Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа өнөөдөр Япон улсын Мияконожо Технологийн коллежийн профессор Хирофуми Сугимото болон оюутнуудыг хүлээн авч уулзав.
Мияконожо Технологийн коллежийн оюутнууд нь хот төлөвлөлт, архитектор зэрэг инженерийн чиглэлээр суралцаж байна.
Оюутнууд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежтой (ШУТИС-КООСЭН) хамтран хэрэгжүүлдэг “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд ном, сурах бичиг хамтран орчуулах, хотын байгаль орчныг сайжруулахад мэргэжлийн чиглэлийн судалгаа хийх зорилготой Улаанбаатар хотод иржээ.
Ташрамд дурдахад, Улаанбаатар, Мияконожо хотууд нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд хоёр хот боловсрол, залуучууд солилцоо, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр байгаа юм.