x

Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх,  ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгаад хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь эргэж харах ёстойг анхаарууллаа.

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. 

Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн авто замын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.

Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

"Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 гаруй жилд эрс нэмэгдсэн. Тухайлбал, 2000-2009 онд гамшгийн давтамж хамгийн оргил үедээ буюу нэг жилд тохиолдсон гамшгийн тоо 350-500 болтол огцом нэмэгдсэн бол 2021-2030 онд гамшгийн тохиолдол 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гамшиг, аюулт үзэгдлийн давтамж энэ зууны дунд үе гэхэд одоогийнхоос 23-60 хувиар нэмэгдэж, зудын их зэрэглэлийн эрсдэлтэй газар нутгийн хэмжээ 2020-2022 оны дунджаас 2030 он гэхэд 14.4 хувиар нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс бий болсон шинэ нөхцөлд дасан зохицох, олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар гамшиг, ослыг хохирол багатай даван туулах, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага тавигдаж байна. 

Өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үерийн гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзжээ.

Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ

Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид хүргүүлжээ. 

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.

“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна

Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо. 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын салбар,  харьяа төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг (нийслэлд 144, орон нутагт 405, хилийн чанад дахь 31 улсын 47 байршил, нийт 596 ),  “ХУРДАН” киоск (нийслэлд 120, орон нутагт 362, нийт 482) машинаар дамжуулан 43 байгууллагын 451 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна. 

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт” батлагдсан. Дээрх жагсаалтад 56 байгууллагын 785 үйлчилгээ багтсан бөгөөд үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх явцад жагсаалтад байхгүй боловч цахим хэлбэрт шилжсэн, цаашид цахим хэлбэрт шилжүүлэх, мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл хариуцагч болон үйлчилгээний нэр, төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалж тус жагсаалтыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байжээ. 

Жагсаалтыг шинэчлэн баталснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, мэдээллийн давхардал, зөрчил арилж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг бодитоор нэмэгдэнэ.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. 

Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. 

"Цэргийн албаны тухай" хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.

2020-2022 онд "Ковид-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөнтөлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ.

#Засгийн газрын хуралдаан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хүүгийн орлого 87.1 тэрбум төгрөгт хүрэв 4 мин Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? 44 мин Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна 1 цаг 13 мин Э.Макрон Францын цөмийн цэнэгт хошууны тоог нэмэгдүүлэх тушаал өгөв 1 цаг 22 мин Монголд 1000 амьд төрөлт тутамд 2.3 хүүхэд сонсголын эмгэгтэй оношлогдож байна 1 цаг 31 мин Германы тамирчид Паралимпын наадмын нээлтийн ёслолоос татгалзлаа 1 цаг 33 мин Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 1 цаг 37 мин Сарнай идсэн ямааны шөл 1 цаг 41 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 1 цаг 46 мин Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 16 цаг 0 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 16 цаг 4 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 16 цаг 5 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 16 цаг 7 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 16 цаг 14 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 16 цаг 54 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 17 цаг 19 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 17 цаг 49 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 18 цаг 5 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 18 цаг 57 мин Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээгдлээ 19 цаг 3 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич...
Top