Өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 5-нд буюу хаврын чуулган нээлтээ хийх өдөр Сүхбаатарын талбайд ШХАБ-д элсэхийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар болсон талаараа мэдээллээ.
Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны МАН-ын амлалтыг сануулахаар жагсах аж. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө тэмцэлдсээр ирснийг АН шүүмжилж байна. Түүнээс гадна эрх баригчид ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэж үзэж байгаа учраас хариуцлага тооцохыг дахин сануулах юм байна. АН-ын зүгээс өмнө нь ч бас ЖДҮ-тэй холбоотой гишүүддээ хариуцлага тооцох, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг шаардаж УИХ-ын даргад бичиг хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоорондын тэмцэл, зодооноос өөр олигтой ажил хийсэнгүй. 100 жилийн өмнө урваач шарваач ноёдын буруугаас манай улс эрх чөлөөгөө алдаж байсан. Яг энэ 100 жилийн босгон дээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нэрийдлээр бидний тусгаар тогтнол эрх чөлөөг алдах томоохон асуудал үүсэх гэж байна. Эдгээр асуудлаар хариуцлага нэхнэ.
Эдийн засаг өсөлттэй байгаа нь МАН-ын бодлогоос болоогүй. Экспортын нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг өссөн. Эдийн засаг өсөлттэй байх хугацаанд валютын ханшийг 600 төгрөгөөр алдаад байна. Мөн инфляфи 8,1 хувиар өссөн. Үүний үр дүнд иргэдийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 23 хувиар өссөн. Шатахууны үнэ маш ихээр өссөн. Эдийн засгийн хувьд хор хохиролтой.
МАН 2016 оны сонгуулиар таны төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй гэж худлаа хэлж ард түмнийг айлгаж байгаад ялж байсан. Гэтэл өнөөдөр нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй ч, нэг хүнд ногдох өр 23 сая төгрөгт хүрээд байна. Татвар нэмэхгүй гэсэн боловч ганцхан удаагийн чуулганаар найман төрлийн татвар нэмсэн. Шат шатандаа иргэдийн халаас руу гараа шургуулж хулгай хийж байна. Одоо ажил хийх үлдсэн цөөхөн хугацаандаа дараагийн сонгуулиа ярьсаар байгаад эдийн засгийн, бодлогын томоохон асуудал ярихгүй байх.
60 тэрбумын асуудал манай намын шүүмжилдэг гол асуудлын нэг. 60 тэрбумын схемийн үр дүнгээр гарч ирсэн хүмүүс Монголын яаж худалдаж идсэн ч болно гэж боддог. Үүний тод жишээ бол ЖДҮХС-ийн зээлийн асуудал. АН бүлэггүй болж цөөхөн гишүүнтэй болсон ч энэ асуудлуудыг байнга эсэргүүцнэ.
АН-ыг дэмждэг гэх шалтгаанаар 35 мянга гаруй төрийн албан хаагчыг ажлаас нь халсан. Энэ нь 60 тэрбумын үр дүн юм. Иймд АН хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ” гэв.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: “Дөрөвдүгээр сарын 05-ны өдөр АН жагсаал зохион байгуулах гэж байна. Жагсаалаар хэд хэдэн тодорхой асуудлыг хөндөж, тэмцэнэ. ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг эрх баригчид хэрхэн яаж хамгаалж байгааг та бүхэн харж байна. Мөн ШХАБ-д элсэх тухай асуудал яригдаж байгаа. Энэ хоёр асуудал харахад тусдаа юм шиг мөртлөө цаагуураа холбогдоод байгаа нь ажиглагдаж байгаа. ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд, ЖДҮХС-аас зээл авсан гишүүд яг таарч байна. ШХАБ-д элсэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн гишүүдийн нэрс надад бий.
Манай намын зүгээр ЖДҮХС-аас авсан зээл нь бүхэлдээ ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зориулагдаагүйг ажигласан. Өөрөөр хэлбэл нэр бүхий тодорхой хүмүүст тус бүрт нь 950 саяар хувааж өгсөн. Үүнийг өгсөн цаад зорилго нь Монгол Улсын ШХАБ-д зарах агуулгатай байж магадгүй гэж үзэж байгаа. Учир нь ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд нь ЖДҮХС-аас зээл авсан. 100 жилийн дараа Монголын тусгаар тогтнолыг худалдах хүмүүсээр МАН-ынхан тодорч гарч ирж байна. Засгийн газар нь хүртэл ШХАБ-д орохыг дэмжсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бчигийн дарга Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын дарга Занданшатар зэрэг хүмүүс ШХАБ-д элсэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн байдаг” хэмээн ярилаа.
Сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
- Ардчилсан нам 60 тэрбумын асуудлыг яагаад хөндөх байна вэ. АН-ын зүгээс 60 тэрбумын хэргийг хамгийн их шүүмжилж ярьж байсан ч М.Энхболд УИХ-ын даргаас бууснаас хойш энэ асуудлаар дугарахгүй байгаад байна?
Б.Пүрэвдорж: - 60 тэрбум бол Ардчилсан нам байнга шүүмжилдэг байсан. Төр засгийн албан тушаалыг худалддаг байдал төрийн албанд байсан. Зөвхөн нэг хүнд хариуцлага тооцоод бусад хүнд хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй. Энэ 65 гишүүн бүгд 60 тэрбумын схемийн үр дүнд гарсан. Энэ хүмүүс энэ төрийг яаж ч хувааж идэж болно гэдгийг тод жишээ бол ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал. Бид цаашид илүү их хариуцлага тооцуулахын төлөө улс төрийн тэмцэлд хүрнэ.
- Баянзүрх дүүргийн дахин сонгуульд Ардчилсан нам оролцсон уу. Маш их мөнгө тараасан гэх шүүмжлэл гарсан?
Ц.Туваан: - БЗД-т болсон нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцоогүй. Тус дүүрэгт нөхөн сонгууль явуулах асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Шүүхэд хандсан байгаа учраас оролцоогүй гэсэн үг.
- Ардчилсан намын дотоод ротаци буюу ҮБХ-ны гишүүдийн сонгуулийн дүн гарсан уу?
- АН-ын үндсэн дүрмийн хүрээнд явагддаг дотоод сонгууль бүх аймаг, дүүрэгт явагдсан. Нийтдээ 120 гаруй суудал дээр эргэлтийн сонгууль явсан бөгөөд өнөөдөр аймаг, дүүргийн дүнгээ нэгтгэж дуусахаар ажиллаж байна.



