x

Эрх баригчдын үйл ажиллагаанд зах зээл бодит үнэлгээ өгдөг

Ам.долларын ханш өдөр ирэх тутам өсч байна. Үүнд анхаарал хандуулдаг байгууллага, албан тушаалтан ч үгүй болж. Иргэд ч болох ёстой зүйл мэт тэвчдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ.

2012-2016 онуудад манай экспортын голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унаж, эдийн засаг уруудсан. Энэ үед өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байсан бөгөөд төгрөгийн ханш өчүүхэн төдий сулрахад л дуу шуугиантай улс төр хийдэг байв. Ам.долларын ханш 1600 төгрөгтэй тэнцсэн тэр үеийг сануулъя. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ 1600 ширхэг нэг төгрөгийн дэвсгэртүүдийг нэг ам.доллартой харьцуулан хоёр гартаа атгаж байгаад уянгын халилтай шүлэглэж байв.

Харин гадаа нь МАН-ын залуус Саарал ордон руу салаавч гаргаж, түүгээрээ бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд өдөр шөнөгүй тавьж, нийгмийг айдаст автуулж байсан. Харин өдгөө тэдгээр “эх орончид” гэх үү, “эдийн засагчид” гэх үү, нөхөд “уснаас чимээгүй, өвснөөс нам” болсон байх жишээтэй.

Ийнхүү валютын ханшаар улс төржиж ирсэн МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд тансаг амлалтаар дүүрэн мөрийн хөтөлбөр гаргаж, нийтэд танилцууллаа.

Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг” гэж МАН мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон билээ. Тус мөрийн хөтөлбөрт, “Монголбанк мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүулснээр:

(I) зээлийн хүүг бууруулна;

(II) валютын нөөцийг нэмэгдүүлнэ;

(III) инфляцын түвшинг нэг оронтой тоонд барина;

(IV) Монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, зохистой түвшинг хадгална” гэж амласан.

Амласан бол биелүүлэх учиртай. Гэтэл Монголбанкны статистик үзүүлэлтээр, 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр ам.долларын хаалтын ханш 1,982.25 төгрөг байсан бол 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр 2,751.57 төгрөгт хүрч 769 орчим төгрөгөөр өсчихөж. Энэ нь 2016 оноос хойш монгол төгрөгийн ам.доллартой харьцуулсан ханш бараг 40 хувиар суларсныг харуулах “онц муу” үзүүлэлт. Үүнийг “МАН тооцоо судалгаагүйгээр санал авахын тулд сонгогч иргэдээ “молиго үмхүүлжээ” гэж үзэхээс өөр аргагүй.

Монгол Улс нийт импортынхоо 70 хувийг ам.доллароор хийдэг бөгөөд хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа байдаг. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарах тусам гаднаас хатуу валютаар авдаг шатахуун, тослох материалын үнэ ханш өснө. Өнгөрсөн гурван жилд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байхад манайд эсрэгээрээ шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдсэн шалтгаан нь ердөө энэ. Хэрэглээний сагсан дахь гол нэрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн үндэс суурь нь шатахуун юм. Эрх баригчдын тооцоо судалгаагүй амлалт, бодлогогүй үйл ажиллагааны үр дүнд ам.долларын ханш чангарч, улмаар суурь үнэ хөөрөгджээ. Үндэсний валют болох төгрөгийн ханш сулрах нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдгийг тайлбарлах нь илүүц биз. Ялангуяа бага дунд орлоготой иргэд, тэтгэврийн орлоготой ахмадууд уух идэхээ хасан байж өдөр хоногоо дөнгөн данган залгуулж байгаа нь бодит үнэн. Мөн гадаад худалдаа эрхэлдэг валютын зээлтэй иргэн, аж ахуй нэгжүүдийн хувьд үйл ажиллагаагаа хумьж, хаалгаа барьж буй үндсэн шалтгаан нь гадаад валютын ханшийн өсөлт юм.

