x

Б.Лхагвасүрэн: Банкууд хувьцаагаа нээлттэй гаргах хугацааг сунгаснаар зах зээлд хүндрэл үүсэхээс сэргийлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрээр, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 03-ны өдрийн 5 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгийг танилцуулгын эхэнд онцоллоо.

Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

1. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.

2. Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны 3 дугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.

3. Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцад нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсэж байна.

4. Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс  өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.

5. Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй  байна.

6. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.

7. Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.

8. Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.

9. Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

10. Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 6 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.

11. Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, О.Цогтгэрэл, С.Чинзориг нар хуулийн хугацааг сунгахын ач холбогдол болон одоогоор нээлттэй хувьцаат компани болоход бэлэн болсон хэдэн банк байгаа талаар тодрууллаа.

Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд Голомт, Хаан банк бүтцийн өөрчлөлт хийх санал, материалаа өгсөн. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмын дагуу хянаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэллээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Банкууд хуулийн дагуу IPO хийх төлөвлөгөөгөө Төв банканд ирүүлсэн. Системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгаснаар хөрөнгийн зах зээлд хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг амаргүй байна. Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш” хэмээн тодотгов.

Ингээд уг хуулийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн танилцуулгыг УИХ-ын М.Оюунчимэг хийлээ. Оны эхний хагас жилийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 536 банк бус санхүүгийн байгууллага байгаа бөгөөд давхардсан тоогоор 21.486 хувьцаа эзэмшигчтэй, 308 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3.713 ажилтантайгаар 21 аймаг, 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Давхардсан тоогоор 3.3 сая харилцагч, 748.3 мянган зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 119 хувиар, зээлдэгчдийн тоо 167.8 хувиар, нийт актив 121.5 хувиар, зээл 166 хувиар тус тус өсжээ. Мөн Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдох болсон. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтек өргөнөөр нэвтэрч байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэд технологид тулгуурлан аппликэйшн ашиглан зээл олгож байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Тэрээр, “Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй болгох, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь анх зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдахаас өмнө 2002 оны 12 дугаар сарын 12-нд батлагдсан бөгөөд батлагдсанаас хойш нийт 9 удаа бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт орсон байжээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,

1. ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ

2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно

3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно

4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно

5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжирна

6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, саналаа УИХ-ын чуулганд танилцуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 8 цаг 7 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 8 цаг 8 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 8 цаг 9 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 8 цаг 10 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 28 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 28 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 30 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 8 цаг 31 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 8 цаг 33 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 8 цаг 35 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 8 цаг 37 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 8 цаг 38 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 8 цаг 40 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 8 цаг 41 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 8 цаг 43 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 8 цаг 45 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 8 цаг 45 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 8 цаг 46 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 8 цаг 48 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 8 цаг 50 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top