x

Т.Мөнхбат: Бидэнд урд хөршийн том зах зээл бий

Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаттай ярилцлаа. 

-Геологийн салбарын 80 жилийн ой тохиож байна. Тэр бүр асуудал яриад байдаггүй энэ салбарынхан хөгжлийн үе шатаа хэрхэн ярилцаж байгаа бол. Энэ хугацаанд салбар хэрхэн хөгжиж дэвшсэн бэ?

-Геологичид газар нутгийнхаа геологийн тогтоц буюу газрыг бүрдүүлж буй эрдэс, чулуулгийн гарал үүсэл, найрлага, бүтэц, хэмжээсийг шинжлэн, судалдаг мэргэжлийн хүмүүс. Манай улс салбарын үндэсний мэргэжилтнүүд бэлтгэж эхэлснээс хойш 60 гаруй жил болжээ.

Газрын хэмжээ том, өргөн уудам нутагтай улсын хувьд геологийн салбар эдийн засгийн асар том өгөөж өгөх, олон ордууд илрэх магадлалтай гэж үздэг. Энэ утгаараа улсын хөгжилд салбар өөрийн бодит хувь нэмрээ оруулж байна. Аливаа улс, орон хөгжлийнхөө явцад газрын баялгаа илрүүлэн, ашигласнаар хөгжиж ирсэн байдаг.

Газрын доор ямар төрлийн эрдсийн хуримтлал, хүдэржилт хэр хэмжээтэй байгааг эрэл, хайгуулын цогц судалгаагаар илрүүлэн тогтоож, нөөцийг нь баталсны дараагаар түүнийг ямар аргачлалаар олборлон боловсруулж эдийн засгийн үр ашиг олох вэ гэсэн тооцоог хийдэг.

Ашигт малтмалын нөөц, баялаг дахин нөхөн сэргэдэггүй тул түүнийг байгаль орчинд бага нөлөөлөл үзүүлж ашиглахын зэрэгцээ үр шимийг нь улсын эдийн засгийн өсөлт болон бусад нийгмийн урт, удаан хугацаанд өгөөжөө өгч байх дэд бүтэц, боловсрол, технологи, төрөл бүрийн үйлчилгээний зэрэг салбарыг хөгжүүлэхэд нарийн төлөвлөж зарцуулах ёстой юм. Тэгэхээр бид 80 жилийн босгон дээр энэ чиглэлийн олон асуудлыг ярилцаж байгаа.

Геологийн судалгаанууд олон чиглэлээр ашиглагддаг учир тухайн талбай эсвэл бүс нутгийг судлаад геологийн тогтцын хувьд ашигтай эрдсийн хуримтлалгүй бол аялал жуулчлал, газар тариалан, малын бэлчээрийн чиглэлээр ажил эрхлэх, ашиглахыг төрөөс дэмжих ёстой.

Харин хайгуулаар үр ашигтай нь тогтоогдсон орд газруудыг зохих өндөр стандарт, шаардлагуудыг тавьж олборлохын зэрэгцээ нөөц дууссаны дараа нөхөн сэргээх ажлуудыг өндөр төвшинд хийж уурхайг хаадаг гадныхны туршлагын дагуу хөгжүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Энэ бүхнээ системтэйгээр ярьж нэгдсэн зөвшилцөлд хүрэхгүйгээр геологийн салбарын хөгжлийг ярих боломжгүй.

-Ер нь сүүлийн жилүүдэд хэчнээн шинэ орд илрүүлэв, хайгуулын томоохон ажил хийсэн жишээ байна уу?

-Сүүлийн 30 жилд геологийн салбарын хөгжил төдийлөн бидний хүсэж бодсон шиг байсангүй. 1990 оноос хойш нийгмийн бужигнаантай зэрэгцэн манай салбарынхан ч мөн тарж бутарсан. Үүнтэй холбоотой геологи, эрдэс баялгийн хайгуулын ажил багассан, салбарын яамнаас бусад төрийн байгууллагууд дорвитой дэмжихгүй, бодлого тодорхойлогдсон ч хэрэгжилт дээрээ ирээд гацдаг.

Ялангуяа хайгуулын ажлын цар хүрээ хумигдсаар байгаад геологичид сэтгэл дундуур байдаг. Геологи хайгуулын бодлогыг төрөөс баталж энэ чиглэлийн хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттай дэмжихээр зарласан ч ийн тогтворгүй байдал нөлөөлж байна.

