Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
Хэлэлцээрийг баталснаар дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Болгар хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцээрт агаарын тээвэрлэгчийн томилгоо, тээвэрлэлтийн эрх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах нөхцөл, хууль тогтоомж болон дүрэм журмын хэрэгжилт, шударга өрсөлдөөн, нийгмийн болон байгаль орчны асуудал, үнэмлэх, гэрчилгээ хүлээн зөвшөөрөх, нисэхийн аюулгүй ажиллагаа ба хамгаалалт, ослыг шинжлэн шалгах, газрын үйлчилгээ, ашиглалтын хураамж, гаалийн татвар, багтаамж ба тариф, орлого гуйвуулах, арилжааны болон аяллын дугаар хамтран ашиглах, зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.



