Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нууц санал хураалтаар даргаар сонгогдлоо.
Даваа гарагт болсон санал хураалтаар тэрбээр 167 санал авч, нэр дэвшигч цорын ганц хүн байсан бөгөөд Ерөнхий Ассамблейн дарга Филемон Ян албан ёсоор үр дүнг танилцуулсан байна.
А.Бербок өөрийг нь сонгосонд талархаж байгаагаа илэрхийлээд, Ерөнхий Ассамблейн “шударга зуучлагч” байхыг эрмэлзэж буйгаа онцолсон юм. Тэрээр есдүгээр сарын 9-нд үүрэгт ажилдаа орж, нэг жилийн хугацаатайгаар Ерөнхий Ассамблейг удирдан ажиллана.
Тэрбээр НҮБ байгуулагдсанаас хойших 80 жилийн хугацаанд энэ албыг хашиж буй тав дахь эмэгтэй болж байгаа бөгөөд уг байгууллагын 193 гишүүн улс бүгд Ерөнхий Ассамблейд төлөөлөлтэй оролцдог юм.
Эх сурвалж: DW (Deutsche Welle)