УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд байгаа. Өмнөх хуулиар анх удаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан иргэдэд татварын буцаан олголтоор гурван сая төгрөг буцаан олгодог байсныг шинэ хуулиар зургаан сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Хуулийн энэ өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах саналыг гаргав.
М.Оюунчимэг:
-“Гэр хорооллын утааг бууруулах, орон сууцжуулах асуудал дээр Засгийн газар анхаарал тавьж ажиллаж байгаа тухай Сангийн сайд хэллээ. Шинээр орон сууц худалдан авч байгаа иргэд татварын буцаан олголтоор гурван сая төгрөг авдаг байсныг зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь сайшаалтай байна.
Үүнээс гадна гэр хороололд хашаандаа халаалт, дулаалга, сантехникийн асуудлаа шийдээд утаа бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа иргэдэд ч бас татварын хөнгөлөлт үзүүлдэг болмоор байна. И баримтаар, эсвэл ХХОАТ-аар дамжуулан хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа эсэх талаар Сангийн яам судалж үзэх хэрэгтэй байна. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа айл өрхийн 70 гаруй хувь нь хашаандаа хаус бариад, инженерийн шугам сүлжээгээ холбоод тэндээ сайхан амьдрах боломж байна. Чингэлтэй дүүргийн 285 айл яндангаа буулгаад дундаа нэг дэд бүтэц, сервес бариад орон сууцанд байгаа юм шиг амьдраад эхэлж байна. Гэсэн ч цахилгааны үнэ өсч байгаа нь иргэд маань хүндрэл болж байна” гэв.
Тиймээс Засгийн газар утааг арилгах технологийн шинэчлэлийг өөрсдөө шийдээд явж байгаа иргэдийг татварын бодлогоор дэмжмээр байна. Ингэж чадвал ирэх жил утааг 50 хувь бууруулна гэсэн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд татварын хөнгөлөлт хамгийн ихээр нөлөөлөх юм шүү. Ипотекийн зээлд хамрагдах гэхээр урьдчилгаа төлбөргүйгээс болоод түрээсийн орон сууцанд сууя гэсэн хүмүүсийн жагсаалт УИХ-ын гишүүд дээр 200, 300-гаараа ирж байна. Иргэдийн хувьд шинээр орон сууц авах боломж бололцоо бага, дээр нь түрээсийн орон сууцны хүрэлцээ бага байгаа ийм үед хашаандаа утаа, бохирдлын асуудлаа шийдээд явж байгаа айл өрхөө татварын бодлогоор дэмжмээр байна” гэв.