Өнгөрсөн жил сангийн сайд Ч.Хүрэлбаатараас нэгэн сэтгүүлч ам.долларын ханш яагаад өсөөд байгаа талаар асуухад, тэрбээр мөрөө хавчаад, “Монголбанкны хариуцах асуудал” гэж хэлээд хариуцлагаас бултаж байсныг олон хүн санаж байгаа байх. Төрийн өндөр сэнтийд заларсан хариуцлагатай хүний тун ч хариуцлагагүй байр суурь.

Тэгвэл ямар байгууллага валютын ханшийг хариуцах вэ?

Олон улсын жишгээс харахад, гадаад валютын ханшийг тогтвортой байлгахад зөвхөн Төв банк бус, Сангийн яамны оролцоо асар их үүрэгтэй байдаг. Тухайлбал, ОХУ-ын Валютын зохицуулалтын тухай хуульд “валютын зохицуулалтыг ОХУ-ын Төв банк, ОХУ-ын Засгийн газар хангаж ажиллана” гэж маш тодорхой зааж өгчээ. АНУ-д валютын ханшийн бодлогыг Сангийн яам нь хариуцдаг. Төв банкны оролцоо маш бага. Иймд валютын ханшид хамгийн ихээр нөлөөлөх бүтэц бол яах аргагүй, Засгийн газар юм.

Үндэсний валютын ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлтэд: төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээ, төлбөрийн тэнцэл багтана. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамгийн ихээр нөлөөлөх чухал бүтэц гэдгийг нотолж байгаа билээ. Харин энэ үзүүлэлтүүд ямар түвшинд байна вэ?

Нэг: Төсвийн алдагдал Гурван жил дараалан хоёр их наяд төгрөгийн хэмжээнд хэлбэлзсэн. Сангийн яам 2020 оны төсвийн алдагдлыг мөн л хоёр их наяд 74 тэрбум төгрөг байхаар төсөөлж УИХ-д өргөн барьсан. Ийнхүү МАН засаглаж байх хугацаандаа нийт есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталжээ. Түүхэн дээд амжилт тогтоож байгаа ийм хэмжээний төсвийн алдагдал нь зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн, дотоодын зөрчилтэй улсын төсөвт байдаг үзэгдэл юм. Төсвийн алдагдал өр болон хувирдаг. Алдагдлыг гадаад, дотоодын эх үүсвэрээс зээл авч барагдуулдаг. Сангийн сайдын үе үе “Таван их наядыг төллөө”, “Долоон их наядыг барагдууллаа” гэж сүржин мэдээлэл хийдгийг санаж байна уу. Эрх баригчид, олон их наядаар алдагдалтай баталсан төсвөө гаднын эх үүсвэрээр санхүүжүүлчхээд, дараа нь төлж барагдуулснаа ийн ярьж байгаа юм. Гол санаа нь өөрсдийн алдаагаа Ардчилсан нам руу чихэж буй арчаагүй, бохир улс төр. Ардчилсан намын үед босгосон Чингис бондоос нэг ч ам.доллар төлөгдөөгүй. Бусад бондын хувьд ч ялгаагүй төлөгдөөгүй. Ардын намтай хамтарсан засаг барьж байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат, Ч.Улаан нар Самурай, Дим сан бонд босгож байсан нь бодит үнэн. Гэвч өнөөг хүртэл Ардчилсан намынхны босгосон бонд гэх ташаа мэдээллийг иргэдийн толгойд баттай суулгажээ.

Эдийн засаг өсч байгаа өнөө үед төсвөө алдагдалгүй батлах ядахдаа ДНБ-ийхээ хоёр хувьд барих бүрэн боломж бий. Асар өндөр алдагдалтай төсөв батлаад байгаагийн цаана эрх баригч, дарга нарын “бяцхан эрх” ашиг цухалздаг. 2020 оны төсвөөр жишээ татаж тайлбарлая. УИХ-ын гишүүд, төсөвт өндөр алдагдал төлөвлөн байж хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ нь сонгуулийн тойрогт их хэмжээний мөнгө суулгах гишүүдийн хувьд сайхан боломж юм болов уу. Үүнийг “сонгуулийн мөнгөө босгох” гэж ярих нь бий. Харамсалтай нь, татвар төлөгчдийн мөнгөөр улс орны хөгжилд нэмэртэй бүтээн байгуулалт хийхээсээ илүүтэй бүтээн байгуулалтуудын тендерийг өөрийн хамаарал бүхий хүмүүс аж ахуй нэгжүүддээ хүртээх нь чухал. Энэ нь өдгөө нууц асуудал биш болжээ.

