x

НӨМӨР ТҮШИГ

ТЭР ӨНӨӨДӨР 59 НАС ХҮРЭХ БАЙЛАА

Эрхэм журмын нөхөр Гаваагийн Батхүүгийн гэгээн дурсгалд

Цас хялмаалсан намрын сэрүүн өдөр цагаан асар дотор олон хүн шуугилдана. Очиж харахул торгон, цэмбэн дээлүүдээрээ гангарсан олон газрын малчид иржээ. Миний үл таних тэдгээр хэдэн зуун хүн нэг хүнтэй хөөрөг зөрүүлэн цай оочилж,  яг л гэр бүлийнх нь гишүүн мэт халуун дотно яриа өрнүүлнэ. Баг, сумдын холбооны хурал ийнхүү хээр талд эхэлжээ. Энэ байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Гаваагийн Батхүү журмын нөхөд биднийгээ ажил дээрээ урьж хөдөөний баг, сумдад орлого нэмэгдүүлэхийн төлөө яаж ажиллаж байгаагаа харуулж байгаа нь энэ.

“Чи жорлон ярихаараа нүд чинь сэргэдэг шиг, би мах ярихаараа тийм болчихоод байгаа шүү дээ” гэж Батхүү хэлээд инээж байсан тэр өдөр саяхан. “Хөдөөнийхөө ард түмнийг байнгын сайн орлоготой байлгах арга олох гэж хэдэн жил судалгаа хийлээ. Мах нядалгааг хөдөөд нь цэвэрхэн олон улсын стандартаар хийж, хөргөгчтэй машинаар зөөвөрлөөд, дээд зэргийн амт чанартайгаар зах зээлд нийлүүлнэ, малчдад малаа яаж тэжээвэл илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэхийг нь зааж өгч байгаа, сургалтууд байнга явагдаж байгаа...Технологиудаа сонгох гэж хичнээн их судалж аялав аа” гээд л энэ хоббитой сэдвээрээ тэр хэдэн цаг тайлбарлах дуртай. 

Хүн бүхэн орлоготой, бизнестэй болж байж л улс сайн хөгжинэ гэдэг итгэл үнэмшил нь хаана ч юуны тухай ярьж байсан ч заавал илэрдэг хүн байлаа, тэр. Бизнес бүхэн нь сайн татвар төлөгч байх ёстой гэж бас хэлнэ. 

Татварын тухай бид их ярьдагсан. Өрөөнд нь Богд Хаант Монгол улсын туг байх. Яагаад энэ тугийг дээдэлж өлгөдөг юм бэ гэж асуухаар, татвар төлөгч нь ш дээ гэж инээнэ. Хацар нь хонхойно. Богд хаант Монгол улс анх тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад бие даан оршин тогтнох гэтэл улсын дансанд нь тогтмол орж ирдэг орлого гээч юм байгаагүй гэнэ. Богд Хаан Цагаан Оросоос мэргэжилтэний тусламж авчээ. Козин гэдэг хүн ирж Монголын 1911 оны эдийн засагт судалгаа хийгээд, “танай нүүдэлчин малчдаас татвар цуглуулж авах нь дэндүү их өртөг зардалтай юм байна. Харин мод тайрах үед татвар авч бай, бас архины үйлдвэр байгуулж онцгой татвар авч бай” гэж зөвлөсөн гэдэг. Ингээд хааны ордны дэргэд анхны татвар төлөгч үйлдвэр байгуулагдсан нь хожмоо АПУ нэртэй болжээ. Энэ түүхийг тэр ихэд нандигнан хуучилна.

Ширээн дээрээ тэр АПУ-гийн ааруул, ус, сүү, жүүсийг өрж тавих дуртай. Ааруул ид, ус уу, тараг уух уу гээд л хөргөгч рүүгээ бас хөнгөн алхана. Тараг ууя, ааруул идье... гэж нэг удаа хэлснээ миний ам зүгээр байхгүй, “та ч хувийн үйлдвэрээсээ хангамж авчихдаг сайхан юм аа” гээд хэлээд тавьчихлаа.  “Үгүй чишш” гэж Батхүү дор нь няцаагаад, “Энэ бүх зүйл татвар төлсний дараах, мөнгөөрөө худалдаж авсан бараа шүү хөө” гэнэ. “Манай АПУ-гаас татвараа төлөөгүй нэг ч барааг нэг ч хүн авч гарах эрхгүй байдаг юм, агуулах автоматжисан, ня-бо бүртгэл автомат, татварын мөнгийг улсын төсөв рүү хүний оролцоогүйгээр тушаадаг...” гээд л тайлбарлана.

Үнэхээр ч улсынхаа анхны татвар төлөгч байсан үйлдвэрийг хувьчилж авснаараа, тэр үйлдвэрийнхээ бүтээгдэхүүн бүрээс улсын төсөвт өдөр бүр татвар төлдгөөрөө тэр бахархдаг хүн байлаа. 

Улсын Их Хурлын танхимд миний урд эгнээнд тэр сууна. Үргэлж өөдрөг, баяр баясгалантай, юунд ч хэзээ ч уурлаж байгаагүй мэт тайван зантай. Нэг удаа “хуулийн төсөл хамтран санаачлах уу” гэж асуулаа. “Ямар хууль” гэтэл, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга” гээд, “бүх бэлтгэлийг нь хангаад өргөн барихад бэлэн болгосон. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл жолооч нарын хариуцлага нэмэгдэнэ, автын осол буурна, хүүхэд эндэх нь багасна...” гээд л хуулиа ганц минутын дотор дуржигнатал тайлбарлаж байна.

