж бий. Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ ч иргэнээ боддог бол хамгийн их ачаалалтай ажиллаж, УОК, Засгийн газар, ГХЯ-д удаа дараа нөхцөл байдлаа танилцуулан шаардах учиртай байв. Харамсалтай нь хүний нутагт хүнд байдалд орсон иргэдээ хөсөр хаяж, дотооддоо нэр хүндээ хичээн, сонгууль угтсан улс төржилтөд автаж буйд нь ичиж байна. Бид бэлтгэгдсэн, харин одоо хилээ нээе. Иргэдээ авчиръя. Эрх баригчид хүсвэл дөч гаруйхан нислэгээр хүсэлт гаргасан хүн бүрийг авчрах боломжтой. Энэ бол гаднын улсын захын нэг авиакомпанийн хагас өдөрт багтааж гүйцэтгэх үйл ажиллагаа шүү дээ. Аргаа барахдаа өнөөгийн улс төрийн нөхцөлтэй уялдсан шийдвэрээр хилээ нээх боломжтойг сануулъя. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийг бөөгнөрүүлж, уулзалт хийж болохгүй онцгой дэглэм тогтоосон. Харин УОК ирэх сарын 2-нд энэ дэглэмээ сулруулах шийдвэр гаргавал хилээ нээх боломжтой болох юм. Сонгогдохын тулд биш, “гадаадад хүнд байдалд байгаа иргэдээ бодож дэглэмээ сулрууллаа” гэсэн уянгалаг тайлбар тавиад л хөл хориогоо сулруул, хилээ нээ. Буян нь бум буман санал болж очиг, хамаагүй.

"Иргэд ярьж байна"

Солонгост гацсан монголчуудын ар гэрийн төлөөлөл нөхцөл байдлаа учирлаж байна

Өндөр настан Т (Хэнтий аймаг, 90 настай) 

-Миний охин 61 настай Д нэгдүгээр сарын 17-нд охиноо эргэхээр Солонгос руу яваад тэндээ гацсан. УОК-ын өндөр настан шаардлагад багтсан хэдий ч зургаан удаа нутаг буцах хүсэлтээ өгөөд ирж чадахгүй байна. Зээ охин маань сурдаг тул тэтгэврийн хөгшинтэй хоёул санхүүгийн хүнд байдалд ороод байна. Би 90 гартлаа Монголын төрөөс гуйж үзээгүй, энэ удаад л өндөр настай охиныг минь авчирч, амьд дээр минь уулзуулахыг чин сэтгэлээсээ гуйж байна. 

Иргэн Б (Улаанбаатар, 40 настай) 

-Миний эхнэр Г хоёрдугаар сарын 14-нд Солонгост эмнэлэгт үзүүлэхээр явсан. Үе мөч шохойжилттой, шингэнгүй болсон учраас муухан явдаг. Энэ хугацаанд эмнэлгийн бичиг, эрүүл мэндийн байдлаа удаа дараа баримтаар мэдүүлсэн ч ирж чадахгүй байна. Би цус харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, группт орсон. 0-13 насны гурван хүүхэдтэйгээ гэртээ байдаг. Эхнэр маань УОК-ын тавьсан эрүүл мэндийн шалтгаанаар нислэгт багтах ёстой ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй. 

Иргэн Б (Улаанбаатар, 47 настай) 

-Миний дүү Б нь хоёрдугаар сарын 15-нд хүнд өвдсөн нөхөртөө онош тодруулах шинжилгээ хийлгэхээр орон байраа зараад БНСУ-ыг зорьсон ч одоо болтол ирж чадахгүй байна. Тэд 3-7 насны гурван хүүхдээ харж асрах хүнгүйн улмаас өндөр настай аав ээж дээрээ түр үлдээгээд явсан. Аав нь 80 настай, байнгын асаргаанд байдаг, ээж нь 76 настай хөл муутай хөгшин бий. Энд байгаа ар гэр, тэнд суугаа хүнд өвчтэй хүн аль аль нь маш хэцүү байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. 

Иргэн Х (Улаанбаатар, 36 настай) 

-Миний ах С нь хоёдугаар сарын 26-нд эхнэрийн хамт гэмтэл авсан хадам ээжээ асрах зорилгоор Солонгос явсан. 3-14 насны таван хүүхдээ ээжид харуулж үлдээсэн боловч тавдугаар сарын 3-нд ээж маань өвчний улмаас нас барсан эмгэнэлт явдал тохиолоо. Ингээд би өөрийн дөрвөн хүүхдийн хамт ахынхаа таван хүүхдийг асарч байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, есөн хүүхэд асран хамгаалахад маш хүнд байгаа учир ах эгч хоёроо тусгай үүргийн нислэгт багтаах хүсэлтэй байна. 

