Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Дүрэмд төрийн бүх шатны албан тушаалтан дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх, энэ төрлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх заалтыг нэмж тусгасан байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Төрийн албан хаагч бол олон нийтийн сайн сайхны төлөө ажиллах тангараг өргөдөг. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид казинод тоглож мөнгө угаах, авлигал, бусдын нөлөөнд автах болсон. Ялангуяа төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдах албан тушаалтнууд казино тоглосон талаар дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад гарах боллоо.
Засгийн газрын энэхүү шийдвэрийн биелэлтийг улирал тутамд хянаж, дүгнэж байхыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Гэхдээ үүнд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хяналт маш чухал. Хэрэв төрийн албан хаагч мөрийтэй тоглож байгааг мэдвэл ЗГХЭГ-т шууд мэдээлэл ирүүлж болно. ЗГХЭГ-аас уг албан хаагчийг шалгаад, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт улс төрийн албан тушаалтнууд ч багтана.
Энэ дүрмийг эхний ээлжинд зургаан сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Хэрэв энэхүү дүрэм хангалттай хэрэгжихгүй бол хуулийн төсөл болгон боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Мөн хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон тухай мэдээлэл ирэх болсон. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах болно. Цаашдаа Засгийн газар төрийн албан хаагчийн сахилга хариуцлагатай холбоотой журмуудыг шинэчлэн, хэрэгжилтэд иргэд, олон нийт, сэтгүүлчидтэйгээ хамтран хяналт тавин ажиллана” гэлээ.



