Олон улсын ихрүүдийн өдөр өнөөдөр тохиож байна.
Дэлхий даяар ихрүүдийг алдаршуулах, тэдний онцлог холбоо, амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор тусгай өдрүүдийг тэмдэглэдэг уламжлал бий. Дэлхийн ихрүүдийн холбоог 1934 онд өөрсдийнх нь санаачилгаар байгуулжээ. Улс орон бүр ихрүүдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг онцлогтой. Тухайлбал, АНУ-д ихрүүдийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 18-нд тэмдэглэдэг уламжлалтай байдаг.
Харин Монгол Улсын хувьд ихрүүдийн өдрийг 1990 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр ихрүүдийн нөхөрлөл, гэр бүлийн холбоо, нийгэмд эзлэх байр суурийг онцлон тэмдэглэхэд чиглэдэг ажээ. Ингэхдээ гурван жилд нэг удаа тэмдэглээд 36 дахь жилтэйгээ золгож байна. Сүүлийн жилүүдэд манай улсад ихрүүдийн уулзалт, дурсамж хуваалцах үйл ажиллагаа, сошиал контентууд нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг татах болсон юм.
Судлаачдын үзэж байгаагаар ихрүүд нь гадаад төрхөөрөө ижил төстэй ч зан ааш, сонирхол, амьдралын сонголтоороо ялгаатай хөгждөг нь хүний хувь хүний онцлог хэрхэн бүрэлддэгийг харуулах сонирхолтой жишээ болдог байна. Ийнхүү ихрүүдийн өдөр нь зөвхөн баяр төдий биш, хүний мөн чанар, ялгаатай байдал, гэр бүлийн үнэ цэнийг эргэн сануулах ач холбогдолтой өдөр юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 18249 ихэр хүүхэд байна. Үүнээс хоёр ихэр хамгийн олон буюу 17910, гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байгаа аж. Манай улсын хамгийн анхны гурван ихэр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны наймдугаар сарын 1-нд мэндэлсэн. Харин анхны дөрвөн ихэр 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд мэндэлжээ. Тэгвэл хамгийн олон ихэртэй аймаг бол Архангай юм байна.




