Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гээд хоёр захирлаар хамааралтай “Төрийн үнэт цаас хэвлэл” компани байгуулагдаад яг дөрвөн сарын дараа “Жордан Топпен трейд” гэх компани шинээр байгуулагдаж, захирлаар нь Б.Батцэцэгийн нягтлан байсан Б.Сувдмаа томилогдоодхов. Хоржоонтой шүү. Энэхүү компани байгуулагдаж, Б.Сувдмаа захирал болсон нь учиртай байв. “Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас тендер зарлахгүйгээр 24 тэрбумын худалдан авалтыг Б.Сувдмаагийн “Жордан Топпен трейд” гэх компаниас хийсэн зөрчлийг Үндэсний аудитын газрынхан илрүүлчихсэн байгаа юм.
Ийм л тодорхой хамаарлыг сайд Б.Батцэцэг “эрх зүйн хувьд тэр хүмүүс надад, миний нөхөрт хамааралгүй” гэж хуулиас бултах зальхай тайлбар хийж явна…
Авлигачид, тонуулчид сүүлийн жилүүдэд хууль бусаар олсон хөрөнгөө өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийн нэр дээр бүртгүүлдгээ больж, танил тал, найз нөхөд гээд хамааралгүй хүмүүсийн нэр дээр “хадгалж”, хуулиас бултдаг болсон тухай Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид халаглан ярьдаг юм. Яг Б.Батцэцэг сайдын тайлбарласан шиг “эрх зүйн хувьд надтай хамааралгүй хүмүүс” гэдэг шиг.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан “Эрх зүйн хувьд надтай ямар ч хамааралгүй, миний гэр бүлтэй, миний нөхөртэй. Тийм байсан бол би хөрөнгө орлогын мэдүүлэгтэй бичнэ ш дээ” гэх тайлбарыг хэлсэн байв. Энэ нь түүний хэвлэх үйлдвэрүүдийн талаарх маапааныг хэвлэлүүд ил болгосны хариуд өгч буй арга ядсан тайлбар.
“Мөнхийн үсэг”-ээр эхэлсэн түүний эзэмшлийн хэвлэх үйлдвэрүүд гарын таван хуруунаас олон болж, тэдгээр нь төрийн тендерийг хуу хамж, бүр болоогүй төрийн өмчит компанийг хамтраад байгуулчихсан, татвар төлөгчдийн мөнгийг урсгаж байгаа нь өдөр бүр баримт, нотолгоотой ил болсоор байна. Б.Батцэцэг энэ ажлаа яг өөрийнх нь хэлснээр “Эрх зүйн хувьд хамааралгүй” нөхдөөрөө хийлгэдэг, удирдуулдаг нь ч нэр устайгаа ил болчихсон.
Ганцхан жишээ, “Мөнхийн үсэг” ХХК-д нь нягтлан бодогч хийж байсан Баянхонгорын гаралтай Б.Сувдмаа гэх бүсгүйг өөрийнхөө хүү Г.Соджамцын “Ви Эс Эм” компанид хувьцаа эзэмшигчээр бүртгүүлчихсэн байлаа.
2023.06.19-нд гадаад паспорт хэвлэх “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг үүсгэн байгуулах Засгийн газрын тогтоол гарч, албажсан байдаг. Ингэхдээ тус компанийг “Мигасон” гэх хувийн компанитай 51/49 хувиар нэгтгэж байгуулсан. Гэтэл “Мигасон” ХХК нь Б.Батцэцэгийн хуулийн зөвлөх, мөн түүний эзэмшлийн “Экопак Монгол” ХХК-ийн хуулийн зөвлөх, хүү Г.Соджамцын “Ви Эс Эм” компанийн хөдөлмөрийн бирж хариуцдаг зэрэг давхар, давхар хамааралтай Н.Цэрэндолгор гэх эмэгтэйн компани байлаа.
Нэг талаас хуулийнх нь зөвлөх Н.Цэрэндолгор компаниа нийлүүлж байгуулсан “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн гүйцэтгэх захирлаар хамгийн ноцтой нь Б.Батцэцэгийн ХОМ-тээ жил бүр мэдүүлдэг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн захирал Э.Ариунгэрэл гэх эмэгтэй ирсэн байдаг юм.
Ийнхүү Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл гээд хоёр захирлаар хамааралтай “Төрийн үнэт цаас хэвлэл” компани байгуулагдаад яг дөрвөн сарын дараа “Жордан Топпен трейд” гэх компани шинээр байгуулагдаж, захирлаар нь Б.Батцэцэгийн нягтлан байсан Б.Сувдмаа томилогдоодхов. Хоржоонтой шүү. Энэхүү компани байгуулагдаж, Б.Сувдмаа захирал болсон нь учиртай байв. “Төрийн үнэт цаас хэвлэл” компаниас тендер зарлахгүйгээр 24 тэрбумын худалдан авалтыг Б.Сувдмаагийн “Жордан Топпен трейд” гэх компаниас хийсэн зөрчлийг Үндэсний аудитын газрынхан илрүүлчихсэн байгаа юм.
Ийм л тодорхой хамаарлыг сайд Б.Батцэцэг “Эрх зүйн хувьд тэр хүмүүс надад, миний нөхөрт хамааралгүй” гэж хуулиас бултах зальхай тайлбар хийж явна. Дахиад ч олон маапаантай компаниуд, эзэд захирлууд байгаа.
Б.Батцэцэг “надад хамааралгүй” гэчихээр үнэн, зөв гэсэн үг биш юм. Үүнийг хуулийнхан гаргаахгүй мэддэг болсон. Авлигачид, тонуулчид төрийн мөнгө, ард түмний баялгийг цуслахдаа өөрсдийнх нь нэр дээр, гар дээр л байхгүй бол нэр цэвэр үлдэнэ гэж андуурдаг. Гэхдээ хараат бус сэтгүүл зүй, сэтгүүлчид түүний аалзны тор шиг хэрсэн олон компани, гар доороо ажиллуулдаг хүмүүсийнх нь хамаарлаар өлхөн олоод зарлаад байгаа. Хуулийнхан ч соргог харж буй нь лавтай.
Мөнгө мөртэй гэдэг шиг хэчнээн “Эрх зүйн хамааралгүй” гэж уран донгодоод нэмэргүй болно оо л гэсэн үг юм.
Д.Батболд, Өдрийн сонин


