x

Популизмын өрөг дээрх шинэ бэрс

Тэр бэрс гарах нь гарсан. Гэхдээ бэрс шиг байж чадахгүй байгаад хамаг учир байна. Зангараг нь дутаж байгаа гэсэн үг. Тэрбээр УИХ-ын дарга болоод 46 дахь хоног дээрээ анхныхаа чуулганыг нээж үг хэлэв. Хэлсэн үгэнд нь шударга ёс, хуулийн засаглал, ард түмний хүсэмжлэл гэсэн нэр томьёо байсхийгээд цухалзах аж. Ийм үгсийг индэр дээрээс чанга дуугаар итгэл төгс хэлэхэд сайхан сонсогддог л доо. Гэхдээ Г.Занданшатар даргын хувьд энэ дүр хэтэрхий хиймэл, хуурмаг харагдаад болдоггүй ээ. Худлаа юм худлаа л байдаг. Ажил хэрэгч, зарчимч байдал гэдэг хуурамч дүр эсгэхээс эрс өөр. Ам ажил хоёр нь зөрдөггүй, үг үйлдэл нь зөв байна гэдэг гоё үгсийн цуглуулга цээжилж уншихаас бүр өөр билээ.

УИХ-ын дарга хэлсэн үгнийхээ эхэнд намрын чуулганы хуралдаан олон хоног тасалдаж, хэлэлцэх асуудал, батлах ёстой хуулиуд хүлээгдэж байгаа гэдгийг онцолсон. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болсон үндсэн шалтгаан энэ мөн үү гэвэл мөн.

УИХ-ын үйл ажиллагааг гацаасан шалтгаан нь гэвэл харин эдүгээгийн УИХ-ын дарга өөрөө гар бие оролцон, магадгүй оройлон зүтгэсэн эрх мэдэл, албан тушаалын дахин хуваарилалтын төлөөх тэмцэл байсан гэдгийг олон нийт мартаагүй байгаа.

Монгол Улсын гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байгаа тухай Г.Занданшатар даргын халаглал бол өөрийгөө толинд хараад цочирдсон хүний дуу алдалт юм. Тэрээр “1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ” хэмээн нэмж халагласан.

Улс орны ядуурал, гүнзгий хямрал руу түлхсэн энэ 28 жилийн тэн хагасаас илүүд нь улс төрд идэвхтэй оролцож, УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, эрх баригч МАН-ын генсекээр ажиллаж явсан хүн гэнэт ийнхүү нүд нь нээгджээ гэхэд хэн ч итгэхгүй. Өөрийнхөө бүтээн босголцсон улс төрийн загвар, өөрөө гар бие оролцсон авлигын сүлжээ, албан тушаалын наймаа, өөрөө нэрмээс болсон ядуурал, хямралыг өнөөдөр тэрээр УИХ-ын даргын өндөр сэнтий дээрээс хараад цочирдон гайхширч, шогшрон гасалж байгаа нь инээдтэй. Тэрээр МАН хэмээх намын идэвхтэй гишүүн нь бөгөөд тус намын бий болгосон алдаа завхралын машины нэг эрэг шураг нь болсоор ирсэн билээ.

Парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар олон жил ярьж байгаа ч үр дүн бага, иргэдийн дунд УИХ-ын нэр хүнд сайнгүй байгааг нуух хэрэггүй гэж хэлэхдээ Г.Занданшатар дарга өөрөө ч энэхүү нэр хүндгүй парламентын нэг эд эс гэдгээ давхар хэлсэн бизээ. Тэрчлэн парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглал хямарч байгааг тэрээр хэлэв.

Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэгчлэн хямралын шалтгаан өөрт нь байгааг ч эрхэм спикерт сануулах нь зүй. Өнөөгийн УИХ, Засгийн газрыг ганхуулж буй ёс суртахуунгүй, хууль журамгүй бусармаг үйлдэл бол ЖДҮХС-гаас төрийн түшээд болон сайд нар тэрбум тэрбумаар нь зээл авч, жижиг дунд үйлдвэр эрхэлж буй жирийн иргэдийнхээ боломжийг булаан дээрэмдсэн явдал. Энэ хууль бус үйлдэлд өнөөгийн УИХ-ын дарга өөрөө нэр холбогдсон нь ам ажил хоёр нь алд дэлэм зөрж, шударга ёс, хуулийн засаглал гэдэг сайхан үг нь үсэрсэн шүлс төдий болоход хүрээд буй юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүд, зарим сайд, агентлагийн дарга нар эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан мэдээлэл олонд ил болсны дараа тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарал бүхий хоёр ч компани нийт гурван тэрбум орчим төгрөгийн зээл авсан гэдгийг хэвлэлүүд дэлгэсэн. Г.Занданшатартай хамаарал бүхий “Эмийн үйлдвэр” ХХК 1.2 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны долдугаар сарын 03-нд авсан бол мөн түүний хамаарал бүхий “Асрал хайрхан” ХХК 1.7 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны наймдугаар сарын 17-нд авчээ.

