x

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 1 дүгээр захирамжийг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан гэлээ.

Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн гэв. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумдыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөлд улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, аюулгүй байдлын үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голуудын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх чухал ач холбогдолтой гэж үзжээ. Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ гэлээ.

Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх эсэх асуудлыг өмнө нь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд саналаа ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэн хэлэлцээд Засгийн газарт есөн санал бүхий санал, дүгнэлтээ хүргүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцүүлгийн өмнө онцолсон.  

Тэрхүү санал, дүгнэлтэд, төсөл нь тээвэр логистикийн дэд бүтцийн сүлжээг сайжруулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэсэн боловч эдийн засгийн үр ашгийн шалгуур тооцоо, судалгаа үнэлгээг нарийвчлан гаргаагүй байгааг анхаарах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс шинэчлэх, засвар хийх улсын чанартай 311 км авто замын болон засвар хийх 8 бетон гүүрний үнэ өртгийг нарийвчлан гаргаж тооцох талаар тусгажээ.

Мөн авто замыг олон улсын болон бүсийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ баруун болон зүүн босоо тэнхлэгийн авто зам, хөрш орнуудын сүлжээтэй холбоход анхаарах, жишиг логистикийн төвийг байгуулах, боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд автомашины жин хэмжүүр ариутгалын болон холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулах ажлыг цогц байдлаар шийдвэрлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, жишиг логистикийн төвөө барих хамгийн боломжтой газрыг оновчтой тогтоох асуудлыг холбогдох яамтай тохирч Засгийн газрын хуралдаанаараа нэг мөр шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Түүнчлэн төсөлд тусгасан эмэгтэй малчдыг платформын үйл ажиллагаанд оролцох цахим хэрэгсэл, ур чадвар, мэдлэгээр дэмжих сургалттай холбоотой үйл ажиллагааны талаар, гэрээний албан ёсны орчуулга бүрэн хийгдээгүй зэрэг асуудлыг санал, дүгнэлтэд хөнджээ. Байнгын хорооноос хүргүүлсэн есөн саналтай холбогдуулан ямар арга хэмжээ авсан талаар Байнгын хорооны дарга тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт,  Засгийн газар ирүүлсэн саналуудыг зөвшилцөн, Засгийн газрын хуралдаанаар дахиж хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Өвөрхангай аймагт жишиг логистикийн төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Энэ нь эдийн засгийн үр ашиг муутай, үүнийг хувийн хэвшил хийж хэрэгжүүлэх бололцоотой гэсэн гишүүдийн байр суурьтай сайд нар санал нэгдэн тэр үйл ажиллагааг хассан. Түүний оронд  Дорнод, Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн, хамгийн их эвдэрсэн 50 км замыг сайжруулахаар тусгасан. Зам, гүүрүүдийн өртөг зардлын тооцоог нарийвчилж гаргасан. Жишиг логистикийн төвийг байгуулах, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд автомашины жин хэмжүүр, ариутгалын болон холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэх тухайд хилийн үр бүтээмжийг сайжруулж, тогтвортой худалдааг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эмэгтэй малчид гэж онцолсон арга хэмжээг хассан гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон. Манай улс Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг УИХ 2019 онд тус тус соёрхон баталсан. Швейцарь улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онуудад зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах, далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд өнөөдрийн байдлаар манай улсын далбаатай хэдэн онгоц байгаа, тэрхүү хөлөг онгоцуудад хэдэн далайчин ажиллаж байгааг тодруулаад, манай улсын далбаатай онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртсөн, конвенцод заасан хүчирхийллийн аливаа халдлагад өртсөн тохиолдол бий юу хэмээн тодруулсан.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлтэй байгаа аж. Нийтдээ 650 гаруй далайчин манай улсын далайн асуудал эрхэлсэн байгууллагаас гэрчилгээ аван дээрх хөлөг онгоцууд дээр ажиллаж буй юм байна.  БНСУ-ын нэг хөлөг онгоц 2010 оны 04 дүгээр сард энэ Оманы эрэг орчимд дээрэмчдэд барьцаалагдаад, 2011 оны 01 дүгээр сард чөлөөлөгдсөн байна. БНСУ-ын эзэмшигч компаниас барьцаалагчид 10 сая ам.доллар нэхэж, солонгосын талаас 4 сая ам.доллар өгч онгоцоо чөлөөлж авчээ. Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөлөг онгоцонд тохиолдсон  аливаа зүйлээс учирсан төлбөр, далайчдын цалин хөлсийг зөвхөн хөлөг онгоц эзэмшигч бүрэн төлөх зохицуулалтыг оруулж өгч байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан Монгол Улсын далбаатай, бүртгэлтэй хөлөг онгоцны ямар асуудлыг манай улс хариуцдаг, хэрхэн хяналт тавьдаг тухай болон улсын төсөвт төвлөрүүлдэг нийт ашиг, Далайн захиргааны байгууллагын жилийн төсөв, бүтэц, орон тооны талаар асуулт асууж, хариулт авсан. 

Эцэст нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 12 дугаар сард Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тус Байнгын хороо энэ сард Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаас гадна “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангаар ахлуулан байгуулж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 1 цаг 23 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 2 цаг 12 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 5 цаг 43 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 5 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 55 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 7 цаг 35 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 7 цаг 44 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 7 цаг 52 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 7 цаг 58 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 8 цаг 17 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 8 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 8 цаг 42 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 8 цаг 47 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 8 цаг 53 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 9 цаг 13 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 0 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 10 цаг 44 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top