x

Дараагийн Ерөнхий сайдын "толгойны өвчин"

Монгол улсын экспорт урд хөршөөс бараг 100% хараат бөгөөд манай улсын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүн, тодруулбал, зэс, нүүрсний борлуулалт  голлох үүрэг гүйцэтгэдэг. Иймд дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш унах бүр манай  эдийн засаг хямардаг гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрш зөвхөн нүүрс авахаа болиход л манайд орж ирэх ёстой арван ам.доллар тутмын дөрөв нь сох дутна. Ингэснээр валютын нийлүүлэлт багасаж ханш өсөх, төсвийн орлого биелэгдэхгүй байх эрсдэл бий болно. Үргэлжлэх хугацаа нь нэг хоёр улирал болоход л эдийн засгийн хямрал эхэлнэ. Энэ тохиолдолд өр тавих эсхүл ОУВС-гийн өмнө “алгаа дэлгэх”-ээс өөр арга байхгүй.

Манай улс зах зээлд шилжсэнээс хойш эдийн засгийн хямралд орох бүртээ ОУВС-аас 7 удаа зээл, тусламж авч байжээ. 2012-2016 онуудад зэсийн ханш 2 дахин, нүүрс 6 дахин унаж манай эдийн засаг хямарсан. Үүнийг иргэд тэр бүр сайн ойлгоогүй. Тухайн үеийн сөрөг хүчин байсан МАН-ынхан “Бид эдийн засгийг 17 хувь хүртэл өсгөснийг, АН дампуурууллаа” гэдэг үгийг тоть шиг давтсаар иргэдэд ийм ойлголтыг суулгаж чадсан. Үр дүнд нь асар их бүтээн байгуулалт хийж эдийн засгийн хямралыг бие даан шийдвэрлэсэн АН-д сонгогчид муу дүн тавьсан билээ. Харин бодит байдал дээр манай эдийн засгийн өсөлт 1990-1994 болон 2009 онуудад сөрөг үзүүлэлттэй гарч байсан юм.

Дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч эхэлсэн үед УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болсон боловч хариуцлагаас зугтан ОУВС-ын ард орж “нуугдав”. Тэдний УИХ-ын сонгуульд амласан бүхэн огт биелсэнгүй. Бодлогын жолоогоо ОУВС-д атгуулчихсан завтай эрх баригчид бүтэн дөрвөн жилийн турш өмнөх хүчнээ харлуулахаас өөр ажил хийсэнгүй. Дөрвөн жилийн ажлаа зөв тоймлож чадаагүй мөртөө тэртээ 2050 оны хөгжлийг төлөвлөсөн нь сонгогчдын дургүйцлийг хүргэхээс цаашилсангүй.

ЭРХ БАРИГЧ НАМУУДЫН ХАРАЛГАН БОДЛОГО

Улс орон маань яагаад ойр ойрхон “эдийн засаг, санхүүгийн хямрал”-д өртөөд байна вэ? Үүнийг эмчлэх ямар арга байна вэ гэдгээс л өнөөгийн эрх баригчид ажлаа эхлүүлэх ёстой байсан юм. Уг нь амтай болгон “эдийн засгаа солонгоруулах ёстой” гэж ярьж байгаа боловч энэ чиглэлд хуруугаа хөдөлгөсөн нь тун цөөн. Харин 2012-2016 онуудад энэ чиглэлд дорвитой ажлууд хийжээ. Үүний бодитой жишээ нь ипотекийн хөтөлбөр. Хямралын жилүүдэд олон мянган ажлын байрыг бий болгоод зогсохгүй 82 мянган өрх шинээр орон байртай болсон юм. Энэ томоохон хөтөлбөрт “сохор зоос” ч  гаднаас зээлээгүй. Монголбанкнаас гаргасан гурав орчим их наяд төгрөг өдгөө тав болон арвижиж яваа.

