Германы Засгийн газар Украинд зориулсан цэргийн тусламжийг 5 тэрбум еврогоор нэмэгдүүлэх шийдвэрээ лхагва гарагт танилцууллаа. Энэхүү санхүүжилт нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн Берлинд хийж буй айлчлалын үеэр албан ёсоор зарлагдсан бөгөөд Украины батлан хамгаалах чадавхыг тасралтгүй бэхжүүлэх, одоо байгаа нөөц боломжийг бүрэн ашиглах зорилготой гэж Германы Батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцолжээ.
Тусламжийн шинэ багц нь төрөл бүрийн зэвсгийн системд зориулагдсан сум, газарт суурилсан зэвсэглэл, буудлагын зэвсгийн үйлдвэрлэл, мөн цэргийн болон эмнэлгийн засварын үйлдвэрүүдийг дэмжихэд зарцуулагдана. Энэ хүрээнд Украины тал Германы “Diehl” концернтэй агаарын довтолгооноос хамгаалах систем, түүний сум хэрэгслийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус гэрээ нь хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар баталгаажжээ.
Холын тусгалтай зэвсгийн үйлдвэрлэлд Герман цаашид ч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд Украины зүгээс хамтран үйлдвэрлэх пуужинг ашиглахад ямар нэгэн хязгаарлалт тавихгүй гэдгээ мэдэгджээ. Германы Канцлер Ф.Мерц “Оросын эхлүүлсэн түрэмгий довтолгооноос болж олон энгийн иргэн амь үрэгдэж, иргэний дэд бүтэц сүйрч байгаа тул бид ийм дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй” хэмээн тэмдэглэсэн байна.
Гэсэн ч Германы тал тусламжийн дэлгэрэнгүй агуулгыг ил болгохоос татгалзсан бөгөөд Канцлер Мерц Украины зүг рүү TAURUS далавчит пуужин нийлүүлэх эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй юм. Түүнчлэн Герман улс мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлж, Оросын эсрэг шахалтыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл (1)