Манайд нэгдсэн тодорхой шийдэл байхгүйгээс сүүлийн жилүүдэд хайгуулын ажил хийхэд маш бэрхшээлтэй болсон. Тиймээс зах зээлийн зарчимд нийцсэн төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Мөн хуулиудад төрийн захиргааны төв байгууллагууд болон салбарын мэргэшсэн байгууллагуудад зарчмын шийдвэрүүдийг гаргах эрхийг олгох хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажил гүйцэтгэх эрхийг олгоход орон нутгийн баг, сумын түвшинд шийдвэр авч байж ажил хийх эсэх нь шийдэгддэг.

Хүнд суртал, авлигын сүлжээг ихэсгэсэн маш буруу тогтолцоо болсон нь цаг хугацаагаар батлагдаж байна. Иймд зохих хуулиудыг эргэн нягталж асуудлыг шийдэх хэмжээнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж бүх нутгийг хамарсан геологийн судалгааг чөлөөтэй хийх, эрдэс баялгийн эрэл хайгуулын ажлыг урагшлуулах эрх зүйн орчныг бүрдүүлээсэй.

Зах зээлд шилжсэнээс хойших хугацаанд шинээр нээсэн ордуудын зарим нь өмнө социализмын үед илэрсэн олон мянган илрэл, эрдэсэжсэн цэг, эрдсийн хуримтлалын түвшинд байсан талбайнууд байдаг.

Харин энэ газруудад эрэл-шалгуурын, эрэл-үнэлгээний, хайгуулын бүх шатны ажлуудыг их хэмжээний хөрөнгө нэмж зарцуулан жижиг, дунд бүр дэлхийн хэмжээний орд болгосон жишээ бол Оюутолгойн зэс-алтны орд. Энэ ордыг илрүүлэх, нээх, олон жилийн геологийн нарийн судалгаа, шинжилгээний ажлууд, эрсдэлтэй өндөр зардлууд, их хэмжээний хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулж гадаадын компаниуд хийсэн.

Хайгуулын асар эрсдэлтэй зардлыг Монгол Улсын төсвийн хөрөнгө, мөнгийг зарцуулалгүй гадны шууд хөрөнгө оруулалтаар хийсэн нь манай улс ардчилал, зах зээлд шилжсэний хамгийн бодитой эерэг жишээ юм.

-Энэ салбарт хамгийн сүүлд ямар бодлогын баримт бичиг төрөөс гаргаж байсан юм бол?

-Геологийн салбарын бодлогын бичиг баримтыг 2014 онд баталж байсан. Ойрын арван жилийн бодлого гаргаж байсан ч үүнийгээ тууштай хэрэгжүүлсэнгүй. Геологи, хайгуулын салбар нь газар нутгийг судлах, судалсан талбайгаа үр ашигтай ашиглахад чиглэдэг учраас нийгмийн болон улс төрийн олон оролцогч, бүлгүүдийн эрх ашиг хөндөгддөг.

Тиймээс эрдэс баялгийн салбарын хэтийн төлөв, нөөцийг зөв тогтоож мэргэжилтэй боловсон хүчнээ хамруулснаар Монгол Улс цаашдаа урт хугацаанд эдийн засгийнхаа өсөлтийг найдвартай хангах боломж бүрдэнэ. Мөн мэргэжлийн аж ахуйн нэгжүүд эрэл, хайгуулаа гүйцэтгэж тэдний зарим нь шинээр орд газрууд олж, ашигласнаар татвар төлөгч компаниуд олширч эдийн засаг бэхжих нь тодорхой.

Үүнийг дагаад бусад олон төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ гэх зэрэг хүний хэрэгцээ хангагдах болно. Мөн хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөр, компаниудын төлж буй бусад татварын тодорхой хувь бодитоор сум орон нутаг, аймгийн төсөвт үлддэг болбол тулгамдсан олон асуудал шийдлээ олно доо. Ингэж чадвал иргэд, орон нутаг, геологичдын дунд үл ойлголцол үүсэх маргаан бараг л эцэслэгдэнэ. Иргэд ч энэ салбарын үр өгөөжийг хүртэж ойлгодог болно.

-Энэ салбарт төсөвлөдөг төсвийн хэмжээ хүртээмжтэй байж чаддаг уу?