Барилгын салбар сэргэж, цементээ зуун хувь дотооддоо үйлдвэрлэдэг болоод зогсохгүй арматур төмрийн үйлдвэрүүд олноор байгуулагдаж эдийн засгийг “солонгоруулах” ажлын эхлэл тавигдсан юм. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг МАН Засгийн эрх авмагцаа зогсоосон. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн ипотекийн хөтөлбөрийг УИХ-ын сонгуульд ялахын тулд элдэвлэж, харлуулна гэдэг дэндүү харалган алхам. Манай улс хөгжихгүй байгаа шалтгаан ердөө энэ. Харин эрх баригчид ээлжит сонгууль ойртсонтой зэрэгцэн ипотекийн талаар ам нээж эхэлжээ. Мөрийн хөтөлбөртөө ч оруулсан бололтой юм ярьж харагдана лээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ДОРВИТОЙ БОДЛОГО СОХ ДУТАЖ БАЙНА

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр шинээр байгуулагдсан Засгийн газар өмнөх дөрвөн жилд тохиосон эдийн засгийн хямрал ямар шалтгааны улмаас гарав, цаашид ийм эрсдэлтэй байдлаас зайлсхийхийн тулд юу хийх ёстой вэ гэдгээс л ажлаа эхлүүлэх ёстой байсан юм. Гэвч тэд дөрвөн жилийн турш эрх барьж буйгаа огоорон сөрөг хүчний байр сууриас “гоншигнохоос”  цаашилсангүй. Өмнөх дөрвөн жилд эдийн засгийн ямар алдаатай арга хэмжээ авч хэрэгжүүлснийг судлаачид шинжээчид нь дүгнэдэг юм байгаа биз. Харин яавч Засгийн газар биш. Элдэв хөтөлбөрөөс идэж уусан асуудал байсан бол хууль хяналтынхан нь ажлаа хийг л дээ. Харин яавч парламент биш. Ийнхүү улс оронд хэрэгтэй, хэрэгжүүлэх тодорхой бодлогогүй улс төрийн хүчин Засгийн эрхэнд гармагц урд өмнөхөө ухаж төнхөхөөс өөр ажил хийдэггүй аж.

Харин ирэх дөрвөн жилд Засгийн эрх барих улс төрийн хүчинд маш амаргүй даваа үлдээжээ. Өөрөөр хэлбэл, асар хүнд он жилүүд бидний өмнө байна. Магадгүй 1990-1994 онуудад учирч байсан хямралаас ч илүү эдийн засгийн хүнд нөхцөл байдал тулгарч болзошгүй. Энэ “гүн хар ангал”-ыг ганц нэгэн улс төрийн хүчний хийрхлээр давж туулах боломжгүй юм. Донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагын тусламж бодит утгаараа ус агаар мэт хэрэгтэй болно. Төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд бүгд зогсоно. Бүсээ хамгийн эцэст нь хүртэл чангалахаас өөр арга байхгүй. Тиймээс УИХ-ын сонгуулийг хугацаанд явуулж шинээр Засгийн газраа эмхлэн байгуулах өдрөөс эхлэн өнөөгийн эрх баригчдын гаргаж буй бодлогын алдаанд цэг хатгах хэрэгтэй байна. Төсвийн тодотголыг нэн яаралтай горимоор хийж, дараахь ужгирсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхэд бүх нөөц бололцоо, боломжоо ашиглах ёстой.  Үүнд: 

-Төсвийн данхайсан зарлагыг танах,

У.Хүрэлсүхийн Засгийн газар эдийн засаг санхүүгийн гадаад орчны асар таатай нөхцөлд улс орны үндэсний эрх ашгийг эрхэмлэн оновчтой зөв бодлого хэрэгжүүлэхийн оронд МАН, түүний доторх бүлэглэлийн эрх ашгийг урьтал болгон төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлжээ. Төсвийн зарлага гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгө мөнгийг хэлээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон төсвийн нэмэлт орлогыг төсвийн урсгал зардал, үүний дотор, захиргааны урсгал зардлыг санхүүжүүлэхэд зориулсан нь туйлын харамсалтай.

