x

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлт тавив

Монгол Улсад айлчилж буй Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж буйд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Та хоёр талын харилцааны асуудлаар манай, төр засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхийн сацуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж байгаа төслүүдийн явц, үр дүнтэй газар дээр нь танилцах болсонд баяртай байна” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлал хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Швейцарийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын парламент хэд хэдэн чухал хууль батлан гаргасны нэг нь Татварын багц хууль юм. Энэхүү хуулиудыг бид  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг (BEPC) үйл ажиллагааны стандартад нийцүүлж баталсан хэмээн онцлов. Түүнчлэн 3 парламент дамжиж, 10 гаруй жил яригдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгааг мэдээлэв.

Тэрбээр өнгөрсөн 3-р сард Швейцарийн Холбооны Улсад (ШХУ) хийсэн айлчлалынхаа үеэр санал болгосон ШХУ-ын Элчин сайдын яамыг Улаанбаатарт нээх, Парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, харилцан сонирхсон асуудлуудаар туршлага судлах, Швейцарийн парламентад УИХ-тай харилцах бүлэг байгуулах, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийг 2022 оноос үргэлжлүүлэн авах хүсэлтээ дахин илэрхийлж, Үндэсний зөвлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн Швейцарийн талаас санал болгосон оффшор бүсийн жагсаалтад Швейцарь Улсыг оруулсныг эргэж харах, улмаар хоёр орны хооронд байгуулсан Давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас тодорхой ажил хийж эхэлснийг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар хэрэгжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүд нь манай нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэнд Монголын ард түмэн талархалтай байдгийг онцлоод, эдгээр төсөл манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх, нутгийн захиргаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэв.

Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны зэрэгцээ ШХУ-тай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийллээ.  

УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах, Швейцариас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, үзэсгэлэн яармагт тогтмол оролцуулах, энэ салбарын хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт их, дээд сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байгаагаа тэмдэглэлээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг Үндэсний зөвлөлийн зүгээс анхаарч, дэмжихийг хүсэв.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд хоёр орон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойр байр суурьтай, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, цаашид ч энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байна гэв. Мөн энэ онд болох НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 2020-2024 оны гишүүний сонгуульд манай улс ШХУ-ыг дэмжихээр шийдвэрлэснийг дуулгалаа.

Маргааш Улаанбаатар хотноо “Манлайлагч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалт” болох бөгөөд уг арга хэмжээнд хатагтай М.К.Гүшетти үндсэн илтгэгчээр оролцох гэж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.

ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай М.К.Гүшетти Монгол Улсад айлчлахыг урьж, найрсаг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хооронд идэвхтэй, өргөн хүрээний хамтын ажиллагаа өрнөж, энэхүү харилцааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй өөрийн биеэр ирж, танилцах боломж олдсонд баяртай байна гэв.

Тэрбээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, тоо хэмжээ бага байгаа ч ирээдүйд  улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газар үйл ажиллагаагаа 2001 оноос эхэлж, мэргэжлийн боловсрол, засаглалыг сайжруулах, бичил уурхайг дэмжих зэрэг олон салбарт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2018-2021 оны хамтын ажиллагааны стратеги нь хүрсэн үр дүнгээ улам бататган бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн хотжилтын сөрөг үр нөлөөг даван туулах, тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байна гэлээ.

Хатагтай М.К.Гүшетти ШХУ Монголд бэлчээрийн тогтвортой менежементийг хэрэгжүүлж, малчдын өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Үйл ажиллагааны туршлага, судалгаанаас “Бэлчээрийн тухай” хууль батлан хэрэгжүүлэх нь чухал болов уу гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар Монгол Улсын Их Хурал, ноён Г.Занданшатар Таныг анхаарна гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.

Тэрбээр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, ажилтнуудыг сургалтад хамруулах, туршлага хуваалцах, хууль тогтоох байгууллагуудын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүргэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн их, дээд сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх боломж мөн гэдгийг онцлоод, 1993 оноос хойш Холбооны Засгийн газрын тэтгэлгийг Монгол Улсын 53 судлаач хүртсэнийг мэдээллээ.

Хатагтай М.К.Гүшетти УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон Үндэсний зөвлөлд Швейцарь-Монголын парламентын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. 2019 оны 12-р сард байгуулагдах шинэ парламент энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Хэлэлцээнд Монголын талаас УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг,  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг,  Швейцарийн талаас ШХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, ШХУ-ын Холбооны ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер, ШХУ-ын Холбооны ассамблейн Ёслолын дарга Филлип Баерисвил, ШХУ-ын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар, ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай М.К.Гүшетти нар дараа нь хэлэлцээний талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв.

Хатагтай М.К.Гүшетти айлчлалынхаа үеэр “Манлайлагч эмэгтэйчүүдийн олон улсын чуулга уулзалт”-д оролцож, Улаанбаатар хот, Увс, Ховд аймагт Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • RUSH QIW (162.158.62.147)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 10 цаг 43 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 12 цаг 24 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 12 цаг 54 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 13 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 16 цаг 45 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 16 цаг 52 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 16 цаг 57 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 18 цаг 36 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 18 цаг 45 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 18 цаг 54 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 0 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 18 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 19 цаг 38 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 19 цаг 43 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 19 цаг 49 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 19 цаг 54 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 14 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 1 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 21 цаг 45 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top