Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан яамны нийт албан хаагчидтай өнөөдөр уулзлаа.
Уулзалтын эхэнд тэрбээр салбарын нийт албан хаагчдад хандан өөрийн танилцуулгыг хийж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх онцлох ажлууд болон салбарын хөгжлийн ерөнхий чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрбээр төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд яамны албан хаагч бүрийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, цаашид салбарын хөгжлийг хурдасгахын тулд шинийг санаачлагч, шийдвэр гаргагч байх болно гэдгээ тодотголоо.
Мөн энэ үеэр салбарын албан хаагчдын үгийг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцов. Энэхүү уулзалт салбарын шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг нэгдмэл ойлголттой, шинэлэг арга барилаар эрчимтэй хэрэгжүүлж эхлэх суурь алхам болж байна гэж ССАЖЗЯ мэдээлэв.
Үндэсний номын сангийн шинэ салбарт зохион байгуулсан тус уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон 100 гаруй албан хаагч хамрагджээ.



