x

"Нохой шиг хүнийг хүн гаршуулдаг юм"

Ц.Элбэгдорж: Цадиг

Монгол улсыг ардчиллаар овоглодог. Монголын ардчилал бол Монгол улстай өөртэй нь тэнцүү үнэ цэнтэй. Ардчилалд итгэх итгэл алдрах нь Монголд итгэл алдрахтай ижил юм. Эх орон, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах нь Монгол хүн бүрийн зүрхний цадиг юм. Хэн үүнийг зөрчинө, гэсгээл хүртсүгэй.

Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Бичлэг

Бичлэг гарч гэнэ. Муухай юм гэнэ. Үзүүлж байна гэнэ. Уурлаж бухимдаж гэнэ. Хууль өөрчлөх юм гэнэ. Сүртэй юм биш гэнэ. Зөвхөн Зөвлөмж хүргүүлэх утгатай юм байх. Үндсэн хууль зөрчихгүй гэнэ. Зарчим, үзэл санаанд нь харшлахгүй гэнэ. 

Хууль шүүхэд нөлөөлөхгүй юм гэнэ. Шийдэх газар нь шийдэх гэнэ. Зөвлөмжийг авч ч болно, хаяж ч болно гэнэ. Том өөрчлөлт биш гэнэ. Гэмгүй нэг л заалт гэнэ. Хамаг асуудал өөдгүй тэр бичлэгт л бий гэнэ. Гишүүн ингэж ярив. Тамга тэгж тайлбарлав. Сайд нэмж бархирав. 

Харин дэлхий дээрхийн тухай шал өөрөөр яриад эхэллээ. Монголын тал харанхуй. Дэлхийн тал нартай. Шөнө өдөр сэлгэдгээрээ сэлгэх. Мэдээ шуугиан тардгаараа тарах. Манай тал “зөв” ярьж, дайсны тал “буруу” ойлгосон бололтой. Олон улсын хэвлэл мэдээллээр манай тайлбарчдынхаас таг эсрэгээр нь хэлж бичиж байх юм. 

Мэдээнийх нь өнгө харуусал дагуулжээ. Дахиад нэг ардчилсан улс бурангуй, дарангуйд автлаа гэх маягтай. Бүр “Монголын хар өдөр” гэх шиг. “Азийн цээжин дэх ганц ардчилал амь тавих уу” гэж асууж ч байх шиг. “Нударга, эргэлт, уналт…” гээд. Ёозгүй дүгнэлтүүд. Онцгүй таамгууд. Хамгийн гол нь итгэл алдарсан байдал. Монголын эрх баригчдад хүн итгэхээ болихыг тэвчье гэж бодъё. Харин Монгол улсад итгэх итгэл алдрахыг тэвчиж болно гэж үү!!

Эрх чөлөө, хуулийн засаглал, нээлттэй байдал… Монголын гангараа байсан юм. “Монголын маргааш өнөөдрөөсөө илүү”, “Монгол улс хэцүү ч зөв замаар яваа”. Ингэж бид хэлэлцэж ярилцдаг. Ийм итгэл үнэмшилтэй байсан. Монгол улс энэ эрхээрээ, энэ байдлаараа ялгарч бас бахархаж ирсэн. Биднийг “ардчиллын баян бүрд” гэдэг байв. Үүнд маань итгэдэг хүн зон, улс орнууд нэмэгдэж байна уу? Хасагдаж байна уу? Байдал муудах тийшээ явж байна уу? Сайжрах тийшээ явж байна уу? 

Ардчилал

Ардчилал бол бусад улсын хувьд тогтолцоо, сонголтын асуудал байх. Харин Монгол улсын хувьд бол бие дааж, оршин тогтнох гэвэл цор ганц олдсон аврал нь ардчилал юм. Ардчиллыг Монголчууд гоё, гэмгүй учраас шохоорхож авсан юм биш. Эрх чөлөө тусгаар байдлаа хадгалж өөрийн эрхээр амьдрах гэвэл үүнээс өөр сонголт бидэнд байгаагүй юм. Ардчилал бол Монгол улсын хувьд тусгаар тогтнол ч мөн, бие даах арга ч мөн, улс гэрээ засах сонголт ч мөн. 

Ард түмний засаг бол ардчилал. Ардчилал бол хариуцлага. Хариуцлага бол хууль. Энэ тал дээр бидэнд маш их дутагдал бий. Буруу бий. Энд тулж ирээд бид алддаг, муудалцдаг. Хагардаг, хальтардаг. Энэ удаа ч ялгаагүй. Гэхдээ бидний шинэхэн алдаа илүү урхагтай, илүү төлбөртэй, илүү аюултай болоод явчихлаа. Учир нь Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хөндлөө. Ардчиллын амь, Монголын амийг хөндлөө гэсэн үг. 

