Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Кэмбриж хотод ажиллав.
УИХ-ын дарга энэ үеэр Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төвийн захирал, профессор Брайн Шейлтэй уулзлаа. Профессор Брайн Шейлийн судалгаа газрын доорх барилгын үр ашиг, аюулгүй байдал, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэдэг.
Уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцлоо. УИХ-ын даргын зочилсон “Кавендиш” лабораторид монгол иргэн Т.Ганбаатар байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байна. Тэрбээр бага тунд ажиллаж чадах хор хөнөөлгүй рентген, гамма туяаны бүртгэгч төхөөрөмж хөгжүүлэх судалгааг Кэмбрижийн их сургуульд хийж байгаа юм. Түүний тогтвортой байдлын судалгааны үр дүн нь дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, тус сургуульд урилгаар ажиллаж эхэлжээ. Аливаа улс орон шинжлэх ухаанчаар хөгжих, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэмжих, судалгааг нь бодлого шийдвэртээ ашиглахын чухлыг уулзалтын үеэр онцоллоо.
Мөн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астонтой уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улс уул уурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж буйг тодотгоод, эдгээр чиглэлээр Кембрижийн их сургуультай олон судалгаа хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астон хоёр талын олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлж, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэв. Тэрбээр Кембрижийн их сургууль шилдэг технологийг хөгжүүлэн, ололт амжилттай ажиллаж буйг онцлоод шинэ чиглэлээр хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд баяртай байгаагаа илэрхийлснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.