-Улсын төсвөөс геологийн зураглал, эрлийн ажилд сүүлийн жилүүдэд төсөвлөж байгаа мөнгөний хэмжээ тогтмол өсөж байна. Энэ бол сайн үзүүлэлт. Одоогоос тав, арван жилийн өмнө л гэхэд 5-10 тэрбум төгрөгийг энэ салбарт төсөвлөдөг байсан бол 2019 оны байдлаар 24 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Хэдийгээр төсвийн мөнгө өсөж байгаа ч ажлаа чанартай, стандартын хэмжээнд гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байгаа тал бий.

Тэгэхээр олон жил яригдсан Үндэсний геологийн албатай болбол улс энэ чиглэлд төсвөө зохистой төлөвлөн үе шаттай нэмээд явах байх. Үүн дээр нэг зүйлийг тодруулахад, олон улсын жишгээр төсвийн мөнгөөр орд хайх хайгуул хийдэггүй учир энэ хайгуулын эрсдэл асар өндөр байдаг. Эрсдэлтэй хөрөнгө зарцуулалт гэж үздэг учраас ийм шаардлага тун бага. Төсвийн хөрөнгөөр ran гүйцэтгэж байгаа ажил бол геологийн зураглалын ажил хийж байна.

Ингэснээр аливаа орд газар, металлогений бүсчлэл үүсэж болох талбай, бүс нутгийг илрүүлэх төвшний суурь ажил хийгддэг. Ашигт малтмалын ордын хайгуулын ажлыг харин салбарын мэргэшсэн компани эрсдлээ хариуцаад хийдэг зах зээлийн тогтолцоог бэхжүүлж дэмжсэнээр энэ чиглэлийн ажлууд цэгцэлнэ гэж харж байна. Үүнийг л бүх түвшиндээ тууштай дэмжиж ёстой.

-Гадны компаниар хайгуул хийлгэдэг үү?

-Сүүлийн хорь орчим жилд манай салбарт гуравдагч орны мэргэжилтнүүд ихээр орж ирж байсан ч сүүлийн 7-8 жил өмнөхөөс эрс багассан. Геологи, эрдэс баялгийн салбар хөгжсөн АНУ, Канад, Австралийн хайгуулын компаниуд 1995 оноос Монгол Улсад орж ирж хайгуулын арга аргачлал, туршлага, дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн.

Эдгээр нь тухайн үеийн ЗХУ-ын Ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын аргуудаас маш ялгаатай техникийн хувьд хамаагүй дэвшилттэй арга, технологиуд байсан шүү. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хайгуулын ажил хийх талбай багассан.

Хайгуулын талбай багасна гэдэг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх, компани татан буугдах гол үндэслэл болсон. Мөн олон геологичид ажилгүй болох нөхцөлийг бий болгосон. Ийм байдлаар хайгуулын ажил хийхгүй, шинээр нөөц тогтоохгүйгээр дахин тав, арван жил болоход ашиглалтад орох зарим төрлийн ашигт малтмалын ордгүй болчихсон байх вий. Ийм ирээдүй харагдаж байгаа.

-Геологичдын нийгмийн асуудал, ажлын байрны хүрэлцээ ямар байна вэ?

-Монгол Улсад геологич бэлтгэж эхэлснээс хойш мэргэжлийн 4,000 гаруй боловсон хүчин бэлтгэгдсэн гэдэг. Үүн дээр гадаадад мэргэжил эзэмшсэн 1,000 гаруй мэргэжилтэн байгаа байх. Эдгээрээс тал орчим хувь нь мэргэжлийн ажлаа хийх насандаа байгаа гэж үзэхэд талаас илүү хувь нь ажилгүй байгаа нь энэ салбарыг гажуудуулсны үр дүн, тулгамдсан олон асуудлын нэг юм.

Угтаа бол цөөн геологич, геологийн багийн хамт олныг зөв чиглүүлээд зорилгыг нь тодорхойлж ажил хийх талбай, хайгуул хийх газрын тусгай зөвшөөрлийг олгочих юм бол тэд ямар ч төрлийн ашигт малтмалыг олох мэдлэг, оюуны чадавх, ажлын туршлагатай.

-Монголын геологийн холбоо хэзээ байгуулагдаж байсан бэ. Салбарынхаа хөгжлийг хэрхэн харж байна?

-1996 онд анх байгуулагдсан. Энэ салбарын ууган, мэргэжлийн төрийн бус байгууллага. Анх байгуулагдахдаа салбар, дэд хэсгүүдтэй байсан. Бид геологичдын эрх ашиг, дуу хоолойг хүргэх, геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зорилготой ажилладаг.

Манайхаас салбарлаад үүссэн хэд хэдэн геологийн холбоод бий. Цаашид манай улс энэ салбарыг тууштай хөгжүүлэх, байх ёстой төвшинд нь авч явахын тулд геологийн холбоод нэгдэж бодлого, хууль, журам боловсруулаХад идэвхтэй тууштай ажиллах шаардлагатай байгаа. Шийдвэр гаргах төвшинд салбарын хуулиудыг батлуулах чиглэлд хамтарч ажиллаж байж бид хүссэн ирээдүйгээ бүгээх боломж үүснэ гэж боддог.

-Манай эрдэс баялгийн салбарт дутагдалтай зүйл юу байна вэ. Бид яавал энэ салбараасаа ашиг авч чадах вэ?

-Эрдэс баялгийн салбараас олборлож байгаа зэс, жонш, алт, төмрийн баяжмалаас аль эдийн засаг, санхүүгийн хувьд үр ашигтайг нь үе шаттайгаар дотооддоо гүн боловсруулж экспортод гаргадаг болбол дотоодод ажлын байр, түүнийг дагасан олон талын үр ашиг, өгөөж нэмэгдэнэ.

Монгол Улс орчин үеийн технологийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн гаргаад олон улсын таваарын зах зээлд тавигддаг шаардлагуудад нийцүүлэн зах зээлд нийлүүлэх боломж бий. Дэлхийн эрдэс баялгийн экспортын хамгийн том зах зээл БНХАУ дэргэд байна. Дэд бүтцээ хөгжүүлснээр хамгийн том худалдан авагчид бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж улам ихэснэ. Бүтээгдэхүүнийхээ чанарыг худалдан авагчийн стандартуудад нийцүүлэн зохих түвшинд байлгахад л анхаарч чадвал зах зээл байна.

Гэтэл манай дотоодын алслагдсан нутгуудад дэд бүтэц маш сул, авто болон төмөр замын сүлжээ, цахилгааны эх үүсвэр, үйлчилгээ, ханган нийлүүлэлт, хилийн боомтын дэд бүтэц хангалтгүй хэмжээнд байна.

Үүнийг шийдэх арга бол геологийн хайгуул, уул уурхайн олборлолтыг ил тод өндөр хариуцлагатай байлгаж бусад асуудлыг шийдэх боломж байгааг олон орны жишээ харуулж байна. Тэгэхээр салбарын үйл ажиллагаанд таатай, тогтвортой, ил тод зарчим хэрэгжүүлээд эхэлбэл бидэнд зовлон ярих ямар ч шаардлагагүй болно.

-Иргэд, улс төрчдийн нэг хэсэг нь газрын хэвлий дэх баялгаа ухаж аваад ашиглах ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь газраа ухах шаардлагагүй, бидэнд сайхан амьдрах боломж байна гэдэг. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Миний бодлоор болон геологичдын зүгээс газрынхаа тогтоц, хөрсний болон гүний судалгааг ямар ч цаг үед тогтмол, байнга хийх ёстой гэж хардаг. Судалгаа хийж байж бид хаана, юутай вэ гэдгээ мэддэг байх ёстой. Монгол орон дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ том улсад тооцогддог, үүнийг судлах боловсон хүчин цөөн, улсын төсвөөс баталдаг мөнгө, хөрөнгө бага учраас судалгааны ажлууд хангалттай хийгдэхгүй байна.

Улсын хэмжээнд эрдэс баялгийн салбарт хийх ажил асар их ч 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад боловсон хүчний дутагдал, салбарын хууль эрх зүйн орчны таагүй байдлаас болж олон хийх ёстой ажлыг хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд төрийн зүгээс геологийн суурь судалгааны: геологийн зураглал, ерөнхий эрэл, эрэл үнэлгээ, төрөл бүрийн агаарын геофизикийн зураглалын, хэмжилтийн ажлуудыг бодлогоор дэмжиж орд газрууд илрэх, нээгдэх хэтийн төлөв боломжтой бүс нутгуудыг хөрөнгө оруулагчдад нээж тэдэнд үйл ажиллагаа явуулах таатай тогтвортой орчин бий болгох л хэрэгтэй байна. Учир нь энэ салбар эрсдэлтэй ч мөн бодлого нь зөв бол улсын хөгжлийн олон хүнд асуудлыг амархан сэргээгээд аваад явчих чадвартай даа.