Тодруулга

Солонгос дахь ЭСЯ гуравдугаар сарын 13-наас хойш өнөөдрийг хүртэл үүдээ хааж, иргэдийг хүлээж аваагүй

  • Ажилгүй, орон гэргүй болсон иргэд цөөнгүй. Солонгост саунд зургаан вон төлөөд хонож болдог. Саунаар хоноглож, заримдаа бүр метроны буудалд сууж шөнийг өнгөрүүлж байгаа тохиолдол олон байна

БНСУ-аас Монголд ирэх хүсэлтээ өгсөн иргэд УОК-ын шийдвэрийг хүлээж цөхрөөд зохион байгуулалтад орж, иргэний шугамаар асуудлаа тавьж эхлээд байна. Тэдний төлөөлөл болсон Т.Долгорсүрэнтэй уулзлаа. Тэрбээр гадаадад байгаа монголчуудын болон энд байгаа ар гэрийнхний хүсэлтийг цуглуулж, холбогдох байгууллагуудад уламжилж байгаа ч нааштай хариу авч чадаагүй яваа нэгэн юм. 

-Та хэзээ Монголд ирсэн бэ. Ямар шалтгаанаар нутаг буцах иргэдийн тоонд багтсан бэ? 

-Би гуравдугаар сарын 15-ны анхны чартер нислэгээр ирсэн. Би умайд цус хуралттай, цус алдаж болзошгүй эрүүл мэндийн шалтгаантай, мөн 6-14 насны гурван хүүхдийн хамт зорчиж явсан болохоор УОК-ын шаардлагыг хангасан гэж үзээд нислэгт багтсан юм. 

-Тухайн үед бүртгэл хэрхэн явагдаж байсан бэ? 

-Гуравдугаар сарын 12-ны 09:30 минутад бүртгэл эхэлнэ гэж ЭСЯ-ны Консулын газрын пэйж хуудсанд бичсэнийг хараад очсон. Мэдээллийн дагуу эрт очиход бараг хүнгүй, монголчуудад зар хүрээгүй байсан. Ингээд би өдөржингөө тэнд байж, бусдадаа мэдээлэл дамжуулсан юм. Тэр өдөр 260 орчим хүн ирж бүртгүүлсэн. Ингээд 13-ны 17:30 минут хүртэл бүртгээд ЭСЯ үүдээ хаасан. Учир нь энэ өдөр 19:30 цагийн үед Монгол Улсын ЭСЯ-ны байрны ойролцоо коронавирусийн халдвар илэрсэн тул ариутгал хийнэ гэх нэрээр хаалгаа бариад, цаашид нэг ч хүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Өнөөдрийг хүртэл 2-3 хүн цахимаар болон утсаар мэдээлэл авч байгаа гэх боловч иргэддээ үүдээ нээгээгүй л байна. 

-Бүртгэлд ямар хүмүүс хамрагдаж байгааг мэдэхийн тулд нэрсээ ил болгохыг шаардаж байна. Солонгосоос ирсэн, ирэхийг хүссэн иргэдийн дунд байгаа мэдээллээс энэ шаардлагыг хангасан эсэх талаар баримт ярьж байгаа хүн байна уу? 

-Эхний чартер нислэгт шаардлага хангасан хүмүүс л багтсан байх шиг байсан. Харин сүүлийн гурван нислэгт багтсан хүмүүсийн талаар гомдолтой зүйл олон бий. Хамт явж байсан хоёр залуугийн нэг нь маргааш нь гэнэт нислэгт багтаад ирсэн, 19 настай цоо эрүүл охин сонгогдсон. Тэр бүү хэл энд байгаа ар гэрийнхэн нь нислэгт багтаахаар мөнгө өгсөн тухай ярьсан гэх мэт эргэлзээтэй олон асуудлууд иргэдийн дунд яригдаж байна. 

-Солонгосоос ирэхийг хүсэж буй иргэд, тэдний ар гэрийнхэн танд өргөдлөө дамжуулж өгсөн гэсэн. Тойм тоо хэлбэл хичнээн иргэний хүсэлт цуглараад байна вэ? 