Г.Занданшатар энэхүү мэдээллийг үгүйсгэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд өөрийгөө гэм буруугүйг нотолж шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан тухайгаа мэдэгдсэн. Гэхдээ одоо болтол түүний энэ хүсэлтийнх нь хариу ирсэн дуулдаагүй л байна. Хэрвээ гэм буруугүй нь тогтоогдсон бол УИХ-ын дарга энэ талаараа өндөр дуугаар мэдэгдэл хийж нэр төрөө цэвэрлэж авах биз ээ.

Тэрээр УИХ-ын дарга болчхоод төрөлх нутаг Баянхонгортоо сүр бадруулан очихдоо ард түмэндээ сэтгэлээ зориулж чадахгүй байгаагаас төрийн нэр хүнд унаж, төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна хэмээн ширүүхэн мэдэгджээ. Баянхонгорын төвийнхнийг талх, нарийн боовоор хангадаг үйлдвэрээр орохдоо Г.Занданшатар дарга ЖДҮХС-гаас зээл авах гээд чадалгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөн, жинхэнэ бор зүрхээрээ зүтгэж байгаа бизнесмэнийг хараад ЖДҮ-чин парламентынхнаасаа ичсэн болов уу.

Юутай ч “Ард түмний минь гар дулаан, сэтгэл дүүрэн байх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно” хэмээсэн алдарт үгээ Г.Занданшатар спикер Баянхонгорт явахдаа хэлсэн байдаг. Сайхан попорч байгаа юм шүү. Зүгээр л ажлаа яриад, бэрхшээл саад юу байгааг хэлэлцээд явахын оронд “Болор цом”-д уншмаар уран магтаал урсгаж явах ямар хэрэг байдаг ч юм.

Хамгийн хорлонтой нь ард түмэнд таалагдахын тулд сайхан ярих атлаа ажил үйлс нь олон нийтийн эрх ашгийн эсрэг байгааг хэлэх хэрэгтэй. Юуны өмнө өнөөгийн УИХ-ын дарга маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэн халгаатай, харшилтай хүн гэдгээ олон удаагийн давтан үйлдлээрээ харуулж буй.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Г.Занданшатар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг идэвхийлэн санаачилж, 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-аар батлуулсан. Улс орныхоо гадаад харилцаа, гадаад худалдаа, хамтын ажиллагааг хариуцдаг сайд нь ийнхүү гадаадын хөрөнгө оруулалтыг боомилох, хязгаарлах хууль санаачлан батлуулсан нь энэ. Улсынхаа эсрэг сайд гэхэд болохоор. Түүний батлуулсан энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг эрс бууруулсан. Эдийн засагт үзүүлсэн хор хохирол нь асар их байсан. Тиймээс уг хуулийг нь жилийн дараа хүчингүй болгосон билээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дайсан мэт үзэх энэхүү эх оронч үзэл нь түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үед ч хурцаар илэрдэг байв. Хамгийн тод жишээ нь өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд тэрбээр Тагнуул, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнийг дагуулан очиж Дундговь аймгийн Гурван сайхан суманд тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Жи Пи Эф"компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Энэ үйл ажиллагаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг дохио болсон. Харин Г.Занданшатар дарга “Салхитын мөнгөний орд бол хувийн өмч биш. Монгол Улсын Үндсэн хуульд газар, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч хэмээн заасан. Газрын хэвлийн баялгийг ашиглаж буй аж ахуйн нэгж хууль зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн 11 үндэслэл бий. Энэ дагуу 930 сая гаруй төгрөгийн татварыг нуун дарагдуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлэхээс эхлээд бүх арга хэмжээг хуулийн дагуу явуулсан. Гэвч зөрчлөө арилгаагүй тул тусгай ажиллагаа явуулсан юм” гэж мэдэгдэж байв. Салхит руу дайрсан тусгай ажиллагаа нь эдүгээ “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмээр үргэлжилж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ дүү нь дайран эзэлж, дайчлан баривчлах, хувийн эд хөрөнгийг хураах, нийгэмчлэх тэргүүтэн коммунист дэглэмийн үеийн хүчирхийллийн арга хэрэгслүүдийг чадамгай хэрэгжүүлж байгаа. Цаашид 400 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг улсад хураан авна гэж мэдэгдсэн. Популизм гэгч ийм халдвартай, хурц шинжтэй, аюултай өвчин гэдгийг Г.Занданшатар өөрийн биеэр, үг үйлдлээрээ үзүүлж буй.

Ард түмний хүсэмжлэл, шударга ёс гэж ярих атлаа УИХ-ын дарга болонгуутаа Төрийн ордныг Их тэнгэрийн аманд барихаар яаравчлуулж, төрийн түшээдийн тансаглалын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргаж буй нь Г.Занданшатарын нүүдэл олон түмний төлөө биш олз ашгийн төлөө, ард түмний төлөө биш алд биеийнхээ тулд гэдгийг харуулж байна. Орчин цагийн төлгөн коммунист, хурган популистуудын ийм хуурамч дүр төрх, худал үг тав алхалгүй баригдаж, таван үгэнд нь танигдаж байдаг билээ.

Г.Ууганбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 23 цаг 41 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 23 цаг 43 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 23 цаг 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 23 цаг 47 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 23 цаг 48 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 23 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top