-Энэ салбарын татварын тогтолцоо ямар байдаг юм бэ?

-Зах зээлийн зарчмаар хөгжих ёстой. Тодруулбал, энэ салбарын бүх компаниуд бүгд ашигтай ажилладаггүй. Олон зуун газар хайгуул хийхэд ганц нэгхэн орд газар олж илрүүлж байгаа аж ахуйн нэгжид нь ашигтай гарч байх тийм татварын тогтолцоотой байх хэрэгтэй.

Уул уурхай хөгжсөн орнуудын жишгээр салбарын татварын хэмжээг тогтоосон. Гэхдээ манай улсад шинэ журам батлах эсвэл гэнэт хуулиа өөрчлөх зэргээс болж гэнэтийн цохилт, хүндрэлүүд үүсдэг. Энэ нь ихэнхдээ аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэдэг. Олон нийт геологийн судалгааны ажлын үр өгөөжийг хэрхэн хүртэж байгааг мөн ямар үр ашигтай зүйл байдгийг мэддэг болсноор энэ салбар гацаанаас гарна.

-Хайгуулын лиценз олголт гэдэг хамгийн их маргаан дагуулсан сэдэв. Лиценз олголтын журмыг хэрхэн сайжруулж болох вэ. Ийм хэрэгцээ шаардлага бий юү?

-Салбарын яам, агентлаг нийлж энэ чиглэлд арав гаруй жил ажиллалаа. Олон ч арга аргачлалыг туршиж үзлээ. Эргээд харахад, хамгийн их шүүмжлүүлдэг 1997 онд батлагдсан өргөдлөөр хайгуулын лиценз олгодог зарчим илүү тохиромжтой байжээ гэж харагддаг. Ингэснээр хайгуулын талбайг илүү нээлттэй, өрсөлдөөний журмаар өгөх боломж бүрдүүлдэг байсан.

Гэсэн ч хувь хүний болон албан тушаалтны нөлөө орох нөхцөлийг нарийн хяналттай, олгох үйл явцыг тунгалаг болгох талаас нь өөрчлөлтүүдийг сайн хийж чадвал лиценз олголт шударга болох боломжтой. Гэтэл өнөөдөр тендерээр лиценз олгож байгаа үйл явц маш их сөрөг үр дагавар авчирч байна. Үүний сөрөг тал нь лиценз олгосон талбайн нийт хэмжээ эрс багассан.

Монгол орны нийт газар нутгийн 80 гаруй хувийг улсын тусгай хамгаалалт, дархан цаазат газар, орон нутгийн тусгай хэрэгцээт газар гэх мэт болгосон. Үлдсэн хорь орчим хувь нь хайгуулын ажил хийхэд нээлттэй гэх боловч янз бүрийн шалтгааны улмаар тусгай зөвшөөрөл олголт зогсонги байдалд орсон. Энэ маш буруу тогтолцоо. Манай улс газар нутгаа 100 хувь эрэл, хайгуулын ажилд нээлттэй болгох хэрэгтэй.

Ингэж байж тухайн газруудад юу байх боломжтой, болохгүй вэ гэдгийг мэдэж авна. Энэ өөрөө маш их хугацаа, хөрөнгө шаардсан ажил. Улсын хөгжлийн төлөвийг гаргахад энэ маш чухал. Газар нутгийнхаа ихэнхийг хамгаалалтад авчихаад судлахгүй байгаа нь улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, нийгмийн хөгжлийн гажуудал гэх юм уу даа. Өөрөөр хэлбэл, өөрийн гэртээ суугаад өөрийн эзэмшлийн зүйлдээ гар хүрч чадахгүй, хэрэглэхгүй л суугаад байхтай адил.

Ингэхийн зэрэгцээ улс орон хөгжихгүй байна, газрын доорх нөөцөө ашиглахгүй төөрөгдөлд орсноос, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төрийн өмнөөс түр зуурын ахуйн хэрэглээний зээл авч улсаа өрөнд оруулж ирсэн нь тун харамсалтай.

Гэвч геологийн салбарыг зөв үнэлж дүгнэснээр төрийн удирдлагууд энэ салбар нь хөгжлийн түүчээ гэдгийг ухамсарлан ойлгож зохих статусыг нь олгож цаашид тууштай хөгжүүлнэ гэж найдаж байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top