2012 онд 6 их наяд 17 тэрбум, 2013 онд 6 их наяд  164 тэрбум,  2014 онд 7 их наяд 114 тэрбум, 2015 онд 7 их наяд 137 тэрбум байсан төсвийн зарлага 2020 онд 13 их наяд 872 тэрбум төгрөгт  хүрчээ. Төсвийн зарлагыг ганц жилийн дотор буюу 2019 оноос 20 хувиар нэмэгдүүлж нийт зарлагаа 2 их наяд 283 тэрбум төгрөгөөр, урсгал зардлаа 1.8 их наядаар хөөрөгджээ. Дөрөвхөн жилийн хугацаанд төсвийн зарлагаа 2 дахин нэмдэг улс орон манай дэлхийд лав байхгүй. Ийм бодлого хэрэгжүүлдэг улс Африкт ч үгүй болсон байх юм. Төсвийн зарлагыг ийнхүү замбараагүй нэмнэ гэдэг эдийн засгийн хамгийн буруу бодлого бөгөөд “улсаа дампууруулах хорон санаа” гэж хэлж болно.

Төсвийн зарлагыг өсгөснөөр, хамгийн түрүүнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нийт эрэлтийг огцом өсгөж, улмаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Энэ нь хуримтлалыг шахаж, зээлийн эх үүсвэрийг хумих, зээлийн хүүг нэмэгдүүлж инфляцыг шууд хөөрөгддөг зүй тогтолтой. Төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгаас үүдэх инфляцын нэмэлт зардлыг зөвхөн иргэдийн халааснаас  төлдөг “хууль”-тай. Төсвийн зарлагын хэт тэлэлт нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд (инфляц, төсвийн алдагдал, гадаад, дотоод өр) сөргөөр нөлөөлнө.

-Төсвийн алдагдалыг боломжит хэмжээгээр багасгах,

Төсвийн зарлага данхайх нь төсвийг алдагдалтай батлах үндэс суурь юм.  2017-2020 оны улсын төсөв нийтдээ 9 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Алдагдал гэдэг бол өр! Энэ өрийг хэн төлөх юм, мэдээж хэрэг ард түмэн, сонгогчид. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр монгол улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүллээ.

Ийм “архаг төсвийн алдагдалтай” улс орон дэлхий нийтэд туйлын цөөхөн. Ихэнхдээ гадаад, дотоодын дайнд нэрвэгдсэн, эсвэл африкийн ядуу буурай цөөн тооны улс байдаг.

Монгол улсын УИХ-аар өргөн барьсан төсвийн алдагдал

 

2013

2014

2015

2016 -6сар

2017

2018

2019

2020

Төсвийн алдагдал

356 тэрб

416 тэрб

439 тэрб

940 тэрб

2 их наяд 711тэрб

2 их наяд 420тэрб

1их наяд 938тэрб

2 их наяд 74тэрб

ДНБ-д харьцах хувь

2%

2%

1.8%

3.4%

9.1%

8%

5.5%

5.1%

Эх сурвалж: Үндэсний Статикийн Хороо

-Гадаад өрийн дарамтыг багасгах,

Сүүлийн дөрвөн жил төсвийн зардлыг дэндүү данхайлгаж, өндөр алдагдалтай төсөв баталж байсны сөрөг үр дагавар нь Засгийн газрын өрийн хэмжээ огцом нэмэгдсэнээр илэрч байна.  Засгийн газрын нийт өр 2016 оны 2 улиралд 4,785.8 сая ам.доллар байсан бол 2019 оны 4 улиралд  7,806.4 сая ам.долларт хүрч даруй 3 тэрбум ам.доллар буюу 8 их наяд 422 сая  төгрөгөөр өсчээ. Цар тахалтай холбоотой 5.2 их наяд төгрөгийн өрийг нэмээд тооцвол хийж гавьсан юмгүйгээр Чингис бондыг гурав нугалах хэмжээний өр тавьчихаж. Монгол улсын нийт өр 2016 оны 6 сарын 30 өдөр  24,260 тэрбум ам.доллар байснаа  2019 оны 12 сарын 31 байдлаар 30 тэрбум 702 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд 6 тэрбум 442 сая ам.доллар буюу бараг 18 их наяд төгрөгөөр өссөн байна.

