АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өчигдөр /2025.11.21/ Төрийн ордонд болов. Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ.
Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг Ардчилсан намын дарга Н.Ганибал хуралдаанд оролцогч гишүүдэд танилцуулсны дараа 12 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Үндэсний бодлогын хорооны 26 гишүүн асуулт асууж, хариулт авав.
Аравдугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг заалт тус бүрээр батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн саналаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэнээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өндөрлөлөө.
ҮБХ-ны ээлжит хуралдааны үер Ардчилсан намын дээд шагнал болох “Их Эзэн Чингис хаан” одонгоор АН-ын дарга асан, ардчлсан хувьсгалын анхдагчдын нэг Норовын Алтанхуягийг шагналаа.

Н.Алтанхуяг нь 1990 оноос хойш 4 удаа Ардчилсан хүчнүүдийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Намын аппаратыг зангидаж, ажлын хүндийг нугалдаг энэ албыг хашсан тэрээр намын нөхдийнхөө итгэл, хүсэлтээр ээдрээ, зөрчилтэй, хүнд үед амжилттайгаар ажилласан.
Н.Алтанхуяг нь бодлого тодорхойлогч, төлөвлөгч, зохион байгуулагч, холбон тоглогч, манлайлагч багийн тоглогч юм.
Түүний тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар шударга ёсыг тогтоож, Монголчууд байгалийн баялагтаа эзэн болж, дундаж давхаргаа босгохын төлөө сэтгэл гарган зүтгэж ажилласан.
Н.Алтанхуяг нь Ардчиллын ялалтыг дархалсан 5 ялалтын эзэн юм.
1. 2009 он – Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав.
2. 2012 он – Бид УИХ-ын сонгуульд ялалт байгуулав.
3. 2012 он – Бид Нийслэлд анх удаа ялалт байгуулав.
4. 2012 он – Бид аймаг, орон нутгийн сонгуульд ялалт байгуулав.
5. 2013 он – Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулав.



