x

У.Хүрэлсүхийн Засгийн газар сонгуулийн дараа хийх ажлаа танилцуулав

Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар тоймловол:

Сангийн яам: Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон нутгийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх, боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, засаглал, төрийн ил тод, цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зэргийг шийдэл болгожээ.

Эрчим хүчний яам: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Тавантолгойд дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц барих зэргийг тусгажээ.

Зам, тээврийн хөгжлийн яам: Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн үр дүнтэй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалттай болно. Бодлогод суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт бий болгоно. Эдийн засгийн өсөлтийг хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ.

Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна. Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ.

Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ.

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1,800 км хатуу хучилттай авто зам барина.

Гадаад харилцааны яам- 2021-2025 онд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулна. Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах болон бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам: Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна. “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нийслэл, орон нутагт байгуулна.

Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна.

Мөн харьяа байгууллагууд болон албан хаагчдын орон сууц зэргийг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн чадавхийг бэхжүүлж, бүрэн цахимжуулна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.

Барилга, хот байгуулалтын яам: Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна. Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлнэ.

Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна. Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам: Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ.

Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.

Хүнс, хөдөө аж ахуйн яам:  Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулна. Аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барина.

Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ. Хүнсний ногооны дотоодын хэрэглээг жилийн турш тогтвортой хангана. Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг тухай бүр хийж, усалгаатай тариаланг хөгжүүлнэ. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам: Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Асгат, Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна.

Эрүүл мэндийн яам: Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ. Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ. Эхийн эндэгдлийн түвшинг 10 мянган амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 11 болгож бууруулна.

10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, түлш борлуулах, түгээх, сүлжээний хэвийн байдлыг хангана.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бага, дунд оврын уурын зуухуудыг буулгаж, төвлөрсөн системд холбоно. Ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувьд хүргэнэ.

Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 1 цаг 51 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 1 цаг 53 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 1 цаг 57 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 1 цаг 57 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 2 цаг 0 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 2 цаг 0 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 2 цаг 3 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 2 цаг 9 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 2 цаг 59 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 4 цаг 22 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 4 цаг 23 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 52 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 4 цаг 54 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 4 цаг 55 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 4 цаг 56 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 5 цаг 23 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 5 цаг 32 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 6 цаг 30 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 8 цаг 38 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 8 цаг 40 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ
Top