Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийн хамт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо танилцууллаа.
Монгол Улсын 2026 оны төсөв татварын ачааллыг буруулсан, төрийн оролцоог хумьсан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжсэн төсөл болсон гэдгийг Засгийн газрын гишүүд тодотголоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр салбарын 2026 оны төсөв болон баримтлах бодлогын талаар, “Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нийт шинээр 58 мянган ажлыг байр бий болгож чадсан байна. Энэ тоон эерэг үзүүлэлтүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлж буйг илтгэж байна.
Монгол Улсын 2026 оны төсөв дээр хувийн хэвшлээ дэмжсэн энэ бодлогын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Салбарын хэмжээнд хувийн хэвшилд бизнесийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олголтыг нэмэгдүүлэх төсвийн бодлого баримтална. Яамны өөрийн хийх хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүддээ олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төсөв төсөлд тусгасан. Салбарын өсөлт ирэх 2026 онд хадгалагдана гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Жишээлбэл, махны экспортыг эрчимтэй нэмэгдүүлж байна.
Махны экспортыг ямар нэгэн хорио цээргүй өргөтгөж байгаа. Монгол Улсын бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн. Энэ жил нутаг орны 70 хувь гандуу буюу бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Ургацын урьдчилсан баланс гарсан. Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана. Мал, гахай, тахиан тэжээл, спиртын хэрэгцээний улаанбуудайг импортоор хангах бодлого баримталж байна. Ноос ноолуурын салбарт “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс дотоодын ноолуураа 100 хувь худалдан авч, бүрэн угааж, самнадаг болсон. Зөвхөн самнах шийдвэр гарсантай холбоотойгоор ноолуур боловсруулах салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий боллоо. Олон үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ. Хүнс, арьс шир, ноос ноолуур боловсруулах хэд хэдэн томоохон баригдаад дуусаж байна. Энэ намар эхний үйлдвэрүүд нээлтээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэж мэдээллэв.