-Би албан ёсоор хүсэлт авдаг хүн биш учраас тодорхой хэлж чадахгүй л дээ. Гэхдээ фэйсбүүкт групп үүсгэхэд 3688 хүн нэгдэж, Монгол явах хүсэлтээ илэрхийлээд байна. Эдгээрээс Монголд байгаа хүүхдүүд нь эрсдэлд орсон, ахуйн ослоор гэмтсэн, харж буй өндөр настнуудын эрүүл мэнд муудсан зэрэг шалтгаантай 1900 орчим иргэний өргөдөл цуглаад байна. Мөн хүүхдүүдийг нь асран хамгаалж буй хүн нь 70 хүртэл хувийн хөгжлийн бэрхшээлтэй 220 орчим иргэдийн хүсэлт ирсэн. Түүнчлэн УОК-ын таван шаардлагыг хангасан ч нислэгт багтаж чадахгүй байгаа 20 гаруй иргэний гомдол цуглаад байна. Би өөрт цугласан өргөдлүүдээ Ерөнхий сайдад, Ерөнхийлөгчид, мөн УОК-т тус бүр хоёр удаа бичиг хэргээр нь дамжуулж өгсөн боловч одоо болтол ямар ч хариу өгөөгүй. Энд үлдсэн 0-12 насны хүүхдүүд ээж аавыгаа санаж, эрсдэлд ойрхон байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 

-УОК-ын таван шалгуур хангасан хүмүүс ирэхэд хичнээн төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай вэ. Түүнийг гаргаж чадахгүй хүмүүсийн байдал ямар байна? 

-Солонгосоос Монгол руу ирэх иргэд эрүүл гэдгээ бататгахын тулд 180 мянган воны үнэтэй шинжилгээ хийлгэсэн байх ёстой. Мөн УОК-ын дансанд тусгаарлагдах 21 хоногийн төлбөр нэг сая 50 мянган төгрөгийг хийнэ. Хэрэв 980 мянган төгрөгөөр бусад авиакомпанийн нислэгийн тийз авсан бол өөрчлүүлж, МИАТ-ийн чартер нислэгийн 524 мянган вон нэмж төлөх ёстой. Ингээд нэг хүн хоёр сая орчим төгрөг гаргах шаардлагатай. Гэтэл богино хугацаагаар очсон иргэд санхүүгийн хувьд хүндрэлд ороод байна. Мөн ажилгүй, орон гэргүй болсон иргэд цөөнгүй. Солонгост саунд зургаан вон төлөөд хонож болдог. Саунаар хоноглож, заримдаа бүр метроны буудалд сууж шөнийг өнгөрүүлж байгаа тохиолдол олон байна. Гэхдээ иргэд мөнгө зээлээд ч хамаагүй Монголдоо очихыг л хүсэж байна. 

-УОК-оос иргэдээ авч чадахгүй байгаа шалтгаанаа тусгаарлах байрны нөөцтэй холбоотой гэдэг. Та тусгаарлалтад байсан хүн. Улсын хэмжээнд нэмж гаргах боломжгүй өндөр босготой газар байв уу. Цаашид хэрэгжүүлж болмоор санал байна уу? 

-Би “Энх саран” сувилалд 16 хоноод, цус алдалтын улмаас ХӨСҮТ-д ирж, үлдсэн хоногоо дуусгасан. Тусгаарлалтад би гэр бүлийнхнийхээ халууныг өдөр бүр үзэж, тэмдэглэж, сувилагч руу зургийг нь дарж явуулдаг байсан. Эрүүлээ батлахын тулд өдөр бүр хариуцлагатайгаар халуунаа хэмжиж мэдээлсэн. Иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж ирсэн учраас заавал бэлтгэсэн байранд тусгаарлахгүйгээр гэртээ ч өөрийгөө хянаж болно. Өнөөдөр аялал жуулчлалын салбар унаж, олон газар хоосон байгаа шүү дээ. Үүнийг дагаад ажилгүйдэл ч нэмэгдэж байна. Тэгвэл тэдгээр олон улсын жуулчдыг авдаг газруудад тусгаарлаж яагаад болохгүй гэж. Хүний нөөцийн асуудал ярьдаг. Гэтэл Сувилахуйн ухааны сургуулийн төгсөх ангийн 20 гаруй оюутантай уулзахад хоёр сар цалингүй ажилладгаа хэлсэн. Тэднийг тусгаарласан хүний халууныг үзээд хянаад байх зохицуулалт ч хийж болмоор санагдсан. Мөн харуул хамгаалалтад нь Дотоодын цэргийн найман цагаар ажилладаг алба хаагчдыг нэмэгдэл цалинтай ажиллуулж болно. Хийх хүнд арга олдоно гэдэг дээ, харамсалтай нь шийдвэр гаргагчид хүсэхгүй байх шиг байна.

Э.Батцэцэг

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21 Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна 2024-04-21 Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top