Эрх баригчид Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2019 онд 2,6 их наяд төгрөгийг 76 тойрогт хувааж цацсан. Харин 2020 онд 3,6 их наяд (Төсвөөс бараг хоёр их наяд, харин гадаадын хөнгөлттэй зээлээр үлдсэнийг нь санхүүжүүлнэ) төгрөг болж данхайжээ. Харин төсвийн алдагдал нь хоёр их наяд төгрөг. Хэрэв ач холбогдол багатай хөрөнгө оруулалтаа тэвчсэн бол алдагдалгүй төсөв баталчих боломж байсан байгаа биз. Хөрөнгө оруулалтын жагсаалтыг харахад “хүнийрхүү”, үрэлгэн зан цухалзах ажээ. Сумдад соёлын төвийн байр, хүүхэд залуучуудын парк, Засаг даргын тамгын газрын байрууд, сумдын багийн иргэний танхим, багийн төвийн барилга барих, багийн даргад мотоцикль авч өгөх, тойргийнхоо сонгогчдын оюутан хүүхдүүдэд зориулж нийслэл хотноо дотуур байр барьж өгөх... гэх мэтийг захаас аван дурдаж болно. Энэ мэт хөрөнгө оруулалт нь төсвийн зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй ирэх жилүүдийн төсвийг улам хүндрэлд оруулна. Монголын өнцөг булан бүрт барих байр савны халаалт, арчилгаа, багийн даргын унаа мотоциклийн түлш шатахуун, засвар үйлчилгээ, ажиллагсадын цалин хөлс гээд төсвөөс гарах зардал дараа дараагийн он жилүүдэд нэмэгдэнэ.

Тэгвэл 3.6 их наяд төгрөгөөр улс орны хөгжилд хэрэгтэй, ард түмний амьдралд наалдацтай юу хийж болох байсан бэ? Нэг жишээ дурдъя. 2013 онд “Орон сууцны ипотекийн хөтөлбөр”-ийг Монголбанк, Засгийн газар хоёр хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Гурван жил үргэлжилсэн тус хөтөлбөрт Монголбанк гурван их наяд 29 тэрбум 623 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж, 86,221 өрх шинэ байртай болсон байдаг. Барилгын борлуулалт таван их наяд орчим төгрөгт эргэлдэж, барилгын материалын дотоодын үйлдвэрлэл 30-70 хувь хүртэл өссөн. Тус салбарт бизнес эрхлэгчид олноор нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах иргэдийн тоо 200 мянга давсан аж. Аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэх тусам улсын төсөвт орох татвар нэмэгдэж, ажиллах хүчний тоогоор нийгмийн даатгалын шимтгэлээс эхлээд хувь хүний орлогын татварын мөнгө төсөвт орсон. Улаанбаатар хотын орон сууцны тоо 30 хувиар нэмэгдэн, энэ хэмжээгээр утаат яндан цөөрч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсроход багагүй хувь нэмэр болсон.

Тун удахгүй, хавартай зэрэгцэн тендер авсан эрх баригчдын хамаарал бүхий этгээдүүд 3.6 их наяд төгрөгийг хатуу валют болгон Эрээнийг зорино. Бүхий л бараа материалаа урдаас татаж, тэндхийн ажилчдыг цалинжуулаад буцаж ирнэ. Харин Монголд ам.доллар, юанийн эрэлт нэмэгдэж ханш өснө. Ийнхүү өнгөрсөн он жилүүдэд баталсан төсөвтөө өндөр алдагдал хүлээж, гадаад өрөө нэмэгдүүлж, валютын ханшийн эрэлтээ өсгөсөн маш тааруу бодлого хэрэгжиж ирлээ.

