“Мунзуй” гэх хочоор танигдсан иргэн Г.Нямдоржийг бусдад цахим сүлжээгээр заналхийлсэн хэрэгт буруутган, Нийслэлийн прокурорын газраас хоёр дахь удаагаа яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сард Б.Б гэх иргэний фэйсбүүк хаягт холбогдон “чамайг байгаа газраас чинь олж байгаад ална” гэх мэтээр удаа дараа сүрдүүлсэн хэрэгт холбогджээ.
Энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн 13.5-нэгдүгээр зүйлд заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлэх” гэмт хэрэгт тооцон яллагдагчаар бүртгэсэн байна. Хэргийг 2024 оны есдүгээр сард анхан шатны шүүх хэлэлцэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх 480 цагийн ял оногдуулсан. Гэвч давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хууль ёсны болон үндэслэл бүхий биш гэж үзэн хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийхийг даалгасан юм.
Прокурорын хяналт дор нэмэлт ажиллагааг хийж дуусгасны дараа уг хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахин шилжүүлээд байна.
Эх сурвалж: НПГ
Сэтгэгдэл (1)