Монгол Монголоороо орших гэвэл бие даасан төртэй байхаас өөр аргагүй. Бие даасан төртэй байх гэвэл ардчилсан байхаас өөр зам байхгүй. Ардчилсан бие даасан төртэй, тусгаар улсын гол шинж бол хэнээс ч хамааралгүй бодлогоо тодорхойлж чаддагт оршдог. 

Хууль

Бодлогыг хуулиар тодорхойлдог. Бие даасан хуультай орныг бие даасан бодлоготой, төртэй орон гэж хардаг. Тусгаар тогтносон улс гэж үздэг. Тийм газар зөв бурууг хуулиар ялгадаг. Хууль, хууль бусыг бие даасан хууль шүүхийн байгууллага - институт тогтоодог. Түүнийх нь үндэс шүүн таслах тогтолцооных нь халдашгүй байдалд оршдог. 

Монгол хүн энэ байдлыг их эрт ойлгосон. Их улсаа хүртэл Их хуулиар тохинуулж явсан. Их шуналыг, их эрхийг хуулиар хязгаарлаж хааж явсан. Хууль гууль болох цаг дор Монгол уруудаж доройтсон байдаг. Тусгаар байдал, төр улсаа ч алдсан байдаг. 

Монголчууд тусгаар тогтнолоо олно гэдэг бол хуулиа сэргээхтэй дүйдэг байсан. Цаг үргэлж тийм л байсан. Иймээс ч бид ардчилсан хувьсгалаа ардчилсан хууль гэж харсан. Үндсэн асуудлаа Үндсэн хууль гэж үзсэн. Шинэ сонголтоо шинэ хууль гэж зорьсон. 

Алдарт хуульч Бяраагийн Чимэд хүртэл – Хууль бол улс юм гэж сургаж байсан. Орчин цагийн хэмжүүрээр ч “хуульд халдвал улсдаа халдлаа” гэж эргэлзээгүйгээр ойлгодог болжээ. Хуулийн бие даасан байдал бол улсын тусгаар тогтнол юм. Улсыг нь булаахын тулд хуулийг нь булаадаг аж. Хуулиа булаалгасан орон бол улсаа булаалгасантай адил юм. 

Хувьсгал

Монголд ардчилсан хувьсгал өвлийн ид хүйтнээр эхэлсэн юм. Гучин жил болох гэж байна. Үүр цайсан. Хонх дуугарсан. Монголчууд сэрсэн. Дээл хувцсаа дутуухан өмсөөд гүйлдэж гарцгаасан. Монголын ардчилал хөр цасан дээр дөрвөн хөллөөд босоод ирсэн. Цай сүүнийхээ дээжийг өргөж, хурайлж угтсан. 

Нэгнийхээ хамраас цус гаргаагүй. Чанга яригч барьж, цаас бичиг өргөж ухаан уралдуулсан. Цугласан, жагссан, тайван тэмцсэн. Сонгуульдсан. Олонх болсон ч баярладаг. Цөөнх болсон ч баярладаг байсан. Ялж ялагдах яах вэ. Бүгдээрээ бид эрх чөлөөтэй боллоо гэж баярлацгаадаг байв. 

Монгол Монголоо олсон. Монголыг дэлхий олсон. Монгол хүн хувь заяандаа эзэн болсон. Эрхээ эдэлсэн. Сонголтоо хийсэн. Эцэг дээдсээ шүтсэн. Их түүхээрээ бахархсан. Эх соёлоороо гайхуулсан. Хөдөө гадаагүй сэрсэн, сэргэсэн. Хөгшин залуугүй хөгжилдсөн, баярласан. Хэлэх ярихаа цагдуулахгүй, санал бодлоо уралдуулдаг болсон. Чөлөөтэй явдаг, чөлөөтэй хийдэг туурвидаг болсон… 

Хүн жаргаж болох бүхнийг Монголчууд бид олж авсан. Бидний эх орон байна. Бидний эрх чөлөө байна. Хийж бүтээх боломж бидэнд байна. Ардчилал гарснаар өмнө нь сайхан байсан зүйл муухай болсон юм биш. Сайн муугаа тэнцүүхэн хардаг болсон юм. Бусдын эрхээр биш өөрийн эрхээр л амьдардаг болсон. 

Аюул

Харанхуй боллоо. Хурал эхэллээ. Санал хураалаа. Ээлжит сорилт бослоо. Аюул дэгдлээ. Цагаан морийг нохой ноцлоо. Монгол хүн сорилт тэмцлээс няцаж байгаагүй. Боссон шуурга Монголыг зогсоож чадах ч, буцааж чадахгүй. Эрх чөлөөг амталсан зүрхийг алж чадах ч, ялж чадахгүй. 

