Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Уг айлчлалын үеэр замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Иймд иргэд цагаа төлөвлөн ажил, хичээлдээ явахдаа 10-15 минутын өмнө гэрээсээ гарах, хувийн зохион байгуулалт хийж, зохицуулагчийн дохио зааврын дагуу соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён маргааш ирэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм.