x

Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилохыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.10/ үдээс өмнөх хуралдаанаар УЕП-ыг улираан томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.

Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.

Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв.

Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг  Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Улсын Их Хуралтай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжсэнийг онцлов.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Батнайрамдал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Д.Пүрэвдаваа, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Х.Баасанжаргал, Ж.Баясгалан, С.Замира, Р.Эрдэнбүрэн, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Б.Батбаатар, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Г.Дамдинням  нар асуулт асууж үг хэлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр прокурорын байгууллагын хариуцлага нэн өндөр болж байгаа. Өнгөрсөн парламентын сүүлийн хагаст авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн шүүх хурал нээлттэй, ил тод  байх хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар манлайлж, шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг болсон нь том үр дүн гэдгийг онцлоод прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагажуулах, дотоод ардчиллыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарч ажиллахад ямар байр суурьтай байгаа талаар лавлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нараас 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлтэй холбоотой тодорхой хуулиуд баталсан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон  прокурорын шинэчлэлийн асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газар Улсын Их Хурал  болон бусад байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн хэмээн хариулсан.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Улсын хэмжээнд жилдээ нийт хэчнээн гомдол, маргааны санал ирдгийн хэдэн нь хэрэг бүртгэл болж, цаашлаад үүнээс хэчнээн хүн яллагдагчаар татагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогддог талаар лавлав. Б.Жаргалсайхан прокурор, “Сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзэхэд гэмт хэргийн нөхцөл байдал өссөн. Тодруулбал, 2019 онд 1.0 сая орчим зөрчил гарсан бол өнөөдөр 3.3 сая болсон байна. 2024 онд 126000 гэмт хэргийн шинжтэй гомдол ирсэн. Үүнээс 74000 хэрэг бүртгэлтийн хэрэг, 28000 мөрдөн байцаалтын хэрэг байв. Нийтдээ 15969 хэрэг шүүхэд шилжиж, үүнээс 15123 хэрэг шийдэгдсэн, үлдсэн нь хүлээгдэж байна. Прокурор нотлох баримт цуглуулах яллах чиглэлийн хүн биш. 2024 онд 103 хүн цагаадсан нь прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Үүнийг нөгөө талаас нь харвал  прокурор нь хүнийг цагаатгах нотлох баримт, гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлдэг” хэмээн  хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад тууштай  ажиллаж, шинэчлэлийг хийх эр зоригтой байгааг онцлоод энэ чиглэлд хамтар ажиллах эсэхийг  Б.Жаргалсайхан  прокуророос тодруулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлаас баталсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллана” гэж хариулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлээрээ олон жил ажилласан ийм хүнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллуулах нь зөв гэхийн зэрэгцээ улс төрөөс ангид ажиллаж чаддаг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул уг томилгоог дэмжиж байна гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн байгууллагад мэргэжлийн чадварлаг сайн хүнийг томилохоос гадна шинэчлэл хийх шаардлагатай байна. Прокурорын тухай хуулийн 60.3-т тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60  гэсэн байхад Төрийн албан тухай хуульд энэ насыг хуулийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тусгасан. Хуулийн ийм зөрчлийг арилгахгүй бол УИХ хоёр өөр шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар дүгнэлтээрээ шүүгчийн тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар томилохоор бол хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж байлаа.

Түүнчлэн гишүүд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын байгууллагын дарга бол шударга ёсны манаач тул өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд авталгүй, шударга ёсны төлөө хийж буй тэмцлээ үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллахыг хүсэв. Түүнчлэн хүний эрх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулах шинэчлэлийн төлөө санаачилгатай ажиллахыг захиж байлаа.

Ингээд Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг  дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  буюу 83.5 хувь нь  дэмжив. Иймд энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 3 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 4 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 6 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 9 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 10 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 13 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 15 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 16 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 18 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 2 цаг 12 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 2 цаг 20 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 2 цаг 24 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 2 цаг 27 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 2 цаг 29 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 31 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 2 цаг 32 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 4 цаг 7 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 4 цаг 11 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 4 цаг 15 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 4 цаг 15 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top