Монголыг манжууд махалж бараагүй юм. Коммунизм цусалж дуусгаагүй юм. Түүхийн тээрэмд Монгол шиг зовсон үндэстэн ховор. Гэхдээ түүхийн хэлхээнд Монгол шиг тодорч боссон улс тийм ч олон биш. Энэ удаа ч Монголын талд түүх инээж л таараа. 

Монголд ардчилал ирэхэд аюул нь дагаж ирсэн юм. Хорвоогийн талыг бүрхсэн улаан өнгөн дороос тэнгэр шиг хөхөрч Монгол нутагт эрх чөлөө тодорсон юм. Араатнууд эрх дураараа, ардчиллын тэр цагаан унагыг төрсөн цагаас нь овоо хараандаа авсан. Боломж гарах бүр ээрч хөөж, зулгааж, тасар татах гэж улайрсан. Гэхдээ тэр зулгаагч соёонууд дотроос нэг соёо онцгой хортой байлаа.

Монголын хувь заяа дээсэн дөрөөн дээр байлаа. Хуучин шинийн зөрчил туйлдаа хүрч байв. Ардчилал Монголд төрөх, эсвэл эрсдэх. Эх Монгол маань төрөхийн хүндрэлд шаналж, амь дүйсэн үе. Хүн бүр дутуу нойртой, санаа зовсон өдрүүд. Би 1990 оныурт хаврын тухай өгүүлж байна. 

Соёот

“Нохой шиг хүнийг хүн гаршуулдаг”. Энэ бол эртний хэлц үг. Нохой болох хүн ховор байдаг. Харин гаршуулах эзэн, гарших хүн, орчин нөхцөл, хоол тэжээл, санаа зорилго. Ийм олон зүйл нэг дор нөхцөлдөх амаргүй. Гэхдээ нөхцөлдөж болдгийг соёотын түүх харуулдаг. Яг ийм нохой хэрэгтэй үедээ, хэрэгтэй эзэндээ 1990 оны эхээр Монголоос олджээ. 

Монголын аюулгүй албаны буурал генерал нэгэнтээ дурссан байдаг. “Тэр хүнийг хятадын тусгай алба сонирхож байгаа мэдээг бид авсан. Мэдээ аваад бид судалж үзэхэд тэр манайхаас урьтаад хятадын тусгай албаны урхинд орчихсон байсан юм” гэж. 

Хожим гаршуулагчдынхаа дунд суух цагаан шилбэтэй зураг нь ил болсон. Ян гэж эзнийхээ ачийг л “яаж хариулах вэ” гэж шаналж явдаг нь ч нууц биш болсон. Түүгээр ч барахгүй авсан өгсөн, идэж уусан зүйл, гүйцэтгэсэн даалгаврынх нь тухай мэдээлэл түмний жигшдэс төрүүлсэн. Тэр үйлдэл, улайлт бол жирийн хүн ч бай, нохой ч бай алин нь ч тэсэж гарах аргагүй урвалт байсан юм. Харин Цэндийн Нямдорж тэр дундаас хожоо гаргаж, Монгол улс хохирогч болсоор яваа юм. 

Монгол бол нарийн улс төртэй орон. Манай улсын байршил, бидний сонголт, бидэнд тулгардаг бэрхшээл сорилтоос үүддэг. Бид цөөхүүлээ. Нэг хүн ч нэг гэхгүйгээр Монголын улс төрийг савлуулдаг, түйвээдэг. Нэг улс ч гэлээ Монголын амьдралд ахдах нөлөө үзүүлэх нь байдаг. Иймээс өөртөө найдах нь Монголын хувьд хамгийн зөв сонголт болсоор ирсэн юм. 

1990 онд хийсэн сонголт бол Монгол хүн өөртөө найдсан сонголт байсан юм. Энэ сонголтоор “Монгол чадахгүй” гэсэн басамжлал мөхсөн. Харин Нямдоржид ийм сэтгэлгээний орон зай заяагаагүй юм. Тэр бусдаас хоол горьдож бусдын хүчинд үйлчлэх замыг сонгосон. 

Нямдоржийн үйлдэл бол Монголын сайн сайхантай зохицохгүй. Монголын сайн сайхан бол Нямдоржид үл гүйцэгдэх хурд. Тиймээс энэ соёот галтай цучил зууж Монголыг араас нь түймэрдэж явдаг юм.

Урвалт

Хамгийн утгагүй тэмцэл бол үнэ цэнгүй хүнтэй тэмцэхэд оршдог. Цэндийн Нямдорж бол үнэ цэнтэй хүн биш. Учир нь түүнд үнэ цэний тухай ойлголт оршдоггүй. Харин тэр үнэ цэнтэй юмыг олж зуухдаа гаршсан. Тэр хууль, бодлогод хор шингээж Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хорлодог хүн. Өөрт нь ашигтай бол янагшиж гийнадаг, ашиггүй бол шүлсдэж дайрдаг. Тэр зүсээ яаж л бол яаж хувиргана. Шалбааг ч долооно. Шатар ч мэрнэ. 

