УИХ-ын гишүүн, Монгол–Мексикийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа өнөөдөр Мексикийн Нэгдсэн Улсын Конгрессын депутат, Мексик–Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Моренотой цахим уулзалт хийв. Уулзалтын эхэнд А.Ундраа Монгол, Мексикийн дипломат харилцаа тогтоосны тавин жилийн ойг бүлгийн гишүүдийн өмнөөс хүргэн, Латин Америкийн бүс нутгийн улс орнуудтай, тэр дундаа Мексиктэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдгийг онцоллоо.
Татьяна Анжелес Морено хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлж, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлд илүү идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр талын хууль тогтоох байгууллагууд 2004 онд харилцан бүлэг байгуулсан нь өнөөг хүртэл хоёр улсын харилцааны чухал тулгуур болж ирснийг дурдаж, энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илтгэв.
А.Ундраа цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хууль тогтоох чиглэлээр туршлага солилцох, худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжих, жендэрийн тэгш байдал болон залуучуудын манлайллын чиглэлээр харилцааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн дипломат харилцаа тогтоосны тавин жилийн ойн хүрээнд Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд Соёлын элч Н.Ганхуягийн "Цам маск" үзэсгэлэн энэ сарын хорин долоонд нээлтээ хийхээр болсныг онцлон дурдаж, тус арга хэмжээнд оролцохыг хүсэв.
УИХ дахь Монгол–Мексикийн парламентын бүлэг хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Засгийн газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар



