x

"Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн хамт хэлэлцэв. Байнгын хороо уг хуулийн төслийг “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн байна.

Хуулийн төслийг санаачагдчид 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой суурь асуудлыг зохицуулсан боловч хэт ерөнхий буюу тунхгийн шинжтэй болсон нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хангалтгүй байна хэмээн үзжээ. Мөн мэдээлэл, технологийн салбарын хурдацтай хөгжил, мэдээлэл дамжуулах, нийтлэх, хүлээн авах олон төрлийн суваг, боломж бий болсноор хүн бүр хэвлэн нийтлэгч болж, хэвлэлийн эрх чөлөөний асуудал илүү өргөн хүрээтэй ойлголт болсон. Иймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйг ялгах, хараат бус, бие даасан сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зохицуулалт бий болгохын тулд хуулийн төслийг боловсруулсан гэжээ.

Тухайлбал үүнд,

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөө ил тод мэдээлэх,.

-Төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар ил тод мэдээлэх,

-Хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцитайгаар үйл ажиллагаа явуулах, 

-Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх,

-Эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалт тусгасан байна.

Хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай хэрэгжүүлэх, олон нийт төр, эзэмшигч, бусад этгээдийн цензур буюу агуулгын хяналтгүй мэдээлэл олж авах эрх хангагдах, ингэснээр ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзэл, үзэл бодлын чөлөөт байдал бат бөх суурьтайгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ гэв.

Мөн хуулийн төсөлд “Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахыг хориглох,  төрийн байгууллага, төрийн өмчит газрууд тендер зарлаж, сонгогдсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлаа олон нийтэд сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэхээр зохицуулсан нь хэр зөв зохицуулалт болох талаар гишүүд хөндсөн байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Төрийн болон төрийн оролцоотой аж ахуй нэгж хэвлэлийн мэдээллийн албатай байхыг хориглож, асуудал хариуцсан ажилтантай байж болохоор заажээ. Цаашдаа төрийн байгууллагууд  тендер зарлаж, ажлаа сурталчилна. Гэтэл тендер зарлана гэдэг нь бөөн авлига, будилаан. Цүнхний компаниуд яадаг билээ. Яг тэрэнтэй адилхан олон дагагчтай гэдэг юм уу, том хэвлэл мэдээллийн алба нь тендерт ороод явдаг болох нь.

Жижиг гэх юм уу, цөөн дагагчтай мэдээллийн редакци энэ тендерт орох боломжгүй. Тендерт хуулийн этгээд орно. Жижиг редакциуд, хэвлэл мэдээллийн байгууллагын тендер сонгон шалгаруулалтад оролцож чадахгүйд шахсан бодлого болох вий. Монополь хэвлэл мэдээллийн байгууллага гараад ирэх вий дээ. Юм болгоны тендерт оролцоод. Манайхан сөргөөр ашиглахдаа гаргууд сайн.

Сонгон шалгаруулт буюу тендерийн цаана ямар булхай луйвар байдгийг бүгд мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага маань ийм юм руу орох эрсдэл үүсэх вий.

Хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлыг хасч байгаа нь хэр зөв юм бэ? Сайд, ялаа хоёрыг сониноор цохиж ална гэдэг шиг таалагдаагүй, гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар улстөрчдийг, сөрөг хүчнийг хэвлэл мэдээллээр намнадаг. Нотолгоотой, нотолгоогүй мэдээллээр алдар хүндийг нь гутааж байгаа. Үүнийг цаашид хэлэлцүүлгийн шатанд анхаарах ёстой. Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтэд “илт худал мэдээлэл”, “ташаа мэдээлэл” гэсэн ойлголтуудын ялгаа заагийг тодруулах хэрэгтэй гэж дурдсан байна. Илт худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага ногдуулах, ташаа мэдээлэл гэдэг нь хууль зүйн ямар агуулгыг илэрхийлэх талаар тодотгож өгөөч?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Хуулийн төсөлд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг; ”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

Нэг хүн намайг 15 удаа гадагшаа явсан гэж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж. Харин тэр хүн үнэндээ 13 удаа явсан байж. Ийм тохиолдол гарсан. Энэ бол илт худал мэдээлэл биш.

Сэтгүүл зүйд бид эндүүрэл, ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Хуулийн төсөлд дээрхийг тодорхойлон оруулснаар эндүүрсэн, ташаарсан мэдээлэл бүртэй нь холбогдуулан сэтгүүлчийг илт худал мэдээлэл тараалаа гэж буруутгах боломжгүй болох юм

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Чөлөөт сэтгүүлч гэсэн ойлголтыг хуульд тусгасан байна. Чөлөөт сэтгүүлчийг идэвхтэй нийтлэл бичдэг, өөрийнхөө хүсэл зорилгоор контент үйлдвэрлэдэг иргэдээс яаж ялгах вэ? Жишээ авбал, Амраа либертари гэдэг залуу байдаг. Контент бүтээдэг, ярьдаг. Инфлүүсер гэдэгтээ орох уу, зааг ялгааг яаж гаргах вэ?

Хэвлэл мэдээллийн олон янз байдал гэдэгт олон нийтийн, арилжааны, хамтын гэсэн гурван төрөл орж ирж. Хамтын гэдэгт ХК байж болох уу? МҮОНРТ гэж бий,  ХК руу шилжүүлэх боломжтой юу? Төр дэргэдээ хэвлэл мэдээлллийн хэрэгсэлгүй байна, өмнөх хуульд ч энэ зохицуулалт байсан, одоо ч хэрэгжиж л байгаа зохицуулалт. Гэвч төрийн байгууллагууд албан бус бүтцээр ийм алба байгуулчихсан, зарим редакцын хийж чадахгүй байгаа контентыг хийдэг. Түүнээс болж шүүмжлэл ч их өрнөдөг. Дөрөв дэх засаглалын хяналтыг хэрэгжүүлэх ёстой сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн контент гэхээс илүү улстөрчдийн, төрийн байгууллагын бэлтгэсэн контент голлож цацаж байна гэдэг.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Чөлөөт сэтгүүлч гэдэгт сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэн, хэвлэл мэдээллийн  байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар, эсхүл бие даан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг тодорхойлсон. Тэр хүний үйлдвэрлэж байгаа контент тэр хүний бичиж байгаа нийтлэл үйлдвэрлэж байгаа сэтгүүл зүйн бүтээл нь энэ хуульд заасан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж олон нийтэд хүрч байгаа хүнийг хамруулъя гэж байгаа. Эрүүгийн хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ заалтаар ял шийтгэл авсан тохиолдол байхгүй.

Гэтэл Эрүүгийн хуульд энэ зүйл заалт ороод хэрэгжээд явж байгаа 20 гаруй жилд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэн ч саад болоогүй юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Нөгөө талдаа сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ, сэтгүүлч чинь хэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа учраас ингэж тодорхойлж байгаа. Энэ хуулиар тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Зохицуулалтын байгууллагатай байж болно, бичсэн нийтлэл нэвтрүүлэгтээ өөрсдөө хариуцлага хүлээ. Хариуцлага хүлээж байгаа учраас нөгөө талдаа хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь нээж хамгаалж өгье.

Харин энэ нь нийгмийн сүлжээнд байгаа инфлүүсер гэж нэрлэдэг, олон дагагчтай хүмүүсийн үйл ажиллагаанаас сэтгүүл зүйн үйл ажиллагаа өөр юм гээд. Яг энэ хуулийн төслийн хүрээнд тодорхойлогдож байгаа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж өөрийнх нь бүтээл олон нийтэд хүрч байгааг чөлөөт уран бүтээлч гэнэ. Үндсэндээ нэг хүн өөрөө бичсэн нийтлэлийнхээ хүрээнд  газруудаас төлбөр авдаг байж болно, энэ хүний  үйл ажиллагааг ч хамгаалдаг байх ёстой.

Төр дэргэдээ хэвлэл мэдээлэлтэй байх асуудал олон удаа яригдлаа. Төрөөс шууд болон шууд бусаар хэвлэл мэдээллийн зах зээлд болон хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд нөлөөлдөг нөлөөллийн байдлыг байж болох хэмжээнд хязгаарлахыг зорьсон. Төрийн байгууллагын зүгээс дэргэдээ албан бус нэртэй боловч хэвлэл мэдээллийн бүтэц байгуулдаг, хүмүүс цалинжуулдаг, техник хэрэгсэл байдаг. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой контент бүтээлгэх, нэвтрүүлэг хийлгэх гэх юм уу төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуй нэгжүүд энэ зах зээл рүү хэт хутгалддаг.

МҮОНРТ-ийн жишээг та хэлж байх шиг байна, үүн шиг зохисгүй нөлөөлөл их байгаа учраас тендерийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах. Цаашдаа өөр бусад хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзсэн.

Ажлын хэсгийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга Г.Гүнжидмаа:  

-Хуулийн бас нэг үзэл санаа нь олон ургалч байдлыг дэмжих. Нийтлэг утгаараа олон нийтийн, арилжааны, хамтын гэсэн гурван төрлийн хэвлэл мэдээлэл оршин тогтнож хөгжиж байна. Тэгэхээр хамтын хэвлэл мэдээлэл гэдэг бол тодорхой сонирхлоороо нэгдсэн хүмүүс гэж ойлгож болно. Сургуулийн насны хүүхдүүд, тэдний эрх ашигт нийцсэн мэдээллийг хамтын хэвлэл мэдээлэд оруулаад явна. МҮОНРТ тусдаа хуультай, бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг арилжааны буюу ХХК-ийн зарчмаар ажиллах тэр нөхцлийг нь тусгаж өгсөн нь ач холбогдолтой.

Амараа ток шоуг бие дааж хийгээд юутүүбээр цацах нь Үндсэн хуулийн 16.16-гийн хэрэгжилт. Хэн ч ингэж болно. Хэрвээ гүтгэх юм бол хуулийн хариуцлага нь Эрүүгийн болон Иргэний хуулиар. “Амраа” ток шоу нэвтрүүлэг NTV телевизээр цацагдах юм бол хариуцлагыг нь тус телевиз хүлээнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зохицуулалтыг шинээр баталгаажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж байна. Ингэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар МҮОНРТ-ийн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй. Бид энэ удаагийн хуулийн төсөлд “эх сурвалж” гэдгийг сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа баримт мэдээллийг өгч буй этгээдийг хэлнэ гэж тодорхойлоод, эх сурвалжаа нууцлах эрхийг нь бүрэн нээж өгөхөөр тусгасан. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр оруулсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 11 цаг 23 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 12 цаг 53 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 13 цаг 45 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 13 цаг 48 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 13 цаг 50 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 13 цаг 51 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 13 цаг 53 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 13 цаг 56 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 13 цаг 58 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 14 цаг 1 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 15 цаг 49 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 16 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 21 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 16 цаг 25 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 16 цаг 35 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 16 цаг 37 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 16 цаг 41 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 18 цаг 6 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 18 цаг 22 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 18 цаг 23 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top