Нямдоржид аюултай зэвсэг нэг бий. Тэр бол түүний өш хонзон. Түүний шүд. Тэр сэдэв олж зуухдаа сурамгай. Тэр нил ялгадасан дундаас ч сэдэв олно. Чадлаа урвалтаас авдаг. Тиймдээ ч мууд дээрэлхүү. Тэр шахааны зөрүүнд мэргэшсэн. Шаахайны том жижгээр эзнээ таньдаг л этгээд. 

Ц.Нямдорж бол Монголын төрийн амин судсанд соёо нь гүнзгий шигдсэн хорлогч. Хэрэв тэр Монголын төлөө хүн шиг явсан бол хүн шиг харьцахсан. Тэр Монголоо, эрх чөлөөгөө, ард түмнээ гэсэн үнэтэй бүхнийг түүж зуудаг. Эзэд нь ч түүнийг “стратегийн даалгавар”-аар тэжээж Монголд ашигладгаа нууж байгаагүй. Эхнээсээ л тийм байсан. Тэр одоо ч харь эздийнхээ сонирхолд үйлчилсээр л байгаа. 

Нямдорж Монгол улсын амин эрх ашгийг харийн даалгавраар бусниулж ирсэн. Тэр илчлэгдсэн. Илчлэгдээд бүр цагаандаа гарсан. Тэр сүүлдээ даалгавартай ч, даалгаваргүй ч Монголыг хорлодог болсон. Нямдорж Монголд юу тустай, юу тусгүйг ч мэдэхээ байсан. Түүний Монголд тарьсан гайг тоймлох нь цагийн баруул мэт боловч, заримыг нь дугаарлаж үлдээх нь сургамжтай. 

Нэг: Монгол улсын хуулийн салбар. Шинэ Монголыг хорлох ажлаа Нямдорж эндээс эхэлсэн. “Монгол улсын Засгийн Газрын хуралдаанд болон Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэх асуудал, төсөлд нөлөөлж чадах уу?”. Нямдоржоос эздийнх нь асуусан эхний асуулт энэ. Нямдорж түүнд “Чадна” гэж хариулсан байдаг. Монголын аюулаас хамгаалах байгууллагын илтгэх хуудсанд тэмдэглэл болж туссан энэ баримт хожим бас ил болсон. Монголын хуулийг самрах бол Монгол улсыг самрахтай тэнцэнэ. Саарал ордонд нэвтрэх эрхтэй болж, хариас үүрэг авч эхлүүлсэн түүний энэ ажил 30-н жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Хоёр: Нямдоржийн Хятадын тусгай албанаас 1990 оны их өөрчлөлтийн дундуур авсан өөр нэг даалгавар бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Түүнийг хянаж байсан гүйцэтгэх ажлын баримтад энэ тухай яригддаг. Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрийг сааж иддэг гинжин холбоо одоо болтол тасраагүй. Улс орны саалийн үнээг эхлээр хөхөж амташсан хүн. Хулгай ч энд бий. Гэмт үйлдлүүд ч энд бий. Энэ үйлдвэрийн эргэн тойрон дох явдлууд Монгол улсын эдийн засгийн бие даасан чадавхтай шууд уялддаг. Бүр цаашилбал Монгол улсын амин эрх ашиг бүхий олон зангилаа асуудалтай холбогддог.

Гурав: Цэндийн Нямдорж бол улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагад өш санасан хүн. Монгол улсын тусгай албанаас түүнд тухайн үед анхааруулга өгсөн байдаг. “Та улс орны аюулгүй байдалд аюул учруулж болох үйл ажиллагаанд холбогдлоо” гэж. Монголын төрд зүтгэж байгаа хүнд хэн ч зөрчих эрхгүй цор ганц - алтан дүрэм байдаг. “Монгол улсын эрх ашгаас урвахгүй. Бусад улсын эрх ашигт үйлчлэхгүй”. 

Монголын түүхт төрийн энэ алтан дүрмийг илтэд, эрээ цээргүй зөрчсөн хүн бол Цэндийн Нямдорж. Үүнийг нь мэргэжлийн байгууллага тогтоосон. Тэр энэ байдалдаа гэмшсэн шинжгүй явдаг хүн. Энэ үйлдлээрээ Нямдорж Монгол түмний нүдэнд, хойч үед буруу үлгэр болж, нүгэл үйлдсээр байгаа юм. 

Нямдорж бол Монголын төрийн итгэлийг удаа дараа шившигтэйгээр эвдсэн. Монголын төрийн буурал түүхэнд хууль хулгайлж шийтгэгдсэн цор ганц төрийн өндөр дээд албан тушаалтан. Их хурлын дарга болж суучхаад, Их хурлынхаа хууль тогтоох дээд эрх мэдлийг хулгайлж явсан хүн. Түүнд хулгайлаагүй юм Монголд үлдээгүй. Түүнд үнэн байхгүй. 

Монголчууд урвалтад дургүй хүмүүс. Сайд түшмэд нь урвахад бүр дургүй. Хүний хир баргийн алдааг өршөөдөг Монголын цайлган, ууч сэтгэл урвалтыг үзэж чаддаггүй. Монголд урвалтыг зөв гэж үздэг, ажил амьдралынхаа дадал хэвшил болгосон ганц хүн бол Цэндийн Нямдорж. Тэр Эрүүгийн шинэ хуулиас “Эх орноосоо урвах” гэсэн заалтыг хасуулах гэж хүртэл шуугиулж байсан. Тэр шүүхийг ч татан буулгах гэж сүрдүүлж хууль барьж гүйсэн. 

Зуулт

Нямдорж бол шорон тогтолцоонд талтай хүн. Монголд өрнөсөн ардчиллыг дэмжиж нэг үг дугарсан удаагүй. Тэр ардчиллыг үргэлж зууж, урж сэглэж ирсэн. Ардчилал бол аллагын өмнө хүчин мөхсөддөг тогтолцоо. Гэхдээ ардчилал бол аллагатай зэрэгцэн оршдоггүй. Ардчиллыг хуулиар хамгаалдаг. 

Алуурчинтайгаа цуг амьдардаг нийгэм гэж үгүй. Тиймээс хууль шүүх, цээрлэл шийтгэл оршдог. Бидний мэдэх аль ч нийгэмд аллагыг зөвтгөж байгаагүй. Алуурчдаар бахархаж байгаагүй. Харин хар цагааныг хуулиар л ялгаж шийдэж ирсэн. 

Бид хүний амийг, хүн гэсэн хүндэт нэр төрийг эрхэмд үздэг улс болох гэж зорьж яваа. Монгол бол хүнийг тарчлаан зовоохыг буруу гэж үздэг улс. Хүнийг хилсээр хэлмэгдүүлэхийг байж болохгүй, хууль бус гэж зарласан орон. Алдаа гарсан бол залруулах хуультай. Шийдэх шүүхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн улс. 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын нэн шинэ түүхийн улаан толбо юм. Зоригийг хэн алсныг, хэн үүнд хамааралтайг, ямар сэдэл учир холбогдлоор энэ хэрэг үйлдэгдсэнийг олж тогтоох нь Монголын мөрдөн шалгах, шүүн таслах байгууллагын ажил. Яагаад энэ хэрэг илрэхгүй олон жил болсны учир шалтгааныг бас олж тогтоох. Мөн сүүлийн үед өрнөж байгаа асуудал, хардлага сэрдлэг бүрийг шалгаж мухарлах.

Цэндийн Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Тэр тусмаа ардчиллаа аминаасаа илүү хайрладаг ардчиллын хашир партизанууд. Тэд Нямдоржийн гаргаж буй ааш аяг, үзүүлж харуулж, үйлдэж хэлж яваагийн цаана юу нуугдаж, тэр юу нууж явааг нэвт харж бас хэлэлцэж байгаа. Зоригийн амь насыг бүрэлгэснийг сонсоод тэд бүгдээрээ Зориг болсон юм. Ардчилал руу шаасан алуурчны хутга тэднийг бүгдийг нь шархлуулсан юм. 

Нямдорж бол Зоригийг ганцаараа гэж андуурч байгаа юм. Зориг бол ардчилалд хайртай зүрх бүрийн тоогоор оршдог. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг бүрэн тайлагдтал тэдний зүрх амрахгүй. Нямдорж Зоригийг хөнөөсөн хэрэгт нөхдийг нь гүтгэж захиалагч, гүйцэтгэгчээр нь нэр бүхий гэмгүй хүмүүсийг тодруулж, тамлан зовоож “даргагүй нам сонгуульд яаж ордгийг харна” гэж занаж тохуурхаж байсан. 

Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн. 

1930-аад онд Монголын цөстэй, нэртэй бүхнийг залгисан Жамбалдоржийн эрүү шүүлт Нямдоржийн үед ч үргэлжилсэн. Шинэ мянганы эхэнд өөрийнх нь нэртэй хар хуульдаа ч эрүү тамалгаагаа хадгалсан. Тэр эрүү шүүлтийг халах шинэ цагийн хууль, хуулийн заалтыг өөрөө эсэргүүцэж унагасан. Мөрдөх хугацааг нь хориг тавиад ч дийлдэлгүй хойшлуулсан. Тэнд байсан шинэчлэл, өөрчлөлтийг улдан зулгааж өөрчлүүлсэн. 

Зоригийг алсан алуурчид илэрсний адил, аллагын захиалагч хатгагч нь илэрч л таараа. Үүссэн нөхцөл байдлыг Монголын хууль шалгаж л таараа. Алдаа гарсан бол алдаагаа засаад сургамжаа аваад, хуулиараа шийдээд л явна. Хэрэгт хохирсон Монгол улс байгаа цагт хэргийг хаана гэж л лав байхгүй байх. Зориудаар, санаатай будлиан хутгасан бол түүнийг ч шалгаж нягталж л таарна. Гэрчтэй, үйлдэлтэй, ул мөртэй бүхнээ баллаж устгаж чадахгүй. Энэ бүхнийг харах, хянах, хамгаалах, баримтжуулах ажлаа Монголын хууль, хуулийнхан хийж байгаа байлгүй дээ. 

Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ. 

“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах. 

Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү! 

Итгэл

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Бичлэгийн тухай ярьж эхлүүлсэн өгүүллээ тэр тухай үгээр өндөрлөе. Бичлэгт муухай юм байгаа бол шалгаж шинжлээд хуульд зааснаар асуудлыг шийдэх нь зөв. Дахиад тийм зүйл гаргуулахгүйн тулд урьдчилан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг, эрүү шүүлт тулгахыг Монгол улсад хориглох хэрэгтэй. Ял хариуцлагыг нь тодруулж нэг бүрчлэн хуульчлах хэрэгтэй. Энэ тухай яриад орхих биш. Үйлдэл хийх хэрэгтэй. Үр дүн ч гарах ёстой. 

Харин ямар ч бичлэг, ямар ч шалтаг байсан хууль шүүхийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бусниулж болохгүй. “Зөвхөн зөвлөмж л хүргүүлнэ” гэдэг гэмгүй өөрчлөлт Монголын шүүхийн болон прокурорын байгууллагын удирдлагын хувьд лав худал боллоо. Томилохдоо үгийг нь сонссон парламент тэднийг өөрчлөхөд барааг нь ч харж чадалгүй үлдэв. Энэ жишиг дахиад ч давтагдах магадлалтай. Үүнийг л хуулийн байгууллагын хараад бус байдал алдагдлаа гээд байгаа юм. 

Хууль нь, хуулийн байгууллага нь хараат бол Монгол улс ч хараат болно гэсэн үг. Харийн дайсан довтлоод ч хараат болгож дөнгөөгүй Монголын хууль ёсыг хоёрхон оройн санал хураалтаар сөнөөж болохгүй. Бидний улс муугаа засаж урагшлах ёстой болохоос биш ухарч болохгүй. Монгол улсад итгэх итгэлийг нэмэх бол Монголын төрийн хамгийн сайн үйлс. Үүгээр төрийн ажил, залгамж хэмжигддэг. 

Хууль шүүхийн байгууллагын бие даасан байдлыг сэргээн тогтоохын тулд “зөвлөмж” гаргадаг сүүлд оруулсан нэмэлт заалтаа хүчингүй болгохоос өөр аргагүй. Тэгээд сургамждаа тулгуурлан хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх нэмэлт үндэслэл гаргах үйлдлийг хуулиар хааж өгөх хэрэгтэй. Ийм заалтыг тус бүрийх нь хуульд нэмж оруулбал зөв болно. Ингэж чадвал шинээр томилогдсон хүмүүс ч ажлаа хараат бусаар хийх боломжтой болно. Хууль шүүхийн байгууллагын бие даасан байдлыг нураасан гайтай цохилтын үр дагавар ч аажмаар засагдана. 

2019.04.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • зочин (202.131.245.69)
    голыг нь олж сайхан ярьдаг боловч үйлдэл нь өөр байсан болоод хүмүүс энэ хүнийг тоохоо больсон. ингэж үнэ цэнэгүй болсон нь өөрийнх нь буруу. хамгийн эхний энгийн жишээ бол төрийн одон медалийг өөрчилнө, хаа хамаагүй хүмүүст олноор олгохгүй гэж байсан. гэтэл өөрөө арай л биш хүмүүст ёстой бөөндөж өгсөн дөө .
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (64.119.17.165)
    Yag Elbegee ooriigoo bichchij ter Hurstiig tegeed Nyamdoj taviad hun eruuden shuusen bolj bnuu ene tarvaga alia aldaj baih shiv ichsen hun,hun alna gedeg bolj bn 90 ond drafan paltonoos oor horongogui baisan hun odoo delhii daahaargui bayjas bizdee mongoliin ongotei oodtei bolgoniig gar holuudee ashiglan deeremdej avaa bizdee tumen medej baigaa tsag chin bolsoon
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.24.20)
    АДГИЙН ХОГЫН ШААР ШАВАХРУУ БОЛСОН АТИЙСАН ХҮЗҮҮГҮЙ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХУ Ж ААГ ДҮҮЖЛЭН ХОРООХ ЦАГ ИРСЭЭН
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Саран (66.181.161.99)
    Элбэгдорж чи өөрөө жинхэнэ айрагны хүүхэд
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Huzuugui (64.119.17.182)
    ЭлБЭГДОРЖ ЧАМ ШИГ ХОГИЙН ШААР ШИГ БХГҮЙ ЧТ БОЛ ХОРВООГИЙН ХАМГИЙН АДГИЙН ШААР ХУЛГАЙЧ УРВАГЧ !!ХҮМҮҮСИЙГ ГҮТГЭЖ ӨӨРӨӨ БИТГИЙ ГЭМГҮЙ ЦАРАЙЛЖ ЖҮЖИГ ТАВЬ!!СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЭНЭ НЭГ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ!!
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Би (103.26.193.163)
    Элбэг бол гадны тэжээвэр нохой гэж би харддаг. Монгол улсынхаа тѳлѳѳ сэтгэлтэй хүн бол арай ѳѳрѳѳр ажиллах байсан. Их л зальтай этгээд гэж би ажиглаад байдаг юм. Ѳѳриыгѳѳ маш цэвэрхэн аваад гарчдаг гэмт этгээд шиг.
    2019 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.191.208)
    Jinxene tarxia ugaagch novsh
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Б (49.0.213.69)
    Ардчилалын удирдагч Зоригийг амьд ахуйд нь яаж гүтгэн доромжилж байлаа.Улсын мөнгө идэж ууж шамшигдуулсан.Засгийн газрын ордны цонхоор шээсэн гээд л МАСС үнэмшчихсэн,яг л хажуунаас харсан юм шиг ярьцгаадаг байж билээ. Өнөөдөр Элбэгдорж дээр Зоригийн амьд ахуй цагтаа туулж байсан зовлон давтагдаж байна.Монголын МАСС алдаагаа давтаж байна.
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
    • Doldoi mini bitgii huc
      2019 оны 04 сарын 13
  • Зочин (64.119.18.195)
    Chinii bosgoson baiguulsan MANAN Ard tumniig tamalj bna pzd suiruulej bna
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Б (49.0.213.69)
    Ерөнхийлөгч нараас түүхэнд хамгийн гавьятай үлдэх хүн бол Элбэгдорж ерөнхийлөгч.Энэ хүний эсрэг системтэйгээр гүтэглэг,нэр хүндийг нь муутадгах ажилгааг сүүлийн 5-6 жил дараалан явуулж байна.Нүүдэлчин угшилтай монголчууд бид амнаас аманд дамжин яригдадаг үлгэр,домогт итэгдэдэг шигээ итгэж Элбэгдорж гуйан эсрэг явуулгад үнэмшиж буйд их харамсаж явдаг.Монголын түүхийн эвгүй үе болох 1966-1990 он хүртлэх Лоохууз,Сурмаажав гуай нарын түүх давтагдаж байна.Тэр үед Монголын масс ямарч гэм хийгээгүй дээрхи хүмүүсийн эсрэг маш муу сэтгэгдэлтэй байж билээ.
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
    • зочин
      Монгол улсадерөнхийлөгч гэсэн албан тушаал огт хэрэггүй гэдэг нь олон ерөнхийлөгчийн үг үйлдэл байдлаар нотлогдлоо.
      2019 оны 04 сарын 13
    • Hucdag tejeever hoshnog doloogch uu chi haha
      2019 оны 04 сарын 13
  • зочин (64.119.17.91)
    нямдоржид итгэдэг ард түмэнд хөгжил яриад хэрэггүй ээ.
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
    • яаг үнэн. ер н бол монгол мөхөж байна.
      2019 оны 04 сарын 13
  • zochin (202.179.25.185)
    olon jil chuuramch bag zuuj monch ich chutguur chiij yvdag Nymdorj !! ter Damirangiin Enchbatiig eruuden schuuj zovooj alsan. Odoo cheniig alach geed ene tend uscheedd bna ???, odoo chi chorond or.
    2019 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Хуцдаг новш шүү.Өвчин тусчээ.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.43.97)
    Эрүүдэн шүүдэг асуудал тусдаа Зоригийн хэргээр оролдох шаардлагагүй Эби зөв бичжээ Хүн дан хар эсвэл цагаан биш шүү
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.13)