Хоёр: Тэгвэл гадаад өрийн тухайд байдал бүр ч тааруу. Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр 24,260 тэрбум ам.доллар байсан бол 2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 29 тэрбум 933 сая ам.долларт хүрч бараг таван тэрбум 673 сая ам.доллароор өсчээ. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны хоёрдугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2019 оны гуравдугаар улиралд Сангийн яамны мэдээгээр 22 их наяд 694 тэрбум болж даруй зургаан их наяд 82 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Энэ нь үндэсний валютын ханш мэдэгдэхүйц хэмжээгээр суларч байгаагаар илэрдэг. Гаднаас авсан зээлийн хүүг төлөхөд их наядаар хэмжигдэх валютыг дотоодын зах зээл дээрээс татаж байгаа нь хатуу валютын эрэлтийг хөөрөгдөж төгрөгийн ханшийг улам сулруулж байна.

МАН сонгогчдоо өрөөр айлгаж, өрийн дарамтаас гаргах амлалт өгч байж сонгогдсон. Гэтэл өнгөрсөн жилүүдэд өндөр хүүтэй их хэмжээний өр тавьжээ. Тэд сонгуульдаа ашиглаж байсан “Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэдэг “аймшгийн тоо”, одоо “иргэн бүрт 26 сая төгрөгийн өр ногдох” болон өсчихөөд байна.

Гурав: Төлбөрийн тэнцлийн урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2019 оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум америк долларын алдагдалтай гарчээ. Манай эдийн засагт орж буй валютын хэмжээ тэрбум, тэрбумаар нэмэгдэж буй өнөө үед төлбөрийн тэнцэл анхаарал татхуйц хэмжээний их алдагдалтай байна. Эдийн засгийн хямралтай байсан 2015 онд дөрвөн тэрбум 669.3 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортод гаргаж байсан бол 2019 онд долоон тэрбум 619.7 сая ам.долларт хүрч зөвхөн нэг жилийн дотор гурван тэрбум ам.доллароор өссөн байна. Уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн сэргэлттэй, дээр нь ОУВС-ын хөтөлбөрт хамрагдан тус сангаас 440 сая, валютын сангийн гишүүн доноруудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдсэн таатай он жилүүдэд валютын ханшаа хөөрөгдчихөөд сууж байгаа бодлогогүй эрх баригчдад ийнхүү зах зээлээс маш том анхааруулга өгч байна.

Монголбанк гадаад валютын ханшийн огцом савлагааг үүсгэхгүйн тулд шаардлагатай тохиолдолд валютын арилжаанд оролцож интервенц хийдэг. Төвбанк 2018 онд 1.4 тэрбум, 2019 онд 2.9 орчим тэрбум ам.долларын, харин энэ он гараад 230 орчим сая ам.долларын интервенц хийсэн боловч ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. Төвбанк 2016 онд 18.6 тн, 2017 онд 20 тн, 2018 онд 22 тн, 2019 онд 15.1 тн үнэт металл худалдан авч нөөцөө нэмэгдүүлсэн байдаг. Худалдан авч цэвэршүүлсэн алтнаас олсон Монголбанкны валютын орлого хоёр тэрбум орчим ам.доллароор хэмжигдэнэ. Гэтэл ийм их хэмжээний хатуу валютаа ганц жилийн интервенцэд тавиад туучхаж. Өөрөөр хэлбэл, бүтэн дөрвөн жилийн турш байгаль орчноо сүйтгэн байж олборлосон алтныхаа орлогыг ганц жил хүрэхгүй хугацаанд буюу 2019 онд “ханш”-ийн салхинд хийсгэсэн байна. Үүнд хариуцлага тооцох нь битгий хэл, хэлж ярьж байгаа эрхтэн дархтан ч алга. Дэндүү харамсалтай.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 57 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 1 цаг 1 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top