Би гарын үсэг зурж нэгдлээ. Батхүү гишүүн надаас гадна олон ч гишүүнийг хуулийн төсөлдөө нэгтгэжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны наадмын өмнөх чуулганаар шуурхай батлагдлаа. Түүний лобби хийх чадвар дэндүү сайн байв. Хүмүүсийг зорилгод нэгтгэхдээ элдэв шахалт шаардлага тулгахгүй, хүн бүхний санаа зовж явдаг зүйлсээр нь нэгтгэхдээ гарамгай. Тэгээд бас тэр олон хүндээ маш хүртээмжтэйгээр эргэж мэдээлдэг, эргэх харилцаа үүсгэдэг ховор чадвар түүнд байв.

“Хууль маань батлагдсанаас хойш автын осол ингэж буурлаа шүү дээ, энийг хардаа” гээд нэг өдөр гар утсан дээрээ график харуулж билээ. Үнэхээр ч хууль батлагдсаны өмнөх ба дараах  улиралын статистик үзүүлж байна. Автын ослын тоо тэр жил эрс буурчээ.

“Та Толин хулыг яаж зохиосон бэ” гэж шал өөр сэдвээр нэг удаа асуусаан.  “Морин дэл дээр үү,  уяан дээрээ юу” 

Тэр энэ сэдвээр ярихаараа их л хөнгөн сэтгэлтэй нэгэн болно. Морины тухай, хөдөө талын тухай, соёл уламжлалын тухай яриа руу орчихно. Дуу хуур, нулимс чинь өөрийн эрхгүй гарч ирдэг юм гэж тэр хэлнэ. “Би чинь хүн бүхнийг соёл уламжлалаа гэдэггүй байхад хорь гучин жилийн өмнөөс л морь уях аргыг сурах гэж адуучинд шавь орж байлаа... яг өөрийн гараа морио уядаг уяач байя гэж боддог...”

Тэгээд мориндоо хайртай юм уу, мото спортдоо хайртай юм уу гэмээр. Мотортой бүхнийг тэр бас хайрлана. Машины тухай, анхны Шунхлай автозасварын тухай, өөрийнхөө инженер мэргэжлийн тухай тэр ихэд бахархан тайлбарлах дуртай. Шунхлай автозасварыг 1990 онд зах зээлийн анхдагч болгож, ирсэн үйлчлүүлэгч бүртээ өөрийн гараар засвар хийж өгч, авсан ажлын хөлсөөрөө компани босгож эхэлж байснаа дурсдагсан. 

Гэтэл...тэр нэг л өдөр гэнэт тэнгэртээ одов. Төрсөн өдрөөсөө хоёрхон хоногийн өмнө....Тэр өнөөдөр 59 нас хүрэх байлаа.

Гэр бүлийнхнээс нь гадна дэд бүтцийн салбарынхан, баг сумдын холбооныхон, намын журмын нөхөд маань, түүний үүсгэн байгуулсан олон компаний өнөр өтгөн хамт олон, хамт төрд зүтгэж байсан ангийнхан, тойргийн иргэд дэмжигчид нь, уран бүтээлчид, урлагийнхан... гээд маш олон хүн гэнэт нөмөр түшиггүй болов. Ямар том орон зайг тэр энгийн чимээгүй хэрнээ ихэмсэг бусаар эзэлж байсныг бид өдий болтол мэдсэнгүй. 

Түүний ажил ид оволзож, тэр малчдыг орлоготой болгохыг ойрын зорилтоо гэж зүтгэж байсан цаг үе. Түүний мэргэжлийнхээ чиглэлээр докторын зэрэг горилж идэвхитэй суралцаж байсан үе. Түүний Ардчилсан намдаа дэд даргаар сонгогдоод улс төр рүү эрч хүчтэй буцан орж ирж байсан үе.  Ардчилсан хувьсгалын түүхийг өгүүлсэн олон ангит кино бүтээх санаачилга гаргаад бэлтгэл ажил өрнүүлж байсан үе. Түүний өдрөөс өдөрт өнгө орж, дүүрэн аз жаргалтай, өөртөө бүрэн итгэлтэй байсан үе...

Энэ өдөр түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж даруухан хэрнээ дотно баяр тэмдэглэх өдөр байлаа. Гэтэл оронд нь зул өргөх юм гэж хэн мэдлээ. 

Зах зээлийн нийгмээ байгуулалцсан, байгуулсан нийгэмдээ өөрөө амжилт олсон, амжилтаа татвараараа, үйлсээрээ, зүтгэлээрээ ард түмэнтэйгээ үргэлж хуваалцаж байсан хайран хүн минь! Хүн шиг хүн минь! Тэнгэрийн орондоо тайван нойрс доо. Эргэж ирээрэй, хайртай Монголдоо.

2019 оны 5 дугаар сарын 19. 

Цэдэвдамбын Оюунгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (45.56.152.142)
    Zass Mongolchuudiig arhind jivuulsen olon hunii nulimsiig idsendee
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч...
Top