    Энэ Ц.Элбэгдорж балай ч үнэхээр новш юм аа
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • BAТ
      яасан чамд эрх чөлөө олож өгсөн гай болоод байна уу?чи дөрвөд байлаач ухаантай бай.
      2019 оны 04 сарын 12
    • Зочин
      Энэ хүн төрд 30 шахам жил байхдаа илрүүлэхгүй юу хийж байваа. Хошгоруулж гадаад дотоодгүй зугаалж хор найруулж явсаар эх орноо ийм байдлаас гаргах нь яасан юм одоо элдэв цэцэн үг шидээд суудаг. Энхбаярт хэрэг дохох гээд юм олдоогүй яаж хүч түрж байлаа үнэн ялсан. Одоо ч хэн юу хэлэх нь хамаагүй Үнэн илэрч л б.а. Сандрах хэрэггүй
      2019 оны 04 сарын 12
  • зочин (69.243.119.188)
    еерийнхее сайтанд еерее бичээл манай еренхийлегч . гое бна оо. гое улгэр их яринаа.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • Бат
      Ерөнхийлөгч байсан хүн. Үнэхээр ҮНЭН зүйл бичжээ. Монголчуудын ихэнх нь хар масс болжээ. Амнаас аманд давсалж ярьдаг үлгэртийг ҮНЭН гэж итгэнэ. Нүүдэлчидийн зан юмдаа.
      2019 оны 04 сарын 12
  • Зочин (122.201.26.20)
    Нямдорж бол Монголын төрийн итгэлийг удаа дараа шившигтэйгээр эвдсэн. Монголын төрийн буурал түүхэнд хууль хулгайлж шийтгэгдсэн цор ганц төрийн өндөр дээд албан тушаалтан. Их хурлын дарга болж суучхаад, Их хурлынхаа хууль тогтоох дээд эрх мэдлийг хулгайлж явсан хүн. Түүнд хулгайлаагүй юм Монголд үлдээгүй. Түүнд үнэн байхгүй. Монголчууд урвалтад дургүй хүмүүс. Сайд түшмэд нь урвахад бүр дургүй. Хүний хир баргийн алдааг өршөөдөг Монголын цайлган, ууч сэтгэл урвалтыг үзэж чаддаггүй. Монголд урвалтыг зөв гэж үздэг, ажил амьдралынхаа дадал хэвшил болгосон ганц хүн бол Цэндийн Нямдорж. Тэр Эрүүгийн шинэ хуулиас “Эх орноосоо урвах” гэсэн заалтыг хасуулах гэж хүртэл шуугиулж байсан. Тэр шүүхийг ч татан буулгах гэж сүрдүүлж хууль барьж гүйсэн.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.26.20)
    Цэндийн Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Тэр тусмаа ардчиллаа аминаасаа илүү хайрладаг ардчиллын хашир партизанууд. Тэд Нямдоржийн гаргаж буй ааш аяг, үзүүлж харуулж, үйлдэж хэлж яваагийн цаана юу нуугдаж, тэр юу нууж явааг нэвт харж бас хэлэлцэж байгаа. Зоригийн амь насыг бүрэлгэснийг сонсоод тэд бүгдээрээ Зориг болсон юм. Ардчилал руу шаасан алуурчны хутга тэднийг бүгдийг нь шархлуулсан юм.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • BAТ
      Том гүрний ар тал хүчтэй байдаг юм байна Монголын тагнуулын байгуулга дийлэхгүй л байна даа.Батзандангийн зарим үйлдэл их төстэй байдаг юм Багабанди ЕХ-ийн авгай Туул жин панд Хятадын Тан луу гэдэг тагнуулын байгуулагтай холбоотой нэг асуудалын өмгөөлчөөр Батзандан ажиллаж байсан гэдэг юм билээ.
      2019 оны 04 сарын 12
    • Энэ хүн одоо шудрага байялдаа ардчилал гэж 29 н жил хашгираад одоо тэр үнэн нь энэ үү 2 удаа ерөнхий сайд 8 жил еоөнхийлөгч хийгээд туг тойроод дэвээд байсан ерөнхий сайдын суудлаасаа ми энхболдод хөөгдөөд гутамшигтай бууж байсныг ард олон мэднэ шүү дээ тэгсэн одоо нөгөө нөхөдтэйгөө нийлээ
      2019 оны 04 сарын 12
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 6 цаг 8 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 6 цаг 18 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 7 цаг 20 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 7 цаг 38 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 7 цаг 38 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 7 цаг 46 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 7 цаг 58 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цаг 12 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 8 цаг 15 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 8 цаг 28 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 8 цаг 32 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 8 цаг 45 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 9 цаг 21 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 11 цаг 35 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 11 цаг 38 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 12 цаг 46 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 13 цаг 43 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 14 цаг 17 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 15 цаг 10 мин ОРОС дахь АЛЛАГА 16 цаг 7 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top