Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын арван долдугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэд даргын хувиар дэд хорооны анхдугаар хуралдааныг арван нэгдүгээр сарын хорин таванд цахимаар ахлан удирдлаа. Энэ үеэр тэрбээр дэд хорооны даргын хувьд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашдын ажил, бэлтгэл хангах төлөвлөгөөг гишүүдтэй хэлэлцсэн байна.
Монгол Улс НҮБ-ын томоохон хурлыг анх удаа хүлээн авч зохион байгуулахын хувьд олон улсын дээд болон өндөр түвшний төлөөлөгчдөд зориулсан зохион байгуулалт, аюулгүй байдал, логистик, тээвэрлэлтийн бэлтгэл нэн чухал гэж Б.Батцэцэг сайд тэмдэглэлээ. Тэрээр СOR17 бага хурал нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөхөөс гадна хөрөнгө оруулалт, санхүүжилт татах том боломжийг нээж өгөх бөгөөд энэ чиглэлд бүх талын уялдаа, хариуцлагатай ажиллагаа шаардлагатай хэмээн онцолсон байна.
Хуралдаанд оролцогчид цөлжилттэй тэмцэх олон улсын бодлого, СOR17-ын үеэр танилцуулах үндэсний байр суурь, зохион байгуулалтын шат дараалсан ажлуудыг хэлэлцэж, хурал амжилттай үргэлжиллээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам



