x

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэснээ тунхаглан зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд өгсөн мэдээллээс хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, энд цугласан хэвлэлийн төлөөлөгчид өө,

Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Чехийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээж, харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэсэн түүхэн айлчлал болж байна. Үзэсгэлэнт сайхан Чех Улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг юм.

Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлж байсан. Дарханы цементийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг чех анд нөхөд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёл зэрэг салбарт хөгжиж ирсэн. Бид ололт, амжилтаа дүгнэн цэгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөхүйц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг судалж үзэж, хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа. Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байгууллаа. Бидний яриа хэлэлцээний дүнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтэц, агаарын болон хуурай замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо.

“Тэрбум мод” болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх боллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Чехийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг билээ. Чех хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн 20 гаруй мянган монгол иргэн хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирснийг тэмдэглэхэд таатай байна.

“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсад суралцаж байгаа монгол залуус ч найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг бид 2023 онд байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгаалал баталгаажсанд талархаж байна.

Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэдийн талаар ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон төр, засаг, аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлье.

Хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, түүх, соёл, үнэт зүйлсээ харилцан таниулж, сурталчлах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг толилуулж байгаа нь найрсаг харилцаа, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Үзэсгэлэнг Чех болон Европын олон орны иргэд үзэж сонирхоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын нэгэн илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч,  “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор чех анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд олон арван аж ахуйн нэгж оролцож байгаа нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.

Эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой.

Та бидний хэлэлцэн тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг манай хоёр улсын нийтлэг үнэт зүйл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж  ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тааламжтай цагтаа төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин илэрхийлье. Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч ПЕТР ПАВЕЛ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэлийн төлөөлөгчид өө,

Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтран тэмдэглэнэ. 1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр байгуулж байсан түүхтэй.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий. Ялангуяа 1950-иад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа.

Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг  монголчууд нөхөж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн байна.

Төрийн айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулна. Олон аж ахуйн нэгж холбоо тогтоож, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.

ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 3 цаг 37 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 20 цаг 42 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 21 цаг 49 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 22 цаг 7 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 22 цаг 9 мин Сэрэмжлүүлэг 22 цаг 11 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 22 цаг 12 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 22 цаг 14 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 22 цаг 15 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 22 цаг 17 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 23 цаг 17 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 23 цаг 21 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 23 цаг 27 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 23 цаг 37 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 23 цаг 37 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 23 цаг 41 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top