Ирэх 4 жилд Засгийн газар гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байна. Ийм боломж Монголын эдийн засагт байхгүй.  “Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх бодлого” гэж яг үүнийг л хэлж болно.

  • Монголбанк “Мөнгөний бодлогоо” нэн даруй өөрчилж ханшийн “хадуурал”-д цэг тавих,

2016 оны 6 сарын 30 өдөр Монголбанкнаас гаргасан ам.долларын хаалтын ханш 1,982.25₮ тэнцэж байжээ. 2020 оны 5 сарын 3 өдрийн хаалтын ханш 2,788.93₮ төгрөгт хүрч 806.68 төгрөгөөр суга өсчээ. Ийнхүү төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2016 оны зургаан сараас хойш 40 хувиар суларсан байх юм. Энэ хэрээр өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсч, тэр хэмжээгээр иргэдийн халаас нимгэрсэн байж таарна. Мөн бизнес эрхлэгчид, ялангуяа валютын зээлтэй зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт ирсэн.  Манай улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй 85.5 мянган аж ахуй нэгжүүдийн 39.9 хувь нь худалдааны салбарт бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниуд ханшийн өсөлтөд хамгийн ихээр өртөж “хаалгаа барьсан” нь олон.

Монголбанк төгрөгийн ханшаа барих зорилгоор 2016 оны зургаан сараас хойш 884.0 сая, 2017 онд 670.0 сая, 2018 онд 1,470.0 сая, 2019 онд 2,870.0 сая он гараад тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд зургаан тэрбум 894 сая ам.долларыг ямар ч үр дүнгүй салхинд хийсгэжээ. Аймшигтай тоо байгаа биз? Өөрөөр хэлбэл, долоон тэрбум ам.доллар гэдэг нь Монгол Улсын бүтэн жилийн турш олборлосон алт, мөнгө, зэс, нүүрс, төмрийн хүдэр, түүхий нефть... гээд нийт экспортын бүтээгдэхүүний борлуулалттай тэнцэх хэмжээний “хатуу валют” юм. Мөнгөний буруу бодлого ийм л өндөр төлөөстэй аж.

Эрх баригчид өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлого бүрийг муйхарлан зогсоож, улс орныг хөгжлийг дэмжих тодорхой хөтөлбөргүй байсан тул дөрвөн жил сөрөг хүчний байран дээр хий эргэсэн гор ийнхүү Монгол улсын эдийн засгийг тамирдуулж, түүхэнд байгаагүй төсвийн данхар зардал, өндөр алдагдалтай, өндийх аргагүй өртэйгээр дараагийн Засгийн газарт шилжүүлэн өгч байна. Хайран дөрвөн жил.

Эдийн засагч Р.Даваадорж /2020 оны 5 сарын 3/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна 11 цаг 39 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна 12 цаг 27 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ 13 цаг 29 мин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 26 мин Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ 14 цаг 43 мин Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна 14 цаг 45 мин "Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв 15 цаг 2 мин Б.Солонгоо: Эрүүдэн шүүсэн асуудалд шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зүйтэй 15 цаг 25 мин Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна 15 цаг 52 мин Эрдэмтэд ах дүү Гриммийн алдагдсан гэх 17 ботийг олов 16 цаг 30 мин Сөнөөгдсөн Абрамс танкийг оросууд галын шугамаас гарган авч чадав 17 цаг 3 мин Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ 17 цаг 37 мин Италийн Киевт зарцуулсан "нууц зарлага" 10 сарын дотор 114,5 сая евро болов 17 цаг 37 мин Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий 17 цаг 43 мин “Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ 18 цаг 34 мин Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх замыг энэ сарын 6-наас түр хааж, засварлана 18 цаг 55 мин Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд болно 18 цаг 55 мин Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ 19 цаг 0 мин АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирлыг хүлээн авч уулзав 19 цаг 15 мин Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Франц, БНСУ, АНУ-тай олон улсын консорциум болох боломжтой 19 цаг 50 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м...
Top