Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн этгээдэд Японы Нара хотын шүүх бүх насаар нь хорих ял оноожээ.
Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байсан 45 настай Тэцүя Ямагами гар хийцийн буу ашиглан сонгуулийн сурталгаагаа хийж байсан Абэгийн аминд хүрсэн гэдгээ хүлээсэн байна. Прокурорууд уг хэргийг “дайны дараах түүхэнд үзэгдээгүй хэрэг” гэж дүгнэсэн бөгөөд хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноохыг шаардсан байна.
Киодо агентлагийн мэдээлснээр, шүүх хурлын явцад Ямагамигийн өмгөөлөгчид хэлэхдээ, хорих ял 20 жилээс хэтрэх ёсгүй, мөн Ямагами нь шашны бүлгийн хүчирхийллийн золиос болсон гэж мэдэгджээ.
Хэрэгтэн “Нэгдлийн сүм” гэдэг шашны байгууллагад ихэд өширхдөг байсан аж. Учир нь, түүний ээж уг сүмд асар их хэмжээний буюу 100 сая иен хандивласны улмаас Ямагамигийн гэр бүл үгүйрэн хоосроход хүрсэн байна. Шүүгдэгчийн ярьснаар, талийгаач Абэ “Нэгдлийн сүм”-д нөлөөтэй нэгэн байсан ажээ. Мөн Либерал-Ардчилсан намаас сонгогдсон парламентын зарим гишүүд сонгуулийн кампанит ажлаа явуулахдаа уг сүмээс дэмжлэг авдаг байсан гэдэг.
Өнөө өглөө болсон нээлттэй шүүх хуралд оролцохоор 685 хүн дараалалд зогсож байсан бөгөөд тэднээс 31 хүнийг сугалааагаар шүүхийн танхимд нэвтрүүлжээ.
Гишүүдээсээ сүрдүүлэн мөнгө авч байсан Нэгдлийн сүмийн талаарх мэдээлэл ил болсны дараа засгийн газар мөрдөн шалгалт явуулсан бөгөөд улмаар Токиогийн тойргийн шүүхээс уг сүмийг татан буулгаж, татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг цуцлах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Kazinform



